Ш.Баатар: Зураачид өөрийн гэсэн арга барилыг эзэмшиж байж уран бүтээлч болдог

Орчин үеийн монгол зургийн суурийг тавьсан цөөн зураачийн нэг болох Ш.Баатартай ярилцлаа. Түүнийг Ардын зураач Д.Амгалан гуайн шавь, монгол зургийг абстракт хэв маягтай хослуулах саналыг санаачилсан гэдгээр нь мэргэжлийн зураачид андахгүй.

http://www.bolod.mn/Upload/news/123dfgdfd.png-Дунд сургуулиа төгсөөд сонгосон мэргэжил тань зураач уу?

-Би Дарханд төрж, өссөн. Дунд сургуулиа төгссөн жил Орост техникомд суралцах хуваарь авсан юм. Гэтэл тэр хавар Ардын зураач Д.Амгалан элсэлт авахаар ирж таарсан. Би харсан, уншсанаа зургаар илэрхийлэх дуртай хүүхэд байв. Тэгээд элсэлт өгч, тэнцээд Дүрслэх урлагийн сургуульд орж, зураач болсон доо.

-Ардын зураач Д.Амгаланд шалгуулаад тэнцсэн гэхээр шаггүй зурдаг байжээ?

-Аав минь дархан, монгол хээ угалз сайхан зурдаг уран хүн байсан. Аавынхаа хээлж байхыг багаасаа харж, дагаж зурдаг байв. Ер нь бол гурван настайгаасаа зурсан. Зургийн сургуульд элсэлт өгөхийг гэрийнхэн дэмжиж, чи чадна гэж урамшуулсан. Би ямар зургаар элсэлтийн шалгалтаа өгөх вэ гэж бодоод цонхоор хартал орцны үүдэнд хар өнгийн “Волга-24” машин зогсч байв. Тэгээд зураад элсэлтийн шалгалтад орохдоо үзүүллээ. Д.Амгалан багш харж байснаа “Миний охин хүнээр зуруулаагүй биз” гэж хэлээд “Ямар чиглэл сонирхож байна” гэж асуув. Тэр үед уран зураг“моодонд” орж байсан учраас уран зургийн ангид ормоор байна гэлээ. Тэгэхэд Д.Амгалан багш“Хүн бүр л уран зураг гэх юм. Чи монгол зургийн ангид ор. Монгол зургийн арга барилаар зурдаг хүүхэд байна. Үндэсний урлаг ирээдүйд чинь хэрэгтэй” гэсэн юм.

-Та Д.Амгалан багшийн зөвлөснөөр монгол зургийн ангид оржээ?

-Анх монгол зургийн ангид орох сонирхолгүй байсан. Уран зургийн ангид орно гэсэн бат итгэлтэй байлаа. Намайг Дүрслэх урлагийн сургуулийн хуваарь авсныг Дарханы урчуудын эвлэлийнхэн мэдээд дадлага хийлгэсэн юм. Дарханы урчуудын эвлэлд монгол зургийн анги төгссөн гэр бүлийн хоёр ажиллаж байлаа. Тэд намайг монгол зургийн ангид орохыг зөвлөж, зунжин ятгаж билээ. Тэгээд намар нь Улаанбаатарт ирж сургуулийнхаа монгол зургийн ангид орсон.

-Монгол зургийн салбарт Д.Амгалан гуайн оруулсан хувь нэмэр үнэлж баршгүй их. Энэ хүний шавь байна гэдэг нэрийн төрийн хэрэг биз?

-Би Дүрслэх урлагийн дунд сургуулийг Д.Амгалан багшийн удирдлага дор төгссөн. Дараа Соёл урлагийн их сургуульд мөн багшийнхаа удирдлагаар магистр хамгаалсан. Том багшийн шавь байна гэдэг бахархмаар шүү. Нэр төрийн хэрэг гэхээс илүү мэдлэгийн дээдийг олгосон ачтан минь гэж боддог.

-Дүрслэх урлагийн сургууль төгсөөд хийсэн сонголт тань юу байв?

-Бид сургуулиа төгсөөд хуулбар зураг их зурдаг байлаа. Монгол зургийн анги төгссөн оюутнууд гадаадын зочдод бэлгэнд өгөх ил захидал, зураг зурах, эртний зургийн хуулбар хийнэ. Гадаадад худалдаалдаг бурхны зураг хуулбарлаж байсан. Сургуулиа төгсөөд шууд зургаараа дагнаагүй. Чимэглэл гээд олон төрлөөр уран бүтээлээ туурвиж байсан. Ер нь уран бүтээлчид олон төрөлд авьяасаа сорьж байж өөрт тохирсон чиглэлээ олдог.

-“Амжилтын 99 хувь хөдөлмөр1 хувь нь авьяас” гэдэг үг дүрслэх урлагийн салбарт хэр тохирсон зүйрлэл вэ?

-Манай салбарт энэ зүйрлэл оновчгүй мэт санагддаг. Байгалиас заяасан авьяасгүй бол хэчнээн хичээсэн ч сайн зураач болж чадахгүй. Зургийн сургуульд сураагүй ч мэргэжлийн хүнээс ч илүү зурдаг авьяастан олон бий.

-Тэгэхээр зураач гэдэг мэргэжлийн үнэлэмж нь диплом биш сайн уран бүтээл гэж та хэлэх нь ээ?

-Тэгэлгүй яах вэ. Дүрслэх урлагийн сургуулийг онц төгсөгчдийн дундаас авьяастай нь л үнэлэгддэг.

-Социализмын үеийн зураачид үзэл суртлын хүлээсэнд хамгийн их баригдсан. Монгол зургаараа чөлөөтэй сэтгэж зурах боломж хомс байсан биз дээ?

-Тухайн үед хүмүүс монгол зур-гийг марзан Шаравын“Монголын нэг өдөр”-өөр төсөөлдөг байсан. Соёлын яамнаас өгсөн үүрэг даалгаварын дагуу зурна. “Барилгачин”, “Хургачин” зэрэг цаанаас өгсөн сэдвийн дагуу зурна. Гэхдээ хаагдмал гэж арай хэлж болохгүй байх. Сэдэвт баригдаж зурдаг байсан. Үргэлж аз жаргалтай зураг байх ёстой гэсэн шаардлага тавина. Одоо бодоход ухуулгын чанартай зурагт хуудас, номын хавтасны зураг зурдаг байж дээ.

-Таны зурсан зурагт хуудсууд одоо бий юү?

-Хуучны“Цагаан толгой” номд миний зурсан зургууд байсан.

-Баригдмал үеэс гарахад уран бүтээлчийн сэтгэхүй огцом задардаг уу?

-Хүн ямар нийгэмд амьдарч байгаагаараа сэтгэдэг. Нийгэм шилжсэн 1990-ээд оноос эхлэн Монголын зураачид уран бү-тээлээ туурвих эрх чөлөөтэй болсон. Дотроо бодож, зурахсан гэж хүсч байсан зургаа зурж эхэлсэн. Энэ үеэс манай уран бүтээлчид абстракт зургаар уран бүтээлээ туурвиж, бидний хэдэн зураач монгол зургаа абстракттай хослуулан зурах шинэ арга барилыг дэлгэрүүлсэн.

-Монгол зураач нар задгай сэтгэх, өнгө будгаа зоригтой сонгодог учраас абстракт талдаа сайн байдаг юм шиг ээ

-Монгол зургийн арга барил уран бүтээлчийг чөлөөтэй сэтгэхэд түлхэц болдог. Мөн уран зургийн анги төгссөн монгол зураач нар ч гэсэн чөлөөтэй сэтгэдэг.

-Анхны бие даасан үзэсгэлэнгээ хэзээ гаргаж байв?

-1990 онд монгол зургаар дагнан гаргасан.

-Эмэгтэй уран бүтээлчид бие даасан үзэсгэлэнгээ тэр бүр гаргадаггүй байсан үед үзэсгэлэнгээ гаргажээ?

-Бидний үед эмэгтэй зураач цөөн байсан. Би эмэгтэй зураачдаасаа анх удаа үзэсгэлэнгээ гаргасан. Миний дараа С.Саранцацрал үзэсгэлэн-гээ гаргасан юм. Бие даасан үзэсгэлэнгээ 2001 он хүртэл жил бүр гаргаж байсан. 2001 онд гадагшаа явж, үзэсгэлэн гаргах хэмжээний уран бүтээл туурвиагүй.

-Гадаадад олон жил амьдрахаар уран бүтээлээсээ хөндийрсөн үү?

-Зураг миний хувьд зайлшгүй хийх ёстой өдөр тутмын ажил шиг санагддаг. Хаана ч явсан зургийн санаа орж ирнэ. Боломжтой үедээ тэр санаагаа буулгана. Өмнөд Солонгост амьдарч байхдаа 2008 онд Олон улсын зургийн үзэсгэлэнд оролцож гуравдугаар байр эзэлсэн. Мэргэжлийн хүний хувьд уралдаанд оролцсон уран бүтээлүүдийг ажиглаж, бид олон улсын уран зургийн тавцанд хаана нь явна вэ гэж хувьдаа дүгнэлт хийсэн юм. Тэгэхэд Солонгосын уран бүтээлчид барууны уран зургийн хэв маяг гэхээс илүү үндэсний шинжээ хадгалж зурахыг эрмэлздэг мэт санагдсан.

-Манай улс дорнын орон хэдий ч Хятад, Япон, Солонгос зургаас хурц өнгө, дүрслэлээрээ ялгардаг юм шиг санагддаг?

-Монгол зургийн үндсэн өнгө их гоё. Европууд улаан, шар, хөх гэсэн гурван өнгийг үндсэн өнгөөр сонгож зурдаг бол монгол зурагт ногоон өнгийг нэмж ашигладаг. Байгаль, ан амьтныг бодит мэт дүрслэхээс гадна төсөөллийн загвараар илэрхийлэхдээ гаргууд. Иймээс дорнын улс орнуудаас эрс ялгаатай. Монгол зураг нэг талбайд бүгдийг багтааж чөлөөтэй илэрхийлдгээрээ гадны соёлоос ялгардаг.

-Зураач нар зурах арга барилаараа ялгардаг. Тухайн уран бүтээлээр нь нэгнийгээ таних нь ч элбэг. Таны гэх зургийн онцлог нь юу вэ?

-Мэргэжлийн зураач нар нэгнийхээ зургийг хараад шууд таньдаг. Саяхан Уран зургийн галлерейн фондын үзэсгэлэнд миний зурсан зураг тавигдсан юм. Тэр үзэсгэлэнд тавьсан зургийг харсан уран бүтээлчид “Тэр чиний зураг уу” гээд нэрийг нь ч харалгүй таньж байсан. Зураачид олон жил зурж, өөрийн арга барилыг эзэмшиж байж уран бүтээлч болдог. Хувиршгүй, дахин давтагдашгүй арга барилтай болтлоо зураачид хөдөлмөрлөх хэрэгтэй.

-Таныг илэрхийлэх, өнгө гэж бий юү?

-Би дулаан өнгүүдийг үндсэн өнгөөр сонгох дуртай. Ихэвчлэн шаргал өнгийг сонгодог. Ер нь Монгол зурагт буддын соёл нэвтэрч локальны өнгөнд өөрчлөлт орсон гэж үздэг. Гэхдээ бид бурхан зурах, буддын соёлыг уламжлалт зурагтайгаа хослуулж, өөриймшүүлж чадсанаараа онц-логтой. Солонгос, Хятад, Япон, Түвдийн бурхан зурах арга барил ондоо. Түвдүүд бурхны сэдэвт зурагтаа хөх өнгийг голлосон байдаг. Монгол зураг бол манайд бурхны шашин дэлгэрэхээс өмнө дээд төвшинд хөгжиж байсан. Бие даасан урлаг болтлоо хөгжсөн. Гадныхан заримдаа бурхны зургаас монгол зураг үүссэн гэсэн ташаа мэдээлэлтэй байдаг.

-Сүүлийн үед монгол зургийг түүхэн сэдэвтэй хослуулан зурах болжээ?

-Би түүхэн сэдэвт зураг тэр бүр зурдаггүй. Түүхэн зураг зурахад судалгаа чухал. Ном уншина, зураг харьцуулж үзэх хэрэгтэй болдог. Абстракт зургийг монгол зурагтай хослуулах саналыг өөрөө гаргасан учраас энэ хэв маягаа орхихыг хүсдэггүй. Миний зургийг Ардын зураач Н.Цүлтэм гуай хараад үнэлж, энэ чиглэлээрээ л зур гэсэн нь надад итгэл үнэмшлийг өгсөн.

-Монгол зургийг гадныхан хэр сонирхдог юм бол?

-Сонирхдог. Улс үндэстний илэрхийлэл ондоо учраас өөр үнэр ханхалсан бүтээлийг хэн ч сонирхно. Хамгийн гол нь монгол зураг ойлгомжтой байдаг нь гадныхны сонирхолыг татдаг. Би бизнесийн болон уран бүтээлийн шугамаар гадныхантай холбоотой ажилладаг. Монгол зураг худал-даж авах санал их ирнэ.

-Гадныхан шиг спонсоргүй учраас Монголын зураачид дан уран бүтээлээрээ амьдрахад хүнд гэдэг. Та энэ бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Бид хийсэн бүтээлийнхээ үр дүнгээр амьдардаг хүмүүс. Орчин үед зураач нар зургаа зураад амьдрахад хэцүү, хөрвөж амьдарч байна. Цэвэр уран бүтээлээрээ амьдарч байгаа зураач ч бий. Ер нь аль ч улсын зураачид ядуу амьдралыг туулдаг. Бүтээлээрээ л амьдарч байна даа.

-Гадаадад үзэсгэлэнгээ гаргаж байв уу?

-Би Голланд, Францын Орлеан хотод үзэсгэлэнгээ гаргаж байв. Сүүлийн үед залуу уран бүтээлчид хүч түрэн орж ирж байна. Тэдний зургийг харахад үнэхээр агуу бүтээлүүд байна. Гадаадад амьдарч уран бүтээлээ туурвидаг залуус монголын уран зургийг дэлхийд таниулахад их үүрэг гүйцэтгэж байгаа. Монголдоо амьдраад уран бүтээлээ хийж байгаа залуу уран бүтээлчид ч ялгаагүй. Тэдний сэтгэлгээ баригдмал биш учраас аливааг өөр өнцгөөс харж зурахдаа гаргууд. Монгол зургийг дэлхийд таниулахад сүүлийн үеийн залуусын үүрэг их бий.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

 

 


URL:

Сэтгэгдэл бичих