Газрын тосны үнэ 49.26 ам.доллар болжээ
“Брент” газрын тосны үнэ нэг баррель нь 50 ам.доллараас доош орсон байна. Лондон дахь Европын хөрөнгийн бирж салбарт өнгөрсөн даваа гаригийн өглөө нэг баррель газрын тос 49.26 ам.доллар болж буурсан байна.
Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр газрын тосны арилжааны үнэ баррель тутамд 45,67 ам.доллар байсан билээ. Газрын тосны үнэ ийнхүү унаж байгаа учраас өнгөрсөн бямба гаригт Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро үнэ тогтворжуулах талаар ОПЕК-ийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулахыг санал болгосон юм.
Тус улсын экспортын гол бүтээгдэхүүн нь газрын тос юм. Газрын тос олборлолтоор тэргүүлдэг Саудын Арабын эрх баригчид дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ унаснаас үүдэн төсвийн зардлыг багасгах шийдвэр гаргасан байна.
Х.ЗАЯА
URL: