Допингийн сар
Наадмын барилдааны их найрааны дуулианыг допингийн асуудал залгаж, бөхчүүдийг сандаргадаг болоод хэдэн жилийн нүүр үзэж байна. Долдугаар сарыг бөхчүүдийн найрааны сар гэвэл наймдугаар сар допингийн сар нь. Энэ сард бөх сонирхогчид хэн хэн допинг хэрэглэснийг таамаглацгаадаг бол бөхчүүд бие биенээ хардацгаадаг. Өнөө жилийн наадамд 1024 бөх барилдсанаас 32-оос нь буюу зургаагийн даваанд барилдсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авсан. Гэтэл наймдугаар сарын 5-нд БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораториас “Танайхаас ирүүлсэн сорьцуудын хоёроос нь допингийн төрлийн бодис илэрлээ” гэсэн хариу ирүүлж. Мэдээж сорьцоос нь допинг илэрсэн гэх хоёр бөх юу гэж зөвшөөрөхөв, дахин сорьцоо шинжлүүлэхээр болсон. Хоёр дахь шинжилгээний хариу эхнийхтэйгээ ижил буюу допинг хэрэглэсэн нь дахин тогтоогдвол сая нэг олон нийтэд нэрийг нь зарладаг дүрэмтэй. Эхний шинжилгээний хариу ирэхийг “А” шинжилгээ гэж байгаа бол дахин шинжлүүлж байгааг нь “В” гэж нэрлээд байгаа юм. “А” шинжилгээнээс “В” шинжилгээний хариуг ирэх хүртэлх хугацаанд сорьц өгсөн бөх сэтгэлийн их дарамттай байдаг тухай бөхчүүд ярилаа. Энэ жил эхлээд найман бөхийн сорьцоос допинг илэрсэн гэж яригдаж байснаа дөрөв болоод сүүлдээ хоёр дээр тогтсон. Аймаг, сум, компани корпораци, нутгийнхныхаа санхүүгийн дэмжлэгээр даваагаа ахиулж, цолонд хүрсэн бөхчүүдийг тэд нь бас харж үзэн допинг хэрэглэсэн бөхчүүдийн жагсаалтаас нэрийг нь хасуулсан гэж шуугиж байна. Тэгээд үлдэж байгаа хоёр бөх нь бор зүрхээрээ буюу ямар нэгэн хүний дэмжлэггүйгээр цолонд хүрэхдээ допинг хэрэглэчихсэн бөхчүүд юм гэнэ. Бөхийн хүрээнийхэн, тодруулбал залуу бөхчүүд улсын начин Ч.Цогбаяр, улсын харцага А.Алтангэрэл нарыг “зааж” өгч байна. Яагаад энэ хоёрыг допинг хэрэглэсэн гэж сэрдээд байгаагаа тодруулаач гэвэл “Аа, тэгж санагдсан юм” гэх. Энэ хоёр шиг сэрдэгдэж байгаа хэд хэдэн бөх байна. Шинэхэн аварга С.Мөнхбатыг нэрлэх юм. С.Мөнхбат наадмаас өмнө өвөл, хаваржингаа эмнэлгээр явж биеэ эмчлүүлсэн гэнэ. Тэгж удаан эмнэлгээр явсан хүн шууд л наадамд цойлох боломжгүй. Допингодсон байж таараа. Эмнэлэгт хэвтэж, бие нь сульдсан хүн тийм хурдан тэнхрэхгүй дээ гэж байна. Бас улсын гарьд Ж.Бат-Эрдэнийг допинг хэрэглэсэн байж болзошгүй гэнэ. Заан Ч.Санжаадамбыг заалны барилдаанд хүртэл сэргээш хэрэглэчихсэн явдаг. Нүдний харц нь догшроод, булчин шөрмөс нь зангираад нэг л хачин болчихсон явдаг шүү дээ гэж түүнтэй барилдсан бөхчүүд ярьцгаадаг юм. Дэвжээнд гаргадаг ааш зан, задгай, хайнгадуу барилдаан, ширүүн дориун, өөртөө итгэлтэй харагддаг нь магадгүй хүмүүст тийм буруу бодол төрүүлдэг байж болзошгүй. Бөхчүүдтэй уулзаж, допингийн асуудлыг сөхөхөд тэд “Допинг байнга шахуу хэрэглэдэг бөхчүүд байдаг ш дээ. Бүр допинггүй бол байж чаддагтүй нь ч байна” гэж ярьдаг юм.
Ер нь тэгээд энэ допингийн шинжилгээг авсны ашиг тус гэж юу байна вэ. Допинг хэрэглэсэн бөхчүүдэд тохирсон шийтгэл, хариуцлагыг нь өгөөд, тэр нь бөхчүүдэд анхааруулга, сэрэмжлүүлэг болж чаддаг байсан бол өнөөдөр энэ асуудал дахин сөхөгдөхгүй л байсан. Бөхчүүдийг гүндүүгүй, гүндүүгүй л гээд байдаг юм билээ. Тэд чинь ялгаагүй л хүн шүү дээ. Хээгүй, гүндүүгүй монгол эр хүн гээд сэргээш мэргээштэй юм ууж идээд байх уу даа. Бөхчүүд чинь тамирчин. Тэгж яривал тэд чинь юу, ямар юманд допингийн хольцтой зүйл хэр тун хэмжээтэй байдгийг захын химичээс илүү мэддэг мэргэжилтнүүд нь. Сорьцоос нь допинг илэрсэн бөхчүүдийн цолыг нь биш чимэг төдийг л
хураагаад өнгөрчихдөгөөс ийнхүү допинг үндэсний бөхөд шингээд удаж байна. Сорьцоос нь допинг илэрсэн нь үнэхээр нотлогдсон бол хатуухан шиг, зохих шийтгэлийг өгвөл дараа жилийн наадмын өмнө бөхчүүд түүнийг санаад “өнөөхөө” орныхоо хөндий рүү шиддэг болно доо. Дээр дурдсан бөхчүүд бол спортын хүрээнийхэн, тэр дундаа бөхчүүдийн дунд яригдаж буй хүмүүс. Магадгүй өнөө нутгархдаг үзэл, наадмаар өвдөг шороодсондоо хариугаа авах гэсэн далд санааны илрэл ч байж болох. Ерөөс “А”, “В” гэж байснаас эхний шинжилгээгээр нотлогдсон бол нэрийг нь зарлах хэрэгтэй. Тэгээд яахав хоёр дахь шинжилгээгээр тийм биш байсан бол цагаадаад л өнгөрнө. Хамт шинжилгээ өгсөн бөхчүүд нь олон түмэнд элдвээр хэлэгдэж, залхаж, зарим нь эхнээсээ хоолноос гарчихаад байна гэсэн шүү. Аргагүй шүү дээ, нутаг хошууныхан нь цолны мялаалга бэсрэг наадам хийгээд, бэлэг сэлтийг бөөн бөөнөөр өгчихсөн байхад допинг гэх үг нэрийг нь дагаад байхаар хэцүү байдаг биз.
Д.САРУУЛ
URL: