Хүүхдийн гэрчилгээ авах хугацаа давчуу байгаад иргэд бухимдалтай байна


Хүүхдийн төрсний гэрчилгээг хуульд заасны дагуу 15 хоногийн дотор авах ёстой. Заасан хугацаанд амжиж авахгүй бол хүүхдийн 20 мянган төгрөгийг авахад нэлээд асуудал дагуулдаг гэнэ. Тиймээс эцэг, эхчүүд дөнгөж төрсөн буюу тав, зургаан хоногтой өлгийтэй үрээ тэврээд харьяа дүүргийнхээ Иргэний бүртгэлийн газрыг зорьдог. Залуу хосуудын хувьд ихэвчлэн гэр бүлийн баталгаа хийлгээгүй байдаг нь15 хоногт багтаж хүүхдээ эцгээр нь овоглоход хүндрэлтэй төдийгүй чирэгдэл учруулдаг байна. Эл байдлыг сурвалжлахаар Баянзүрх дүүргийн Иргэний бүртгэлийн газрыг зорьсон юм. 11.00 цагийн үед хөл хөдөлгөөн ихтэй, өлгийтэй хүүхдээ тэвэрсэн хэд хэдэн хүнтэй таарав. “Хүүхдийнхээ төрсний гэрчилгээг авах гэтэл гэрлэлтийн баталгаагүй бол эцгээр нь овоглодоггүй гэнэ. Өргөдөл бичиж, нотаратиар батлуулсан байх зайлшгүй шаардлагатай гэж байна. Нялх хүүхэд дагуулаад олон удаа явах хүндрэлтэй юм. Өнөөдөр төрсний гэрчилгээ авах сүүлийн өдөр. 15 хоногтоо амжиж авахгүй бол хүүхдийн мөнгө олгохгүй гэсэн. Цаг алдахгүйн тулд өөрийнхөө нэр дээр овоглочихлоо” хэмээн 25 орчим насны бүсгүй ярив. Агааржуулалт байхгүй нэлээд бүгчим учир нярай хүүхдүүд энд тэндгүй уйлж, ээж нь сандран мээмээ өгөх нь энгийн үзэгдэл мэт. Хүлээлгийн гэх нэртэй хэдэн сандал эгнүүлээд тавьсан ч бүгд л эзэнтэй харагдана. Хүүхэд нь уйлж, аргадах гэж ядаж байгаа эхэд сандал тавиад өгөх ухамсартай хүн ховор байгааг нуух юун. “Цагийг нь тулгаж ирлээ, бүрдүүлэх бичиг баримт нь дутуу байна. Гэрлэлтийн баталгаагүй юм уу. Бүгдээрээ л баталгаагүй ирж чирэгдэл учруулах юм. Гэр бүлээ батлуулчихаад хүүхэдтэй болооч” гэж тус хэлтсийн ажилтан хэлж байлаа. Энэ үеэр хүүхдийнхээ төрсний гэрчилгээг авах гэж яваа зарим эцэг, эхийн сэтгэгдлийг сонслоо.

Б.Энхбаатар: Нялх хүүхэд, эхнэрээ дагуулаад ирэх үнэхээр хүндрэлтэй байна

-Хүүхдийнхээ төрсний гэрчил-гээг хот суурин газрын иргэд15 хоногийн хугацаанд багтаж авах ёстой хуулийн заалт байдаг гэсэн. Манай хүүхэд л гэхэд төрөөд тав хонож байна. 15 хоногийн хугацаа арай давчуу санагдлаа. Бид хоёрын хувьд гэрлэлтээ батлуулаагүй. Тиймээс хоёулаа ирж, өргөдөл өгөх хэрэгтэй гэсэн. Эхнэр минь хүндрэлтэй амаржсан, бие нь төдийлөн тэнхрээгүй. Энэ үед нялх хүүхдээ тэвэрч, эхнэрээ дагуулаад ирэх үнэндээ хэцүү байлаа. Иргэний бүртгэлийн ажилтан ч хүнд сурталтай юм. Анх удаа бүртгүүлж байгаа хүмүүс ямар бичиг баримт бүрдүүлэхээ мэддэггүй. Гэтэл хүүхэд загнаж байгаа аятай элдвээр хэлээд байх юм. Төрийн албаны ажилтан хуулийн хүрээнд иргэдэд үйлчилгээ үзүүлэх ёстой

М.Оюунбат: 20 мянган төгрөгийг авахын тулд бүртгүүлэхээс өөр ямар ч аргагүй

Төрсний гэрчилгээ төвөггүйхэн авна гэж бодсон худлаа юм байна 15 хоногийн дотор авах ёстой гэсэн. Хугацаа заах нь нэг талаараа зөв л дөө. Гэхдээ төрөөд удаагүй хэдхэн хоногтой хүүхдээ тэврээд ирэх хүндрэлтэй байна. Дийлэнх залуучуудын хувьд гэрлэлтийн баталгаа хийлгээгүй байдаг. Тиймээс өөрсдийн биеэр ирэх шаардлагатай юм билээ. Эцэг, эх гэдгээ баталсан өргөдөл бичсэн. 15 хоногийн хугацаа заадаг нь хүүхдийн мөнгөтэй холбоотой гэж байсан. Эдийн засаг хямралтай байхад эцэг, эхчүүд хүүхдийнхээ 20 мянган төгрөгийг цаг алдахгүй авахын тулд бүртгүүлэхээс өөр ямар ч аргагүй байдаг.

Д.Оюунтүлхүүр: Хүүхдээ иргэний бүртгэлд хамруулах нь эцэг, эхчүүдийн үүрэг

Он гарсаар хэчнээн хүн хүүхдийнхээ төрсний гэрчилгээг авсан. Заавал хугацаа заах шаардлага байдаг эсэхийг тус дүүргийн Иргэний бүртгэлийн улсын ахлах бүртгэгч Д.Оюунтүлхүүрээс тодрууллаа.

-2015 он гарсаар хэчнээн хүн хүүхдийнхээ төрсний гэрчилгээг авав. Өдөрт хэчнээн хүн хүүхдийнхээ төрсний гэрчилгээг авдаг вэ?

- Он гарсаар эхний найман сарын байдлаар5600 хүүхдэд гэрчилгээ олгосон. Өдөрт 30-60 хүүхдийн гэрчилгээг өгсөн тоон мэдээлэл байна.

-15 хоногт багтан бүртгүүлж, хүүхдийнхээ төрсний гэрчилгээг авах ёстой гэсэн.Заасан хоног нь дэндүү давчуу гэж шүүмжлэх иргэд олон байна?

-Хот суурин газарт15, харин орон нутагт 30 хоногт багтаан иргэний бүртгэлд бүртгүүлэх ёстой. Заасан хугацаанд бүртгүүлснээр халамжийн 20 мянган төгрөгөө цаг тухайд нь авна. Хүүхдээ бүртгүүлэх нь эцэг, эхчүүдийн үүрэг. Улсад хүүхдээ бүртгүүлснээр статистикийн тоо үнэн зөв гарах ач холбогдолтой байдаг.

-Залуу хосуудын олонх нь гэрлэлтээ батлуулаагүй хүүхэдтэй болдог. Хүүхдийг эцгээр нь овоглоход хүндрэл учирдаг гэх хүн олон байна. Ямар материал бүрдүүлэх шаардлагатай вэ?

-Гэрлэлт батлуулна гэдэг нь эхнэр нөхөр хоёрын хуулиар зохицуулагдсан эрх, үүрэг байдаг. Хэрвээ гэрлэлтээ батлуулаагүй бол өргөдөл бичиж, нотариатаар батлуулах ёстой. Тухайн хүүхдийн ээж нь өвчтэй болон хүндэтгэх шалтгаантай бол нотариатаар батлуулсан өргөдөл авч, эцгээр нь овоглож бүртгэл хийдэг. Иргэдийн олонх нь хугацааг тулгаж ирнэ. Уг нь 14 хоногтоо багтаж бүртгүүлэх ёстой. Гэтэл хоног дууслаа гээд хүрээд ирдэг гэв.

Манай сурвалжлах багийнхан 14.00 цагийн үед Сүхбаатар дүүргийн Иргэний бүртгэлийн газарт очлоо. Нялх хүүхдийн уйлах чимээ л хадах аж. Хүүхдээ тэвэрсэн эцэг, эхчүүд дугаарлаад зогссон. Энд тэндгүй л нярай хүүхдүүд уйлалдаж, эцэг, эхчүүд “Бүртгэлээ хурдан хийгээч ээ. Цайны цаг дууссан байхад ямар удаж ирдэг юм. Нялх хүүхэд тэвэрсэн олон хүн байхад шуурхай үйлчилж болдоггүй юм уу” гэж бухимдаж байлаа. Нялх хүүхдээ дагуулаад төрийн үйлчилгээ авах үнэхээр хүндрэлтэй. Ганцаараа ажлаа амжуулах гэж хэдэн өдөр, хэдэн цаг явж арай гэж бүтдэгийг уншигч та мэдэж байгаа. Тиймээс иргэд ингэж бухимдах нь нэг талаараа зөв гэлтэй. “Төрөөд долоо хоносон. Хөдөө явахаасаа өмнө хүүхдийнхээ төрсний гэрчилгээг авах гээд дугаарлаад зогсч байна. Нөхөр маань хөдөө зургаан сарын томилолттой явсан. Гэр бүлээ хараахан батлуулж амжаагүй байна. Гэтэл хорооноос 15 хоногийн дотор хүүхдийнхээ төрсний гэрчилгээг ав гээд. Өөрийнхөө нэрээр хүүхдээ овоглохоос өөр аргагүй болчихлоо. Бүртгүүлэх хоног заахаар хүндрэлтэй байна. Янз бүрийн шалтгаантай олон хүн байгаа. Үүнийг бодолцож үзэх хэрэгтэй. Мөн иргэдэд үйлчилж байгаа ажилтнууд их удаан байна” гэж Б.Саран хэлж байв. Ингээд Сүхбаатар дүүргийн Иргэний бүртгэлийн улсын ахлах бүртгэгч Б.Бат-Эрдэнээс цөөн асуултад хариулт авлаа.

- Танай дүүрэг он гарсаар хэчнээн хүүхдэд төрсний гэрчилгээ олгосон бэ?

-2604 хүүхдэд төрсний гэрчилгээ олгосон байгаа. 1268 хүүхдийн эцэг, эх нь гэрлэлтээ батлуулаагүй байсан.

-Хүүхдээ тэвэрсэн эхчүүд олон байна. Заавал хүүхэдтэйгээ ирэх шаардлага бий юу?

-Заавал хүүхдээ авч ирэх шаардлагагүй. Бүртгэл хийлгэж яваа иргэдийн дийлэнх нь хүүхэдтэйгээ ирдэг. Гэрлэлтээ батлуулаагүй учраас хоёулаа ирдэг. Хүүхдийг нь харах хүнгүй. Мөн өөр шалтгаанаас болоод дагуулаад ирдэг. Түүнээс биш хуульд хүүхдээ заавал авч ир гэсэн заалт байхгүй.

-Хүүхдийнхээ төрсний гэрчилгээг авахын тулд эцэг, эхчүүд ямар материал бүрдүүлэх ёстой вэ?

-Хүүхдийн төрсний гэрчилгээг авахад доорх бичиг баримтыг бүрдүүлнэ. Эцэг, эхийн иргэний үнэмлэх, хүүхдийн нэр, хүүхдийн төрсөн тухай эмнэлгийн магадлагаа хэрэгтэй болно. Мөн эцэг, эхийн гэрлэлтийн баталгаа шаардлагатай. Хэрэв гэрлэлтээ батлуулаагүй тохиолдолд хүүхдээ эцгээр нь овоглож бүртгүүлэхээр бол эцэг, эхийн хамтран гаргасан өргөдөл хэрэгтэй.

-Хүүхдийнхээ төрсний гэрчилгээг авахаар олон хүн дугаарлачихаж. Нэг хүүхдийн бүртгэлийг хийхэд 20-30 минут болж байна. Иргэд ч удаан үйлчлэх юм гэж бухимдаж байсан?

-Долоо хоногийн даваа, лхагва гаригт ачаалал эрс нэмэгддэг. Өдөрт 40 гаруй бүртгэл хийж байна. Бидний ажил 8.30 минутад эхэлдэг. 10 цаг хүртэл ямар ч хүн ирдэггүй. 11 гээд л иргэд дугаар үүсгээд зогсчихно. Тэгээд цайны цагийн дараа бөөн хүн ирдэг. Иргэний бүртгэлийг хоёр программаар хийж байгаа. Тэгэхээр жаахан уддаг тал бий. Иргэд удлаа гэж уцаарладаг.

-Гэрчилгээний мөнгө гэж хэдэн төгрөг тушаах вэ?

-2500 төгрөг.

С.Ичинхорлоо

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

 


URL:

Сэтгэгдэл бичих