Удам дамжсан хөөрөгтэй жүжигчин

a-h_700x700

“Хобби” булан­гийнхаа энэ удаагийн дугаарт “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагайг урилаа. Тэрээр өв дамжсан хөөрөг болон эртний үнэт зүйлс цуглуулж, үзэсгэлэнт байгалиар аялах хоббитой юм байна.

Хэнтий аймгийн унаган хөвгүүн Г.Алтаншагай есдүгээр ангиасаа жүжигчин болохоор шийдэж, драмын дугуйланд бүртгүүлжээ. Улмаар УДЭТ-т зургаан жил ажиллаж, “Миний нууц хүү” жүжгийн Хатнаагийн дүрээр 2011 оны “Гэгээн муза” наадмаас “Шилдэг залуу уран бүтээлч”-ийн шагналыг хүртсэн авьяаслаг нэгэн.

Гэвч найз Г.Эрхэмбаяр, Д.Баттөмөр нарынхаа хамтаар “Мөрөөдлийн театр”-ыг байгуулж, хошин урлагт хөл тавиад багагүй хугацааг үдлээ. Харин жүжигчин залуу чөлөөт цагаараа үзэсгэлэнт байгалиар аялж, хуучны эд зүйлс цуглуулах дуртай аж. Түүний цуглуулгад хулсан ташуур, суран ташуур, эмээл хазаар чөдөр, зодог шуудаг зэрэг монгол эр хүний бахархал болсон эд зүйлс байдаг аж. Үүнээс тэрээр ааваасаа өвлөгдөж ирсэн хөөргийг нандигнан хадгалдаг юм байна.

Аавынх нь аав, өвөг дээдсийнх нь үеэс уламжилж ирсэн тус хөөргийг тэрээр баяр ёслолын үеэр гаргаж, ахмад буурлуудтайгаа хөөргөлдөг бөгөөд бусад үед далд хадгалдаг гэв. Халтар манан хөөрөг эртний халх дархчуудын ур, ухаанаар бүтсэн чамин хийцтэй аж. Хөөрөгний их биед товгор хээнүүд урласан бөгөөд хэмжээний хувьд эр хүний алганд багтахуйц том юм байна.

Үүнээс гадна жүжигчин залуу эмээл хазаар ихээхэн сонирхдог тул чамин, чанартай эдлэлд гар татдаггүй гэсэн. Тиймээс хөдөө амралт зугаалга, аялан тоглолтоор явахдаа жинхэнэ дархчуудынх нь гар дээрээс авахыг илүүд үздэг гэнэ. Тэрээр одоо 10 гаруй эмээлтэй болжээ.

Ч.Гантулга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих