Зам тээврийн ослын улмаас 40 хүүхэд амь насаа алджээ

Улсын хэмжээнд 2015 оны эхний найман сарын байдлаар зам тээврийн осолд 744 хүүхэд өртсөн хэрэг бүртгэгдсэн байна.

Үүнээс хүүхэд өртсөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 188 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

Эдгээр гэмт хэргийн улмаас 40 хүүхэд амь насаа алдаж, 148 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэл авчээ. Улсын хэмжээний үзүүлэлтийг урьд онтой харьцуулахад нас барсан хүүхэд есөн нэгжээр буюу 29,0 хувиар өсч, гэмтсэн хүүхэд 6,5 хувиар тус тус өсчээ. Гэмт хэргийн улмаас нас барсан хүүхдийн дийлэнх хувь буюу 32 хүүхэд орон нутгийн замд гарсан ослоос амь насаа алдсан байхад нийслэлд найман хүүхэд амь насаа алджээ.

Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүд ихэвчлэн гэр, сургууль, цэцэрлэг гэсэн маршрутаар явганаар болон тээврийн хэрэгсэл дотор эцэг эхийн хараа хяналтанд явж байгаад зам тээврийн осолд өртсөн байна.

Замын хөдөлгөөнд оролцох, зам хөндлөн гарахдаа гарц, гарамтай хэсгээр гарахгүй байх, бага насны хүүхдийг асран хамгаалагчгүй хөдөлгөөнд оролцуулах, хүүхэд ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гүйх, улаан гэрлээр зам хөндлөн гарах, зориулалтын хамгаалалтын суудал, хамгаалах бүс хэрэглэхгүй байх, томчууд бага насны хүүхдийг дагуулан дүрэм зөрчих байдал нь энэ төрлийн осол, хэрэг буурахгүй байгаа гол нөхцөл болж байгааг замын цагдаагийн газраас анхааруулж байна.


URL:

Сэтгэгдэл бичих