Юанийн давшилт

159964-14042015-1428976424-1625729194-yuaniБНХАУ-ын Төв банк өнгөрсөн сард мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг сулруулсан. Энэ алхмыг экспортыг дэмжих замаар өсөлт нь саарч буй эдийн засгаа идэвхжүүлэх, юанийг олон улсын валют болгохын тулд ханш тогтоох аргадаа хийсэн шинэчлэл хэмээн шинжээчид тайлбарласан.

БНХАУ-ын хувьд эргээд хэт их гүрэн болох амбицаа биелүүлэхийн тулд ам.долларын ноёрхлыг халж, юанийг олон улсын валют болгох сонирхолтой. Үүний тулд урд хөрш маань сүүлийн жилүүдэд ихээхэн чармайлт гаргаж, багагүй амжилт олж буй ч олон улсын санхүүгийн гүйлгээнд түгээмэл хэрэглэгддэг бусад мөнгөн тэмдэгтүүдтэй харьцуулахад юанийн хэрэглээ хязгаарлагдмал хэвээр байна. Одоогоор юань олон улсын санхүүгийн ертөнцөд ам.доллартай өрсөлдөх байтугай евро, фунт стерлинг, иений ч өмнө гишгэж чадахгүй байгаа.

Юань нь дэлхийн гадаад валютын нөөцийг бүрдүүлж буй мөнгөн тэмдэгтүүд дунд долдугаарт, дэлхийн гадаад валютын нөөц ба олон улсын худалдаанд эзэлдэг байр сууриараа дөнгөж наймд бичигддэг.

ОУВС юанийг албан ёсны нөөц валют болгох эсэхээ арваннэгдүгээр сард шийднэ

Гэхдээ өнгөрсөн хугацаанд багагүй амжилт гаргасныг нь ч дурдах ёстой. Жишээ нь 2013 онд дэлхийн гадаад валютын нөөцийн 0.7 хувь нь юаниар хадгалагдаж байсан бол өнгөрсөн жилийн эцсээр 1.1 хувь болж, олон улсын худалдаанд эзэлж байсан хувь нь 2012 онд дөнгөж 0.2 хувь байсан бол өнгөрсөн жилийн байдлаар 1 хувь болж тус тус өсчээ.

Хятадын удирдлага юанийг ОУВС-гийн нөөц валют болгохоор эртнээс чармайж байгаа. Хэрвээ ингэж чадвал юанийн олон улсын валют болох хүсэлд томоохон ахиц гарах юм. Герман зэрэг зарим улсын хувьд Хятадын энэ чармайлтыг дэмждэг бол АНУ дурамжхан хандсаар ирсэн билээ.

ОУВС-гийн нөөцийн сагс нь ам.доллар, евро, фунт стерлинг, иен гэсэн дөрвөн валютаас тогтдог. ОУВС таван жил тутамд нэг удаа сагсныхаа бүтцийг эргэн хардаг. Энэ мөчлөг ирэх арван нэгдүгээр сард тохиож буй бөгөөд энэ үеэр ОУВС нөөцийн сагсандаа юанийг нэмэх эсэх түүхэн шийдвэрээ гаргах юм. Хамгийн сүүлд 1999 онд евро мэндлэхэд ОУВС нөөцийн сагсандаа шинээр валют нэмж байсан билээ.

Хятад дэлхийн хамгийн том эдийн засаг болох эсэх нь цаг хугацааны л асуудал болоод байгаа. Мөн юань нь өдөрт хийгддэг гүйлгээнийхээ хэмжээгээр зөвхөн ам.долларын ард гишгэх болоод удаж байгаа билээ. Тэгэхээр цар хүрээ, далайцын хувьд авч үзвэл юаньд ам.доллар, иен, евротой зэрэгцэх бүрэн эрх бий.

ОУВС нөөц валютдаа дэлхийн экспортод томоохон байр суурь эзэлдэг байх, чөлөөтэй хэрэглэгдэж, уян хатнаар хувирч байх гэсэн шаардлага тавьдаг. Дэлхийн нийт экспортын 11 хувийг дангаараа гүйцэтгэдэг Хятадын хувьд эхний шаардлага асуудал биш. Харин эдийн засаг дахь төрийн оролцоо өндөр, ил тод байдал муутай нь хоёр дахь шаардлагыг хангахад саад болдог. Хилээр авч гарах мөнгөн дүн, гадаадын иргэний хөрөнгийн зах зээлд хийх хөрөнгө оруулалт зэрэг нь Хятадад хатуу тогтоогдсон хязгааруудтай байдаг бөгөөд гаднын компаниуд зах зээлд нь нэвтрэхийн тулд багагүй тэвчээр гаргах шаардлагатай тулгардаг. Иймд Бээжин нэг бус реформ хийх шаардлагатай тухай ОУВС байн байн сануулж байгаа.

Өнгөрсөн сард Хятадын Төв банкны гаргасан шийдвэр ч энэ шинэчлэлийнх нь нэг хэсэг байсан болов уу. Шинэчлэл хийхэд цаг хугацаа шаардлагатай учраас ОУВС “За” гэж хэлсэн ч шийдвэр нь ирэх оны есдүгээр сараас л албан ёсоор хэрэгжиж, санхүүгийн зах зээлд үр нөлөөгөө үзүүлж эхлэх тухай онцолсон.

БНХАУ өнгөрсөн сард ОУВС, Дэлхийн банкны альтернатив гэгдээд буй аварга том дүрмийн сан бүхий Азийн дэд бүтцийн хөгжлийн банкийг байгуулсан. Тэргүүлэгч нь нэгэнт БНХАУ тул дэлхийн 51 улсыг багтаасан АДБХБ-д ашиглагдах гол валют нь ч юань байх болно. Иймд юанийн олон улсын хэрэглээ ойрын жилүүдэд нэмэгдэх нь ойлгомжтой тул ОУВС юаньд зохих ёсны хүндлэл үзүүлсэн шийдвэр гаргах болов уу гэж зарим шинжээч үзэж байгаа.

АНУ саналын давуу эрхээ ашиглан ОУВС-гийн ТУЗ-ийн шийдвэрт хориг тавих боломжтой

Зөвхөн БНХАУ төдийгүй бусад өөр бусад орнуудад ч ам.долларын дангаар ноёрхлыг халах сонирхол багагүй бий. Гэхдээ ОУВС-гийн ТУЗ Хятадын талд шийдвэр гаргасан ч ОУВС дахь саналын давамгай эрхээ ашиглан АНУ шийдвэрт хориг тавих боломжтойг мартаж болохгүй. АНУ нь 188 гишүүнтэй ОУВС нийт саналын эрхийн 16 хувийг дангаараа эзэмшдэг бөгөөд ОУВС аливаа асуудлыг 85 хувийн саналаар шийддэг дүрэмтэй. Өмнө нь ОУВС-гийн Гүйцэтгэх зөвлөл дүрмийн сандаа өөрчлөлт оруулж, БНХАУ, Энэтхэг зэрэг хөгжиж буй орнуудын байгууллага дахь оролцоог нэмэгдүүлэх шийдвэрт АНУ саналын давуу эрхээ ашиглан хориг тавьж байсан билээ. Хэрвээ шинэчлэлт хийгдсэн бол саналын эрхийн хуваарилалт ахин явагдаж, АНУ-ын ОУВС дахь үнэмлэхүй давуу тал үгүй болох байсан юм.

Ямар нэг хориг саадгүйгээр юань нөөцийн сагсанд багтсан ч одоогоор дэлхийн нийт санхүүгийн гүйлгээний 90 хувь хийгдэж, дэлхийн гадаад валютын нөөцийн 60 гаруй хувийг бүрдүүлдэг ам.доллартай шууд өрсөлдөж чадахгүй нь ойлгомжтой. Гэхдээ Хятадын хаалттай санхүүгийн зах зээл идэвхжиж, дэлхийн эдийн засаг дахь оролцоо нь нэмэгдэж, юанийн олон улсын тавцан дахь эрэлт өсөх зэргээр олон улсын санхүүгийн зах зээлд багагүй өөрчлөлт явагдах болно.

А.Амармэнд

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих