Тагтаа тэжээгээд ялтан болов
АНУ-ын бизнесмэнийг Боб-Хоуп нисэх буудлын ойролцоо тагтаа тэжээсэн хэргээр баривчлах шийдвэрийг Лос-Анжелосийн шүүх гаргажээ.
Чарльз Дугласыг нийгмийн хэв журмыг сахиагүй гэсэн ял тулгаж байгаа юм байна. Шүүгчийн хэлж байгаагаар түүнийг 6 сар хүртэл хорьж, 1000 ам.долларын торгууль оногдуулж магадгүй байгаа аж.
Дугласыг 2010 оны 9 дүгээр сараас хойш тагтаа тэжээгээд байгааг нисэх буудлынхан ажигласан төдийгүй засаг захиргааны зүгээс түүнд хэд хэдэн удаа анхааруулга өгсөн байна. Гэсэн ч тэр тагтаа тэжээхээ зогсоогоогүй бөгөөд жилийн турш энэ ажлаа үргэлжлүүлсээр байжээ. Хамгийн сүүлд 2011 оны 6 дугаар сарын 31-нд цагдаа нар дээрх шалтгаанаар баривчилж байжээ.
Дугласын тагтаа тэжээснээс болж тус нисэх буудалд гэнэтийн осол гарах аюул тулгараад байгаа гэнэ. Нисэх буудлын ажилчдын хэлж байгаагаар буудлын талбай орчимд хэдэн зуун тагтаа бөөгнөрдөг болжээ. Түүнчлэн нисгэгч нар ч онгоц шувуутай мөргөлдөх шахсан тохиолдол сар бүр гарах болсныг хэлсэн байна.
Б.Нар
URL: