УИХ-ын гишүүн Сайхансамбуугийн хүү Наранбат Хонхорын шоронд морилсон түүх

Монгол улсыг тахал мэт нөмрөөд байгаа нэгэн ноцтой үзэгдэл бол хар тамхинд мансуурах, түүнийг дамлан худалдаалах явдал юм. Дэлхийн улсуудын эрүүгийн хуулийн хамгийн ноцтойд тооцогддог хар тамхины бизнес, түүгээр донтогсдын бүхэл бүтэн арми бий болоод байна. Цагдаагийн байгууллага ил, далд хэлбэрээр хэрэндээ тэмцдэг ч нэгэнт газар аван, дийлдэхээ болиод байгаа гэнэ. Дуган хад, Эрдэнэт гээд Монгол орны маань хаа сайгүй хар өвс ургаж байгаа болохоор арга ч үгүй биз. Хөнгөн хялбар аргаар цөм баяжих гэсэн ахар бодолтой залуус энэ хэрэгт бие биенийгээ татан оруулсаар байна. Хамгийн сүүлийн  жишээ гэхэд “Лемонс” хамтлагийн баргил гитарчин залуу, олноо төдийлөн танил болоогүй “нялх” хамтлагийн хэд хэдэн гишүүн, тэдний хам гэгдэх арав гаруй залуус 6 сараас 3 жилийн хорих ял аваад хорих ангиуд руу илгээгджээ.

Эрх чөлөөгөө хасуулан, босох суух, унтах хэвтэх, идэх уухаа хүртэл хянагчаар цагдуулан эрх чөлөөгөө хасуулан хоригдоно гэдэг нь хэн хүний хүсээд байдаг зүйл биш л байх.

Илэрсэн хэд нь тэд болохоос биш учраа мэдэхгүй “галаар нааддаг” маш олон залуус байгааг цагдаагийнхан баталж байна. Тэд энэ талаар нууц бүртгэл, судалгаа хийж авснаар энэхүү хэргийг нарийн учгийг улам лавшруулж эхлээд байгаа гэнэ.

Манай төр засгийн эрх мэдэлтнүүдийн хүүхдүүдээс Монгол банкны гэгддэг Чукагийн хүү Бөртөнбат, Сайхансамбуугийн хүү Наранбат нар хар тамхи хэрэглэн, худалдсан хэргээр баригдан эрүүгийн ноцтой хэрэг үүсгэгдэн шалгагдаж байсан ч тэдний эцгүүдийн гар урт учраас хуулийнханд нөлөөлөн тэдний уснаас хуурай гаргаж авсан нь тун саяхан. Чука гэхэд л хүүгээ хэдэн саяыг хаяж байж аварсныг бурхан л мэдэх байх.

Буруу өссөн хүү бухын хүзүүнээс хатуу гэгчийн үлгэрээр С.Наранбат удаа дараа мансуурсан байдалтай гэр орноороо үзэгдээд байхаар нь арга буюу Сайхансамбуу гишүүн цагдаад өөрөө мэдэгдэж хүүгээ Хонхорын хорих ….-р ангид ял эдлүүлүүлэхээр явуулж орхисон гэсэн мэдээлэл байна. Ийнхүү олныг гайхшруулсан явдал эхэлжээ. Тус ангид өмнө нь “Айс топ” хамтлагийн Коби тэргүүтэй нөхдүүд мөн хоригдоод гарч.

Энэ удаад Монголын толгой баян яахаараа ганц хүүгээ хэргээс нь мултлах талаар юу ч хийлгүй “хар гэр”-ийн хаалга татуулдаг байна аа. Уг нь тэр цагдаа, шүүх, прокуроруудыг нүдэнд нь нулимс цийлэгнэтэл хахуулдаад хүүгээ авчихаж болмоор л юм. Гэвч асуудал байсан л байх. Тэгэхгүй бол Мексикийн хар тамхины мафитай өөрийгөө зүйрлэн солиорч дүрдээ ороод яах ч байсан юм билээ. Сүүлийн үед С.Наранбатын мансуурах дон нь улам даамжирснаас эцэг хүний зориг гарган ийм шийдвэр гаргасан байхаа гэцгээж байсан гэнэ. Эх сурвалжийн ярьж буйгаар мань С.Наранбат нь Хонхорт ёстой л баянаа харуулж бүгдийг л өөрийнхөө дураар шийдэж, онцгойрч эхэлсэн ба хорих ангийн ажилтнуудтай ч үргэлж хэл ам, хэрүүл тэмцэл хийн “том андуурдаг” байсан аж.

Ингэж дураар аашлахыг нь харсан олон аавын хүү түүнд атаархах, өрөвдөх гээд л янз янзаар хүлээж авч байсан аж. Тэр өөрийн өрөөндөө хуулиар хориглодог бүгдийг “мотордон” оруулж ирээд яг л амралтын газарт байгаа юм шиг тухалдаг байсан гэнэ. Түүний өрөөнд байхгүй юм үгүй байсан аж. Эцэг, эх, жолооч, туслахгүй л бүгд ээлж дараалан өдөржин эргэж тойрон хүүгээ харан нулимс унагаан тэрүүгээр нэг жүжиг тоглодог байсан аж. Ээж нь хүний эх юм хойно хэлсэн бүхнийг нь зөөдөг байж. Телевизор, хөргөгч, печ, компьютер гээд л бараг гэрээ нүүлгээд очих нь холгүй дураараа ашилсан гэх. Түүнийг хараад албан хаагчид Наранбат ч ийм л өчүүхэн амьтан байж таарна даа. Ер нь Сайхансамбуугийн зөв л байж, ийм үл бүтэх амьтныг ингэж л сургах хэрэгтэй гэж ярилцаж суусан  гэнэ.

Цагдаагийн ажилтнуудад “Эрүүгийн хуулийн 192.1 буюу хар тамхитай холбоотой хэргүүдийн гаралт маш ихэсч байгаа, холбогдогч нь улам залуужиж байгаа. Ер нь хуулиа л чангалахгүй бол энэ асуудал огт дийлдэхгүй шүү” гээд халаглан суухаас өөр арга үлдсэнгүй.
Өөр сэтгэл цочоосон мэдээ үргэлжлэн сонсогдсоор л. Жишээ нь: Хятад улсад бусдын гар хөл болж хар тамхи хил давуулан наймаалж байгаад баригдан бүх насаараа хоригдох ял авсан эмэгтэй, олноо DJ Өө Жи гэгддэг нэгэн элийрэгч өмнө нь хар тамхины хэргээр шоронд морилоод төд удалгүй аз таарч өршөөлөөр гарсан ч түрийвчиндээ марихуан гэх өндөр үйлчлэлтэй бодис авч явж байгаад нэгэн  залуугийн хамт баригдан одоо 192-3 буюу дор хаяж 20 жил хоригдох ял урьдчилсан байдлаар сонсоод уйлах ч багадан мөрдөнгийн хана мөргөн сууж байгаа юм байна. Энэ мэт дурдаад, бичээд байвал “тэнэг” тохиолдлууд цааш хөвөрнө.

Эцэст нь хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодисыг саваагүйтэн хэрэглэж үзсэн нэг нь түүнийг хэрэглэхэд сэтгэл санаа өөдрөг болдог, бэлгийн чалханд сайнаар нөлөөлдөг гэхчлэн ухуулдаг бөгөөд энэ нь худалдаа, наймааг гааруулдаг гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Бид дор бүрнээ энэхүү аймшигт гаж зуршлаас өөрсдийгөө, дэргэдээ байгаа хэн нэгнийг сэргийлэх нь зайлшгүй тулгараад байгаа асуудал болоод байна.

Б.Батсайхан /www.now.mn/

URL:

Сэтгэгдэл бичих