ДАЛД НҮҮДЭЛ ХИЙГЭЭД БОРООНЫ ӨМНӨХ ШОРОО

0be1943ed361d35eoriginalУИХ-ын сонгуулиар намын дарга нь гол акцаа хийж, парламентад олонх болсон тохиолдолд гүйцэттэх засаглалын тэргүүнээ давхар хашдаг жишиг Монголын улс төрд тогтоод удаж байна. Манайд гэлтгүй дэлхийн зарим улсад сонгодог болчихсон гэмээр энэхүү жишгээр АН, МАН-ынхан ээлжлэн засгийн эрхийг барьж ирснийг өнгөрсөн 25 жилд өрнөсөн улс төрийн үйл явц бэлээхэн гэрчилнэ. Ардчиллаар овоглосон олон жижиг намын нэгдэл “Ардчилсан холбоо” эвслийнхэн эрх барьсан 1996-2000 оныг эс тооцвол шүү дээ.

Тэгэхэд эвсэл нэртэй болохоос “Ардчилсан холбоо” гэх малгайн дор нэгдсэн тэд гурван ч Засгийн газраараа туг тахиж эцэстээ Р.Амаржаргалын танхимтай арай ядан сонгуультай золгосон юмдаг. Үүнээс хойших үүх түүхийг хөөж үзвэл Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, М.Энхболд, С.Баяр, Сү.Батболд, Н.Алтанхуяг гээд бүгдээрээ Ерөнхий сайдаас гадна Намын дарга гэсэн давхар эрх мэдэлтэй байж, түүнийхээ хүчээр засаглах бүрэн эрхийг гартаа барьж байв.

Харин сонгуулийн үр дүнгээр олонх биш ч олуулаа болж засгийн эрхийг залуурдах болсон АН-ынхан өнөөх Намын дарга нь Ерөнхий сайд болдог сонгодог жишгээсээ татгалзаад нэгэн намрыг үдэж байна. Татгалзсан гэхээсээ 2008 оноос АН-ын даргаар ажиллаж, сонгуулийн ээлж дараалсан ялалтын автор болж ирсэн Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулснаасүүдэлтэй хэрэг. Нэг үгээр хэлбэл, Шинэчлэлийн Засгийн газар огцорсны дараа Н.Алтанхуяг гэсэн улстөрчид харьяалалтай явсан Ерөнхий сайдын сэнтий Ч.Сайханбилэгт, Намын даргын алба нь УИХ-ын дарга З.Энхболдод шилжсэн билээ. Үүнийгээ тэд олонх болж, дангаар засаглах эрх аваагүй тул намын дарга нь Ерөнхий сайд байх албагүй хэмээн тайлбарлаж байгаа.

Гэвч гүйцэтгэх засаглалын тэргүүн хэнбугай ч байсан Намын даргын эрх мэдэлгүй бол ямар ч ажил санаачилж, эхлүүлсэн хууль тогтоох төвшиндөө гацаж, мухардаж болдгийн зовлонг Ч.Сайханбилэгт УИХ-ын дарга З.Энхболд нэг биш удаа мэдрүүлэв. Хамтарсан засгаас МАН-ынхныг гаргах шийдвэр Ерөнхий сайдынх биш, намынх, чухамдаа бол З.Энхболдынх байв. Ийнхүү өөрийн эрх мэдлээр биш, өрөөлийн хүслээр танхимынхаа зургаан сайдыг сугалуулсны дараа Намын даргын эрх мэдлээ аваад ачаагаа үүрээд явъя гэсэн шаардлагыг Ч.Сайханбилэг З.Энхболд даргадаа хүргүүлсэн ч дараагийн ээлжийнхний нэрсийг оруулж ирэх үүргийг Гүйцэтгэх зөвлөл, Бүлгээс нь Ерөнхий сайдад өгсөн. Харин хамтрагчдыг нь Засгийн газраас гаргана гэсэн яриа саарал ордноор хөвөрч эхэлсэн өдрөөс өнөөдрийг хүртэл АН төдийгүй МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлд сайд болох марафон өрнүүлсэн тус асуудалд Ерөнхий сайд өнгөрсөн баасан гаригт өөрөө цэг тавих шиг боллоо.

Гэхдээ Намын дарга нь гадаадад томилолттой явсан хойгуур зургаан сайдын нэрийг өргөн барьсан Ерөнхий сайдын саналыг АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс дэмжих эсэх нь бүрхэг байх талтай. Учир нь Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаас эхлэн санал зөрчилдөх болсон АН-ын дарга, Ерөнхий сайд нар энэ удаад ч амархан хэл амаа ололцохгүй гэсэн яриа хэдийнэ гарчээ. Саарал ордноор хэсүүчлэх болсон энэ яриатай зэрэгцэн бас нэгэн таамаглал улс төрийн хүрээнийхэн дунд хөвөрч эхэллээ. Тэр нь З.Энхболд хэзээ Ерөнхий сайд болох вэ гэсэн яриа. Бүр ирэх нэгдүгээр сард болно гэх “төлөг” ч байна.

Ч.Сайханбилэгийг хүчгүйдүүлэх гэсэн илэрхий санаархлын цаана одоогийн Засгийг унагаж, өөрөө Ерөнхий сайд болох далд нүүдэл З.Энхболдод байгаа гэсэн таамагт үнэний ор бий. Намын даргын эрх мэдлээ Ч.Сайханбилэгт зүгээр л бэлэглэчихгүй нь тодорхойтой адил ийм саармаг удирдлагатайгаар АН 2016 оны сонгуульд орохгүй нь бас илэрхий билээ. Тэгэхээр хүссэн ч, эс хүссэн ч Намын дарга, Ерөнхий сайдын албан тушаал нэг гарт зангидагдах нь ойлгомжтой. Тэр гар Ч.Сайханбилэгийнх биш, З.Энхболдынх байх нь ч тодорхой байна.

З.Энхболдыг улс төрийн туршлага, зангаргаар нь Ч.Сайханбилэгтэй жишиж боломгүй ч эрх барьж байгаа намаас гадна хууль тогтоох засаглалыг давхар даргалж байгаа нь түүнийг илүү эрх мэдэлтэй болгож буй. Мөн байсхийгээд намын удирдлагууд руугаа хэвлэлээр шүүмж дайж, дотоод ардчилал нэрийн дор хоорондоо талцаж зөрчилддөг дэггүй гишүүдээ сонгуульд нэр дэвших эрхээр нь хэдийнэ хазаарлачихаад байгаа. Товчхондоо намын бодлого шийдвэрээс зөрвөл тойроггуй үлдээх хатуу болзол дор гишүүдээ хайрцагт оруулчихаад буй.

Нөгөө талаас Ч.Сайханбилэгт танхимаа элэг бүтэн болгох төдий сулхан нүүдлээс өөр зэхэж, товлосон юм алга. Ядаж л ингэхгүй бол өрөөсөн хөлөө “тайруулсан” түүний Засгийн газар цаашид оршин тогтнох нь эргэлзээтэй. Тиймдээ ч Үндсэн хуулиар олгогдсон эрх мэдлээ ашиглаад ч болтугай ээлжит чуулганаас өмнө зургаан сайдынхаа нэрийг УИХ-д өргөн барьж, танхимынхаа насыг уртасгах л арга хэмжээ авч байгаа хэрэг. Харин эсрэг талд Үндсэн хууль болон Сонгуулийн нэгдсэн хуульд өөрчлөлт оруулах нь энэ парламентын нэн тэргүүнд тавих асуудал болоод буй. Үүнийг ч З.Энхболд УИХ-ын гэлтгүй АН-ын даргын хувиар мэдэж байгаа хүний нэг. Тиймээс энэ хуулиудын хувь заяаг нэг мөр шийдсэний дараа нууцлаад байгаа нүүдлээ хийхээр зэхэж буй бололтой.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Ардчилсан намын дүрмээр эрх баригч намын дарга нь Ерөнхий сайд болдог. Одоогоор энэ хоёр албан тушаалыг хоёр өөр хүн хашиж байгаа” хэмээх үгийг намын удирдлагадаа үе үехэн дайж. бас сануулах болсон нь З.Энхболдын нүүдлийг гадарлаж байгаагийн илэрхийлэл буюу. Гэхдээ З.Энхболд Намын болон УИХ-ын дарга гэсэн эрх мэдлээрээ дамжуулж Үндсэн хууль, Сонгуулийн нэгдсэн хуульд өөрчлөлт оруулах замаар ирэх сонгуулийнхаа зургийг зурахыг хичээж буй.

Хуулиараа УИХ-ын ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуулийг өөрчлөх боломжтой. Харин УИХ-ын ээлжит сонгууль явуулахаас өмнөх зургаан сарын дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хориотой. Товчхондоо томоохон хоёр хуульдаа өөрчлөлт оруулах зорилт тавь-сан УИХ-д, даамайхан нүүдэл хийхээр зэхэж буй З.Энхболдод хоёр, үсрээд л гуравхан сарын хугацаа үлдсэн нь энэ.

Эс бөгөөс намын дүрмээ дагаж эвслийн бүлэгтэй хамтарсан “нөхөөс”-тэй Засгийн газрыг тэргүүлэх нь ямар ч ашиггүй гэдгийг З.Энхболдын хэмжээний улстөрч эрхбиш гадарласан байж таараа. Харин Үндсэн хууль болон Сонгуулийн нэгдсэн хуульд өөрчлөлт оруулах замаар дараагийн нүүдлээ хийх нь З.Энхболдод ашигтай.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийнхний боловсруулсан төслөөр бол Ерөнхий сайдын эрх мэдэл одоо буйгаасаа илүү өргөсөх нь олон нийтэд ил болж эхлээд байгаа. Бүр парламентаа тараах хэмжээний эрх мэдэлтэй болно гэх ч мэдээлэл бий. Үүгээр бол арванхоёрдугаар сардаа багтааж эдгээр хуульд өөрчлөлт оруулах нь З.Энхболдод мэдээж ашигтай хувилбар. Эндээс З.Энхболдын дараагийн нүүдэл Ч.Сайханбилэгийн Засгийн газраар оролдохоос илүүтэй эвслийн бүлгийг түших замаар томоохон хуулиудад “салхи” оруулах хувилбар байж болох талтай ажээ. Тэгсэн тохиолдолд тэрбээр “хүчгүй” Ерөнхий сайдынхаа хаалгыг хүчтэйхэн татах биз ээ. Ингэхийн тулд ямар нэгэн саад тотгор, хана хэрэм давах шаардлага түүнд үгүй.

Гэхдээ хоёр том хуулийн өөрчлөлтийг энэ парламент үлдэж буй богинохон хугацаанд хийж чадна гэдэг эргэлзээтэй. Чадахгүй байлаа гэхэд З.Энхболдод саад болох юм үгүй. Хийх гэж үзлээ, болсонгүй. Энэ нөхцөл сонгуулийн өмнө Намын дарга, Ерөнхий сайдын албыг нэгэн дор зангидах шаардлагыг илүү тод, хүчтэй болгохоос өөр зүйлгүй.

Энэ бүхнийг нэгтгээд үзвэл Засгийн газрын зургаан сайдыг шинээр томилох асуудал агуулгын хувьд ч ач холбогдлын талаасаа ч тийм их чухал биш, борооны өмнөх шороо төдий үзэгдэл ажээ.

 

 

С.Гандөл /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих