Ц.Нямдорж: Үүн шиг заваан хуйвалдаан ордонд ажиллах хугацаандаа огт үзээгүй
Олны анхаарлын төвд байгаа Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар нээлттэй хэлэлцлээ. Гишүүдийн хэлсэн байр суурийг хүргэж байна.
Ө.Энхтүвшин: АН-ынхан та нар дэвхрэг шиг үсрээд л байна
-Энэ зунжингаа Өршөөлийн хуулийг тойроод монголын нийгмийг баллалаа. Тэртэй тэртэй тэргүй бухимдалтай байгаа хүмүүсийг бүр бухимдуулж орхилоо. Зургаан сайдыг хөөгөөд асуудлаа Ардын намгүйгээр аваад явна гэж АН-ынхан хэлээд байсан, гэтэл яав. Төрийн гурван өндөрлөг АН-аас сонгогдсон. Ийм асуудал дээр бодлогоо нэгтгээд оруулж ирж чаддаггүй юм уу. Крыловын цурхай, хун, яст мэлхий шиг гурван тийшээ харчихсан байх юм. Ингэж монголын нийгэм, гишүүдийг талцуулж байх хэрэг юу байна. Олон нийтэд энэ чинь зөв харагдахгүй л байна.
Монголын нийгмийг талцуулаад, бүгдээрээ шударга болж харагдахын төлөө өрсөлдөөн яваад байх юм. Эхлээд АН хуулиа гаргачихсан мөртлөө дараа нь бүлгээрээ хоригийг хүлээж авна гэж жүжиг тавьж байх юм. Та нар засаглаж чадахгүй байна гэдгээ олон түмэнд хэлэх хэрэгтэй. Яаж ч та нар өөрсдийгөө өмгөөлөөд хамгаалж чадахгүй байна. Бие биеийнхээ дээр гарах гэсээр байгаад монголын төрийг үрж дууслаа. Бодлогоо ер нь та нар зангидаж нэгтгэж чадахгүй байна. Үүний дараа юу болох бол, яах бол гэдгээ та нар харж чадахгүй дэвхрэг шиг зүгээр л үсрээд байна.
С.Бямбацогт: Хаалттай хуралдааны протоколыг ил болгох хэрэгтэй
-МАН-ын бүлгийн гишүүд энэ хуулийг чимээгүй дэмжсэн гэсэн яриа яваад байгаа. Хэрвээ хаалттай хуралдааны протоколыг ил болгочихвол УИХ-ын гишүүдийн хэн нь дэмжсэн, хэн нь эсэргүүцсэн, хэн нь ямар үг хэлж байсан нь олон нийтэд ил болох байх аа. Энэ хууль намаар нь, УИХ-ын гишүүдийг, ард түмнийг хуваасан хууль болсон. Мордохын хазгай гэдэг шиг болсон. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ. Ардын намын зургаан сайдыг хөөж гаргаад АН “Шударга ёс” эвсэлтэй хамтарч засаг байгуулахаар тохирсон тохироо нь Өршөөлийн хууль байсан. Үүнийгээ ч хэрэгжүүлэх гэж үзсэн, эцэстээ ийм байдалд орж намаараа, нийгмээрээ хуваагдаж, улстөрчид нь шударга, шударга бусаараа хуваагдсан. Тийм болохоор энэ асуудлаа хурдан цэгцэлье. Нийгэм талцаж дууслаа. Монгол Улс бүхэлдээ гадны оронд муухай харагдаж байна. УИХ ард түмнийхээ өмнө муухай харагдаж байна. Намууд бие биедээ муухай харагдаж байна. Энэ байдалд хурдан цэг тавья. УИХ-ын дарга Эрүүгийн хуулийн төслийг баталчихаад Өршөөлийн хуулиа ярья гэсэн санал гаргаж байна. Энэ хуулийг хүлээж байгаа өрх толгойлсон эмэгтэйчүүд, эцгүүд, ахмад настнууд, анх удаа санамсар болгоомжгүй хүмүүсийг яах юм. Энэ хүмүүс Өршөөлийн хуулийг хүлээж байна. Тиймээс ээлжит бус чуулган зарласан хугацаанд энэ хуулиа ярьж дуусгая. Засгийн газрын өргөн барьснаар Өршөөлийн хуулийг баталъя гэж анхнаасаа ярьж байсан. Гэтэл явцын дунд Байнгын ажиллагаатай парламент үүссэний 25 жилийн ойд зориулж гэсэн гоё нэрийн дор муухай хууль гаргасан шүү дээ.
Ц.Нямдорж: Үүн шиг заваан хуйвалдаан ордонд ажиллах хугацаандаа огт үзээгүй
-Эрх баригч бүлгүүд асуудлаа дотроо яриач ээ. Нэг нь завсарлага аваад явчихлаа. Одоо байтлаа суллагдах гэж байгаа ялтнуудыг хүртэл барьцаалдаг болох нь. Өвөл болох гэж байна. Өвлийн хувцас тавьж өгөхөөс эхлээд асуудал байна. Өршөөлийн ажил сар үргэлжилдэг процесс. Ерөнхийлөгчийн хоригийг гоочлоод байх юмгүй. 9.1.3 гэдэг зүйл чинь 4.1, 4.7 хоёртоо хоёуланд нь орчихсон. Энэ хаалтаа хийгээд суллах хүмүүсээ хурдан сулла. Юм болгон дээр барьцаалж, юм болгон дээр гаарч болохгүй. Удах тусмаа чинэрээд хэрэг төвөг гарах гээд асуудал үүснэ. Зардал чирэгдэл их гарна. Хүйтэн боллоо. Ер нь яагаад энэ амьдралаа бодож болдоггүй юм бэ. Арай дэндэж байна. Тэвчээр барагдаж байна. Аймаар юм хийсэн чинь үнэн шүү дээ, та нар. Аймаар юмны эсрэг тэмцэх гэж би УИХ-д сууж байгаа юм. Намайг баалах хэрэггүй. Намайг үг хэлүүлэхгүй гэж бодож байсан юм бол ийм хууль гаргах хэрэггүй шүү дээ. Ийм заваан хуйвалдаан болж байхад би Сайханбилэгийг энэ хуулийг татаж ав гээд дийлээгүй. Үүн шиг заваан хуйвалдаан ордонд ажиллах хугацаандаа огт үзээгүй. Монголын эрх ашгаар дэнчин тавьж, Монголыг Монгол биш болгож, хэрэг хийхийг өөгшүүлэн урамшуулж болохгүй. Одоо зарим нь шагналаа авах гээд сууж байна. Үүнээс болоод УИХ-ын нэр хүнд унаж байна. Шударга ёсыг ард түмэн үгүйлээд байгаа хэрэг. Хоёр, гурван хоногийн дотор багтаж хуулиа гарга. Энхболд дарга аа, та бүр хойшлуулах юм яриад байх юм. Ингэж болохгүй. Өршөөлийн хуулиар 1000-1200 хүн суллагддаг юм. Энэ хүмүүсийг явуулах хэрэгтэй. Ард түмэндээ тусал.
Эх сурвалж : Unen.mn
URL: