“Mongolian good” гээд л хашгиралдах… /Өмнөд Суданы өнгөт бус амьдрал-II/

d233b35865c6fa136ebe2fb76a46e7db

БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний батальонуудын ээлж хүлээлцэх комиссын бүрэлдэхүүнд багтаж тус улсад 10-аад хоног ажиллахдаа үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн манай зарим цэргийн алба хаагчид болон НҮБ-ын ажилтнууд, бусад орны цэргийн алба хаагчидтай уулзаж ярилцсанаа ийнхүү толилуулж байна.  Өмнөд Судан Улсад хэрхэн зорчсон тухайгаа “Өмнөд Суданы өнгөт бус амьдралд” аян замын тэмдэглэлдээ  бага сага дурдсан учраас дахин нурших нь илүүц биз ээ!

Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн төлөвлөлтийн офицер, ахмад Д.Бат-Ялалт IY ээлжийн цэргийн багийн Ажиллагааны төлөвлөлтийн офицероор ажиллажээ. Бидний яриа Жуба хотын “Томпинг” дамжин өнгөрүүлэх баазад өрнөсөн юм.
Өөрөө ямар албан тушаалд 11 сарыг ардаа орхив оо?
-Миний хувьд 11 сар Бентью хотын “Хубилай” баазад үүрэг гүйцэтгэсэн. Үндсэн үүрэг гэвэл цэргийн багийн харуул, хоногийн манаа, эргүүл, цувааны хамгаалалтыг зохион байгуулах байсан. Энэ хугацаанд орон гэрээсээ дайжигчдын хуаранг өргөтгөн зохион байгуулах нөр их ажил өрнөсөн. Яагаад гэвэл, Гүйт, Коч, Маём, Нельду зэрэг сумдад хүчирхийлэл газар авч, хүн ардыг нь хамгаалах зайлшгүй шаардлага тулгарсан. Бентью хотод Нэур, Динка гэсэн хоёр том омог байдаг. Уг нь энэ хоёр том омог нийлж Өмнөд Судан Улсыг бүрдүүлдэг ч өөр хоорондын зөрчилдөөний улмаас тэмцэлдэж эхэлсэн.

Орон гэрээсээ дайжигчидтай өдөр тутам нүүр тулж байдаг юм байна. Ер нь тэдний амьдрал ямар хэмжээнд байна вэ?
-Орон гэрээсээ дайжигчдын хуаранд өнөөдрийн байдлаар 104 мянга гаруй дүрвэгсэд байгаа гэсэн тоо бий. Уг нь өнгөрсөн 12 дугаар сард 40-өөд мянган дүрвэгсэдтэй байсан юм. Энэ тоо цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгаа. Хоол ундыг нь НҮБ-аас зохион байгуулдаг.

Бэрхшээл багагүй байдаг байх даа?
-Тэр нь сайхан улирал гэж хэлэхэд бэрх. Хуурай улиралд нь улаан шороо шуурчихна. Борооны улиралд нь газраар нил ус, шавар шавхай болно. Машин техник тэнхлэгээ давтал шаварт суучихна. Бүсэлхийгээрээ татсан усан дотор л ажиллана шүү дээ. Гэхдээ тангараг өргөсөн цэрэг хүмүүсийн хувьд бэрхшээл биш л дээ. Энэ жил гантай байгаа учраас бороо орох нь их татруу байна. Борооных нь усанд том, том загаснууд байдаг. Дүрвэгсдийн гол зогоодог хоол хүнс нь болдог доо.

Манай цэргийн алба хаагчидтай хамт өөр ямар орны цэргийн алба хаагчид үүрэг гүйцэтгэдэг вэ?
-Гана улсын 290 хүнтэй мотобуудлагын рот байгаа. Бидний адил үүрэг гүйцэтгэдэг ч НҮБ-ын ажилтнууд болон Суданы иргэд манай цэргийн алба хаагчдыг л илүү хүндэлдэг. Дайн байлдаан, буудалцаан болоход тэд хариуцсан объектоо орхиод алга болчихдог гэсэн. Харин манай цэргүүд айсан ч айгаагүй юм шиг л зогсож байдаг. За тэгээд Непал Улсын 60 гаруй цагдаа, НҮБ-ын холбогч офицерууд гээд л орон орны цэргийн алба хаагчид хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа. Манайхны хувьд техникийн шинэчлэл хийхгүй бол үнэхээр хэцүүдсэн дээ. Гагцхүү техникийн өргөн мэдлэг, чадвартай офицер, ахлагч нар ажиллаж байгаа учраас монголчлоод ч болов хөдөлгөөд байгааг цаашид анхаарах шаардлагатай.

Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн танкийн механик жолооч, дэд ахлагч Д.ЛХАГВАДОРЖ:
-Тасгийн пулемётчиноор үүрэг гүйцэтгэсэн. Бэрхшээл гээд байх зүйл байгаагүй. Харин 9 сар үүрэг гүйцэтгэнэ гэж ирээд хугацаа сунгах болсонд л хүмүүсийн сэтгэл жаахан тиймэрхүү байсан. Париан сум Бентьюгээс 100 гаруй километрт байдаг. Тэнд 130-аад хүнтэй рот нисэх онгоцны хамгаалалтад гардаг. Харьцангуй тайван, бараг хөдөөрхүү тэр газар очиж үүрэг гүйцэтгэсэн. Ер нь цэрэг хүн ямар ч нөхцөлд ажиллах чадвартай байх ёстой. 2013 онд БХИС-ийн Ахлагчийн сургуулийг дүүргэсэн. Эх орон, Зэвсэгт хүчин итгэл хүлээлгэвэл дахин үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байгаа.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ОБХ-ийн Гал сөнөөгч, дэд ахлагч Б.БАТБОЛД:
-“Монгол” дээд сургуульд сурч байгаад ар гэрийн гачигдлаар сургуулиасаа гарч, гал сөнөөгч болсон. Би энэ ажил, албандаа дуртай. Анх удаагаа энхийг сахиулах ажиллагаанд явж байгаа болохоор юм бүхэн сонирхолтой байсан. Англи хэлний мэдлэгээ боломжийн дээшлүүлсэн гэж бодож байгаа. Тэгээд ч Суданчуудын дийлэнх нь англи хэлээр ярьдаг. Юугий нь нуухав, миний хувьд юм үзэж, нүд тайлахын зэрэгцээ, гол нь хэдэн төгрөгтэй болох. Боломж гарвал дахин явахыг л бодож байна. Гэхдээ манайд бол хэцүү шүү дээ. Хань маань хоёр хүүхдээ асраад ажилгүй гэртээ байгаа. Харина гэж бодохоор цаг хугацаа ч явахгүй юм.

ЗХЖШ-ын АУГ-ын дарга, бригадын генерал Д.Ганзоригоор ахлуулсан комиссын бүрэлдэхүүн бид Юнити мужийн Бентью хот дахь Монгол цэргийн “Хубилай” баазад 6 хонохдоо Париан суманд очиж дэд хурандаа С.Ганбатын захирсан Мотобуудлагын ротын ажил байдалтай танилцахын зэрэгцээ нутгийн удирдлагатай уулзаж, тодорхой асуудлаар санал бодлоо солилцсон. Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн офицер, дэд хурандаа С.Ганбат өөрийн хариуцсан “Арвай” баазаа чамлахааргүй тохижуулж, цэргийн алба хаагчдаа чадварлаг удирдсаныг IY ээлжийн багийн захирагч, хурандаа М.Батчулуун Д.Ганзориг генералд илтгэж байсныг тэмдэглэе. Ингээд Бентью хотын “Хубилай” баазад уулзаж учирсан хүмүүсийнхээ ярианд хандуулъя!

Кени Улсын иргэн, НҮБ-ын ажилтан Андрев МЕВАЛИ:
-Монголын цэргийн алба хаагчдад НҮБ-ын ажилтнууд үнэхээр талархалтай ханддаг. Тэд эелдэг харилцаатайн зэрэгцээ бидний аюулгүй байдлыг маш найдвартай хамгаалдаг. Аливаа ажлыг зохион байгуулахдаа ч сайн. Бидний энэ рестораныг II ээлжийн цэргийн багийнхан барьж өгсөн. Энэ ажиллагаа их л удаан үргэлжлэх байх. Дүрвэгсдийн хуаранд хүн нас барах нь ердийн үзэгдэл. Хүнсний бүтээгдэхүүн нь тэр бүрийд хүрэлцдэггүй учраас өлсөж, харангадах нь бий. Тухайлбал, 5 хүний дунд хоолны нэг талон, нэг шуудайтай будаа оногддог нь хаанаа ч хүрдэггүй юм билээ. Миний хувьд өнгөрсөн оны 12 дугаар сараас энд ажиллаж байна. Сарын 700 долларын цалинтай. Үүнийхээ 400-г нь хүүхдүүдийнхээ сургалтад, 200-г нь эхнэртээ явуулж, үлдсэн 100-г нь өөртөө зориулдаг. Яахав, амьдралаа болгоод л байна.

НҮБ-ын Хүмүүнлэгийн байгууллагын ажилтан, Малави Улсын иргэн Матив ПИТА:
-Манай улс Хойд, Өмнөд Африкийн дунд оршдог жижигхэн улс л даа. Ажлынхаа шугамаар Бентью хотын удирдлагатай байнга уулздаг. Тэд Энхийг сахиулагчдаас хамгийн сайныг нь монголчууд гэдэг. Дүрвэгсэд ч мөн л тэгж ярьдаг. Буудалцаан болоход Гана, Этиоп, Непал цэргүүд толгойгоо дараад л орох байх газраа олж ядаж байхад Монгол цэргүүд бол ер ажирсан шинжгүй зогсоод хамгаалж байдаг. Эндхийн хүүхэд, эмэгтэйчүүд л ажил хийнэ. Эрчүүд нь бол хөдлөхгүй шүү дээ. Монгол цэргүүд эргэн тойронд байхад модоо айх аюулгүй авдаг гэж хүүхнүүд нь ярьдаг. Тэд гэр бүлийн гишүүд олонтой. Дөрвөн эхнэртэй хүн ч байх. Олдсон жаахан хүнсээ тэдэндээ илүүчлэнэ. Үхрээр хүүхэн худалдаж авдаг. 50-100 үхэртэй бол эхнэр авах боломжтой гэж байгаа. Сонгосон эмэгтэй нь мэдлэг боловсролтой, царай зүсээр боломжийн, тэгээд НҮБ-д ажилладаг бол үхрийнх нь тоо нэмэгддэг. Суданчууд хамгийн өндөр хүүхнээ хөөрхөнд тооцдог юм билээ.

Жич: Нэлээд марзандуу байрын, илэн далангүй яриатай, манайхаар бол ил цагаахан гэмээр энэ хүнтэй Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн салааны захирагч, дэслэгч Э.Энхтөр үй зайгүй найз юм билээ. Тийм ч учраас илэн далангүй хөөрөлдсөн биз ээ!

Гана Улсын Зэвсэгт хүчний ахмад Даниел БОМПОНД:  
-Монголчууд их шаргуу, нөхөрсөг, цэргийн алба хийгээд мэргэжилдээ гаргууд, хамтран ажиллахад үнэхээр түшигтэй улс юм. Гадна хамгаалалтыг сайн хийж, үүргээ сайн гүйцэтгэдэг маш сайн цэргүүд. Бидний хувьд 5,6 сар үүрэг гүйцэтгээд нэг сар амрах эрхтэй.

НҮБ-ын ажилтан, Судан Улсын иргэн МАРДА:
-Хэдийгээр төрж өссөн эх орон минь ч гэсэн, амьдрахад маш хэцүү байна. Байнга л дайн болдог. Бентью хотод ахлах сургууль дүүргэсэн. Одоо НҮБ-ын Хүмүүнлэгийн байгууллагад ажиллаж байна. Хэзээ эх орон минь амар жимэр болж, сайн сайхан амьдралтай золгох болдоо л гэж өдрийн бодол, шөнийн зүүд болох юм даа. Гэвч тэр цаг өдий байх аа!

НҮБ-ын Цагдаа Матис ЛУЙБ:
-Эн тэргүүнд хоол хүнсний асуудал маш хүнд байна. Нийслэл Жуба хотоос татдаг болохоор хугацаа алдах тохиолдол байнгын.  Тэгээд борооны улирал учраас газраар явах ямар ч боломжгүй. Онгоцны царай л хардаг. Бидний үүрэг гүйцэтгэж байгаа орчин ямар болохыг та өөрөө харж байгаа биз дээ. Ер нь хүн амьдрах аргагүй гэж хэлж болно. Усны асуудал маш хүнд. Борооны тогтсон усаар гол зогоож байгаа хүн олон бий. Ариун цэврийн ямар ч шаардлага хангахгүй, дээд хэсэгт нь хүн өтгөн шингэнээ асгаж байхад доод хэсгээс нь ус аваад л явж байх жишээтэй. Дайн байлдааныг нь яаралтай зогсоож, хүмүүсийг нь мэдлэг боловсролтой болгож, ажил идэвхтэй эрхэлдэг болгохгүй бол энэ улсын амьдрал маш хэцүү байна. Надаас гадна 12 эмэгтэй байгаа. Бидний гол үүрэг гэвэл хулгай, дээрэм гарахаас сэрэмжилдэг.

Энэтхэгийн армийн ахмад Ажау Анде:
-Бид ирээд удаагүй байгаа. Өмнөх хүмүүс монгол цэргүүдийг маш сайн, хамтран ажиллахад түшигтэй хүмүүс гэж танилцуулсан. Энэ улс орныг энх амгалан байлгахын төлөө танай улсын цэргүүдийн адил үүрэг гүйцэтгэж, энхийн төлөө явж байгаа цэргийн алба хаагчид гэдгээрээ бахархдаг даа.

Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Хөлгийн үйлчлэгч, ахлагч Ц.БАЯРЖАРГАЛ:
-Энд эмнэлгийн бүлгийн зааварлагчаар ажилласан. БХХСАХНЭ-т сургалтад хамрагдаж, жинхэнэ газар оронд нь дадлагажсандаа баяртай байгаа. Миний төрсөн эгч, хошууч Ц.Нэргүй АДХЦ-ийн командлалд мэргэжилтнээр ажилладаг. Тавдугаар ээлжийн цэргийн багт ар талын офицероор ирээд байгаа. Эгчтэйгээ тавтай ч уулзаж амжаагүй байтал Париан сум руу явчихлаа. Хэдийгээр мэргэжлийн сувилагч биш ч хол, ойрын эргүүлийн цуваанд явдаг. Цаг агаар нь халуунаас гадна орчин нь бохир учраас янз бүрийн халдварт өвчин гээд л хүндрэлтэй зүйл их байдаг. Зарим үед харуулын үүрэг ч гүйцэтгэнэ шүү дээ. Энд 36 эмэгтэй үүрэг гүйцэтгэсэн. Тэд маань холбоо, угаалгын газар, эмнэлгийн байр, гал зуух зэрэгт ажиллаж, даалгасан ажил үүргээ чадварлаг сайн гүйцэтгэсэн гэж бардам хэлнэ. Тэгээд ч чадна л гэж энэ газар орныг зорьсон болохоор ухарч, шантрах зүйл огт байгаагүй.

Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн РЭТ-ийн офицер, ахмад М.УНДРАМ:
-Хээрийн халуун усны бүлгийн даргаар ажилласан. Батальоны бие бүрэлдэхүүний хувцас, цагаан хэрэглэлийг угааж цэвэрлэдэг хариуцлагатай ажил. Манай бүлэгт 4 эмэгтэй байсан. Тэд маань маш сайн ажилласан. Эмэгтэй цэргийн алба хаагч гэлгүй харуулын цэгт үүрэг гүйцэтгүүлж болмоор санагддаг. Биднийг арай л хөнгөн ажилд томилоод байдаг юм. Цаашид эмэгтэйчүүдийн эмч явуулах шаардлагатай гэж боддог. Сайн удирдлага, сайн хамт олон, сайн багийн хүчээр эх орон, Зэвсэгт хүчнийхээ хүлээлгэсэн үүргийг маш сайн биелүүлсэн гэдгийг л хэлэх байна.

БХХСАХНЭ-ийн их эмч, ахлах дэслэгч Н.БАТТУЛГА:
-Нэгдүгээр шатны эмнэлгийн даргаар 11 сар 20 хоног ажиллалаа. Энэ хугацаанд 9 эмч, 9 сувилагчийнхаа хамт 24 мянган үзлэг хийсэн байна. Өмнө нь Афганистанд мэс заслын эмчээр ажилласан болохоор бага зэрэг туршлага байсан. НҮБ-ын ажилтан албан хаагчдад шүд, эрүү нүүрний эмчилгээ үзүүлэхийн  хамт Гана, Этиоп Улсын цэргийн алба хаагчдад эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэн. Төрөл бүрийн үрэвсэлт өвчин, хүнд хэлбэрийн наранд цохиулах, малярын тохиолдол зэрэг өвчлөл их байлаа. Баазын хашаанаас 50 орчим метрийн зайд оршуулгын газар байдаг учраас халдварт өвчин гарах магадлал ихтэй. Эм бэлдмэл, ариутгалын бодис хангалттай байсан учраас ийм байдлаас сэргийлж чадсан. Ер нь Африк орон манай улс шиг байгаль цаг уурын цэвэршүүлэг байдаггүй болохоор холер, маляр зэрэг халдварт өвчнөөс гадна судлагдаагүй өвчлөл маш их гардаг.

Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн гэрээт цэрэг Т.БУЯНТОГТОХ:
-Энд 60 гаруй гэрээт цэрэг үүрэг гүйцэтгэсэн. Манай ангиас 9 гэрээт цэрэг ирсэн. Миний алба хаах хугацаа дуусч байгаа ч цаашид ахлагчийн албанд шилжиж, Зэвсэгт хүчиндээ үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байгаа. Гэрээт цэргүүдийн хувьд олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа нь ховорхон боломж юм. Ах нараасаа их ч зүйлийг сурч мэдлээ. Мужааны ажлыг давхар хийсэн. Цэрэг дайчдынхаа амьдрах орчныг тохитой байлгахын тулд номын тавиур, ширээ, сандал хийх гээд л ажил мундахгүй. Цаг хугацаа хурдан өнгөрөөд, тэр нь ч зугаатай байдаг юм.

Бентью хотын “Рубкона” нисэх буудалд том онгоц буух боломжгүй учраас 8 дугаар сарын 10-ны өглөө ОХУ-ын “Ми-8” нисдэг тэргээр бид Вау мужийг зорьсон. “Рубкона” нисэх буудлын ойролцоо унаж сүйрсэн онгоц бараг тэр хэвээрээ байсан бол Вау мужид ч мөн унасан онгоц байж л байх юм. Нэг цаг гаруй нисээд тус мужид газардахад дэд хурандаа Ж.Батсүх биднийг угтан авсан. Тэрбээр тус мужид Баруун секторын Ажиллагааны ахлах офицероор ажилладаг юм байна. Мөн дэд хурандаа Д.Наранчимэг гэдэг эмэгтэй холбогч офицероор ажилладаг аж.

Ж.Батсүх дэд хурандаагийн үндсэн үүрэг нь хариуцлагын бүс дэх цэргийн ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, удирдлагаар хангах, хамтын ажиллагааг зохицуулах, цэргийн болон иргэний хүчний штабыг цаг алдалгүй мэдээллээр хангах зэргээр чамлахааргүй ажилтай байдаг аж. Тэнд орон гэрээсээ дайжигчдын хуарантай ч Бентьюг бодвол харьцангуй цөөн 300 гаруй хүнтэй юм байна. Нисэх буудлын хүлээлгийн өрөөнд нэг цаг гаруй саатаад 50 хүний суудалтай НҮБ-ын онгоцоор Жуба хотыг зорьсон.

Дашрамд тэмдэглэхэд, Жуба хотын олон улсын нисэх онгоцны зурвасаас Этиоп Улсын мөнөөх аварга том халим шиг хөлөг хөөрч, газраас яг тасрах агшинд IҮ  ээлжийн цэргийн багийн 200 гаруй дайчид маань дуу алдан босоцгоож байсан нь эх орноо ямар ихээр санасны нь илэрхийлэл билээ. Ийнхүү агаарт 20 гаруй цаг аялаад “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах торгон агшинд тэд мөн л ура хашгиран суудлаасаа босоцгоож байсан нь эх орон гэдэг ямар их үнэтэйн баталгаа болж, хамрын самсаа өөрийн эрхгүй шархирч байсан даа.

Дэд хурандаа Г.БААТАРНУМ


URL:

Сэтгэгдэл бичих