1937-39 оны их террор
Оросын большевикуудын оролцоотойгоор Монголд 1921.07.10-нд “тоглоомын” коммунист засаг тогтмогц, Монголд улстөрийн коммунист репрессия явагдаж эхэлсэн байна.
Унгерний монгол цэргийн захирагч, сэргээгдсэн Богд хаант Монгол Улсын сангийн сайд, тэргүүн тайж Лувсанцэвээн зэрэг 88 хүн 1921 оны 7-р сард , Унгерний хамт Монголыг хятад цэргээс чөлөөлөлцсөн Богдын торгон цэргийн тэргүүн Жамъянданзан нарын түвд голдуу 48 хүн 1921 оны 10, 11-р сард баривчлагдаж, Лувсанцэвээн, Жамъянданзан нар 1922 онд Д.Бодоо нартай хамт 15 хүн Д.Сүхбаатарын гарын үсэгтэй тушаалаар Шар хадад буудуулсан гэдэг.
Ингэж Монголд 1921 оны 7-р сараас эхэлсэн энэ коммунист хэлмэгдүүлэлт цаашид жил бүр явагдсаар, Монгол Улс 1930-аад онд насанд хүрсэн эрэгтэйнхээ 20 хувийг улстөрийн хилс хэргээр баривчлан яллаж, 15 хувийг нь буудан алж, 4-5 өрх бүрийн 1 нь төрд бүх хөрөнгөө хураалган хоосров. Тэр үед ийм цар хүрээтэй харгислал дэлхий дээр Монголоос өөр ямар ч оронд, коммунист ЗХУ-д ч болсонгүй. ЗХУ-д бол 1937-38 онд насанд хүрсэн эрэгтэйнхээ “зөвхөн” 0,5 хувийг Н.И.Ежовын 1937.07.30-ны тушаалаар баривчилжээ.
Монголын 1930-40 оны коммунист яргаллын оргил нь 1937-39 оны “их террор” байлаа. 1937-39 оны тэрхүү төрийн террорын гол удирдан, зохион байгуулагч нь Монголын ДЯЯ-ны сайд, маршал Х.Чойбалсан байв. Х.Чойбалсан Сталины хэлсэн бүхнийг биелүүлж байв. Тэрээр, тийнхүү, Сталины хэлснээр, олон хэсэгт таслагдсан монголчуудыг нэгтгэн хүчирхэгжүүлэх гэж бодож байж болох, Армонголыг большевик зам руу хальтран орж байна гэж үзэж байж болох, коммунизмаас ухарч байж болох, хожим Монголын террорыг гэрчилж байж болох, хожим Х.Чойбалсантай өрсөлдөж, Х.Чойбалсанд саад болж байж болох Монголын бүх эх орорнч удирдагч, сэхээтэн, офицер, генералыг болон Монголын насанд хүрсэн буриад, барга, цахар эрэгтэйчүүдийг хувьсгалын эсэргүүчүүд, ЗХУ ба БНМАУ-ын дайснууд, панмонголизмыг дэмждэг Японы талын хүмүүс гэж үзэн, устгаж байв. Хуулийг төдийгүй хүмүүнлэг ёсыг зөрчин, жирэмсэн эмэгтэй, насанд хүрээгүй хүүхдийг хүрэл буудаж байв. ДЯЯ-ны фашист тамлалт, тарчлаалт, эрүү шүүлтийг даалгүй, түүний шоронд дунджаар өдөр бүр 1 хүн шийтгүүлэхээсээ өмнө үхэж байв. Бас, 1930-аад оноос эхлэн, буриад голдуу олон хүнийг ЗХУ-ын НКВД-д шилжүүлэн, түүгээр тамлуулан, харь газарт устгуулж байв. 1944 онд хүн амын дэлгэрэнгүй тооллого явуулахад, Монголын нийт буриад өрхийн 95 хувь нь өрхийн тэргүүнгүй, бэлэвсэрсэн эхнэр, өнчирсөн хүүхдүүд байв.
Баривчлагдсан нийт хүний ч, буудуулсан бүх хүний ч 3-ны 2 нь лам нар байв. Баривчлагдсан лам нарын 5-ны 4 нь буудуулав. Том цолтой, эрдэм сайтай бүх лам 100 хувь буудуулав. Лам хүнийг болон феодал байсан бүх хүнийг, мөн, Чингисийн угсаа болох тайж бүрийг “ангийн дайсан”, “хувьсгалын эсэргүү” гэж үзэн, тэднийг, тийнхүү, аймаглан усгаж байсан юм. МАХН (МАН) лам нар феодалуудыг МАХН-ын 9-р их хурлын (1934 оны) өмнө устгаж дуусах тухай бүр 1931.12.29-нд 71-р онц нууц тогтоол гэж гаргасан байна. Гэвч, тэр үед БНМАУ-ыг орхин Хятад руу үй олноороо арга буюу дүрвэн зугатаж байсан монголчуудын “их дүрвэлт”, 1932 онд Монголын социализмын эсрэг гарсан “ардын бослого”, бослогыг дарахаас үүдэлтэй Монголд үүссэн “иргэний дайнаас” болоод, лам нар, феодалуудыг устгах ажлаа тэр үед “монголын хувьсгалчид” гүйцэтгэж чадсангүй. Харин энэ ажлыг Х.Чойбалсан 1937-39 онд большевикуудын туслалцаатайгаар гүйцэтгэсэн байна. Х.Чойбалсангийн ОБЭК 1937-39 оны жил хагасханы хугацаанд 25824 хүнийг “хувьсгалын эсэргүү” хэрэгт баривчлан шийтгэж, 20474-ийг нь буудан алав. Зарим мэдээгээр, 27585 хүнийг баривчилсан ч гэдэг. Монголчууд, тийнхүү, 1937-39 онд дайнд бус, 1939 оны Халхын голын байлдаанд бус, ДЯЯ-ндаа, маршал Х.Чойбалсандаа хядагдан хиарчээ. Гэвч, үүнийг манайд огт дурсдаггүй нь үүнийг зориуд нууж буй нь тэр бололтой. Халхын голын байлдаанд бол Монголоос “ердөө” 237 дайчин л амь үрэгдсэн байдаг. 1937-39 онд Монголд энэхүү террорыг “онцсайн” явуулсан Х.Чойбалсанг 1940 онд Сталин багш нь Лениний одонгоор шагнаж, түүнд нууцаар, бас, “СССР-ийн НКВД-гийн гавъяат ажилтан” цол олгосон байна. Харин Монголын “хувьсгалчид” 1941 онд Дорнод аймгийн төв Баянтүмэнг Чойбалсан хот болгов. 2000-аад оноос Монголын экс-коммунистууд урьдын коммунист намынхаа удирдагчид, түүний Улстөрийн товчооны гол гишүүд, Монголын гол коммунист суртал нэвтрүүлэгчид байсан Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх, Ж.Самбуу, Ж.Лхагвасүрэн, Б.Ширэндэв, Б.Энэбиш нарын хөшөөг Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын хөшөөн дээр нэмэн, Чингисийн талбайн эргэн тойронд босгож, түүнчлэн, Чойбалсанг магтаж түүхийг гуйвуулсан “Долоон бурхан харвадаггүй” гэдэг кино хийж, Ю.Цэдэнбалыг элдвээр дөвийлгөсөн зөвлөлт маягийн “баримтат” кино хийв.Тэд одоо Х.Чойбалсанд өмнөх хөшөөнүүдээс нь илүү том, илүү сүрлэг, “морьтой хөшөө” босгож, түүнд хүндэтгэл үзүүлэх юм гэнэ.
Mанай 1930-40-өөд оны улстөрийн хэлмэгдэгчид үүнийг эсэргүүцэж, 2015.05.05-нд гаргасан мэдэгдэлдээ : “Сталин бол, Чойбалсанг бодвол, ЗХУ-ыг гитлеризмээс хамгаалж, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг аварсан, дэлхийн 2-р дайны ялалтыг хангалцаж, дэлхийг фашизмаас авралцсан, албан ёсоор бол, 1946 оныг хүртэл Хятадын бүрэлдүүн хэсэг байсан Монголыг 1946 онд тусгаар тогтносон коммунист улс болгож өгсөн, дэлхийн хэмжээний удирдагч билээ. Гэвч тэрээр коммунизм байгуулж, коммунист яргалал явуулж, коммунизмыг сурталчилж, экспортолж байсны учир, түүний хөшөө, нэрэмжит газар одоо дэлхий дээр байтугай, Орост ч байхгүй болоод байхад, Монголд “дэлхийн рекорд” яргалал явуулж монголчуудыг хядсан коммунист удирдагч Х.Чойбалсанд хөшөө нэмж босгон, уй гашуудлынх нь нулимс хатаж гүйцээгүй байгаа хэлмэгдсэн түмнээ доромжлох ахул, Монголын улстөрийн хэлмэгдэгчдийн байгууллагууд, хэлмэгдэгчид, тэдний ач, зээ нар үүнийг хэзээ ч тэвчихгүйгээ шийдвэртэй мэдэгдэж байна” (“Монголын мэдээ” сонин, 2015.05.18, №98) гэсэн юм. Монголын төрийг 1939-1952 онд барьсан Х.Чойбалсан тэргүүтэй, 1952-1984 онд барьсан Ю.Цэдэнбал тэргүүтэй коммунистууд Монголыг ЗХУ-ын дуулгавартай коммунист дагуул байлгахыг хичээж, үнэнийг гуйвуулан, “Японы колончлол”, “Хятадын аюул” гэдэг суртал нэвтрүүлгээр ард түмнийг айлган, тэдгээр аюулаас монголчуудын аврагдах ганц гарц бол “дэлхийн хамгийн хөгжилтэй, хамгийн хүчирхэг орон-ЗХУ-ыг” түших явдал гэж сурталддаг байв. Одоогийн Чингисийн талбайд байгаа Д.Сүхбаатарын хөшөөн дээрхи түүний хэлсэн үгийн эцэст хүртэл “Манай улсын тогтнож мандахад …гадаад түшиг тулгуур нь Зөвлөлт Засагт Холбоот Улс мөн. Сүхбаатар” гэж хуучин бичгээр байсныг, коммунизм нурахад, тэр хэсгийг нь коммунистууд сэмхэн авчихсан сан.
Коммунистууд 1940-өөд оноос өмнө бол Монголоор дүүрэн урвагчид, дайсагнагчид, Япон, Хятадын тагнуул, төлөөлөгчид байсан мэтээр сурталчилж, коммунист удирдагч Чойбалсангаа элдвээр магтан сайшааж, түүний диктатур, харгислалыг хаацайлан далдалдаг, Монгол дахь улстөрийн хэлмэгдүүлэлтийн үнэнийг, түүний ноцтой баримтуудыг ард түмнээсээ болон дэлхийгээс аль болохоор нуудаг байснаас, Монголын коммунист хэлмэгдүүлэлтийн үнэнийг дэлхий байтугай, Монголын одоогийн олон нийт ч сайн мэдэхгүй байна. Үүний нэг баримт нь Х.Чойбалсангийн тухай зарим хүний ойлголт мөн. Тиймээс ч Монголд буриад хүн хамгийн олноор амьдардаг Дорнод аймгийн төвийн Чойбалсан гэдэг нэрийг өөрчилж, Баянтүмэн гэдэг түүхэн нэрийг нь сэргээх тухай бидний тавьсан удаа дараагийн саналыг одоогийн зарим буриад хүн ч ойлгохгүй байгаа бололтой. МАН 1930-аад, 1940-өөд оны хууль бус баривчилгаа, аллагын баримтыг, ялангуяа, Х.Чойбалсангийн хядлагын баримтыг илчлэн дэлгэсэн “Улсыг аюулаас хамгаалах байгууллагын ажилд гарч байсан алдаа завхралыг шалгасан шалгалтын дүнгийн тухай” гэдэг Т.Гэндэнгийн 1962 оны тусгай илтгэлийг одоо хүртэл буюу 50 гаруй жилийн турш олон түмнээс нууцалсаар байна.
Х.Чойбалсангийн дараах Монголын коммунист удирдагч, Монголын №1 марксист, Монголын №1 коммунист, №1 коммунист үзэл сурталч, коммунизм ба ЗХУ-ыг шүтэн бишрэгч Ю.Цэдэнбал хожим марксист ёсоор дүгнэхдээ, Монголын феодалууд, тайж нар, лам нар, чинээлэг хүмүүсийг төрлөөр устгасныг зөвтгөн сайшааж, нэгд, 1921 онд Монголд гарсан коммунист хувьсгалыг, хоёрт, 1937-39 онд Монголд лам нар, феодалууд, тайж нарыг аймаглан, сүм хийдтэй нь Х.Чойбалсангийн усгасныг, гуравт, 1959 онд Монголын нүүдэлч малчдыг хувийн өмчгүй болгох асуудлыг коммунистууд шийдвэрлэж, тэдний малыг хурааж, бүрэн нийгэмчилснийг – энэ гурван үйл явдлыг ач холбогдлоороо өөр хоорондоо “эн зэрэгцэх буюу бараг эн зэрэгцэх хувьсгалт үйл явдал болсон юм” гэж дүгнэсэн байдаг (Ю.Цэдэнбал. “Илтгэл, өгүүлэл, хэлсэн үг”. 2-р боть, УБ, 1967, 414-415-р тал). Эдгээр гурвыг Ю.Цэдэнбал Монголд коммунизм байгуулах үндсэн нөхцлүүд нь гэж үзэж байж. МАХН, Монголын коммунист удирдагчид, тийнхүү, лам хүнийг хэдийнээс нааш “ангийн дайсан” гэж үзэж байсан учраас, хэлмэгдсэн нэг ч ламыг 1990 он хүртэл цагаатгуулсангүй. МАХН (МАН) лам нарыг цагаатгахгүй тухай 1960 онд тусгай тогтоол хүртэл гаргасан байдаг. Чухам иймээс хэлмэгдсэн бүх лам, их хутагтууд хүртэл, зөвхөн 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш цагаатгагдсан юм. 1990 онд Монголд ардчилсан хувьсгал гарч, Монголын коммунист дэглэмийг нурааснаар, урьдын коммунист хэлмэгдүүлэлтэд өртөгсөд нийтээрээ цагаатгагдаж эхэлсэн билээ. Гэвч, урьд эцгээ “хувьсгалын эсэргүү” гэсэн хилс хэргээр цаазлуулж өнчирсөн, бүх малаа, мөн, бүх эд хөрөнгөө төрд хураалган хоосорч, зарим нь, одоогийн ханшаар бол, тэрбум тэрбум төгрөгөөр хохирсон, ингээд, тэжээгчгүй, өмөг түшиггүй, өмч хөрөнгөгүй болж, бас, “эсэргүүгийн үлдэгдэл” гэгдэн, ихэнхидээ, ажил, сургуулиас хасагдаж, мэргэжил, боловсролгүй болон хаягдаж, коммунист төрд бүх амьдралаа сүйтгүүлсэн, ийнхүү Монголд хамгийн ихээр хохирсон, эрх нь хамгийн ихээр зөрчигдсөн, одоо хамгийн бага тэтгэвэртэй, зарим нь тэтгэвэр ч гүй, өөрийн гэсэн орон байр ч гүй байдаг 1930-аад оны улстөрийн хэлмэгдэгчдийн үр хүүхдүүдийн хохирлыг ардчиллын 18 жилд төр барьсан экс-коммунистууд ч, одоо төр барьж буй ардчилагчид ч барагдуулж өгсөнгүй. 1930-аад оны улстөрийн хэлмэгдэгчдийн хохирлыг тийм хэлмэгдүүлэлт явуулсан орнуудаас дэлхий дээр ганцхан Монгол Улс л ганцаараа төлж өгсөнгүй. Монголын эдийн засаг эрс сайжирч, сүүлийн 10-аад жилд 10 дахин томорсон ч, Монголын эдийн засаг 2011 онд 17,5 хувиар өсч, дэлхийд гайхагдаж, ихээхэн боломжтой болж байсан үед ч төлж өгсөнгүй. 1992 онд батлагдсан Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн 16.14-р заалтад Монгол Улсын иргэд “…бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх… баталгаатай эрхтэй” гэж заасан байдаг ч, бүр 1974 онд Монгол Улсын нэгдэн орсон “Иргэний болон улстөрийн эрхийн тухай олон улсын пактын” 14.6-р заалтад “…шүүх алдаа гаргасныг хөдөлбөргүй нотолсны үндсэн дээр ноогдуулсан ялыг дараа нь хүчингүй болгосон бол… шийтгүүлсэн хүн хууль ёсоор хохирлоо төлүүлнэ” гэж заасан байдаг ч, нөхөн төлбөргүй цагаатгал гэж байдаггүй ч, нөхөн төлбөргүй цагаатгал ямар ч утгагүй ч, 40000 чинээлэг голдуу өрхийн тэр их хөрөнгийг үнэгүй завшсан Монголын төр дээрхи хуулиудын заалтыг зөрчин, хүний эрхийг зөрчин, 1930-аад,1940-өөд оны улстөрийн хэлмэгдэгчдийн хохирлыг төлж өгсөнгүй. 1998 онд хэлмэгдэгчдийг хуурч, хэгмэгдлийн хохирлын “нөхөх олговор” гэж худал нэрлэн олгосон 1 сая төгрөг нь (одоо бол 500 ам.доллар нь), нэгдүгээрт, тийнхүү хууралт байсан, хоёрдугаарт, Үндсэн хуулийн дээрхи заалтын агуулгыг зөрчсөн, гуравдугаарт, хохирлоо төлүүлчихсэн хүнд ч, хөрөнгөө хураалгалгүй зөвхөн 1-2 жилээр шийтгүүлсэн хүнд ч, тэднээс хэд дахин хүндээр буюу 10 жилээр шийтгэгдээд, хураалгасан хөрөнгөө огт төлүүлээгүй хүнд ч, тэр байтугай, хилсээр цаазлагдаж, бүх хөрөнгөө хураалгаж, бүх насаараа бэлэвсэрч, өнчирч, хамгийн хүндээр хэлмэгдэж, хамгийн ихээр хохирсон хүнд ч адилхан олгогдсон тул, энэ нь “нөхөх олговор” биш, бүх хэлмэгдэгчид ялгаваргүйгээр олгосон 1 удаагийн тэтгэмж л байв. Нөхөх олговор, ялангуяа, цаазлагдаж, бүх хөрөнгөө хураалгаж, олон жил төрд нэр төрөө гутаалгаж, адлагдсан хүмүүсийн нөхөх олговор ийм байж огт болохгүй нь хэнд ч ойлгомжтой билээ. Цаазлагдаж, хөрөнгөө хураалгагсад ихэнхидээ баян хүмүүс байлаа.Тэдний хураалгасан хөөрөг шиг ганц ширхэг хөөрөг л одоо “Мишээл” төв дээр 300 сая төгрөгт хүрч байна (“Өдрийн сонин”, 2014.01.16, №12). Богдын Цэргийн хэргийг бүгд таслан шийтгэх яамны тэргүүн сайд асан, Богдын баз, Хөвчийн жонон ван Н.Цогбадрахыг 1930-аад онд 3 удаа баривчилж, 2 удаа хөрөнгийг нь хурааж, эцэст нь буудахдаа, хэдэн зуун толгой малаас нь гадна, хотын гэрээс нь 20 гаруй, хөдөөний гэрээс нь 10 гаруй тэрэг хөрөнгө хураасан гэдэг.Тийнхүү 40 000-аад тийм өрхийн хөрөнгийг төр хурааж завшсан юм. Одоо гадаадад бол, жишээ нь, энэ 2015 оны хавар Германы 1 онгоц Альпын нуруунд осолдоход, тэр ослоор нас барсан 150 хүн тус бүрийн ар гэрт 2 000 000 доллар буюу 4 000 000 000 төгрөгийн нөхөх олговор өгсөн байна (“Өдрийн сонин”, 2015.04.01, №80). Манайд ч зөвхөн гүтгэгдэж, нэр төрөө гутаалгасны хохирол гэж 1 тэрбум хүртэл төгрөг нэхэмжлэх болжээ.
Экс-коммунистууд голлосон Монголын 2008-2012 оны парламент бүгд амьдрал сайтай, бүгд байртай байсан 1990 оны экс-коммунист голдуу 430 “баян” депутатад “1992 оны ардчилсан Үндсэн хууль баталсан” нэрийн дор цөмд нь 1 өрөө байр олгосон сон. Мөн парламент дайнд оролцоогүй голдуу, мөн экс-коммунист голдуу, бүгд өндөр нэмэгдэл тэтгэмжтэй, 2000-аад хүнд, байртай байсан мөн тийм офицер, генералуудад, 1939, 1945, 1949 оны “ахмад дайчин” гэж цөмд нь 35 сая төгрөгийн 1 өрөө байр өгөв. Гэтэл, 1930-аад онд төрд эцгээ хилсээр цаазлуулж, бүх хөрөнгөө хураалган хоосорч байсан, ихэнхидээ өөрийн гэх орон байр байхгүй, байр авах мөнгөгүй, хамгийн бага тэтгэвэртэй, зарим нь тэтгэвэр ч гүй, 87 хувь нь ядуу амьдралтай байдаг хэлмэгдэгч нар төрийн учруулсан хохирлын төлбөрт байр олгож туслахыг 1990-ээд оноос эхлэн төрөөсөө хүсч байгаа боловч, Монголын төр тэдэнд ганц өрөө ч байр олгосонгүй. 1930-40-өөд оны боловсрол багатай, ядуу амьдралтай, өндөр настай хэлмэгдэгчид үнэнхээр гадуурхагдаж байна. 1930-аад онд улстөрийн хилс хэргээр буудуулсан 30000 хүний хүүхдээс эдүгээ 80, 90 гаруй насны ердөө 5-6 зуугаадхан ядарсан хөгшин л амьд байна. Тэд одоохон дуусах нь!
Ийнхүү, 1930-40-өөд онд гүтгэлгээр 10 000 жирийн хүнээ баривчилж шоронд хатаасан, 30 000 гэмгүй иргэнээ хилсээр буудаж алсан, 40 000 өрхийнхөө бүх хөрөнгийг хурааж үнэгүй идсэн, ингэж бүх хүн амынхаа талыг уй гашууд умбуулан сүйрүүлсэн, ийм аймшигтай, дэлхийд байхгүй террор явуулсан манай төр, ганц манай төр л 1930-40-өөд оныхоо хэлмэгдэгчдийг, тэрхүү хэлмэгдэгчдийнхээ хохирлыг одоо хэр өчүүхэн ч тоомсорлохгүй байгаад байхад, Монголын ард түмний эцэг болсон Монгол Улсын Ерөнхийлөгч юу бодож байдаг юм бол ? Уулзаж, уй гашуудлаа, учир байдлаа уламжилъя гэж хэдэн жилийн турш хүсэхэд, ганц удаа ч болов, хүлээж авахгүй, хариу ч өгөхгүй юм.
“Цаазлагдсан улстөрийн хэлмэгдэгчийн хүүхэд” ТББ-ын тэргүүн, өндөр настан Д.Дашдаваа
URL: