Лу.Болдын хэтэвч зузаасаар, Батлан хамгаалах салар гундсаар байх уу?
Батлан хамгаалах яамны сайд Лу.Болдыг төрийн сайдын албаа түмний төлөө биш, түрийвчээ түнтийлгэхэд ашиглаж байгаа гэх олны үг ортой ажээ. Түүнийг яамны мэдэлд байдаг нисдэг тэргийг эгээ л хувийн машинаа хөлөглөж байгаа мэт ашигладгийг хэвлэл мэдээллийнхэн олонтаа бичсэн.
Гэвч эрх мэдэлтэй төрийн сайдыг хэн ч яаж ч чадцаггүй бололтой. Лу.Болдыг мөн зэвсэгт хүчний анги нэгтгэлийн харьяанд байдаг ачааны автомашинуудыг ашиглан хэтэвчээ зузаатгах ажил хийж байгаа талаар зарим нэг хэвлэл мэдээллээр гарсан нь оргүй зүйл биш ажээ.
Монгол Улсын батлан хамгаалах яам Лу.Болдын хувийн компани биш учраас зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийн авто баазад байдаг ачааны болон бусад тээврийн хэрэгслийн тоог мэдэх мэдээж боломжгүй. Аль ч улс орны батлан хамгаалах бодлоготой холбоотой аливаа асуудал нууц байдаг. Үүнийг тангараг өргөсөн, төрийн нэрийн өмнөөс томилогдсон сайд, түшмэд харин мэдэж байгаа байх.
Сайд Лу.Болдын хувьд улсын батлан хамгаалах сапбарын нарийн ширийн бүхнийг мэдээд зогсохгүй тэр бүхнийг арчилж, хамгаалах үүрэг хүлээдэг. Гэвч эрхэм төрийн сайд тэр бүхнийг хувийн ашиг хонжооныхоо хэрэгсэл болгосоор ирэв. Баттай эх сурвалжийн мэдээлснээр, эрхэм сайдтан БХЯ-ны харьяанд байдаг том оврын автомашинуудыг Өмнөговь руу нүүрс тээвэрлүүлэхээр явуулсан байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсанчлан цэргийн цолтой 100 жолоочид энгийн хувцас өмсүүлж 100 машин явуулсан гэдэг нь жаахан хэтрүүлэгтэй ч гэлээ үнэн л зүйл аж. Бидэнд мэдээлэл өгсөн батттай эх сурвалж “Өнөөдөр тэр жолооч нарын ар гэрийнхэн томилолтоор хөдөө явсан л гэж бодож байгаа. Үнэндээ бол Лу.Болдын зараалаар Хятадын компанид нүүрс тээвэрлэж яваа” гэсэн юм.
Сайд зарим доод албан тушаалтандаа энэ мэдээллийг ихэд нууцлах даалгавар өгсөн тухай яриа ч БХЯ-аар тархжээ. Өмнийн говьд Лу.Болдын зараалаар нүүрс тээвэрлэж яваа жолооч нар өдрийн 20 долларын цалинтай ажилладаг гэнэ. Гэтэл урд хөрш рүү нүүрс тээвэрлэж байгаа жолооч нарын жишиг үнэ өдөрт 120-150 доллар байдаг аж. Бяцхан тооцоо хийгээд үзье.
БХЯ-ны 50 машин нүүрс тээвэрлэдэг гэж бодоход өдөртөө л таван мянган доллар Лу.Болдын халаасанд орох нь байна, Эрхэм сайдтан зэвсэгт хүчний харьяанд байдаг ч одоогоор ашиглагдцаггүй машинуудыг ийнхүү хөдөлгөөнд оруулсан нь мэдээж түүний бизнес сэтгэлгээтэй холбоотой байх.
Гэхдээ төрийн өмч, тэр дундаа батлан хамгаалах салбарын өмч хөрөнгө ийнхүү харийн нутаг уруу Монголын баялгийг зөөх ажилд ашиглагдана гэдэг арай л дэндсэн хэрэг биш гэж үү.
Мөн БХЯ, Зэвсэгт хүчний салбарын удирдлагууд Лу.Болдын ойр орчны хүмүүсээр дүүрсэн тухай зэвсэгт хүчинд насаараа зүтгэсэн нэгэн их л бухимдангүй өгүүллээ. Тухайлбал, тус яамны төрийн нарийн бичгийн даргаар томилогдоод удаагүй Ш.Сүхбаатар л гэхэд БХЯ-нд байлдагчаас өөр алба хашиж үзээгүй байж аль хэдийнэ хурандаа цолтой болчихсон гэдийж суугаа юм байх.
БХЯ-нд 20 жил хөлс цусаа урсган зүтгэж байж дэд хурандаа цолонд хүрдэг ч Ш.Сүхбаатар хоёр жил ч болоогүй байж хурандаа цолтой болчихож. “Сонгуулд ялагдчихаад сонин гаргаж, бизнес хийж байсан хүн шууд дэд хурандаа болоод дээд суудалд сууж байсан түүх мэдэхгүй юм байна. Цэргийн цол гэдэг хүссэн аавын хүүд өгч тоглуулаад байдаг хятадын бараа биш. Яам тамгын газрыг шалгадаг байгууллага байдаг бол одоо БХЯ-ыг шалгуулах цаг болсон.
Ард түмний нүүрийг цэрэг зэвсгээрээ халхалчихаад далд даалуу тоглож байгаа юм шиг луйврын ажил хийж байгаа БХЯ-ны удирдлага өнөөдөр эх орон, эгэл ардыг аюулаас хамгаална гэхэд хэцүү шүү дээ” хэмээн дээрх эрхэм нэмж өгүүлсэн юм. Үнэхээр ч Монгол Улсын батлан хамгаалах салбар ингэтэл жижгэрчихээд байхад үздэг, шалгадаг байгууллага алга уу, таминь ээ. Лу.Болдын хэтэвч зузаарсаар, Монголын батлан хамгаалах салбар гундсаар байх уу.
В.Нэргүй
Эх сурвалж: “Монголын үнэн”
URL: