Дорно зүгээс солонго татлаа
Дорно зүгээс наран мандлаа гээд л монголчууд нэг үе дуулцгаадаг байсан юм гэнэ билээ. Тэр үүн шиг, монгол улсын ерѳнхийлэгч урд хѳршид, чѳлѳѳлѳх дайны ялалтын 70 жилийн ойд оролцох үеэрээ Си Зинь Пинтэй уулзаж, эдийн засгийн чухал асуудлаар тохиролцон солонго татуулаад ирэх шиг боллоо. Дорно зүгээс ийм сайхан солонго татаж байсан удаа монгол хятадын түүхэнд бараг байхгүй л байхаа даа.
Энд эдийн засгийн солонгын тухай ярьж байна. Эдийн засгийг солонгоруулах санааг уг нь одоогийн ерѳнхий сайд Сайханбилэг анх тунхагласан санагдаж байна. Нэг линк ѳгье, эндээс ойлголт авч болох байхаа.
Мѳнхийн хоёр хѳрш маань ѳѳр хоорондоо тал засч, урьд ѳмнийн базаахгүй түүхээ түүх болгон орхиoд, ѳнѳ ирээдүйгээ харан тѳѳ зайгүй үерхцгээж, хүний ой тойнд оромгүй аварга том тѳслүүд үзэглэсээр байна.
В.Путин, Си Зинь Пин нарын саяын уулзалтаар гэхэд л 30 шахам тѳсѳлд гарын үсэг зурцгаажээ.
Энэ үүний нѳлѳѳ ч юмуу, монгол улсын гадаад бодлого тэгшрээд ирж байгаа ч юмуу, ямартай ч хятад, манай 2 орны ерѳнхийлэгч нарын санаачилгаар энэ удаад 3 том зүйл дээр тохиролцож солонго татууллаа. Ер нь бол сүүлийн үеэс, 3 улсын ерѳнхийлэгч нар ѳѳд ѳѳдѳѳсѳѳ харж суугаад асуудлаа ярилцдаг уламжлал тогтож байгаа нь нэг талаас манай ерѳнхийлэгчийн зүтгэл санаачилга ч байдаг л байх, нѳгѳѳ талаар, монгол улсыг алгасан том асуудлууд шийдэх нь үр ашиг муутайг харсан их гүрнүүдийн ГЕО ч бас нѳлѳѳлсѳн л байх. Аль нь ч байлаа монголын талд ашигтай л тусна, улс тѳрийн гадаад зѳв харилцаа эдийн засагт тусгалаа олж байгаа жишээ гэвэл чухам энэ юмаа.
Урд хѳрш, монгол улсаас их хэмжээний мах импортлох, эрүүл ахуй, агро-технологийн суурь баазуудыг ѳѳрийн нѳхцлѳѳр монголд байгуулах тохиролцоо хийсэн юм байна. Энэ бол жинхэнэ стратегийн боломж, алт, зэсний ордоо стратегийн гэж зохиомлоор нэрлэчихээд, хэдэн олигархиуд нь стратегийн бодлогоор ухаж аваад түүхийгээр нь гаргаж ашгий нь ард түмэнд хүртээлгүй цохицгоочихож байгаатай харьцуулахад үнэхээр том алхам, монголчуудын олон жилийн мѳрѳѳдѳл биелэх эхлэл гэж ойлгож байна. Одоо харин, Засгийн газраас угтах бодлого хийн цаг алдалгүй хѳдлѳж, мах үйлдвэрлэлээр эдийн засгаа солонгоруулахад ханцуй шамлан орох ёстой байх.
Боломж бол цагтай цуг орж ирдэг зүйл, цаг нь мэдээж байгалийн хуулиар улиран одно, харин боломжий нь авч үлдэхгүй цагтай нь цуг живүүлчихээд байвал дараа нь яг тэр боломжоо эргүүлж олж авах гэж асар их нэмэгдэл цаг, хѳрѳнгѳ цацдаг, энэ бол монголчуудын байнга шахам гаргадаг алдаа, уг нь сургамж авчихаар л зүйл л дээ. Монголчууд, бэлэн орж ирж байгаа боломжийг ашиглаж чадахгүй, ач холбогдол ѳхгүй алдчихдаг, эргээд тэр боломжоо олж авахад асар их хѳрѳнгѳ зарах юм гэж Германчууд биднийг шоолох аясаар шүүмжилж байсныг санацгаая.
Яг жилийн ѳмнѳ дѳѳ, 14 оны 10 сард, Оросын Холбоот улсын Засгийн газрын тэргүүн В.Медведьев, Америк, Канад, Австрали, европаас орох импортын маханд гэнэтийн ЭМБАРГО зарласны яг маргааш нь би АЛДАХ ЭРХГҮЙ АЛТАН БОЛОМЖ гэсэн нийтлэл бичиж байж билээ. Хэрэв мах нийлүүлэх сонирхолтой улс орон байвал хүсэлтээ ирүүл, агротехникийн суурь бүтэц байгуулахад нь зориулж 90 млрд рублийн санхүүжилт хийхэд бэлэн байна гээд Оросын үхрийн мах бэлтгэн нийлүүлэгчдийн холбооноос зарлаад байхад нь хүртэл манай улс тѳрчид дүмбийгээд ѳнгѳрсѳн. Тѳдѳлгүй тэр их мѳнгѳ Алтайн хязгаар болон Казахстан руу урсаж одсон. Сэтгүүлчид, судлаачид энэ талаар тэхэд их ярьцгаасан даа. Гэтэл бүхэл бүтэн жилийн дараа, дѳнгѳж одоо, МАН-аас эхлэн улс тѳрчид маань бороо ѳнгѳрѳѳд жил болж байхад сая л нэг юм цув нѳмѳрцгѳѳж байх юм. Албан тушаал наймаалцаад чѳлѳѳ завгүй гүйцгээж алтан боломж алдсаны гор ингэж гарав. Одоо тэр боломж эргэж олдох зам баларч алга болсоон эрхэм улс тѳрчид ѳѳ, Орос улс ѳдгѳѳ Бразиль, Аргентин зэрэг онуудтай гантиган махны гэрээ хийгээд махны бодлогоо хайрцаглачихсан. Алтайн хязгаарт үхрийн мах бэлтгэх агротехникийн аварга том тѳв байгуулаад дуусах гэж байна.
Урд зүг рүү харахаас ѳѳр гарц үлдээгүй байхаа.
Ургаш нь мах нийлүүлэхэд, орон нутгийн бие даан зах зээлд гарах чадамжийг нэмэгдүүлэх нь угтах бодлогын маш чухал бүрэлдхүүн хэсэг байх ёстой байх гэж бодож байна. Тѳвлѳрсѳн байдлаар бол олигтой юм бараг болохгүй биз дээ. Эдийн засгийг бүсчилж, мах бэлтгэн нийлүүлэх хангамжийн бааз суурийг орон нутагт байгуулах нь дээр байж мэднэ. Бэлчээрийн мал аж ахуйгаас бэлчээр, тэжээл хосолсон МАА бааз суурь байгуулахад нилээд хѳрѳнгѳ гаргах шаардлага гарч ирэх нь гарцаагүй. Харин нѳгѳѳ алт гаргадаг шигээ, тѳр дилүүрч гүйж бизнесст хутгалдаад орчихдог сонирхлоо бол, улс орноо бодоод хойш тавчихаарай гэж тѳрийг атгасан энэ хэдэн олигархиудад чин сэтгэлээсээ уриалъя. Том мѳнгѳний сурагаар гүйгээд орох, ам бэлэн бийлэгжүү олигархи нилээдгүй бий дээ, сонгуулийн ажилтайгаа хутгачихав, улаан махны хэрэг ярвигтай шүү гээд бас сэрэмжлүүлчихье!
Ерѳнхийлэгч нарын тохиролцсон дараагийн мега тѳсѳл бол ТАЛЫН ЗАМ-ын үзэл баримтлалыг ТОРГОНЫ ЗАМ тѳслийн арааманд хамруулахаа зарласан явдал. Гурван улсын ерѳнхийлэгч нарын ѳнгѳрсѳн уулзалтаар ТАЛЫН ЗАМ тѳслийг ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР-ын хүрээнд авч үзэх санааг В.Путин хэлж байсныг санацгааж байгаа байх. Дараа нь БРИКС-ийн орнуудын Шанхайн уулзалтын үеэр, шинээр байгуулагдсан 100 млрд. долларын дүрмийн сантай БРИКС банк (New Devolopment Bank BRICS) эдийн засгийн суурь бүтцэд зээл олгох үйл ажиллагаа явуулахаа зарласан. Тэхээр ТОРГОНЫ ЗАМ тѳслийг энэ шинэ банк санхүүжүүлэх, тэр хүрээнд монголын ТАЛЫН ЗАМ тѳсѳл хамрагдана, санхүүгийн эх үүсвэр нь шийдэгдсэн гэдгийг Зи Зинь Пин мэдэгдэж байгаа л гэсэн үг, энэ бол манай улсын хувьд маш тааламжтай мэдээ юм. Зи Пинд ийм эрх бий, учир нь хятад шинэ банкны дүрмийн сангийн 47%ыг дангаар оруулсан улс.
Мэдээж энд маш их бэлтгэл шаардлагатай, ажил ундарч байна л гэсэн үг. Урд хойд хѳршүүд, хоорондын зээл, худалдааны тооцоогоо үндэсний валютаар хийж байгаа, манайх ч гэсэн маш түргэн энэ механизмд шилжих ёстой, эндээс их хэмжээний валют чѳлѳѳлж болно гэх мэт . Гадаадын ХО-аар орж ирэх анхны урсгалаар л мѳнгѳний хатуу бодлогоо халж уян хатан механизмд шилжих нь дээр гэхчилэн их ажил байна даа. Одоо эцэс тѳгсгѳлгүй албан тушаал хѳѳцѳлдѳж, сандал ширээ булаацалдаад байдаг цаг биш, тийм цаг байхгүй, улс орноо бодож бүүр уначихаас нь урьтаж амжин уналтыг зогсоох тал дээр юм бодох цаг нь болсоон.
Дараагийн том тохиролцоо бол монголд байгалийн хий олборлох талаар авч хэлэлцэж нэгдмэл ойлголтод хүрсэн явдал. Энэ чиглэлийн ажлын хэсэг аль хэдийн монголд ирчихсэн байна. Энэ бол Орос Хятадын хийн хоолойг монголоор дайруулан тавиулах оролдлогоос хол давсан ашигтай мега тѳсѳл. Мэдээж ѳнѳѳ маргааш ашиг нь гүйгээд ороод ирэхгүй ч, ирээдүй хойч үеийнхэндээ зориулж галт бамбар асааж үлдээнэ гэсэн үг юм.
Дорно зүгээс солонго татсаныг эерүү байдлаар харахад товчдоо бол нэг иймэрхүү байна. Гэхдээ бид Хятадтай харьцаж байгаа шүү дээ гэдгээ мартаж хэзээ ч болохгүй мэт ѳѳрийн эрхгүй бодол орж ирнэ. Хий хардлага, сэрдлэг л гэж хэлцгээх байх, гэхдээ л олон талаас нь тунгаахад илүүдэхгүй л гэх гэсэн юм. Фантааз ч байж магадгүй, ѳнгѳ будаг, тооны талаасаа нэг сонин тохирол байгаа юм. Ер нь хятадууд Күнфуцийн сургаальд үнэнч болоод ч тэр юмуу том үйл хэргээ голдуу л тоо, ѳнгѳ будгаар тодотгож явдаг, 5 хувьсгал, 4 -ийн дээрэмчин, эсвэл улаан хамгаалагчид ч гэдиймүү тоочвол барагдахгүй л дээ.
Дээрхи 3 том тѳсѳлд монгол ѳнгѳ гаргах гээд үзье. Мах бол мэдээж улаан, улаан мах л гэж ярьцгаадаг. Мах бол монголчуудын хувьд жинхэнэ стратегийн хүнс, монгол малын мах хомсдоод ирвэл боож үхэх хүн ихэнхдээ байгаа. Зам бол гарцаагүй шар, алтан шар зам л гэдэг биз дээ. Талын ч байг, торгоны ч гэг хамаагүй, энэ алтан шар зам бол мэдээж нэг талын урсгалтай, түүхий эд ачсан хѳдлѳх бүрэлдэхүүнүүд л түүгээр хѳврѳх байх л даа, ойлгож ядах юмгүй. Гэхдээ яахав, зам дагаж хѳгжил л юм биз дээ. Шатдаг хийг дэлхий даяар л хѳх түлш гэдэг болохоор энд монголсоод байх ч юмгүй, харин жижигхэн монгол ч гэсэн дэлхийсэж, соёл иргэншилд хүрч яваа болохоор амьдралын анхны хэрэгцээ хэзээ нэгэн ѳдѳр л шатдаг хий болох нь цаг хугацааны асуудал. Ямар технологи хаанаас орж ирнэ, тэрний хараат болох нь гарцаагүй юм.
Монголчууд солонгын 7 ѳнгѳ гэж ярьдаг, хятадууд харин 3 ѳнгѳ гэдэг болтой. Хэнань мужийн Наньцэ тосгон дахь Маогийн гараа сунган чигийг заасан хѳшѳѳний ард улаан, шар, хѳх ѳнгѳѳр туяарсан солонгын сүрлэг байгууламж байдаг юм байна. Дээр миний бичсэн бүх зүйл энд агуулагдсан, солонгын 3 ѳнгѳѳ монголд солонгоруулах гэж байна гэж би хэлэх гээгүй гэхдээ л сонин тохирол шүү.
Оюутан цагийн маань анектод гэнэт санаанд оров. Монгол, Хятад 2 оюутан 5 жил нэг ѳрѳѳнд найрсаг гэгч нь амьдарч сургуулиа амжилттай дүүргээд дипломоо авцгаажээ. Монгол эр хэлж, за муу найзыгаа ёстой уучлаарай,
5 жилийн турш, ѳдѳр бүр чамаар хоол, цайгаа хийлгэлээ шүү дээ гэж. Хятад хэлж, за чи ч гэсэн муу найзаа уучлаарай, 5 жил чамд цай хийж ѳх бүртээ данх руу чинь шээсээ дусаачихдаг байсан, 5 жил шээсээ уулгалаа шүү дээ гэсэн юм гэдэг.
Ам руугаа орж ирсэн шар тосыг хэлээрээ түлхэлтэй ч биш дээ, гэхдээ л …(үргэжлэх утгыг залгив).
Эдийн засагч, социологич И.Цэрэнхүү
URL: