НАМЭХ-ийн баруун бүсийн эмэгтэйчүүд амжилттай чууллаа

144159769255ed08fcb10bbНийгэм хурдацтай өөрчлөгдөхийн хирээр хүмүүсийн харилцаанд ч гүнзгий өөрчлөлтүүд гарч байна. 2016 оны бүх шатны сонгуулийн буухиа ойртсон энэ цаг үед Монгол Улсын тогтвортой хөгжлийн баталгаа болж ирсэн улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын дэргэдэх НАМЭХолбоо “Эмэгтэйчүүд нийгмээ өөрчилж чадна” уриан дор нэгдэж МАН-ын “Бид хамтдаа” аяны хүрээнд монгол орон даяар удирдах ажилтнуудаа идэвхжүүлэн чадавхижуулж бүсчилсэн чуулгануудыг зохион байгуулж байгаа билээ. Тэд энэ сарын 29-30-ны өдрүүдэд Баруун бүсийнхээ эмэгтэйчүүдийн Удирдах ажилтны зөвлөгөөнөө Ховд аймагт амжилттай зохион байгууллаа.

Нийгэмд хэрэгтэй хамгийн сайн өөрчлөлтийг эмэгтэйчүүд хийж чадна гэдгийг Баруун 5 аймгийн 250 гаруй эмэгтэй уриалж, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нийгмийн захиалга байна гэж үзэж байгаа аж. Тэд 2 өдрийн турш үзэл бодлоо уралдуулан зөвлөлдөж, өөрсдийн дуу хоолой, санал бодлыг удирдлагууд, оролцогч эмэгтэйчүүддээ хүргэсэн байна.

Иргэдийн өдөр тутмын амьдралын хэрэгцээ шаардлага, улс орны эдийн засаг, улс төрд нүүрлээд буй гүнзгий хямралаас төрөө, түмэн олноо гаргахад эмэгтэйчүүд нэгдэж, хамтдаа хөгжлийн буухиа, түүчээ болоход шаардагдах мэдлэг, мэдээллийг солилцож, ололт амжилтаа нийгэмд, нийт эмэгтэйчүүддээ хүргэх зорилготой байгаад НАМЭХ-ны Удирдах ажилтны бүсчилсэн зөвлөгөөний гол ач холбогдол оршиж байгаа аж.

 

МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа :

БИД ХАМТДАА Улс орон даяар өрнүүлж байгаа МАН-ын аяны хүрээнд НАМЭХ маань  бүх бүсүүдийнхээ Удирдах ажилты зөвөлгөөнийг зохион байгуулж байгаа. Өнөөдөр баруун нутгийн тулгуур хөгжлийн төв болсон Ховд аймагт баруун таван аймгийнхаа удирдах ажилтны зөвөлгөөнийг хийж байна.

Улс төрийн нам, намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын гол ажил бол өнөөдөр ээлжит сонгуулиудад эмэгтэйчүүдийнхээ манлайлалыг дэмжих замаар эмэгтэйчүүдээ бэлтгэх ёстой. Манай холбооны хамт олон 2016  оны улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг хэлэлцэж, эмэгтэйчүүдийн боловсрол, эрүүл мэнд, ажил хөдөлмөр эрхлэлт, шийдвэрлэх түвшинд оролцож ажиллаж чадаж байгаа эсэхэд дүгнэлт хийж, цаашид асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар олон талаас нь ярилцаж зөвшилцөж байна.

Улс төрийн намууд сонгогч эмэгтэйчүүдээс санал авахын тулд популист шинж чанартай олон амлалт өгдөг. Гэтэл амьдрал дээр эдгээр амлалтууд хэрэгжидэггүй. Асуудлыг тооцоо судалгаатайгаар эрэмбэлж шийдвэрлэх зөв арга замыг олж харах нь чухал юм. Үе шаттайгаар, эдийн засгийн хүндрэлтэй энэ байдалтай зохицосон бодлогуудыг бид эмэгтэйчүүдийнхээ төлөө хэрэгжүүлэх шаардлагатай.

Нөгөөтэйгүүр бид шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог дээшлүүлэх  асуудлыг ярих шаардлагатай. Ингээд ярихаар зөвхөн УИХ–д сонгогдох гэж эмэгтэйчүүдийн асуудлыг ярьж байгаа юм шиг буруу ойлголт байдаг. Тэгвэл өнөөдөр багийн хөгжилд эмэгтэйчүүд яаж оролцох юм, аймаг орон нутгийн хөгжлийн асуудлыг яаж харж байгаа юм,  цаашлаад улс эх орны хөгжлийн ирээдүйн хэтийн төлөвлөлтөд бид яаж оролцох юм бэ? гэсэн шат дараалалтайгаар эмэгтэйчүүдийнхээ чадавхыг сайжруулж, манлайллыг өндөр түвшин гаргах ёстой.

Зөвлөгөөнд Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа, НАМЭХ-ны УЗГ, Баруун бүс хариуцасан нарийн бичгийн дарга Ж.Сауле, УЗГ, “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө,  УЗГ В.Удвал нар оролцож, “Эмэгтэйчүүд ба хөдөө аж ахуй” , “Улс төр дэх эмэгтэйчүүдийг оролцоог ихэсгэх нь”, ”Эмэгэтэйчүүд ба сонгууль” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж, нээлттэй ярилцаж, эмэгтэйчүүдийн санаа бодлыг сонслоо.

НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, “Гал Голомт” Үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө :

Эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд оролцоог нэмэгдүүлэх асуудал бол 20-р зууны сүүлээр асар хүчтэйгээр дэлхий нийтийн асуудал болж тавигдсан. Үүнийг хэрэгжүүлэх хамгийн гол миханизм бол улс төрийн намуудийн дүрэм, нэлээн олон хуульд энэ чиглэлийг тусгаж өгөхгүйгээр шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн. Ингээд дэлхий ниийтийн хандлага өөрчлөгдөж, олон хууль дүрэмд эмэгтэйчүүдийн оролцоог дээшлүүлэхэд практик бий болсон. Олон улс орон өөрийн сонгуулийн хуульд болоод улс төрийн намуудын дүрэмд суулгаж өгсөн. Энэ практикыг МАН өөрийн үйл ажиллагаандаа тусгасны нэг баримт бол  25 % -ийн квотын асуудал юм. Монголд байгаа улс төрийн хүчнүүдээс нэлээн тэргүүний эгнээнд , эхний ээлжинд энэ квотыг оруулж ирсэн улс төрийн хүчин. Намын 26-р их хуралд энэ эмэгтэйчүүдийн квотын дүрмийг батлуулах  бүхэл бүтэн бүлэг, хөдөлгөөн ажиллаж, УИХ-ын гишүүдэд ойлгуулах, намын дүрмийн өөрчлөлтөд  оруулахаар  ихээхэн идэвхитэй ажиллаж байлаа.

Харамсалтай нь энэ дүрмээ хэрхэн яаж биелүүлж ажиллах вэ гэдэг нь тодорхой хэмжээнд үйл явц, тодорхой хэмжээний миханизм шаардаж байна.

УИХ-ын сонгуульд пропоционал системээр нэрсийн жагсаалт гаргахад эмэгтэйчүүдийн байрлал яаж байх юм бэ гэсэн асуудал шийдэгдэх ёстой болоод байгаа юм. Өмнөх сонгуулиар жишээлэхэд араваас хойш л эмэгтэйчүүд жагсаалтад орсон байх жишээтэй. Ингээд явчихвал эмэгтэйчүүдийн төлөөлөлгүйгээр л улс төрийн үйл ажиллагаа явагдах болж байгаа юм.

Жендерийн эрх тэгш байдлыг хангах хууль гээд бид батлуулсан. Энэ бол нийгэмд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх эрх зүйн болон нийгмийн сэтгэл зүйн талаас өөрчлөлт гаргасан дэвшил байлаа. Гэтэл өнөөдөр энэ хуулийн хэрэгжилтийн талаар хэн дуугарч байна вэ? Нөгөө парламентийн гишүүдийн 14,9 хувь эзлэж байгаа бүсгүйчүүд минь өнөөдөр энэ хуулийнхаа тухай дурсаж байна уу? Үүнийг мэдэж өгүүлж байна уу гэдэг нь хариулт багатай байгаа асуудал шүү дээ. Тийм учраас хүн амын 50%-ийг төлөөлж парламентад орж байгаа хүмүүс энэ үүргээ биелүүлэх ёстой. Мэдлэгээ дээшлүүлж хандлагаа өөрчилж, нийгмийн сэтгэл зүйг өөрчлөх ёстой юм.

 

 НАМЭХ-ны Баруун бүс хариуцсан нарийн бичгийн дарга Ж.Сауле  :

Баруун бүс бол эмэгтэйчүүдийн хувьд их онцлогтой. Төвөөс алслагдсан, амжиргааны түвшин төвийн бүсийнхээс доогуур. Үүнийгээ дагаад ажилгүйдлын тоо ч буурахгүй, нэмэгдэх хандлагатай. Бодит байдалд баруун бүсийн эмэгтэйчүүдийн амьдралыг сайжруулах төрийн бодлого дутмаг байдаг. Энэ асуудлыг шийдвэрлэх нэн тэргүүний арга бол баруун бүсийн нэмэгдэлийг олгох цогц бодлого юм. Энэ бүсэд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 70%-ийг эмэгтэйчүүд эзэлдэг. Эдгээр эмэгтэйчүүдэд дэмжлэг  үзүүлэх бодлого байх ёстой.  Мөн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн даатгал, ажилгүйдлын гээд олон олон шил дарсан асуудлыг системтэйгээр шийдвэрлэх шаардагатай байна.

Мөн 2008-2012 онд гаргасан “Малчидын талаарх төрөөс баримтлах бодлого”-ын хэрэгжилт орон нутагт муу байгааг иргэд шүүмжилж байгаа. Өнөөдрийн зөвөлгөөнд ч гэсэн хөдөөгийн малчин эмэгтэйчүүд ярьж, шаардаж, төрд үгээ хүргүүлэхийг хүсч байна. Баруун бүсэд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувь бага байдаг. УИХ д баруун бүсээс ганц Д.Оюунхорол гишүүн л төлөөлөл болж байна. Энэ нь бодлого гаргаж, шийдвэртэй ажиллахад хүчгүйдэж байгаагын илэрхийлэл.

МАН нь хамгийн анх эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог хангахад анхаарч  дүрмэндээ 25% -ийн квотыг зааж оруулж өгсөн улс төрийн хүчин. Энэхүү дүрмийн өөрчлөлтийг оруулахад намын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбоо шат дараалласан олон үйл ажиллагааг зохион байгуулж, идэвхитэй тэмцсэн юм. Энэ нь зөвхөн улс төрийн намын  үйл ажиллагаанд оролцож, УИХ-д сонгогдох гэхээсээ илүүтэйгээр  төрийн бодлогод эмэгтэйчүүдийн бодол саналыг тусгаснаар нийгмийн олон асуудал эерэг зөөлнөөр, зөвөөр шийдэгдэх үндэс болноо гэж үзсэнийх юм.

 

НАМЭХ-ны Увс аймаг хариуцсан удирдах зөвлөлийн гишүүн  В.Удвал :

Квотын зарчимыг сонгуулийн хуульд оруулах юм бол эмэгтэйчүүдийн улс төрийн эрх хангагдаж, олон асуудалд дуу хоолойгоо нэгтгэх боломж бүрдэх юм. Ингэснээр монголын нийгмийн тулгуур багана болсон гэр бүлийн амьдралын хэв шинж хадгалагдаж, эдийн засгийн, соёлын, боловсролын тулгуур суурь бааз бат байж, Монгол төрийн тогтвортой, эвсэг байдаг ч хамгийн удаанаар хадгалагдах боломж бүрдэнэ.

Мөн бидний яриад байгаа нийгмийн ёс суртахууны уналт үгүй болж, хүүхдийн хүмүүжил, нийгмийн уур амьсгал ч хүмүүнлэг болох эерэг нөлөө гарна. Авилаг хээл хахуулийн асуудал ч нийгэмд бухимдал үүсгэж байна. Харин эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоог нэмэгдүүлснээр дээрх бэрхшээлүүдийг багасгах бодит хандлага, үр дүн гарна гэж үзэж байна.   Тус зөвөлгөөнд оролцосон баруун бүсийн эмэгтэйчүүд өөрсдийн амьдрал аж ахуйд тохиолдож байгаа зовлон бэрхшээлийг дурьдаж, цаашид төр засгийн явуулж буй үйл ажиллагаа, бодлогод  эдгээр асуудлыг шийдвэрлэхэд тулхтай хандаасай хэмээн хүсэж байна. Монгол орны эдийн засгийн хямрал, улс төрийн ороо бусгаа тогтворгүй байдалд маш шүүмжлэлтэй хандаж, сэтгэл дундуур байгаагаа Баруун бүсгүүчүүд илэрхийлсэн юм.

 

  Завхан аймгийн НАМЭХ –ны дарга Ц.Энхтуяа: 

Улс орны эдийн засгийн хямрал хөдөөгийн айл өрхийн амжиргаанд илт дарамт учруулж байна. Сүүлийн 3 жилийн хувьд тоолдогоо барсан ард иргэд бухимдлаар дүүрэн байгааг нуух арга алга. Мөн улс төрийн тогворгүй нөхцөл байдаг сэтгэл санаа ч хямралтай, цаашдаа яах бол гэсэн айдсаар дүүрэн байх боллоо. Ард иргэдийн амьдрал үнэндээ “саарал” байна.

Нийслэлийн төвлөрөлтийг бууруулах бодлого сул байгаагаас сум орон нутаг эзгүй болж,  хүн амын хувьд тун их сийрэгжиж байна. Сум орон нутагт жижиг дунд бизнес эрхлэх боломж бололцоо муутайгаас зах зээл ихээр хумигдаж байна. Бас жижиг дунд бизнесээ дэмжүүлэх саналаа өгсөн бүсгүйчүүд өнгөрсөн жилүүдэд ямар нэгэн дэмжлэгэ авч чадсангүй. Манай аймагт Чингис, Самурай бондоос ямар нэгэн хөрөнгө авч, төсөлөө дэмжүүлж чадсангүй.

 

Говь-Алтай аймгийн НАМЭХ-ны дарга Б.Баярмаа

Манай аймагт сүүлийн хэдэн жил эмэгтэйчүүдийн ажиллах хөдөлмөрлөх эрхэд бүдүүлгээр халдах явдал ихэслээ. Намын ялгаварлаас болж бүтэцийн өөрчлөлт нэрийн дор эмэгтэйчүүдийг ажлаас нь хоморголон чөлөөлж ажилгүй, амьдралгүй болгож байна. Хөдөлмөр эрхэлж амьдралаа залгуулж, өрх толгойлж яваа олон эмэгтэйчүүдийн амьдрал ажилгүй болсноос болж дордож байгаа нь асуудал болоод байна. Энэ тухай бид зөвөлгөөнд ирсэн хүмүүст хэлж дуулгаж байна. Өөрөөр хэрхэн яаж тэмцэхээ бид ярилцаж, шийдэж, зөвлөхөөр энд ирсэн.

 

Баян-Өлгий аймгийн МАН-ын Дэд дарга Д.Сара

Манай аймагт дээр үеэсээ эмэгтэйчүүдийг шийдвэрлэх шатанд ажиллахыг төдийлөн дэмждэггүй, гэртээ хүүхдээ хараад, гэр ахуйн ажлыг  л хийж байх ёстой гэж ихэнх нь үзэж, хандаж ирсэн. Гэхдээ энэ хандлага ойлголт нийгэм хурдацтай хөгжихийн хирээр өөрчлөгдөж  байна. Гэхдээ хангалттай түвшинд хүрэхгүй байгааг цохон хэлэхийг хүсч байна. Өнөөдрийн улс төрийн тогтворгүй нөхцөл байдал, авилга хээл хахуул ихсэж, төрийн бодлого хөрсөн дээрээ бууж өгөхгүй байгаа нь шийдвэр гаргах, нөлөөлөх түвшинд эмэгтэй хүний оролцоо дутсанаас болсон гэж үзэж байна. Тиймээс ч цаг үеэ дагаад эмэгтэйчүүдийг дэмжиж ажиллах шаардлага байгаа гэдгийг хаа хаанаа ойлгож, ажил хэрэг болгох хэрэгтэй байна.

Эмэгтэйчүүдийнхээ үгийг сонсож, улс төрийн оролцооны идэвхийг сэргээх, тэднийг чадавхижуулах зорилготой НАМЭХ-ны удирдах ажилтны зөвөлгөөн баруун бүсэд ийнхүү амжилттай боллоо. 2015 оны 9-р сарын 11,12-нд Зүүн бүсийн удирдах ажилтны зөвөлгөөнөө хийхээр  төлөвлөж байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих