Н.Оюундарь: Гадаад харилцааны тулгын гурван чулуу эдийн засаг, улс төр, соёл байдаг
Гадаад хэргийн дэд сайд асан Н.Оюундарьтай ярилцлаа.
-Та улс төрийн шийдвэрээр Гадаад хэргийн дэд сайд болсон. Сая бас улс төрийн шийдвэрээр чөлөөллөө. Гадаад хэргийн дараагийн дэд сайдаа ямар хүн байгаасай гэж та хүсч байгаа вэ?
-Гадаад харилцаа бол Монгол Улсын алтан аргамж болсон салбар. Ялангуяа үндэсний аюулгүй байдалтай салшгүй холбоотой байдгаараа онцлог юм. Ийм учраас энэ салбар аливаа нам, бизнес нөлөөлөл, эрх ашгийн зөрчилдөөнөөс хол байх ёстой. Дотоодын улс төр, өөрчлөлтөөс ангид байх салбар бол гадаад харилцаа мөн. Бид гадаад харилцаагаа нэг цонхоор явуулна гэсэн бодлоготой улс шүү дээ. Тэгж байж Монгол Улсын нэр хүнд, нүүр царай дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөнө. Миний ажиллаж байсан Гадаад хэргийн яам үнэхээр чадварлаг ажилтан, залуу боловсон хүчин олонтай. Дараагийн дэд сайд тэдний мэргэжлийн зөвлөгөөг ажилдаа тусгадаг, ажил хэрэгч, сэтгэлтэй, мэдрэмжтэй хүн байгаасай гэж хүсч байна. Ер нь гадаад хэргийн дэд сайд улс төр, эдийн засаг, соёл урлагийн чиглэлээр олон төрлийн хэлэлцээ хийдэг. Энэ нөхцөлд түнш орны хэлээр ярихаас гадна цаад улсын соёлын онцлогийг мэдэрч ажиллах шаардлагатай байдаг. Ингэж ажиллахад яамны хамт олны хүч дэмжлэг ажлаа явуулахад асар их дөхөм болдог.
-Дэд сайдаар жил орчим ажиллалаа. Зарим нэгэнд нь урт заримд нь богино санагдах байх Хамгийн гол нь хийж бүтээсэннь гол байх. Таны хувьд юун дээр алдахгүйг хичээж, юу бүтээхийг зүтгэж ажилласан бэ?
-Салбарынхаа хамт олны төлөө юу хийх гэж хичээснээсээ эхэлж ярья. Бид нэг толгойтой, нэг чиглэлтэй, нэг зорилготой байх ёстой. Пүрэвсүрэн сайд АН-аас, би МАН-аас Гадаад хэргийн яаманд томилогдсон ч хамгийн улстөрждөггүй салбар бол манайх байлаа. Эмэгтэй хүн аядуу зөөлөн онцлогтой учраас аль болох ая эвийг нь олж ажиллахыг хичээж ажилласан. Гадаад харилцааны салбарт хүчин зүтгэж, чин сэтгэлээсээ ажиллаж байгаа сайн боловсон хүчин олон. Гэсэн хэдий ч энэ салбарынханд олгодог хамгийн дээд цол нь Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд. Тэр болгон олддоггүй энэ цолыг дагалддаг санхүүгийн урамшуулал гэж байдаггүй. Тийм болохоор ядаж л тэтгэвэр дээр нь хэд гурван төгрөг нэмэгдэх юм гээд энэ цолыг урамшуулалтай болгохоор судалж үзсэн. Намайг ажиллаж байх хугацаанд улсын эдийн засаг хүнд байсан учраас гавьтай үр дүн гаргаж чадаагүй. Цаашдаа төр, засаг маань гадаад харилцааны салбарын цолыг урамшуулалтай болгоход харж үзэх биз ээ. Үнэхээр улсынхаа гадаад харилцааг сайжруулахын төлөө явдаг хүмүүс шүү, тэд. Миний зүгээс ч энэ ажлыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсээр байх болно.
-Улс орны хэмжээнд онцлох ажил гэвэл юуг нэрлэх вэ?
-Манай улс хоёр хөрштэйгөө улс төрийн зөвлөлдөх уулзалтыг удаа дараа хийлээ. Яагаад гэвэл манай улс төрийн ч, эдийн засгийн ч харилцааны гол цөм нь хоёр хөрш. Одоо бид нэг юм ойлгох хэрэгтэй. Монгол Улс хнчнээн баялагтай ч хоёр хөрш маань дандаа бидний хүссэнээр бидэнтэй харилцахгүй. Бид ч тусгаар улс учраас хоёр хөршийнхөө хүлээсэнд явж болохгүй. Ямар ч тохиолдолд Монгол улс төр, эдийн засгийн хувьд тогтвортой хөгжихөд зэргэлдээ орших энэ хоёр том зах зээл чухал үүрэг гүйцэтгэдэг нь маргаангүй. Тиймээс харилцан ашигтай хамтын ажиллагаа, бие биеийнхээ дутууг нөхсөн дотно харилцаа их чухал. Бидний хийсэн удаа дараагийн зөвлөлдөх уулзалт ийм харилцааг урагшлуулах, идэвхжүүлэх, харилцан итгэлцэхэд тус дөхөмтэй болсон. Би дөнгөж ажил аваад маргааш нь БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайдтай ГХЯ-д хоорондын стратегийн зөвлөлдөх уулзалт хийсэн. Түүнээс гадна Монгол Улсын санаачилга болж буй Монгол Улс, ОХУ, Хятадын хамтарсан гурван талт хэлэлцээг явуулсан. Энэхүү гурван талт механизмын дээд түвшний хэлэлцээ төрийн тэргүүнүүдийн хэмжээнд явдаг. Хамгийн сүүлд гэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-ын Уфа хотод очиж гурван талт дээд түвшний уулзалт хийлээ. Дараагийнх буюу улс төрийн тодорхой шийдвэр гаргадаг хэлэлцээний түвшин нь Гадаад хэргийн дэд сайд нарын зөвлөлдөх уулзалт болон ажил хэрэгч яриа хэлэлцээ явуулдаг шинжээчдийн түвшний уулзалт байдаг. Эдгээр уулзалтыг энэ есдүгээр сард хоёр ч удаа хийх хэрэгтэй байгаа. Энэ Монгол Улсын хувьд хамгийн ашигтай тусах уулзалт. Яагаад гэвэл нэгдүгээрт, Монгол Улс далайд гарцгүй орны хувьд хоёр хөрш оронтойгоо эдийн засгийн коридор буюу эдийн засгийн чөлөөт системийг бий болгож байж гадаад худалдаагаа нэмэгдүүлэх бодлоготой байгаа. Мөн манай төмөр замаар дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх, чингэхдээ ганц төмөр зам гэлтгүй харилцаа холбооны дэд бүтэцэд суурилсан төслүүд хэрэгжүүлэх шаардлагатай Манай улсын Талын зам, Хятадын Торгоны замын эдийн замын бүс зэрэг санаачилгыг уялдуулж байж бид харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжтой. Дээр нь АНУ тай байгуулсан чөлөөт худалдаа, хөрөнгө оруулалтын хэлэлцээр 2008 оноос гацаанд орчихсон байсан. Энэ гацааг арилгах зорилгоор өнгөрсөн тавдугаар сард хоёр талын Гадаад хэргийн дэд сайд нар хоёр ч удаа уулзсан. Олон талт хамтын ажиллагааны хувьд манай улс томоохон ажил зохион байгуулсан Жишээлбэл, интернэт эрх чөлөөний эвслийг манай улс энэ онд даргалж байх хүрээндээ Улаанбаатар хотод олон улсын хурал зохион байгуулсан Мөн НҮБ-ын Хүний эрхийн комиссын даргын сонгуульд өрсөлдөж байна Дүн нь ирэх аравдугаар сард гарна. Миний хувьд Монгол Улсыг дэмжсэн саналын тоог нэмэгдүүлэх сонгогдох талаас нь нэлээд идэвхтэй ажилласан. Мөн далайд гарцгүй орнуудын судалгааны төв буюу тинк танк Улаанбаатарт нээгдсэн бөгөөд үйл ажиллагааг нь гардан чиглүүлж ажилласан. Түүнчлэн НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/-д бид Бурхан Халдун уулаа бүртгүүлж, Шүрэнгийн цахилгаан станц барих асуудалд дэмжлэг авч чадсан. Энэ бол Монгол Улсын түүхэнд томоохон ач холбогдолтой үйл явдал. Мөн хил орчмын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр яамныхаа багтай ажилласан. Энэ мэтээр олон зүйлийг дурдаж болно. Гэхдээ нэг зүйлийг онцлоход гадаад харилцааны салбарын ажлын үр дүн тэр дороо гардаггүй, урт удаан хугацаанд үргэлжилж байж хүрдэг. Нэг уулзалтаар шийддэггүй гэсэн үг. Тийм ч учраас гадаад харилцаанд төрийн ч, бодлогын ч, боловсон хүчний ч залгамж чанар хамгийн чухал байдаг.
-Манай улсын нэр хүндийг гадаа дад өргөж байдаг хүчин зүйл юу вэ?
-Бидний өвөг дээдэс тухайлбал Чингис хааны үед анхны дипломат харилцаа үүсэж, гадаадын элч төлөөлөгчдөд нэн хүндэтгэлтэй харилцаж дидломат харилцааг хөгжүүлсэн нь дэлхийд хамгийн анхных бөгөөд энэ түүх бидний нэр хүндийг дэлхий дахинд өсгөдөг олон хүчин зүйлийн нэг болдог. Харин орчин үед хэдий шинэ залуу ардчилсан улс боловч өөрийн гэсэн онцлог нь гадаад нэр хүндийн толь болж байдаг. Коммунист засаглалаас нэг ч буун дуугүй хувьсгал хийж, ардчиллын хөгжлийн төлөө хүнд бэрх ч зөв сонголт хийж алдаж бас онож явааг дэлхийн ардчилсан орнууд ихээр үнэлдэг. Хэдий бүх эрх мэдэл нь байсан ч нэг хүн рүү буу чиглүүлээгүй тухайн үеийн МАХН- ын удирдлагуудын ардчилалын төлөө хийсэн хүлээцтэй шийдвэрийг ч дэлхий дахин гайхан бахддаг. Ардчилсан хувьсгал бол аль нэг улс төрийн хүчин, хэсэг бүлэг хүний өмчлөх зүйл биш бүх монголчуудын үйл хэрэг юм гэдгийг гадаад ертөнц ойлгож хүлээж авдгийг онцлох хэрэгтэй. Гэхдээ нэг зүйл бодох ёстой. Бид ардчилал гэдгийг зөв ойлгож чадаж байна уу, үгүй юү. Эрх чөлөөгөө хэтэрхий мэдрээд анархи, эсвэл нэг намын тулган шаардалтаар амьдарч байна уу гэдгээ бодох хэрэгтэй. Ардчилсан гэдэг нэрийг л зүүж байвал ардчилсан болчихдог хэрэг биш ардчиллын үнэт зүйлсийг өөртөө хэр шингээсэн, ардчилалын тулгуур зарчмуудыг хэрхэн хэрэгжүүлдгээр тодорхойлдог. Бирмийн ардчиллын төлөө тэмцэгч Аун Сан Су Чжи “Дүр исгэсэн ардчилал дарангуйллаас илүү хортой. Нийгмийн гажуудлыг засахгүй байх шалтаг болдог” хэмээн Монголд ирэхдээ хэлсэн байдаг. Хэрэв бид ардчилал нэрээр далий гишгэсээр байвал олон улсын өмнө нэр хүндээ л алдана. Ардчилсан залуу улс орнууд тогтвортой байх нь олон улсын хэмжээнд чухал дохио өгдөг. Манай улс ардчилсан нийгэмд нэгэнт шилжээд 25 жилийн нүүр үзэж байгаа тул цаашид улс төрийн хувьд тогтвортой байж, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад анхаарч, ард иргэдийнхээ амьдралыг баталгаатай болгоход чиглэсэн бодлого явуулах ёстой гэж би боддог. Нөгөө талаар, Монгол Улс гадаад бодлогодоо төвийг сахиж, энхийг баримталсан байр суурь илэрхийлдэг. Украин, Сири, Зүүн Тиморийн асуудалд төвийг сахиж, Ардчилсан Солонгосыг Америк, Өмнөд Солонгостой холбох гүүр нь болж ажилладаг. Энэ бүгд Монгол Улсын нэрийг их, бага хэмжээгээр өргөхөд нөлөөлдөг нь эргэлзээгүй.
-Улсын эдийн засаг хэцүүдлээ. Ингэж хэцүүдэхэд ч, хүндрэлээс гарахад ч гадаад харилцаа, гадаадын хөрөнгө оруулалт маш чухал. Хүнд байдлаас гарахын тулд яах ёстой гэж боддог вэ?
-Тийм ээ. Бид эдийн засгийн реформ зайлшгүй хийхгүй бол улс орны байдал хэцүү байна. МАН 2012 онд засгийн эрхээ шилжүүлж өгөхөд эдийн засгийн өсөлт 17 гаруй хувьтай байлаа. Гэтэл 2015 онд эдийн засгийн өсөлт 5.7 хувь болж буурсан байна. Долларын ханш 2012 онд 1300 гаруй төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 2000 төгрөгт хүрчихлээ. Энэ байдлаараа 2000 төгрөгөөс ч цааш өсч магадгүй юм. Улсад орж ирж байгаа валютын нөөц бага учраас арга ч үгүй юм даа. Тэр үүднээс үзэхэд дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй болжээ. Бид дөрвөн Засгийн газар дамжсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг Япон улстай байгуулсан. Энэ мэтийн дэмжлэгийг авахгүй бол инфляц бууруулна гэж амлаад эсвэл, зах зээлд цаасан мөнгө хэвлэж тараагаад, гаднаас бонд босгож ирээд ч эдийн засгийн байдал сайжрахгүй нь тодорхой болчихлоо. Тиймээс дандаа үйлдвэрлэл, баялаг бүтээгчдээ дэмжсэн санхүүгийн бодлого хэрэгтэй. Үүний зэрэгцээ дүрэм, зарчим нь тогтвортой, тодорхой, хоёр талдаа харилцан ашигтай гадаадын хөрөнгө оруулалт их чухал. Аливаа юм хоёр талтай байдаг даа. Бид гадаадын хөрөнгө оруулалтаас болгоомжлох нь зөв ч, гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр хөгжихгүй, эдийн засгаа аварч чадахгүй гэдэгтэйгээ эвлэрэх хэрэгтэй. Манайх байтугай, дэлхийн том том гүрэн ч гадаадын хөрөнгө оруулалтаар амьдардаг юм шүү дээ. Хамгийн гол нь харилцан ашигтай л байх ёстой. Тэгээд бодлого, хууль журам нь тодорхой, тогтвортой байх хэрэгтэй. Түүнээс бус нэгэнт тохирч гар хөлийн үсгээ зурчихаад эргэж буцаад л чамд долоо, надад долоохон гэдэг байдлаар хандаад байвал бидэнд хэн ч итгэхгүй. Энгийн амьдралд хүртэл бид булхайцаж тоглодог хүнд бүгдээрээ л дургүй байдаг шүү дээ. Хожим нь ингэж булхайцахгүйн тулд хөрөнгө оруулалтын гэрээ хэлэцээр, хамтын ажиллагааг тогтоохдоо эхнээс нь туйлын анхааралтай хандаж, мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг сайн сонсч, тусгах хэрэгтэй. Одоо хараад байхад улстөрчид л эдийн засгийн гэрээ хэлэлцээр хийгээд байгаа харагдах юм. Үнэндээ мэргэжлийн, ажлаа, салбараа мэддэг хүний нэг үг хэдэн арван улстөрчийн үгнээс хамаагүй үнэ цэнэтэй байдаг.
-Дэлхийд, ялангуяа ОХУ-д шатахууны үнэ буурч байгаа. Гэтэл яагаад манайх үнэтэй авч байна вэ гэдэг асуулт байна?
-Манай улс ОХУ-тай эдийн засгийн болон чөлөөт худалдааны хэлэлцээр хийхэд тийм ч тааламжтай биш болоод байгаа юм. Гадаад харилцааны салбар тулгын гурван чулуутай. Эдийн засаг, улс төр, соёл нь хамтдаа явдаг. ОХУ, БНХАУ-ын удирдлагуудтай ярилцахад манай экспортоор гаргаж байгаа бараа таваар, гаалиас оруулж ирж байгаа бараан дээр тэмээ, ямаа шиг зөрүүтэй байх жишээтэй. Худалдааны балансыг үзэхэд бид ОХУ-аас дотоодын хэрэглээний нефтийн бүтээгдэхүүнийхээ 90 гаруй хувийг авдаг. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын зах зээлээс нефтийн бүтээгдэхүүнээрээ бараг 100 хувь хараат болсон гэсэн үг. Тийм учраас зөв зохистой байдлаар асуудлаа тохирох нь зөв биз ээ. Энэ онцлог хийгээд уламжлалт найрсаг харилцаагаа бодоод шатахууны үнийг бууруулахад дан ганц эдийн засгийн аргаар бус, улс төр дипломатын зарим аргыг дээд түвшинд ашиглах хэрэгтэй. Бид угаасаа хараат гэдэг байдлаар тэдний тулгасан үнийг л хүлээн зөвшөөрөөд, Роснефтийн хэлсэн үнээр л аваад байж болохгүй. Хэрвээ тэгвэл манай үндэсний импортлогчид “Роснефтийн Монгол дахь борлуулагчид” -аас ялгаагүй болно. Хэрвээ дэлхийд, ОХУ-д шатахууны үнэ өсвөл манайхан “Дэлхийд өсч байна” гээд л үнэ өсгөнө шүү дээ. Тэгвэл буулгах талд ч дэлхийн хандлагыг дагах л ёстой.
-МАН чадварлаг боловсон хүчнээ төрд, дэд сайдын албан тушаалд томилсон байх. Та 2016 оны сонгуульд нэр дэвших үү. Дэвших бол Сэлэнгэ аймагт өрсөлдөх үү?
-Нэр дэвших эсэх нь тодорхойгүй байгаа. Нэр дэвшигчдээ тодруулах нь битгий хэл, нам яаж сонгуульд оролцохыг хуульчилсан Сонгуулийн хууль ч тодорхойгүй, өөрчлөх үгүй нь мэдэгдэхгүй байна шүү дээ. Улс төр бол багийн тоглолт учраас миний хувьд намын шийдвэр, саналыг эхлээд сонсоно. Сэлэнгийн хувьд миний өвөг дээдсийн төрөлх нутаг. Ийм учраас сонгуульд нэр дэвших дэвшихгүйгээс үл хамаараад нутагтаа өөрийн гэсэн зүйл үлдээчих юмсан гэсэн бодолтой явдаг. Өөрөөр хэлбэл, нэг удаагийн сонгуульд нэр дэвших үгүйгээс үл хамаараад нэгэн насны минь туршид миний сэтгэлд уяатай явах нутаг бол Сэлэнгэ л дээ 2012 оны парламентаас байгуулсан Засгийн газар гурав дахиа “засварт” орж байна Зургаан сайд, долоон дэд сайдын албан тушаал эзэнгүй байна. Төр, засгийн тогтворгүй ийм байдал гадаад харилцаа гадаадын хөрөнгө оруулалтад яаж нөлөөлдөг бол? Монгол Улсын нэр хүндэд хамгийн их сөргөөр нөлөөлж байгаа зүйл нь энэ. Улс төрийн хүчин солигдож болно. Байх л асуудал Тэд солигдлоо гэхэд төрийн бодлого тогтвортой, залгамж чанартай хэрэгжих ёстой. Ялангуяа гадаад харилцааны салбарт шинээр ирсэн сайд халааснаасаа шинэ хөтөлбөр, шинэ бодлого гаргаж ирээд хэрэгжүүлж болдоггүй онцлогтой юм. Бүх салбар, бүх яам л чухал. Гэхдээ тэдэн дундаа гадаад харилцааных нуруундаа улсынхаа тусгаар тогтнолыг ч, эдийн засгийг ч өдөр бүр тээж явдаг онцгой салбар Энэ салбарын төрийн албан хаагчид сайд хэн байхаас үл хамааран хэвээрээ үлдэж, төрийн бодлогыг үргэлжлүүлээд явдаг. Хэрвээ сайд даргыг солиход дагаад төрийн бүх яаманд төрийн алба орвонгоороо өөрчлөгдөж байвал эндээс хэн ч хожихгүй. Хүнээ тавьж байгаа АН ч хожихгүй, хүнээ явуулж байгаа МАН ч хохирохгүй. Харин улсаараа л хохирно гэдгийг одоо нийтээрээ ойлгомоор байна. Улстөрчид, улстөрийн албан тушаалтнууд халагдаж, солигдож болно. Харин тэдний дуулианд монгол төрийн дархлаа болсон төрийн алба-“зөгийн үүр”-ийг эвдэж, бужигнуулж болохгүй.
-Мэргэжлийн дипломатчид салбарт чинь хэр их байна вэ. Мэргэшсэн боловсон хүчин цөөрч, садан төрлийн хэлхээтэй дарга нарын хүүхдүүд шургаллаа л гэх юм?
-Ажлыг хүн хийдэг. Хүн гэдэг чинь сайнтай, муутай л байдаг. Жигтэйхэн өөгүй байвал энэ хорвоо оршин тогтнохгүй шиг дипломат ажилтнууд хааяа нэг алдаа дутагдал гаргана. Нэг хүн алдахад нэлэнхүйдээ шүүмжлэлд өртөх нь бий. “Дипломат хүн алдах эрхгүй хүн” гэж олон улсад ярьдаг. Ийм учраас анх ажилд авахдаа мэргэжил, мэргэшлийг нь үнэлэхийн хамт хувь хүний онцлог, суурь хүмүүжлийг нь харгалзах шаардлагатай байдаг. Тэрхүү суурь хүмүүжлийн илэрхийлэл бол дипломатч хүн эх оронч байх, хувийн ашиг сонирхлын зөрчилгүй байх ёстой. Тэгээд олон улсын харилцааны мэдлэг, гадаад хэлний шалгуур дагана. Би садан төрлийн хэлхээ, цус ойртлоо гэдэгт нэг зүйл хэлье. Монголчууд үр хүүхдэдээ мэргэжлээ өвлүүлэх, хүүхэд нь өссөн орчноо дагаад аав, ээжийнхээ мэргэжил рүү татагдах тохиолдол маш их. Малчны хүүхэд малчин, цагдаагийн хүүхэд хуульч, эмчийн хүүхэд эмч болдог шиг. Энэ утгаараа насаараа төрд ажилласан дипломатын хүүхдүүд багаасаа өссөн орчин, ойлгосон мэргэжлээ дагаад дипломатч болсон тохиолдол их. Ах эгч, аав ээжийнхээ замналаар явна гээд эх оронч сэтгэлээр төрдөө зүтгэнэ гэж байхад яаж үгүй гэх юм бэ. Улс орныхоо нүүр царай болж харийн нутагт амьдардаг аав, ээжтэйгээ хамт Элчин сайдын яамны хашаан дотор өссөн хүүхдүүд харин ч чадалтай дипломатчид болдог. Тэднийг буруутгах аргагүй. Хамгийн гол нь тэд ажлаа сайн хийдэг, эх оронч, мэдрэмжтэй л байх ёстой. Өөрөөр хэлбэл, ийм хүмүүсийн гол шалгуур нь ажлын чадвар, эх оронч сэтгэл болохоос хэний хамаатан, хэний үр хүүхэд байх нь гол асуудал биш.
-Ирэх онд АСЕМ-ын дээд хэмжээний чуулга уулзалт Монголд болно. АСЕМ Монголд 20 жилийнхээ ажлыг дүгнэнэ. Бид энэ хурлаас Монголд ашигтай юу хүлээх ёстой юм бэ?
-Олимпийн наадам эсвэл АСЕМ, АПЕК, АСЕАН-ы уулзалтыг өөрийн орондоо зохион байгуулж буй улс түүндээ бэлдээд дэд бүтцээ нэлээд сайн хөгжүүлж авдаг юм. АСЕМ-ын уулзалтад зориулж шинээр барьсан зам, гүүр, зочид буудал Монголд тэртэй тэргүй үлдэнэ. Материаллаг талаасаа шүү дээ. Ирэх жил 50 гаруй улсын төрийн тэргүүн Монголд ирнэ. Тэр хэмжээгээр Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд тодорхой хэмжээгээр өснө гэсэн үг шүү дээ. Нөгөөтэйгүүр, АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг Монгол Улс зохион байгуулж Ази, Европыг холбосон гүүр болно гэдэг нэр төрийн хэрэг. Энэ удаагийн хурлаар Хойд Солонгосын асуудлыг ярих болов уу гэж бодож байна. Монгол Улс энэ асуудалд маш зөв байр суурь баримталдаг. АСЕМ-ийн уулзалтад бид улсаараа нэг баг болж зүтгэх хэрэгтэй. Тэгж байж үр дүнг нь улсаараа хүртэнэ, олон улсад гарах сайн муу нэрийн аль нь ч Монгол Улс л гэж явна.
-Өршөөлийн хуулийг баталсан үйл явц, Ерөнхийлөгчийн хоригт ямар байр суурьтай байгаа вэ?
-Ерөнхийлөгчийн хэсэгчилсэн хоригийг би дэмжиж байгаа. Төр иргэнээ шийтгэж чадсан бол бас өршөөж чаддаг байх хэрэгтэй Санамсар болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн хүүхэд, залуучууд олон байна. Үр хүүхэд нь өлсөхөөр хүний юм авч зараад хүүхдүүдээ хооллоод өөрөө шоронд орсон өрх толгойлсон ээж ч байна. Ийм хүмүүст засарч хүмүүжих боломж олгох ёстой. Харин Ерөнхийлөгчийн хэлдгээр төрөөс буюу хүн болгоны халааснаас хулгай хийсэн авлигач, албан тушаалтнуудыг өршөөх хэрэггүй санагддаг. Өөр зүйлийг онцлоход СаусГоби Сэндс” компанийн захирал Жастин Каплаг шийтгэсэн үйлдэл нь Монгол Улсын гадаад нэр хүндэд сөргөөр нөлөөлж байсан. Энэ хэргийг уучлалд хамруулж шийдвэрлэсэн нь зөв гэж боддог. Учир нь, энэ хэрэг угаасаа их тодорхой бус шийдвэр байсан. Миний ойлгосноор манай татвар, цагдаа, прокурор хоорондоо уялдаа муутай ажилладгаас болдог уу хүнийг их удаан шалгадаг юм байна. Ийм цахимжсан нийгэмд эдийн засаг буюу бичиг санхүүтэй холбоотой хэргийг шалгахад удаад баймааргүй санагддаг. Эцсийн дүнд хүнийг хаашаа ч гаргахгүй олон сар, жил шалгадгаа манайх хуулиа өөрчлөх замаар болих ёстой гэж боддог. Тэгэхгүй бол ийм мэдээлэл гадаадад сенсаац болж “Монгол Улс гадаадын бизнесмэнийг өөрийн улсад нь үйл ажиллагаа явуулахаар шүүх, цагдаагаараа айлгаад байдаг” гэсэн мэдээлэл өгөөд байгаа юм. Ер нь бол төр өршөөх ёстой хүмүүсээ л өршөөх ёстой. Түүнээс бус төрөөс өөрөөс нь хулгай хийсэн авлигачийг өршөөх ёсгүй л гэж бодож байна. Авлигыг олон улсад ардчиллын нэг дайсан гэж үздэг. Тэгвэл авлигачдыг өршөөх нь ардчиллын эсрэг, үнэт зүйлийнхээ эсрэг хийсэн үйлдэл л дээ.
-Та улстөрч хүнийхээ хувьд цаашид Монголын улс төр ямар замаар явна гэж бодож байна вэ?
-Миний хувьд Монголын улс төрд үүсээд буй одоогийн нөхцөл байдал бол сонгогчдыг нэг шат ахиулан улс төрийн сонголт хийхийг шаардаж байгаа үйл явдал гэж хардаг. Ямар намыг, ямар үзэл бодлыг, ямар хүнийг сонговол ийм болоод буйг мэдсэн бол цаашид түүнээсээ илүү ухаалаг сонголт хийх, сонгогдож гарсан хүмүүсээсээ чухам юуг шаардах ёстой вэ гэдгээ ухаарах гээд бидний цаг үе сонгогчдыг илүү боловсролтой, илүү хэрсүү болгож байгаа гэж би боддог. Ийм хандлага ч ажиглагдаж эхлээд байгаа. Ухаалаг төртэй болъё гэвэл илүү ухаалаг төрийн түшээдтэй байх, тэднээсээ ч ухаалаг ард түмэнтэй болох шаардлагатай. “Ямар ард түмэн байна, яг тийм төр байдаг” гэсэн Достоевскийн мэргэн үг байдаг даа. Ард түмэн өөрсдөө илүү гэгээлэг ухаалаг, мэдлэг боловсролтой байж ухаалаг сонголт хийнэ. Ингэж чадвал улс орон цэцэглэн хөгжинө, төр, засаг түвшин сайхан болно. Ийм болохын тулд ирэх сонгуулийн жил бусад сонгуулиас илүү үзэл бодлыг сонгосон, эрдэм мэдлэгийг сонгосон, ирээдүйгээ сонгосон, хөгжлийнхөө нэг шинэ шатыг сонгосон оюун ухааны сонголтын жил байх болно гэж бодож байна. Сонгогчид дов жалганыхаа үзэл бодлоосоо салж, Монгол Улсыг дэлхийн хөгжлийн эрчимтэй хөл нийлүүлэн сэтгэх, дэлхийн хөгжлийг орон нутагтаа авчрах, нутагшуулах тийм төрийн түшээдээ сонгож, өөрийнхөө ирээдүйг хамт сонгодог байх цаг нь болсон.
URL: