Урвал

12g3df

Урвал гэж хувилахуйн ухааны чанараар бодисуудын харилцан нөлөөлөхийг хэлдэг химийн шинжлэх ухааны нэр томъёо юм. Товчоор хэлбэл, нэг бодис өөр нэгэн бодис болж хувирахыг урвал гэнэ хэмээн химичдийн дэвтэрт тэмдэглэжээ.

Урвал зөвхөн шинж­лэх ухааны процесс биш болохыг Монголын улс төр сүүлийн үед харин  ч нэг харуулж өгч байна.

 

Хориг дагасан хориглолт

2015 оны наймдугаар сарын 11. УИХ-ын үдээс хойшх чуулганаар Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэж баталлаа. Засгийн газраас долдугаар сарын 3-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийг ийн сар гаруйн дараа баталж буй юм. Өршөөлийн хууль баталсны маргааш Хууль зүйн байнгын хорооны даргаар ахлуулсан уг хуулийг хэрэгжүүлэх комиссыг байгууллаа. Гэсэн ч ганцхан удаа хуралдаад олигтой асуудал шийдэлгүй сураг алдрав. Өнөөдөр ч гэсэн энэ комисс хуралдаж ямар асуудал шийдэв гэдэг бүрхэг хэвээр байгаа юм.

Учир нь хууль баталснаас гурав хоногийн дараа болсон Прокурорын байгууллагын 85 жилийн ойн баярын хурал дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өршөөлийн хуульд хориг тавина гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.

Уг нь энэхүү Өршөөлийн хуулийг баталсан эрхэм гишүүд арай өөр өнцгөөс тайлбарлаж байв. УИХ-ын гишүүн Л.Болд “…Монголын ард түмэн өөрсдийн сонгосон байнгын парламенттай болсны ойн баярыг тохиолдуулан энэ хуулийг гаргаж байгаа юм. УИХ-ын бүх бүлэг, нам, эвсэл, гишүүд санал нэгдэн энэ хуулийг баталсан. Тэгэхээр энэ хуулийг хэн нэгэнд зориулсан гэх хардлага үндэслэлгүй юм. Энэ удаагийн Өршөөлийн хууль Монголын ардчиллын үнэт зүйлсийг бататгаж, Монголын ардчилал юугаараа онцлогтой вэ гэдгийг олон улсад харуулна. Өөрөөр хэлбэл Монголын төр аль ч улс орноос илүү энэрэнгүй байж чаддаг гэдгийг харуулсан хууль гарч байгаа юм.

УИХ-аас санал нэгтэй гаргасан зургаа дахь удаагийн Өршөөлийн хууль бол Монголын өнөөгийн 25 жилийн ардчиллын тодорхой бэлэг тэмдэг болно. Өмнөх гарсан Өршөөлийн хуулиудын статистик байгаа. Нийт өршөөгдсөн хүмүүсийн 94 хувь нь ямар нэгэн байдлаар дахиж гэмт хэрэг хийдэггүй, холбогддоггүй. Монголын төрийн энэрэнгүй бодлого ямагт эзнээ олж, зөв шийдвэр байсан нь дээрх статистикаас харагдана. Цаашид бид хуулийнхаа шинэтгэлэлийг тууштай хэрэгжүүлж, нийгмийн сөрөг үзэгдлийг тууштай давах үйл ажиллагаагаа улам эрчимжүүлэх зөв сайхан эхлэл гэж бодож байна” гэж байв. Мөн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “…Эмэгтэй гишүүний хувьд энэ албан тушаалын хэрэг дээр Ерөнхийлөгчөөс арай өөр байр суурьтай байгаа. Учир нь, албан тушаалын хэрэг гээд яг ял аваад явдаг хүмүүсийн ихэнх нь эмэгтэйчүүд байдаг. Тэр тусмаа нягтлан бодогч нар байх нь бий. Одоо албан тушаалын хэргээр хоригдож байгаа хүмүүс дунд 17 эмэгтэй бий. Тэд бүгд нягтлан бодогч нар. Мөн ямар нэг хохиролгүй, анхнаасаа шүүхийн шийдвэр нь ч ямар ч хохирол төл гэж гараагүй. Хэрэв хохиролтой байсан бол өөрсдөө ч аль хэдийнэ төлөх байсан есөн хүн байна. Мөн хохирлоо бүрэн төлсөн гурав, дөрвөн хүн байдаг. Ер нь ийм байдалтай жагсаалт гардаг юм билээ. Ерөнхийлөгчид АТГ ч юм уу, Ерөнхийлөгчийн зөвлөхүүд нь арай сүржигнэсэн мэдээлэл өгсөн юм болов уу гэж бодож байгаа. Бодит байдал дээр комисст нь орж ажиллаад, хоригдож байгаа хүмүүсийн жагсаалтыг аваад үзэхэд жирийн ардууд нэлээд их байна гэж би хэлэх гээд байгаа юм. Тэгэхээр хэтэрхий улс төрийн сүржин байдалд үүнийг битгий их дэвэргээсэй. Ховор олддог энэ өршөөлд олон эмэгтэйг хамруулах үүднээс хувьдаа Өршөөлийн хуулийг хэрэгжүүлчих юм сан гэж бодож байна” гэсэн. Түүнчлэн УИХ-ын гишүүн О.Баасанхүү “…Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хориг тавихаа мэдэгдсэн. Мэдээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавих хориг бол түүний эрх. Гэхдээ тэр хоригоо өөрөө улстөржүүлсэн. Ингэхдээ зөвхөн нэг хүн рүү дайраад байгаа. Төрийн тэргүүн иргэн рүүгээ дайрч болдоггүй. Тухайн иргэн өмнө нь ямар ажил хийж байсан, одоо ямар байгаа нь хамаагүй. Мөрдөн байцаалтад хөндлөнгөөс нөлөөлөх эрх хэнд ч байхгүй. УИХ-ын гишүүн тэр тусмаа Ерөнхийлөгчид ч байхгүй. Нөгөө талаас прокурорын байгууллагуудыг турхирч болохгүй шүү дээ. Ерөнхийлөгч өөрөө хийсэн үйлдлээрээ намайг хориг хүлээж авах боломжгүй болгож байна. Уг нь Ерөнхийлөгч прокурорын байгууллагын хурал дээр ярихдаа авлигын индекс олон улсад ямар байна гэх маягаар үзэл бодлоо илэрхийлэх нь нээлттэй байсан. Хориг тавих эрх нь чөлөөтэй. Хамгийн гол нь өнөөдөр Төрийн тэргүүний хувийн ашиг сонирхлоор тэр дундаа хуулийн байгууллагуудыг турхирсан үйлдлийг өөгшүүлэх үү. Эсвэл үүнийг нь зогсоох уу гэсэн хоёр хувилбар дээр зогсч байна” гэсэн тайлбарыг хийж байлаа. Гэвч тэд ийн хэлж байснаа хэдэн зуу дахин мушгиулсан мэдээлэл, мэдэгдэлд даруулав. Өөрөөр хэлбэл, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, М.Батчимэг, ИЗНН-ууд Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж эхэлсэн юм. Мөн наймдугаар сарын 21-нд Монголын Ардчилсан Социалист хөдөлгөөн, Шинэ дэвшилт холбоо, Монголын Ардчилсан Холбоо, Монголын Оюутны холбооны төлөөлөл Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг улс төрийн намуудаас шаардаж, мэдэгдэл хүргүүлсэн. Энэ мэтээр хоригийг “өмөөрсөн” хориглолт тун хүчтэй явагдсан юм. Тэгвэл өчигдөр УИХ-ын ээлжит бус чуулган эхэлсэнтэй холбогдуулан хуралдсан зарим намын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаа мэдэгдлээ.

 

Сайдад нэр дэвшигчдийг ингэж тодруулжээ

Ерөнхийлөгчийн хориг тойрсон яриа хөөрөөнөөс илүүтэй олны анхаарлыг татаад байгаа асуудал бол МАН-ын онгойлгож үлдээсэн зургаан сайдын суудал. Тэнд хэн, хэн очих нь вэ гэдэг сүүлийн нэг сарын турш хэн бүхний анхаарлыг татаж байлаа.

Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 4-ний өдөр зургаан сайдынхаа нэрийг өргөн барилаа. Ингэснээр хуулийн хугацаанд сайд нарынхаа нэрийг УИХ-д өгч амжиж байгаа юм. Гэвч Ерөнхийлөгч сайд нарыг дэмжихгүй гэв. Шалтгаан нь шинэ сайд нар “давхар дээл”-тэй байна гэсэн юм.

Өчигдөр хуралдсан АН-ын бүлэг Ерөнхий сайдын саналыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн.

МАН-ын бүлэг “…Бид өмнө нь Засгийн газраас нэр дэвшин оруулж ирсэн сайд нарыг дэмжинэ гэж байсан. Засгийн газрын ажлыг гацаахгүй гэсэн үүднээс дэмжээд явахаа илэрхийлсэн. Гэтэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой зөвшилцөхөд “давхар дээл”-тэй сайд нарыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байна. Үүний дагуу АН, “Шударга ёс” эвслийн бүлэг дотроо ярих ёстой байх” гэлээ. Энэ нь байдлыг харж байж болно гэсэнтэй агаар нэг мэдэгдэл юм.

Чухамдаа сайдад нэр дэвшигчдийг зүгээр нэг тэнгэр харж байгаад, эсвэл “сугалаа”-ны аргаар тодруулчихаагүй ажээ.

Мэдээж хэрэг, эрх баригч АН-д бүх эрх мэдэл нь бий. Тэд ч үүнийгээ ашиглаж буй. УИХ дахь АН-ын бүлгийн хурал дээр хамгийн түрүүнд тохирсон асуудал бол зургаан сайдыг УИХ дотроос томилъё гэдэг зарчим байв. Хамтарч байгаагийн хувьд “Шударга ёс” эвсэл ч үүнийг дагажээ. Энэ нь Засгийн газрыг тогтвортой байлгахад чухал нөлөөтэй гэж үзсэнээ АН-ынхан мэдэгдэж байсан. Үүнээс гадна өмнөх Засгийн газарт, тодруулбал Шинэчлэлийн Засгийн газарт сайдаар ажиллаж байсан эрхмүүдийг Шийдлийн Засгийн газарт ажиллуулахгүй гэж шийдсэн байна. Энэ бүх шалгуураар дээрх зургаан садын нэр тодорсныг эх сурвалж хэлж байна. АН-ын хувьд Хөдөлмөрийн яамыг УИХ-ын гишүүн Г.Баярсайханд өгсөн. Энэ яам бол АН, МАН-ын дунд туйлын “халуун цэг” болоод байгаа. Олон зуун хүнийг нь хоморголон халсан гэж АН гоморхдог байсан бол С.Чинзоригийг ажлаа өгсний маргааш сайдын үүргийг хавсран гүйцэтгэгч С.Эрдэнэ удирдах албан тушаалын 20-иод хүнийг халсан гэсэн шуугиан тариад авсан. Мөн Зам тээврийн яамыг М.Зоригт гишүүнээр удирдуулах саналыг Ерөнхий сайд оруулсан. Уг нь Л.Эрдэнэчимэг гишүүний нэр явж байсан ч яагаад ч юм М.Зоригт болоод хувирчихаж. Гэхдээ энэ хоёр эрхэм хоёул МоАХ фракцийнх. Энэ яамыг уламжлалаараа МоАХ авчээ гэсэн үг. Сангийн яамыг УИХ-ын гишүүн Б.Болорт хариуцуулахаар болжээ. Мөн л фракц хоорондоо тохирч хийсэн яриа гэх юм билээ. Энэ яамын сайдаар нэлээд хүчтэй яригдаж байсан Н.Батбаяр өмнөх Засгийн газарт Эдийн засгийн хөгжлийн сайд байсан гэх “шалгуур”-аар нэр хасагдсан байна.

“Шударга ёс” эвслийн тухайд Шадар сайд, Барилга, хот байгуулалтын яам, БОНХАЖ-ын яаманд хүнээ тавина. Шадар сайд, Ба рилга, хот байгуулалтын яам хоёр нь МАХН-д, БОНХАЖЯ нь МҮАН-д хуваарилагдсан байна. Эвсэлд мөн л АН-ын шалгуурын зарчим үйлчилсэн тул МҮАН-аас Н.Батцэрэг, МАХН-аас Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ гэсэн нэрүүд гарч ирсэн байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Шадар сайдаар Ц.Оюунбаатарыг томилуулбал сайн байна гэсэн саналаа ч илэрхийлсэн байна. З.Баянсэлэнгэ гишүүний хувьд өмнөх Засгийн газар ажиллаж байгаагүй, мөн УИХ гишүүн байна гэсэн шаардлагуудыг хангасан ажээ. МҮАН-ын тухайд БОНХАЖ-ын сайдаар Н.Батцэрэг, Г.Уянга нарыг нэр дэвшүүлэн ярилцаад Н.Батцэрэгийг дэмжсэн байна.

 

Улаан, цэнхэрийн урвал гэв үү?

Сүүлийн өдрүүдийн улс төрийн халуун сэдвүүдийг тайлбарлахад ийм байна. Гэхдээ нэг зүйлийг хэлэхгүй өнгөрч боломгүй. Ц.Элбэгдоржийг 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН нэр дэвшүүлж байв. 2013 онд ч адил. Бүх шатаараа түүний төлөө сонгуульдаж байж хоёр дахь удаа нь улираан сонгуулж байв. Хэдийгээр сонголтыг ард түмэн хийсэн ч ганцаараа зүтгэсэн бол өнөөдрийн өндөрлөгт хүрэх байсан эсэх нь тун эргэлзээтэй асуудал. Гэсэн ч тэр үйл явдлыг өнөөдөр хэн хэн нь таг мартсан бололтой. Хөндлөнгөөс ажвал АН хийгээд Ерөнхийлөгчийн хооронд томоос том ан цав үүсч, өдгөө ангалын дайтай хагарал болоод байна гэх. Өршөөлийн хуулийг АН-ын Ерөнхий сайдын тэргүүлсэн Засгийн газар өргөн барьж батлуулсан. Гэтэл Ерөнхийлөгч хориг тавьж улмаар намын бүлгүүд хүлээн авахаар болж байна. Мөн орон гарсан сайд нарын оронд УИХ-ын гишүүдээс томилохоор АН-ын бүлэг шийдвэр гаргасан. Гэсэн ч Ерөнхийлөгч энэ сайд нарыг дэмжихгүй гэв. Ийм маягаар АН, Ерөнхийлөгч хоёрын дунд бодлогын тэмцэл явж байна. Харин МАН шал өөрөөр ажиллах болов. Тэд Ерөнхийлөгчийн бодлого бүрийг дэмжиж байгаа. “Ерөнхийлөгч ингэсэн байна. Бид байдлыг харъя”, эсвэл “Манай намын бүлэг Ерөнхийлөгчийг дэмжиж байна” гэсэн мэдэгдлийг хийдэг болов. Хар яриагаар бол “манай, танай хоёр”-ын иймэрхүү явдлыг сүжирлээ гэдэг байх. Харин бичвэрийн эхэнд дурдсан урвал гэдэг яахын аргагүй энэ буюу. Уг нь АН цэв цэнхэр, МАН час улаан бодлоготой. Бие биедээ тохирох хосууд ерөөс биш. Гэвч тэд болгоод л байна. Химийн шинжлэх ухаанаар бол цэнхэр нь улаан, улаан нь цэнхэр болоод урвалдчихсан бололтой.

Б.Дамдин

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих