АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчийн тоо нэгээр нэмэгдэнэ
Харвардын Их сургуулийн хуулийн профессор Лоуренс Лессиг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших хүсэлтэй байгаагаа АВС телевизийн шууд нэвтрүүлэгт оролцохдоо мэдэгдсэн талаар kp.ru мэдээлжээ. Тэрээр сонгуулийн сурталчилгааны санхүүжилтэд хэрэгтэй нэг сая долларыг интернэт ашиглан цуглуулж чадна гэж үзэж байгаа аж. Мөн Их сургуулийн профессорын ажлаа орхиж, сонгуулийн ажилд төвлөрч ажиллана гэдгээ ч хэлсэн байна.
Харвардын профессорыг улс төрд хүч үзэхээр шийдэхэд хүргэсэн гол сэдэл нь АНУ-ын сонгуулийн санхүүжилтийн өнөөгийн тогтолцоо гэнэ. Цөөн тооны баян мөнгөтэй хүмүүс сонгуулийн сурталчилгааг санхүүжүүлдэг, эргээд тэдэнд ашиг хуваах байдлаар явж байгаа өнөөгийн тогтолцоонд шинэчлэл хийх хэрэгтэй гэж Лоуренс Лессиг үзэж байна.
2016 онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд тус улсын Ардчилсан намаас нэр дэвших эрхийн төлөө төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, нам бус сенатор Берни Сандерс, мужийн захирагч асан Мартин ОМэлли, Линкольн Чафи, Вьетнамын дайны ахмад дайчин Жим Уэбб нар өрсөлдөж байгаа билээ.
Д.Ариун
Эх сурвалж: www.polit.mn
URL: