Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Жак Роггед манай тамирчид Д.Загдсүрэн даргыгаа матав

Монголчууд Бээжингийн олимпод одтой байсан. Одоо 2012 оны Лондонгийн олимп тэднийг хүлээж байна. Од шүүрэх тамирчид хэн хэн байх бол гэсэн тааварт бид сэтгэлээ чилээх боллоо. Энэ үеэр 2040 оны олимпыг Монголд хийх эрхийг авах сонирхолоо Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гаргав. Тэрээр “2004 оны олимп 11 сая хүн амтай Грект болсон. Цөөн хүн амтай энэ улс олимпыг маш сайн зохион байгуулсан. Олимпыг зохион байгуулахад наад зах нь 15 мянган тамирчны байр, хоолыг бэлтгэж, үйлчилнэ. 25 мянган  хэвлэл мэдээллийн байгууллага бас үйлчилнэ. Тэгээд дээр нь 500 мянгаас 1 сая үзэгч ирдэг гэхээр ямархуу хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулагдах нь ойлгогдох болов уу” гэсэн юм. Түүний энэ санаачлага монголчуудаа шинэ дэвшил өөд хөтөлж буй хэрэг мөнөөс мөн. Ийм зориг эрмэлзлэлтэйгээр урагшлах учиртай.

Үүнийг дэмжих гол хүмүүс нь Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Жак Рогге болон түүний багийнхан юм. Жак Рогге манайд оронд зочилж Монголын тамирчдад Лондонгийн олимпын урилгыг гардуулан өглөө. Тэрээр их өндөр сэтгэгдэлтэй буцаж байна. Монголд анх удаагаа ийнхүү айчилсан Жак Рогге “Би танайхыг аугаа их түүх соёлтой эртний орон гэдгийг мэднэ. Танайд спорт том байр суурь эзэлдэгийг ч мэдэрсэн” гэлээ. Түүний энэ үг  Монголын тамирчид, нийт иргэдэд маань  ихээхэн итгэл найдвар төрүүлсэн нь гарцаагүй.

Гэвч сайн юманд садаа мундахгүй гэгчээр хэл ам мундсангүй.  Хэзээний л монголчууд хоорондоо эв түнжин хагарч бие биенээ муугаар хэлж явдаг сонин “заншил”-аараа аашлав. Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгчид урьд нь “заргын бичиг” илгээсэн мөн энэ үеэр ил болжээ. Жак Роггегийн ирэхээс өмнө амжаад манай зарим тамирчид түүнд захидал илгээсэн байв. Тэд захидалдаа “Монголын Үндэсний Олимпын Хороо нь ардчилалгүй, хариуцлагагүй, авлигад идэгдсэн, эмх замбараагүй байдал ноёлсон газар болсон” гэсэн утгатай байсан гэнэ. Үндэсний олимпын хорооны ганц хоёр гишүүд ч үүнийг нь дэмжсэн бололтой. Тэдний тодроос бас “Олон улсын олимпын хорооноос өгсөн мөнгийг зүй бусаар зарцуулдаг. Ялангуяа цэнгэлдэх хүрээлэн барих ёстой мөнгө хөрөнгийг өөр зүйлд зориулсан” хэмээх матаас явуулжээ. Үндэсний олимпын хорооны удирдлагын ёс бус үйл ажиллагааг шүүмжлэгчид Жак Роггегийн ирэхэээс хэд хоногийн өмнө энэ талаараа Монголын Үндэсний олимпын хорооны дарга Д.Зандсүрэнд танилцуулжээ. Тэгээд Жак Роггегийн Монголд ирэх үеэр нь энэ бүхнийхээ талаар түүнтэй нүүр тулан хөндөж ярилцахаа илэрхийлсэн байлаа. Харин Д.Зандсүрэн дарга нь  тэдний энэхүү шаардлага, хүсэлтийг хүлээж авахаас түр түдгэлзэж “Юутай ч Жак Роггегийн айлчлалыг өнгөрүүлье. Дараа нь бид дотооддоо та бүхний тавьж буй асуудлаар ярилцах боломжтой” гэж гал унтаарсан байна. Д.Зандсүрэн ч яахав угийн зөөлөн, аядуу  зан чанартай, бас аливаа хурц асуудлын эвийг олчихдог  тул  тэдний шаардлагыг энэ удаа ийнхүү хүлээн авсан болоод өнгөрүүлжээ. Тэгээгүй бол цаадуул нь Жак даргынхаа дэргэд ёстой шараа болгох байсан бололтой. Гэхдээ л Монголын Үндэсний олимпын хорооны хэмжээнд яригдаж байгаа элдэв Но-той  явдлуудыг Жак Рогге тэрхүү захидлаас нь тодорхой ойлгосон байжээ. Өндөр түвшиний айлчлалынхаа цаг завыг харин тэр  иймэрхүү зүйлд үрэхгүйгээр явсан нь түүний хувьд дипломат ёс горимоо баримталсных болов уу. Энд зориод онцолмоор нэг зүйл бол манай Үндэсний олимпын хорооны эрхмүүд Жак Роггед зарим тамирчдаас хэдэн жилийн өмнө илгээж байсан захидлын хариуг хэнд ч харуулалгүй хав дарчихдаг байсан юм байна. Олон улсын олимпын хороо манайхны захидал бүрийн хариуг цаг тухайд нь явуулж байжээ. Энэ мэт олон зүйлээс болоод Үндэсний олимпын хорооныхон үл ойлголцол, хардалт сэрдэлтээр дүүрээд байгаа ажээ.

Сэтгүүлч Б.Отгонбаяр


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих