Икк аварга… мундаг
Хэнд ч дийлдэшгүй омголон дайчин монгол залуу нэгэн үе Японы бөхийн дэвжээг эзэгнэнхэн дийлж байлаа. Түүнийг монголчууд ч их аварга гэж нэрлэдэг. Харин “Манай их аварга” гэж бахархан ярих нэгэн залууг “Та чинь япон хүн үү” гэж андуурсан бяцхан хошигнол байдаг. Нээрээ ч зөв хэлбэрээр нь бол Японы сумогийн их аварга гэх л ёстой доо. За энэ ч яах вэ? Хэдийгээр “манай хүн” Японы дэвжээг орхисон ч хаа явсан газар нь дуулиан шуугиан тасрахгүй, эр бярынх нь талаар “домог” гэмээр яриа цэцэглэсээр. Гэхдээ энэ нь хэн нэг бөхийн аварга тэмээн чинээ том хадыг өргөөд алхаж байсан гэдэг эрт урьдын домог яриа арай биш. Орчин цагийн, гэхдээ ялимгүй боевик тодотголтой. Хэдийгээр хэн ч үнэн худлыг нь сайн мэдэхгүй, заримыг нь их аварга өөрөө болоод бусад хүмүүс няцаасан ч хэн нэгэн даварсан “гар”-ыг номхотгож, тарагных нь савыг хагалах шахсан тухай дэгс ч юм шиг үнэн ч юм шиг яриа зөндөө.
Ямар сайндаа л нийслэлийн хамгийн үнэтэй тансаг гэгддэг, дэлхийн нэртэй том брэндийн дэлгүүрийг “Яагаав манай их аваргын түйвээсэн дэлгүүр” гэж тодотгодог болсон байх вэ дээ. Ээлжит домог ёсоор бол их аварга энэ дэлгүүрт зочлонгоо найз бүсгүйдээ 15-хан сая төгрөгийн бэлэг авч өгөх гэхэд нь их аваргыг танихгүй “дүйнгэ юмнууд” “Мобиком”-ын автомат хариулагч шиг “Таны дансан дахь мөнгө хүрэлцэхгүй байна” гэж хэлж уурыг нь хүргэсэн гэж байгаа юм. Их аварга ч тэдэнд шанг нь хүртээсэн юм биз дээ. Хамгийн инээдтэй нь нөгөө хүүхэн нь заан туйлах мэт сүртэй үймээн дэгдээд байхад авах гэсэн бэлгээ буцааж өгөхгүй гэж элгэндээ тэвэрчихээд зууралдаад салахгүй байсан гэж байгаа юм аа. За тэр ч яахав. Бас нэг сонирхолтой нь ийм утгатай мэдээллийг ихэнх хүн ихэд шохоорхон их аваргыг дэмжсэн байгаа юм. “Болж муу, хогийн дэлгүүрийг…”, “Тэд нар өөрсдөө л ороод очиход нь далдаганаад шампанск барьж гүйж, уулгаад, спиртэнд аллергитай хүнийг…” гэх мэтчилэнгээр.
Одоо бас хүмүүсийн талархлыг хүлээж байгаа нэг яриа эд оволзож байна. Монголын хамгийн том захын эзэн, УИХ-ын эрхэм гишүүний өв залгамжлагч хүүг далчигнаад байхаар нь хэрхэн болгож тавьсан тухай. Цаад залуу нь мөн л олны дунд тархсан “домог” ёсоор балчир бага насандаа буюу өдгөөгөөс хэдэн жилийн өмнө “Бензиний үнэ 20 мянган төгрөг болоосой. Тэгвэл хотоороо ганцаархнаа салхи татуулан давхиж байх юм сан” гэсэн алдарт “афоризм” хэлж олны танил болсон нэгэн бөгөөд 4-5 хамгаалагч дагуулж явдаг гэх бас нэг “домог” бий. Тэгэх тусам нь харин аваргын фенүүд “Тэр далчгар залууг харин ч их аварга л нэг сайн сургаж өгөхөөс өөр яах вэ, болж… Таван хамгаалагчийг нь ч манай их аварга юу ч үгүй нядаана даа” гэж хөөрөлхөн бахархсаар.
Хэдийгээр их аварга өөрөө ч ийм зүйл огт болоогүй гэж үгүйсгэсэн ч аварга хэдэн хамгаалагчтай байсан ч нядааж чадах байсан тухай яриа өрнөсөөр хүмүүс бүр хоорондоо мөрий тавьж байх юм. Харин баян эрхмийн танхил хүү их аваргын өөдөөс яаж ч сарвалзсан дийлэхгүй гэдэг дээр бүгд 100 хувь санал нийлж байгаа юм. Их аваргыг танхил залууг сургаж өгсөн талаар амттай ширүүн яриаг хэн нэг нь “Цаадхи нь дандаа буутай явдаг гэсэн биз дээ” гэж ташуур өгөн өдөөхөд “Манай их аваргын өөдөөс буутай хүн ч яаж ч чадахгүй” гэсэн үнэмшилтэй бөгөөд бахархам нотолгоо дагалдаж гарч ирж байгаа юм чинь. Цаашаагаа энэ мэт яриа “Манай аваргыг цагдаа нар бол бүр яаж ч чадахгүй” гэх мэтчилэнгээр өрнөнө. Энэ бүх ярианы анирыг ажих ахул Монголд цагдаа битгий хэл нь дийлж чаддаггүй хэсэг бүлэг бий болсон, аварга тулдаа л тэднийг ганц сайхан дарж өгч байгаа. Үлгэрийн баатар мэт ид чадалтай, исгэлэн омголон их аварга энэ мэт цагт төрөн гарч ирсэн нь юутай их аз вэ гэсэн бахархал байх шиг, яг л үлгэрт гардаг баатруудын домог шиг. Иртэй, чадалтай аавын хөвгүүдийн домогт бид дуртайг ч хэлэх үү, их аварга маань омогтой, зартайг ч хэлэх үү, домог улам л арвижих бололтой дог. Икк аварга мундаг юм аа…
А.Шархүү
“Ардын эрх” сонин
URL: