Монголчууд Оюутолгойн жирийн л нэг хувьцаа эзэмшигч болжээ
Монгол моодонд оржээ. Гэхдээ хилсдүүлж хэлсэн хүнд хэдхэн жилийн өмнө Азийн цээжинд Монгол хэмээх тусгаар
улс оршин тогтнодгийг урд, хойд хөршөөс маань өөр орон бараг л мэддэггүй байлаа. Яах вэ, дипломат харилцаатай зарим орон гадарлах төдий л байсан үе. Харин сүүлийн 2-3 жилийн дотор Монгол Улс дэлхийд алдаршив. Алдарын оргилд хүргэсэн гол шалтгаан нь ердөө л газрын хэвлий дэх асар их баялаг. Монголын энэхүү баялгийн сургаар гадна, дотны компаниуд шүлсээ асгаруулан хошуурсан. Иймдээ ч манай улсын эрх баригчдын тархийг угааж эхэлсэн. Төр түшилцэж, өрх гэрээ төвхнүүлэхээр өндөр сэнтийд заларсан эрхмүүд хэдийн гадныхны уран үгэнд автаж, харах нүд нь сохорч, сонсох чих нь дүлийрсэн гэхэд болно. Мөнгөгүйн зовлон амсаж, ядуугийн балгаар амьдарч ирсэн монголчуудыг бэлэн мөнгө тараах нэрийдлээр эрх баригчид өөртөө урвуулж эхэлсэн нь үүний тохио байлаа.
Өнөөх бэлэн мөнгөний амлалтаа өгөхийн тулд Оюутолгойн орд газрыг хэрхэн гадныханд “хандивласан” билээ. Оюутолгойн гэрээ анхнаасаа л хэл ам дагуулсан. Гэрээг үзэглэхэд эрт байна, манайхан баялгаа үнэлсэнгүй хэмээн иргэний хөдөлгөөнүүд жагсаал, цуглаан хийсэн. Харамсалтай нь тэднийг албан тушаал горилж, ашиг хонжоо хайж, Монголын хөгжлийн гарцыг хаалаа хэмээн эрх баригчид үзэж, нүд үзүүрлэсэн.
Гэтэл өдгөө Оюутолгойн гэрээ “луйврын гэрээ” болжээ хэмээн ТУЗ-ийн болон УИХ-ын зарим гишүүн онцолж эхэллээ. Оюутолгойн орд газар бол Монголын 2.7 сая хүн амыг 200 жил тэжээх талх. Талхыг бүхлээр нь бус таллаж, зүсэж идэхийг монголчууд хүссэн ч эрх баригчид зүсэхээс татгалзсан юм. Уг нь газрын хэвлий дэх баялгыг зөвхөн ард түмний өмч гэсэн хуулийн заалт байгаа ч эрх баригчид хэнд өгч, юу болгохоо шийдвэрлэдэг бичигдээгүй хуультай. Энэ дагуу Монголын Засгийн газар Канадын “Айвенхоу майнз Монголиа Инк” компанитай Оюутолгойн гэрээ байгуулав. Хугацааны хувьд нэлээд асуудалдтай батлагдсан энэхүү гэрээний урьдчилгаа төлбөр болох 250 сая ам.долларын нэгээхэн хэсгийг гардан авч буй гурван сайдын баярлаж байгаа гэж жигтэйхэн. Хөл нь газар хүрэхгүй хөөрцөглөж, ард түмэнд бэлэн мөнгөний амлалтын амтыг амсуулж эхлэв. Урьдчилгаа төлбөр хэмээн онцолж байсан 250 сая ам.доллар урт хугацааны хүүтэй зээл болон хувирсан нь саяхан. Орд газраа гадныханд үнэгүй шахам өгөн байж тараасан хэдэн төгрөг нь иргэддээ наалдсангүй. Дотоодын хөрөнгө оруулагчид ч хүртсэнгүй “хурдан галт тэргээр” Эрээн рүү тэнэж одов. Үлдсэн жаахан нь архичдын дотрыг баярлуулж, спиртийн үйлдвэрийнхнийг дэмжсэн бодлого болж хувирсан билээ.
Асуудал үүгээр төгссөнгүй. Толгой компантай нь бус охин компанитай гэрээ байгуулж будилсан Монголын Засгийн газар өдгөө орд газрынхаа 34 хувийг бус 6.8 хувийг л эзэмшсэн нэр зүүх нь. Энэхүү гэрээг үзэглэхийн тулд нэр бүхий гурван сайдаас эхлээд хоёр намын эрх баригчид нэг хөнжилд шургалсныхаа гавьяаг гаргахын тулд нэлээд хэдэн хуулийн заалтыг Канадынхны хүсэлтээр өөрчилсөн. Садаа болох зарим заалтыг шуудхан л аваад хаячихсан гэж байгаа. Харин шинээр өргөн баригдсан байсныг нь шүүгээндээ хадгалан байж ногоон гэрлээр замыг нь гэрэлтүүлсэн.
Эцэст нь хэлэхэд, үүний балаг өнөөдөр цухуйж эхэлсэн нь энэ. Оюутолгойд хувь эзэмших ёстой гэсэн зарчимд үндэслэн тус ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч Оюутолгой ХХК-д төрийн эзэмшлийн доод хэмжээ 34 хувь байна хэмээн шийдвэрлэж, Засгийн газарт хөрөнгө оруулагчтай гэрээ хийх эрх олгосон байдаг. Ингэхдээ Засгийн газар, хөрөнгө оруулагчдын хэлэлцээрээр орд ашиглалтыг хоёр өөр гэрээгээр зохицуулжээ. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг хангах зорилго бүхий “Хөрөнгө оруулалтын гэрээ”-нээс гадна “Хувь нийлүүлэгчдийн гэрээ” буюу Монгол Улсын Засгийн газар болон “Айвенхоу майнз” компанийн хоорондох Оюутолгой төсөлд эзэмших хувь болон орлого ашиг хуваарилах гэрээг байгуулжээ. Үүнд сонирхол татахуйц нэг асуудал байгаа нь хувь нийлүүлэгчдийн гэрээг “нууц” хэмээн бүхий л хуудсыг нь тамгалсан байх юм. Юуны учир нууцын ангилалд оруулах болсон шалтгаанаа Сангийн сайд С.Баярцогт “Эхний хуудсан дээр нь л нууц гэж дарсан байгаа. Өөр зүйлгүй” гэхээс өөрөөр тайлбарлаж чадаагүй. УИХ-ын гишүүн Н.Батбаяр нууцалж, бусдын нүднээс далдлан байсан гэрээг АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал дээр гаргаж ирсэн нь асуудлыг хурцатгасан.
Түүний гаргаж ирсэн хувь нийлүүлэгчдийн гэрээнд ноцтой заалт багтсан нь Оюутолгой ХХК-ийн давуу эрхийн хувьцаатай холбоотой заалт юм. Монголын тал Оюутолгой ХХК-ийн зөвхөн энгийн хувьцааны 34 хувийг эзэмших эрхтэй. Тус компани давуу эрхийн хувьцаа гаргасан тохиолдолд Монголын тал түүнийг худалдаж авах эрхгүй аж. “Айвенхоу майнз” компани давуу эрхийн хувьцаа гаргах шийдвэрийг бие даан гаргах эрхтэй төдийгүй энэ асуудалд Монгол Улсын Засгийн газар мөн оролцох эрхгүй гэсэн заалт ч байх аж. Өөрөөр хэлбэл, Оюутолгой ХХК, “Айвенхоу майнз” компанийн шийдвэрээр давуу эрхийн хувьцаа гаргасан тохиолдолд Монголын талын эзэмшлийн хувь хэмжээ үлэмж буурах юм. Уг нь бид юмны эзэн, сумны зангилаа гэдэг утгаараа давуу эрхийн хувьцаа эзэмших ёстой байсан ч гэрээ хийсэн хэдэн сайдынхаа “буянаар” энгийн хувьцаа гээч нь бидэнд ногдохоор болов.
Түүнчлэн Оюутолгой ХХК нь 2010-2011 оны бүх хөрөнгө оруулалтыг давуу эрхийн хувьцаа гаргах замаар санхүүжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Орд газрыг ашиглалтад өгөхөд шаардагдах дөрөв орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг босгох үүднээс тус компани ийнхүү давуу эрхийн хувьцаа гаргавал Монголын 34 хувь 6.8 болтлоо буурах талаар УИХ-ын гишүүн Н.Батбаяр дараах байдлаар тайлбарласан юм.
Тэрбээр “Одоогийн байдлаар Монголын тал 34 хувийг эзэмшиж байна. Компанийн хөрөнгө нэг тэрбум ам.доллар. Давуу эрхийн хувьцаа гаргасны дараа компаний хэмжээ таван тэрбум ам.долларт хүрч, өмнө нь компанийн хөрөнгийн 100 хувийг бүрдүүлж байсан энгийн хувьцааны нийт хөрөнгөд эзлэх хувийн жин 20 хувь болон буурна. Улмаар компанийн энгийн хувьцааны 34 хувийг эзэмшигч Монголын тал давуу эрхийн хувьцаа эзэмших эрхгүй тул Монголын талын Оюутолгой ХХК-ийн эзэмшлийн хувь хэмжээ 6.8 хувь болж буурах юм” хэмээн тайлбарласан юм.
“Айвенхоу Майнз” компани Оюутолгой ХХК-ийн давуу эрхийн хувьцаа гаргах замаар мөнгө босгох ажлыг аль хэдийн эхлүүлсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, дээрх байдал бүрэн утгаараа хэрэгжиж Монголын ард түмний хүртэх ноогдол ашгийн төлбөр багасч эхэлсэн байна. Дээрх мэдээллийн талаар “Айвенхоу майнз” болон “Рио Тенто” компаниас Монголын Засгийн газарт мэдэгдэл ирүүлжээ. Уг мэдэгдэлд Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн ХХК-ийн энгийн хувьцааны 34 хувийг эзэмшиж байгаа бөгөөд цаашид ч нэмэгдүүлэх боломжтой гэсэн байх юм. Гэхдээ дээрх давуу эрхийн хувьцааны талаар нэг ч үг, өгүүлбэр дурьдагдсангүй.
Оюутолгой ордыг ашиглах гэрээ батлагдснаас хойш нэг жил гаруй хугацаа өнгөрлөө. Гэрээг батлагдсанаар Монголын олон залуус эх орондоо өндөр цалинтай ажил хийх эрх нээгдэнэ гэж байсан. Гэтэл энэ нь ердөө л хошгоруулалт байж. Цаг нь ирэхээр монголчууд өнөөх ажилд нь гологдоод,у рд хөршөөс ажилчин импортлохоос өөр гарцгүй болсон талаар өнөө л эрх баригчид тайлбарлаж эхлэв. Эцэстээ хэл ам тасрахгүй болохоор нь “Оюутолгой”-нхон нийгмийн сайн сайхны төлөө нийслэлд мод тарих, зүлэг услах 3000 хүнийг цалинжуулна гэж шоудаад, үүнийгээ орд газарт ажиллаж байгаа монгол ажилчдын тоонд оруулаад, оронд нь 2600 хятад ажилчин оруулж ирэх шийдвэр ч гаргаж байх юм. Бүр сүүлдээ ТМС-д ажиллаж байгаа хүүхдүүдийг Оюутолгойд ажиллаж байгаа хүний тоонд оруулж тооцно гэсэн Засгийн газар тогтоол гарсныг юу ч гэж тайлбарламаар юм бэ дээ. Тодруулбал, Засгийн газрын өнгөрсөн наймдугаар сарын 18-ны 122 дугаар тоот тогтоолоор Оюутолгой ХХК-ийн хөрөнгө оруулалтаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа иргэдийн тоог Оюутолгой төслийн монгол ажилчдын тоонд оруулж тооцохыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрхийн сайд Т.Гандид зөвшөөрсүгэй гээд Ерөнхий сайд С.Батболд, Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг нар гарын үсэг зуржээ. Мөн тодруулгад нь “Оюутолгой хөрөнгө оруулалтаар 3300 оюутныг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сургахаар тогтсон бөгөөд сар бүр 108 мянган төгрөгийн тэтгэлэг олгон, шаардлагатай бол хөдөө орон нутгаас ирэх зардал зэргийг даахаар болсон. Эхний ээлжинд 1000 гаруй залуусыг суралцуулж эхлээд байна” гэжээ.
Л.НИНЖСЭМЖИД
Эх сурвалж: “Нийгмийн толь” сонин
URL: