ХУУЛИЙН ЗАСАГЛАЛЫН ХЯМРАЛ, БАРЬЦААЛАГДСАН ЗАСАГ
ӨРШӨӨЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН НОЦТОЙ ХИЙДЛҮҮД :
ХУУЛИЙН ЗАСАГЛАЛЫН ХЯМРАЛ, БАРЬЦААЛАГДСАН ЗАСАГ
Ардчилсан сонголтын сүүлийн жилүүдэд хийсэн “хуулийн засаглал тогтоох”, “шударга ёсны тогтолцоо”-ны зарим шинэчлэлийн үр дүнд “намууд” дамжсан авлигын загалмайтны зарим бүлэглэлийн пирамид тогтолцоо, бохир хөрөнгө, орлогынх нь зөвхөн оройн хэсгээс цухуйж илэрсэн учраас тэд амь тавин тэмцэж байна. Дарангуйлан захирах замаар төр, түмний хөрөнгийг хяналт, хязгааргүй цөлмөснөө цайруулахын тулд төрийн засгийг самарч, барьцаалж, төрийн хуулийг гууль болгож, шударга ёсны тогтолцооны эхлүүлсэн зарим шинэчлэл, эрх зүйн орчныг үгүйсгэж, хүний ба улс орны аюулгүй байдал, хөгжил дэвшилд аюул, саад учруулж байна.
“Үхэхдээ үхэр буу тавина” гэдэг шиг амь тэнсэхээс тэсэхийн тулд “намууд” дамжсан авлигын загалмайтны бүлэглэлийн гэмт явдлуудыг өршөөн цайруулах тухай “Мафи хууль” нууцаар батлав, ард түмнийг басан доромжлов, Үндсэн хуулийн үзэл баримтлал, зарчим, хуулиуд, шударга ёсыг үгүйсгэв. Энэ бол Монголын эмгэнэл, гэмт ажиллагаа болно. Энэ бол эцсийн эцэст Монгол Улс энх амгалан орших уу эсхүл Энх-амгалангийн орны саварт, босгоны үүд сахин зүдэрч зовох уу ? гэдэг ноцтой аюулыг дагуулна.
Ийм “Мафи хууль” санаачилсан, баталсан УИХ, ЗГ-ын гишүүд цаашид Монгол төрд засаг хэрэгжүүлэх эрх зүйн чадамжтай юу ? Тухайн гишүүдийн харьяалагдах УИХ дахь суудал бүхий нам, эвсэл улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй юу ?
Өршөөлийн гэх хуулийн ноцтой хийдлүүдийн тухай
УИХ-ын ээлжит бус чуулганаар 2015.08.11-ний өдөр Өршөөлийн гэх хуулийг (яаран сандран) баталсан боловч уг хууль нь амьд үйлчлэлгүй, ноцтой хийдлүүдтэй, ял шийтгүүлсэн энгийн иргэдээр халхавчлан, “намууд“-ын гэх авлигын мафи шинжтэй бүлэглэлийн тулган шаардалтаар, тэдний дур зорго, эрх ашгийг ичгүүр сонжуургүй, бүдүүлэг, бусармаг аргаар баталгаажуулахад чиглэгджээ.
Учир нь улс төр, авлигачдын бүлэглэл, тэдний бохирыг цэвэрлэгч, хамгаалагч хэн боловч эрх зүйн ямар ч зөрчил гаргаснаас үл хамааран хууль зүйн ямар ч хариуцлага хүлээхгүй, хуулийн үйлчлэлээс гадуур үлдэж, дур зоргоор засаглахыг илтэд санаархсан нь Өршөөл үзүүлэх тухайн хуулийн ноцтой хийдлүүдээс тодорхой болов. Тухайлбал :
1. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь заалт нь хэрэгжих үндэслэлгүй, нэр томъёо ойлгомжгүй, буруу бичигдсэнээс гадна энэ нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслөөс хасагдсан “авлигын эсрэг хууль тогтоомж зөрчсөн зөрчлийг өршөөх” заалтыг Өршөөлийн гэх хуульд дахин нууцаар оруулж баталсан нь хууль бус үйл ажиллагаанд тооцогдоно.
Түүнчлэн зөрчил гаргасан, шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ гэхлээр яана гэсэн үг юм бэ ?, энэ заалтыг яаж хэрэгжүүлэх юм бэ ?
Хэрэв захиргааны зөрчлийг өршөөх гэж байгаа юм бол энгийн иргэдэд холбогдох зарим төрлийн захиргааны зөрчлийг буюу зарим зөрчилд оногдуулсан зарим шийтгэлийг, эсхүл зарим төрлийн захиргааны зөрчлийн Захиргааны хариуцлагад татах, захиргааны шийтгэлгүйд тооцох хугацааг өршөөх эсэхийг л маш тодорхой, зөв бичих ёстой атал огт бичигдсэнгүй.
Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт уг хууль “гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна” гэж заасан, харин захиргааны зөрчил үйлдсэн хүнийг хамааруулаагүй. Гэтэл хууль хэрэглэх журам хэсэгт буюу уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “гэмт хэрэг үйлдсэн хүн гэдэгт захиргааны зөрчил үйлдсэн хүнийг хамааруулна” гэж тус тус заасан нь зөрчилдөөнтэй.
Уг нь хуулийн үндсэн бичвэр ба уг хуулийг хэрэглэх журам ялгаатай ойлголт. Хууль хэрэглэх журам нь тухайн хуулийн үндсэн бичвэрт (хууль хэрэглэх журмаас өмнөх бүлэгт) заасан заалтуудыг хэрэгжүүлэх арга, аргачлалд л хамаарна, харин үндсэн бичвэрт заагдаагүй байхад хууль хэрэглэх журмын хэсэгт “тодотгол заалт” оруулж, ингэхдээ гэмт хэрэгтэн, зөрчил гаргагч хоёрыг “нэг ойлголт” гэж буруу бичсэн зэрэг нь Өршөөлийн хуулийн төслийг “ямар их яарч, сандарч, нууцлан”, “хэний төлөө, юуны тулд” баталсаны илрэл бололтой.
Ер нь төрийн социалист ба ардчилсан тогтолцооны аль ч үед Парламентаас Өршөөл үзүүлэх хууль батлахдаа захиргааны зөрчлийг, захиргааны хариуцлагыг өршөөн хэтрүүлэх эрх хэмжээ эдэлж байсан практик байна уу ?
2. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд өмнөх Өршөөлийн хуулиудаар төрийн бодлогын залгамж болж тогтсон болон цаг үеийн шаардлагын дагуу шинээр нэмбэл зохих Эрүүгийн хуулийн 19, 28 дугаар болон бусад зарим бүлэгт заасан зарим төрлийн гэмт хэргүүд, түүнчлэн урьд санаатай гэмт хэрэг үйлдэж, хорих ял эдэлж байсан этгээд ялтай байдалтай байхдаа хүнд, онц хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж, дахин хорих ял шийтгүүлсэн, урьд гарсан Өршөөлийн хуулиудаар өршөөгдсөнөөс хойшхи хугацаанд гэмт хэрэг санаатай үйлдсэн, МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар уучлагдан хорих ялаас чөлөөлөгдсөний дараа өмнө үйлдсэн гэмт хэрэг нь илэрч, ял шийтгүүлсэн эсхүл уучлагдан хорих ялаас чөлөөлөгдсөний дараа гэмт хэрэг санаатай үйлдсэн зэрэг зохицуулалтыг зориуд орхигдуулсан нь Улс, нийгмийн эрх ашигт аюултай, харин улс төрийн авлигачдын бүлэглэл, тэдний бохирыг цэвэрлэгч, хамгаалагч нарт ашигтай зохицуулалт болов.
Өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдал нь хүний ба улс орны аюулгүй байдал, үнэт зүйлсийг хамгаалахад чиглэгддэг болохоос улс төрийн эрх мэдэлд донтогч хэн нэг буюу хэсэг бүлэг авлигачдын бүлэглэлийн хууль бус эрх ашигт зориулагдах ёсгүй.
3. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийг бүхэлд нь оруулсан нь, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д оруулбал зохих зарим төрлийн гэмт хэргийг (Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйл, 181 дүгээр зүйлийн 181.3 болон бусад) оруулаагүй, оруулахгүй байвал зохих зарим гэмт хэргийг (Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2) оруулсан нь энгийн иргэдийн эрх зүйн байдлыг дордуулсан.
4. Өршөөлийн хууль хэрэглэх журмыг өөрчлөх
Гэмт хэрэг үйлдсэн этгээд бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиодолд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, прокурорын шатанд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, хэрэв хохирлыг нөхөн төлөөгүй, хохирлын асуудлаар маргаантай байвал тухайн хэргийг шүүхэд шилжүүлэн, шүүх хуралдаанаар нэг мөр шийдвэр гаргуулж, уг шийдвэрийн дагуу хохирлыг албадан гүйцэтгүүлэх боломжийг хохирогч нарт олгох зайлшгүй шаардлагатай.
Энэ бол гэмтнийг ялаас нь өршөөхтэй зэрэгцүүлэн хохирогчийн эрхийг давхар нэг мөр хангах зөв арга зам юм. Ингэж журамласнаар хохирсон иргэн анхны хохирол дээрээ дахин мөнгө, цаг хугацаа, эрүүл мэнд, сэтгэл санаагаараа давхар хохирох, улмаар шүүхэд давхар ачаалал, зардал, чирэгдэл учруулдаг асуудлыг таслан зогсоох боломж бүрдэнэ.
Өршөөлийн хууль хэрэглэх журмыг ингэж өөрчлөх нь өмнөх Өршөөлийн хуулиудыг хэрэгжүүлэх явцад үүссэн бодит шаардлага юм.
5. Өршөөл үзүүлэх тухай хуулиар нарийвчлан зохицуулбал зохих бусад асуудлыг нухацтай хэлэлцэх ёстой.
Тухайлбал, байгаль орчин, байгалийн баялаг, экологид ноцтой хохирол учруулсан гэмт хэргүүд, мөн Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлээс бусад зүйлүүдэд заасан бусдын амь нас хохирсон зарим гэмт хэргүүдийг (энэ тохиолдолд амь хохирогчийн ард үлдэж буй хүмүүс ямар их гомдол, эрүүл мэнд, сэтгэл санааны хохиролтой үлддэгийг харгалзах) бүхэлд нь өршөөх үү, эсхүл тухайн төрлийн гэмт хэрэгт оногдуулсан ялыг нь тодорхой хувиар хасч тооцох уу гэдгийг авч үзэх шаардлагатай.
Ийм олон ноцтой хийдэлтэй хуулийг амьд хууль, эрх зүйт хууль, шударга хууль, улс нийгмийн эрх ашигт нийцсэн хууль гэх үү ? Ийм ноцтой хийдэлтэй хуулийг баталсан УИХ, УИХ дахь зарим нам, эвсэл, тэдний гишүүдийг юу гэж, хэн гэж ойлгох вэ ? Улс, ард түмний төлөөлөл, ардчилал, шударга ёсны төлөө, улс нийгмийн аюулгүй байдал, хөгжил дэвшлийн төлөө ажилладаг, төрийн зүтгэлтнүүд гэх үү ?
Тийм ноцтой хийдэлтэй хууль баталснаар юу ойлгогдов ?
УИХ-ын болон шударга, үнэт зүйлсийг эрхэмлэдэг гэх нам, эвслийн зарим гишүүд хэний хэн болохоо, өөрсдийн оюуны багтаамж, дүр төрх, тараа таниулав.
Тэд харыг цагаан гэж, бурууг зөв гэж, шударга бусыг шударга гэж, худлыг үнэн гэж, аюултайг аюулгүй гэж “амь тавьж буй шувууны далавч мэт” амьгүй албат, алиа салбадай, утсан хүүхэлдэйн дүрд хувилан Өршөөлийн гэх хууль бус хуулийн төлөө амь тавин тэмцэж, худал ба тэнэг үгсийг дур зоргоор тургилж, олон нийтийн тархийг угаах гэж түмэн янзаар мунхаглан, орилсоор явна. Эцэст нь тэд бохир эд, мөнгө, албан тушаалаар шагнуулж байна.
Намууд үзэл санааны хувьд зүүн ба барууны гэж хуваагдсанаар ялгарах төдий боловч олз идэш олох, олсон олз идэшээ хуваах, нуух зорилго нь нэг буюу адил болох нь тодорхой болов.
Намууд нь төрийн эрх барихын тулд сайн сайхан зүйлээр олон түмнийг илбэдэх боловч төрийн эрх барьмагцаа мафи мэт зохион байгуулалттайгаар дангаар буюу бүлэглэн төрийн өмчийг дур зоргоор завших, төрийн албыг гэр бүлийн гишүүн, төрөл садан, хүргэн, бэр, бүлэглэлийн гишүүн буюу өөрсдийн бохирыг цэвэрлэгч, хамгаалагчдаар дүүргэх, хууль бус бүхий л гэмт явдлаа хуйвалдааны аргаар хууль ёсны болгохын төлөөх тэмцэл гэдгийг ил тодоор харуулав.
Авлигачдын бүлгийнхэн дуртай цагтаа нам, нам дотроо фракц, намуудын болон фракц хоорондын эвсэл байгуулан нам нийлж, сэм хуйвалддаг, эрх ашигт нь харшилсан нам, эвслийг задлах, хагалан бутаргах, албан тушаалын наймаа, бохир мөнгөөр урхидах, хуурах зэрэг элдэв аргаар төрийг самарч, засгийг барьцаалж, хууль бус, хийдэлтэй хууль батлуулах зэргээр дураар авирлах нь энгийн үзэгдэл болов.
Тийм ч учраас “төр самарч байна, ардчилангуйлал тогтлоо, авлига, хээл хахууль аюул учрууллаа, шударга бус ёс тогтлоо, төрийн засаг манантлаа, манарлаа, махантлаа, эдгээрийн эсрэг явна, устгана, шударга ёсны хувьсгал хийнэ” гэж ярьж, бичиж, хөтөлбөр дэвшүүлж байсан албан тушаалтан, намууд өнөөдөр өөрсдөө яг тэр “шүүмжлэлт, жигшдэг асуудлын”-хаа гол дүрд ээлжлэн тоглосоор л байна.
Ардчилал, чөлөөт зах зээлийг сонгосон 25 жилд Улс орны хөгжилд ахицтай дэвшил гараагүй, ард иргэдийн амьдрал ядуу буурай хэвээр байгаагийн гол шалтгаан нь авлига, хахуульд автагдсан буюу клептокраци засаг ноёрхсоор ирсэнтэй холбоотой болох нь илэрхий болов. Авлигын бүлэглэлийнхний гэмт хэрэг илэрдэггүй, илрүүлдэггүй, нууцын нууц байдаг шалтгаан нь энд байж.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж…АН өм цөм иддэг, манай нам бага сага иддэг тухай ярилцлага өгсөн (news.mn) байх ба аль нам нь их, бага олз идэш идсээр ирснийг ардчиллын замыг сонгосон 25 жилд аль нам, эвслийн ямар бүлэглэл хэдэн жилийн хугацаагаар төрийн эрх барьсан, энэ хугацаанд аль нам, эвслийн хэн хэн тэрбумтан, авлигын загалмайтнууд болсон, улс төрийн авлигачдын бүлэглэлийг илрүүлэхийн төлөө хэрхэн тэмцсэн, хэдэн хэрэг зөрчил илрүүлж байсан эсэх зэрэг олон үзүүлэлтээр тооцоолох шаардлага үүсэх биз.
УИХ бол улс төрийн нам буюу авлигач бүлэглэлүүд хууль бус аргаар хөрөнгөжихийн төлөөх тэмцлээ хэрэгжүүлэх талбар гэх ойлголтыг олон түмэнд түгээв.
Зарим иргэд Улсын Их Хурал гэдэг бол Улсын их хулгайчид, Улсын их хахуульчид, Улсын их хуйвалдагчид, Улсын их худалчид, Улсын их хуурагчид, Улсын их хорлогчдын бөөгнөрөл, хувийн болон бүлгийнхээ дур зорго, эрх ашгийг хийдэлтэй хууль тогтоомж батлах аргаар хангах, хуулийн хариуцлагаас зугтаах, мултрах, орогнох газар гэж ойлгож, нэрлэж байна. Ингэж ойлгоход хүргэсэн хачирхалтай олон үйл явдлуудыг тэд мэднэ. Гэхдээ УИХ-ын бүх гишүүд тийм биш боловч “нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино“ гэх утгаар УИХ-ыг ийм муухай харагдуулж, ойлгуулж байна.
Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гэх боловч ноцтой хийдэлтэй “Мафи хууль” баталсан УИХ-ыг төрийн эрх барих дээд байгууллага гэх үү, Хуулийн засаглал, шударга ёсыг тогтоож байна гэж ойлгох юм уу ?
Уг нь УИХ ба ЗГ бол Монгол Улсын уураг тархи, цохилох зүрх болж ажиллах ёстой төрийн эрх мэдлүүд бишсэн билүү ?
Улс орны эдийн засаг, хөгжлийн байдал шальдир, бульдир, дампуурлын ирмэгт, олон улсын байдал ороо бусгаа, “намууд” гэх мафийн шинжтэй авлигач бүлэглэлийн дарангуйлал тогтож, төрийн бодлогыг тодорхойлох болсон ийм нөхцөл байдалд Монгол Улс, Монгол төр хэр удаан энх амгалан оршин тогтнох, амьдрах вэ ? Эсхүл Энх-амгалангийн орны саварт, босгоны үүд сахин зүдэрч зовох уу ?
Одоо тэгээд яах ёстой юм бэ ?
- Юуны өмнө Өршөөлийн гэх хуульд тавьсан МУ-ын Ерөнхийлөгчийн хоригийг УИХ дахь эрүүл, саруул бодлоготой гишүүд, намын бүлгүүд нэн даруй хүлээн авч, дахин өөрчлөн найруулж батлах,
- Хүний ба Улс орны аюулгүй байдалд ноцтой аюул учруулдаг авлига, хээл хахууль, төрийн өмчийг ашиглан шамшигдуулах гэмт хэргийг өршөөх тухай хууль санаачилсан, баталсан УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах, ЗГ-ын гишүүнийг огцруулах, дахин сонгогдох эрхийг хязгаарлах, УИХ-д суудал бүхий улс төрийн нам, эвслийг татан буулгах, УИХ-д суудал бүхий улс төрийн нам, эвслийн дарга нь гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд байхыг хориглох, энэ талаарх хууль, эрх зүйн орчныг нэн даруй бүрдүүлэх ,
Улс төрийн авлига нь улс орны дотоод дайсан учраас дэлхийн аль ч улс орнууд тухайн төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй хатуу тэмцдэг, өршөөдөггүй, харин эсрэгээр зарим улс орон цаазлах ял оногдуулж байхад бид өршөөх хууль баталж байна гэдэг бол эмгэнэл, гутамшиг, сүйрэл.
- Эрүүгийн хуулийг шинэчлэн батлахад авлига, хээл хахууль, төрийн өмчийг ашиглан шамшигдуулах зэрэг гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг хатуу тогтоох,
- Шударга ёсны тогтолцооны шинэчлэл, хууль зүйн орчныг боловсронгуй болгох, эрчимжүүлэх,
- Сонгуулийн холимог тогтолцооны гажиг, согогтой байдалд дүгнэлт хийн, өөрчлөх.
Улс төрийн гэх намын нэрээр авлигачдын бүлэглэл, тэдний бохирыг цэвэрлэх, хамгаалах даалгавар бүхий нийтэд үл хүлээн зөвшөөрөгдөх, үл бүтэх этгээд төрд шургалж, төрийг самарч, шударга бус ёсыг гааруулж буй байдлыг таслан зогсоох,
- Үндсэн хуулийн өөрчлөлтийг даруй хийх, ингэхдээ төрийн эрх мэдлүүд хоорондын хяналт, тэнцлийг зөв хангах, УИХ-ын гишүүдийн тоог нэмэхгүй байх, УИХ-ын гишүүн Ерөнхий сайдаас бусад сайдын албыг давхар хашихыг хориглох, сайдад тухайн мэргэжлийн бөгөөд урт хугацаанд ажилласан хүнийг томилох, УИХ-ын чуулганы хуралдааныг нийт гишүүдийн 3/4 хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 2/3-оос дээш саналаар асуудлыг шийдвэрлэдэг байх.
Асуудлыг ядаж УИХ-ын нийт гишүүдийн олонхоор шийдвэрлэх ёстой, тэгэхгүй юм бол УИХ-ын 76 гишүүн байх шаардлагагүй, УИХ-ын 20 гишүүн төрийн хууль батлах боломжтой болсон нь улс төрийн хууль бус, бусармаг үйлдлүүд газар авах хөрс суурийг бий болгож байгаагаас гадна амьд үйлчлэлгүй, хийдэлтэй хуулиуд гарах боломжийг нээж байна.
- Хууль батлахад онол, практикийн олон талын судалгаатай хандах, шүүх эрх мэдлийн болон холбогдох мэргэжлийн байгууллагуудын санал, дүгнэлтийг заавал авах, олон нийтийн үзэл бодол, байр суурийг сонсох, тусгах,
- Төрийн албанд орох, албан тушаал дэвших, сонгогдох, томилогдох болзол шалгуурыг нарийвчлах, улс төр болон хувийн бусад сэдэлт, зорилгоор буюу баг бүрдүүлэхийн тулд үй олноор нь ажлаас нь халдаг хууль бус дур зоргыг таслан зогсоох.
Аль нэг намын хэн нэгэн сайд болмогцоо хууль юм шиг өөр намынх, бүлгийнх биш гэх атгаг санаагаар төрийн албан хаагчдыг халсаар байдаг нь авлигын сүлжээ үүсгэх, сүлжээгээ хамгаалах, өргөжүүлэх арга болдог аж.
Дээр дурьдсан болон бусад олон цогц шинэчлэлүүдийг цаг алдалгүй шуурхай хийхгүй бол эрх зүйт төр, амьд буюу эрх зүйт хууль ноёрхох боломж алдагдаж, тэдгээрээс учрах аюул нь ноцтой хэлбэрээр илрэх болно.
Монгол Улсын бүрэн эрхт гишүүд УИХ ба ЗГ-ын гишүүд хэн нь хэний хэн бэ, УИХ дахь нам, эвслийн аль нь хууль дээдэлдэг, шударга ажилладаг, авлига, хээл хахуультай тууштай тэмцдэг эсэхийг шүүх цаг удахгүй ирнэ.
Сэтгүүлч Ж.ЭНХ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ИЙм хууль баталсан Намууд, гишүүд бүгд дараа дахин сонгогдохгүй дэв Тэд амиа хорлох мэт ажиллагаа хийчихсэн бн