Путин манай хүргэн Стивен Сигалтай хүчээ үзэхээс татгалзав

Дэлхий дахин Хятадын цэргийн парадын талаарх сэтгэгдлээ хуваалцаж байх хооронд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин эх нутагтаа ирээд олон арван ажил амжуулсаар.

Владивосток хотод болж байгаа “Дорны эдийн засгийн форум” хэмээх асар том үйл явдал яг одоо Оросыг донсолгож байна. Петербургийн эдийн засгийн форумтай эн зэрэгцэхүйц цар хүрээтэй гэж тодорхойлж байгаа энэ уулзалтад манай гарагийн олон орон оролцож, асар олон тэрбумын гэрээ, хэлэлцээ байгуулсаар.

Путин энэ үеэр Хятадын Шадар сайд Ван Ян ба Холливудын жүжигчин Стивен Сигалын хамт Оросын арал дээрх океанариум үзэж сонирхов. Путин Хятадын Ван Янд халимны тухай ярьж өглөө. “Задгай далайд улаан нүүрээрээ халимтай тулж байсан. Халим дээш өлийхөд энэ аварга том амьтныг хараад хэрэв одоо сүүлээрээ савбал завь ч өнгөрөө гэж бодсон доо” гэж Путин өгүүлэв.

Хятадын Шадар сайд Ван Ян толгойгоо хурдан сэгсэрч түгшүүртэй гэгч нь “Ийм эрсдэлтэй хобби таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэж олон хүн чин сэтгэлээсээ түгшдэг шүү” гэж Путинд хэллээ. “Тийм үү, ер нь амьдрах аюултай гэдэг байх аа” гэж Путин хариулжээ.

Дараа нь хятад дарга Ван Ян гэнэт “Сигал та хоёр адилхан тулааны урлагаар хичээллэдэг, иймээс одоо рингэн дээр хүчээ үзэх юм биш үү?” гэж Путинд санал болгожээ. Путин “Би тэгмээргүй байна” гэж татгалзав.

Сонирхолтой нь, энэ “Дорны эдийн засгийн форум”-д Холливудын оддын десант буужээ. Манай хүргэн Стивен Сигалаас гадна Памела Андерсон мөн энд хүрэлцэн иржээ. Оросуудын төлөө Стивен, Памела хоёр хувийн дайсагналцлаа ч мартсан бололтой.

Памела Андерсон “Дэлхийн экологийн тэнцвэрт байдлыг хадгалахын төлөө хамтдаа тэмцье. Ховор амьтдыг хамгаалахыг төлөө Орос орны хийж байгаа ажил, хувь нэмрийг өндрөөр үнэлж байна” хэмээн мэдэгдлээ. Түүнээс “Оросын эсрэг хориг оргил үедээ байхад энд ирэхээс айхгүй байна уу?” гэж асуухад Памела “Байгаль хамгаалах асуудалд санал зөрөлдөөн гэж байж болохгүй, яагаад гэвэл эх дэлхий маань ганцхан. Бүгд ганц л дэлхийтэй” гэж хариулав. 90-ээд оны “секс бөмбөг” Памелагийн том хөх улаан даашинзыг нь “дэлбэлж” хүмүүсийг шоконд оруулсныг үл тооцвол түүний айлчлал их даруухан болж өнгөрлөө. Сэргэлэн бүсгүй гартаа барьж байсан хавтсаар хөхөө далдалсаар арга хэмжээг дуусгажээ.

Дашрамд дурдахад, Стивен Сигал, Памела Андерсон хоёулаа орос гаралтай юм байна. Памела Андерсоны эмэг эх Оросоос Голланд руу цагаачилсан бол Сигалын өвөг дээдэс яг энэ Владивосток хотынх гэнэ. Стивен Сигал “Миний эмээ эндхийнх. Өвөө маань энд шумбагч завь барьж байсан. Би анх удаа Владивостокт ирээд байна, надад их таалагдлаа. Удахгүй найз нартайгаа эргэж ирнээ” гэж ярьжээ.

Эцэст нь өгүүлэхэд, Владивосток нь чөлөөт боомт болж байгаа тул удахгүй гадаадынхан визгүй зорчдог болох юм байна.
.


URL:

Сэтгэгдэл бичих