Монгол Улсын өр 1.8 тэрбум ам.доллар давлаа
Манай улсын гадаад өр 21 тэрбум 673 сая ам.доллар байна. Энэ нь өмнөх нь мөн үетэй харьцуулахад 1.8 тэрбум ам.доллараар өссөн үзүүлэлт гэж Монголбанкнаас гаргасна статистикаас харагдлаа. Ганцхан жилийн хугацаанд Төв банкны гадаад өр хамгийн ихээр буюу 811 сая ам.доллараар нэмэгдэж, 1.8 тэрбум ам.долларыг давжээ.Төв банкны богино хугацаат гадаад өр тэлэх болсон шалтгааныг Хятадын Ардын банктай байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн үр дүнтэй холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа аж.
Энэ оны нэгдүгээр улирал гэхэд Монгол Улсын гадаад өр 777 сая ам.доллараар өссөн байна. Хөгжлийн банк 500 сая ам.долларын бонд, Засгийн газар нэр тэрбум юанийн бонд гаргасан нь дээрх өсөлтөд нөлөөлжээ. Үүнээс гадна төсвийн орлого 580 тэрбум төгрөгөөр тасарчихаад байгаа нь байдлыг улам л хүндрүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл Монголын Эдийн засагт “улаан гэрэл” асаад удаж байгаа учраас нэн яаралтай төсвийн тодотголыг хийх шаардлага тулгарсан гэдгийг ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт сэтгүүлчидтэй уулзах үеэр мэдэгдсэн. Намрын чуулган эхэлмэгц төсвийн тодотголыг хийнэ хэмээн тэрээр мэдэгдэж байгаа. Гэвч жил бүрийн намар төсөвт тодотгол хийх нэрээр өмнөх алдаагаа баллуурдаад байж болохгүй гэдгийг эдийн засагчид хэлж байна.
Мөн зарим бодлогын яамдууд эзэнгүй байгаа нь яаралтай арга хэмжээ авахад хүндрэл учруулж байна гэдгийг УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс мэдээлсэн байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ирэх оны төсвийн тухай “Өнгөрсөн 7 хоногт төсвийн төлөвлөлтийн байдлыг тодруулж Сангийн яаманд ажиллалаа. Энэ үеэр яамд эзгүйрсэн байгаа нь харагдсан. Ирэх жилийн төсөв гэхэд их тааруу төсөв болох дүр зураг харагдаж байна. Ирэх жил бид нийт төсвийнхөө 50 хувийг зээл төлөхөд зарцуулна. Энэ нь 3 их наяд төгрөгийн өр барагдуулна гэсэн үг. Төсвийнхөө талаар өр төлдөг болсон ийм улс орон болжээ гэдгийг Сангийн яаманд ажиллах хугацаандаа харлаа” гэв.
Амар
URL: