“ОЮУТОЛГОЙ”-г энэ онд гацаанаас гаргана

ae2c700e15c299efbigЭрдэс баялгийн салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах зорилготой “Дисковер Монголиа” чуулга уулзалт болж өндөрлөлөө. 13 дахь удаагаа болж буй тус уулзалт “Популизмгүй уул уурхайн төлөө” уриан дор болсон нь содон байв. Энэ нь ирэх жил УИХ-ын сонгуулийн жил тохиож буйтай холбоотой аж. Тэр ч утгаараа Монгол Улсын ууган Ерөнхийлөгч П.Очирбат “Тавантолгой төсөл гацах болсон үндсэн шалтгаан нь улстөрчдөөс хамааралтай” хэмээн индэр дээрээс өгүүлсэн. Мөн эдийн засагч А.Билгүүн “Популист улстөрчдийн үйлдэл, тэдний турхиралт хөгжлийн тулгуур болсон уул уурхайн салбарыг амь тавихад хүргэж байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн нь бий.

Тэгвэл хөрөнгө оруулагчид ирэх жилийн сонгуулийн үр дүнг хэдийнэ таамаглаж, эхэлжээ. “Эм Ай Би Жи” компанийн хөрөнгө оруулалтын банкны захирал К.Макдугалл “Хөрөнгө оруулагчид ирэх жил болох УИХ-ын сонгуулийг улс төрийн тогтвортой байдал бий болно гэж харах хэрэгтэй. Монгол Улсад хөрөнгө оруулах төсөл их байгаа нь давуу тал юм. Мөн Монголд итгэдэг хөрөнгө оруулагч цөөн байгаа учир сонголт их байгаа” гэв. Харин Уул уурхайн сайд Р.Жигжид уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн ашиглах бодлого баримталж байгаа” тухай дуулгасан. Мөн Засгийн газар хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх чиглэлээр Ашигт малтмалын тухай хууль, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Төсвийн тухай хууль, Хүний хөгжил сангийн тухай хууль, Цөмийн энергийн тухай зэрэг хуульд нэмэлт өөрчлөлтийг оруулж, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулсан гэдгийг онцлов.

Тэгвэл эдийн засагч Д.Жаргалсайхан үндэсний аюулгүй байдал гэсэн нэрийн дор алдаатай хууль баталдаг, хоосон амлалт өгдөг УИХ-ын гишүүнийг бүртгэх тухай санал гаргав. Энэ удаагийн уулзалтад 350 орчим төлөөлөл оролцож буй тухай зохион байгуулагчид дуулгасан. Энэ нь өнгөрсөн жилийнхээс өссөн үзүүлэлт болж байна. Тодруулбал, өнгөрсөн онд 260 орчим төлөөлөгч оролцож байжээ. Тэгвэл тус уулзалтын үеэр гадаад, дотоодын 40 орчим компани бүтээгдэхүүнээ танилцуулах үзэсгэлэн гаргасан байв. Энэ нь 2011 онтой харьцуулбал хоёр дахин буурсан үзүүлэлт болж байна. Тухайн жил 90 гаруй компани компани бараа, бүтээгдэхүүнээ танилцуулж байсныг дээд хэмжээ гэж үздэг. Хурлын үеэр “Рио тинто” компанийн Монгол дахь захирал С.Мөнхсүх “Оюутолгойн санхүүжилтийг энэ онд багтаан шийдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа” хэмээн ярив.

Түүний хэлж буйгаар, шаардлагатай хөрөнгийг 15 банк консорциум болон санхүүжүүлэхээр хэлэлцэж байгаа гэнэ. Мөн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх болсон нь Тавантолгой төсөлд ч үр нөлөө үзүүлсэн болохыг Монгол Улсын сайд М.Энхсайхан хэлсэн. Харин Монгол Улсын Ерөнхий сайд ирэх байсан ч алга байв. Учир нь, тус хуралдааны “Засгийн газрын цаг” уулзалтад Ч.Сайханбилэг сайд ирж мэдээлэл өгөх хөтөлбөртэй байв.

Харин салбарын сайд Р.Жигжид “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улсын төсөвт төвлөрч буй орлогын 30 хувь, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогын 50 хувийг тус тус нийслэл, аймаг, сум, дүүргийн хөгжлийн санд нэмж төвлөрүүлэх болсон” хэмээн ярив. Харин хуралдаанд оролцогчдын зарим нь орон нутгийн Засаг дарга нараас зөвшөөрөл авах гэж чирэгдэл үүсч байгааг шүүмжилсэн. Мөн эдийн засгийн байдал дэлхий даяар сайнгүй байгаа төдийгүй ойрын хугацаанд сэргэх төлөв харагдахгүй байгааг ч хуралдаанд оролцогчид онцлов. Тухайлбал, сүүлийн хоёр жилийн дотор хоёр их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хөгжиж буй орнуудад орсон боловч ганцхан жилийн дотор тэн хагас нь буцаж гарсан аж. Энэ нь хөрөнгө оруулагчид эрсдэлгүй зах зээлийг сонгох болсонтой холбоотой гэнэ. Хуралдаанаар уул уурхайн салбарын хөрөнгө, санхүүгийн орчны төлөв байдал, орон нутаг, нийгмийн харилцаа, байгаль орчны асуудал, эрдэс боловсруулалт, мэргэжилтэн бэлтгэх тогтолцоо, хөрөнгө оруулалтын асуудлыг хэлэлцсэн юм.

МОНГОЛ УЛСЫН САЙД М.ЭНХСАЙХАН: МЕГА ТӨСЛҮҮДИЙН ГУРАВНЫ ХОЁР НЬ УНАДАГ

-Бидний үгийн санд мега төсөл гэдэг ухагдахуун орж ирээд удаагүй. Гэхдээ үүнийг хэрэгжүүлж чадах эсэхээс ирээдүйн Монголын хувь тавилан ихээхэн хамаарна. Асар олон бэрхшээл давдагаараа мега төсөл онцлогтой. Мега төслүүдийн гуравны хоёр нь унаж, гуравны нэг нь бүтдэг. Тиймээс ийм төслийг боловсруулж хийнэ гэдэг амаргүй. Хамгийн гол нь суурь судалгаа алдаагүй байх ёстой. Гэхдээ мега төслийг мега хөтөлбөр, бүр мега мөрөөдлөөс ялгадаг байх хэрэгтэй юм. Ингэхгүй бол өнөөдөр бүх юм холион бантан болчихлоо.

ЭДИЙН ЗАСАГЧ ДУ.ЖАРГАЛСАЙХАН: ЭДИЙН ЗАСАГ “ТУРСААР” БАЙНА

-Худал амлалт өгдөг улстөрчдийг мэдсээр байж мөнгө авч санал өгдөг. Сүүлдээ бүр хуудуутай хууль гаргасныг нь мэдсээр байж тэдний төлөө үхэх өлсөхөөрөө айлгадаг боллоо. Одоо үүнийгээ больцгооё. Харин үр хүүхдийнхээ төлөө авлигач түшмэдийн алхаа гишгээ бүрийг ил тод болгож, хуулиа хэрэгжүүлье. Энэ нь зөвхөн цагдаа, шүүхийн үүрэг гэвэл хуучирсан ойлголт. Өнөөдөр бид үүнийг хийхгүй бол хэзээ хийх вэ. Үгүй бол хуулийн цоорхойг ашигладаг улстөрчид, популистууд, “ардын баатрууд”-ын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байх болно. Өөрөөр хэлбэл, улс төр “таргалж”, эдийн засаг “турсаар” байх болно шүү.

Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа

-Би өөдрөг төсөөлөлтэй байгаа. Эдийн засгийн энэ хүнд нөхцөлд ч хөрөнгө оруулалт аажмаар нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна. Мөн хөрөнгө оруулагч татахын тулд Засгийн газар ч бодлогын баримт бичгийн алдаагаа засварласан. Тиймээс тухайн бодлогын хэрэгжилтийг харуулсан шийдвэрүүдээ яаралтай гаргах хэрэгтэй байна л даа. Тухайлбал, тусгай зөвшөөрлөө шуурхай олгож, Тавантолгой төслийг хөдөлгөх хэрэгтэй. Мөн бусад томоохон төсөлд заавал төр оролцох шаардлагагүй шүү дээ. Хувийн хэвшилд итгэл үзүүлэх нь чухал. Маш товчхондоо хөрөнгө оруулалт биднээс шийдэл хүлээж байгаа.

 

Д.Булган

 


URL:

Сэтгэгдэл бичих