Э.Сноуден ЛГБТ-ийн талаарх Оросын бодлогыг шүүмжлэв
АНУ-ын тагнуулын ажилтан асан Эдвард Снуоден Оросын эрх баригчдаас интернэт дэх үг хэлэх эрх чөлөө, ижил хүйстнүүдийн эрхийг хязгаарлах бодлого явуулж буйг шүүмжилжээ.
Эдвард Снуоденд Норвегийн зохиолч хүмүүнлэг үзлийг номлогч Б.Бьёрнсоны нэрэмжит шагнал олгох ёслолын үеэр тэрбээр энэ тухай мэдэгдсэн байна. Тагнуулч асан Оросын эрх баригчдыг интернэт, хувь хүний амьдралыг улам хатуу хянах, хүмүүсийг нэгэндээ хайраа хэрхэн илэрхийлэх нь зүйтэй эсэхийг шийдвэрлэхийг оролдож буйг буруу гэж үзсэн аж.
Мөн Орост үлдэхийг тэрбээр анхнаасаа төлөвлөөгүй ч дамжин өнгөрөх үед нь АНУын эрх баригчид паспортыг нь хүчингүй болгосноос тус улсад үлдсэн гэдгээ ярьжээ. Э.Сноуден нийт 21 орны эрх баригчдад орогнол хүссэн өргөдөл явуулсан ч хариу аваагүй ба Орос улс сүүлчийн хувилбарын нь нэг байсныг өгүүлсэн байна.
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын албаны ажилтан Э.Сноуден тус улсын тусгай албадаас дэлхийн олон орны удирдагчид, олон сая иргэнийг нь тагнаж чагнадаг тухай мэдээллийг 2013 онд олон нийтэд дэлгэсэн билээ. Үүний дараа тэрбээр Оросоос орогнол хүсч, дараа нь түр оршин суух зөвшөөрөл авсан юм.
URL: