ИЗНН сонгуулийн компанит ажлаа хэдийнэ эхлүүлжээ

1441591598_izznnn-deduud

Шийдлийн Засгийн газар 6 сайдаа томилох гэж өвөр зуураа бужигнасаар сая л нэг юм АН дотроо ойлголцолд хүрч шинээр томилох сайд нарынхаа нэрсийг УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид өргөн мэдүүлжээ. Мөн хуулийн дагуу сайд болох хүмүүсийн нэрсийг Монгол улсын Ерөнхийлөгчид танилцуулж зөвшилцөх ёстой. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд нөхөн томилох 6 сайдын хэн нэгнийг нь хэлэлгүйгээр бүхэлд нь дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлжээ. Тэрээр энэ шалтгаанаа УИХ-ын гишүүнийг давхар Засгийн газрын гишүүнээр томилох асуудлыг дэмжихгүй гэж тайлбарлажээ.

 

Ямартай Ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын Шадар сайдаар УИХ-ын гишүүн Цэрэндашийн Оюунбаатар, Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Баярбаатарын Болор, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар УИХ-ын гишүүн Намдагийн Батцэрэг, Барилга, хот байгуулалтын сайдаар УИХ-ын гишүүн Зангадын Баянсэлэнгэ, Зам тээврийн сайдаар УИХ-ын гишүүн Мөнхчулууны Зоригт, Хөдөлмөрийн сайдаар УИХ-ын гишүүн Гарьдхүүгийн Баярсайхан нарын нэрсийг сайдад томилуулахаар дэвшүүлсэн бөгөөд цаашид Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн албан хариуг үл тоон эдгээр хүмүүсээ УИХ-аар батламжлан томилуулах бололтой. Нэгэнт УИХ дах АН-ын болон Шударга эвсэлийн бүлэг дотроо ярилцаад шийдэлд хүрч сайдаар томилуулахаар болсон эдгээр гишүүдийг УИХ-аас төвөггүйхэн томилох биз.

Ийнхүү ямарч байсан эзгүй байсан 6 сайдын суудал ийнхүү маргаашнаас эзэнтэй бол шийдэгдэх бол үүний дараа дэд сайдуудын томилгооны асуудал яригдана. Үүнтэй зэрэгцээд улс төрийн нам эвслүүд дэд сайд нарынхаа нэрсийг дотооддоо тохирч, нэгдсэн шийдэлд хүрээд байгаа юм. Дэд сайдад УИХ-д суудалтай АН, Шударга ёс эвсэл, ИЗНН-аас томилгоо хийгдэнэ. ИЗНН-ын хувьд парламентэд 2 гишүүний суудалтай улмаас аль нэг яамыг дангаараа авах хэмжээний “бяр” дутсан гэж хэлж болох. Гэвч тэд 2-3 дэд сайдын суудал авах дүр зураг харагдаж байгаа.

ИЗНН-ын хувьд хэтэрхий улс төржилгүй алгуурхнаар өөрийн намын үйл ажиллагаагаа явуулсаар байна. Тэдний хувьд Өршөөлийн хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг дэмжиж ажиллана гэдгээ олон нийтэд мэдэгдсэн нь ард түмний талд оноо авсан үйлдэл гэж хэлж болно. Харин одоо ИЗНН дэд сайдуудад өөрсдийн боловсон хүчнээ сойн, тэднийгээ томилуулах тохиромжтой цагийг хүлээж суугаа нь ИЗНН-ыг улс төрийн туршлагатай намын хувиар аль хэдийнэ сонгуулийн уур амьсгалыг мэдэрсэн алхам хийж байгаа нь энэ гэж ажиглагчид хэлж байна.

ИЗНН-аас ямар хүмүүс дэд сайдад томилогдох бол. Хэрвээ ИЗНН-д засгаас 3 дэд сайдын суудал өгнө гэж тооцвол хэн хэн эдгээр суудалд очих вэ гэдэг асуудал олны анхаарлыг татаж байна. Зарим ажиглагчдын үзэж байгаагаар ИЗНН нь АН-аас ч илүү дотоод ардчилалтай бөгөөд улс төрийн томилгооны асуудалд өмнөх сонгуулийн үр дүнг харгалзаж, олонхиороо шийддэг уламжлалтай гэнэ. Тэгвэл энэ ИЗНН-аас энэ “болзол”-ыг ИЗНН-ын дэд дарга Ц.Ганхуяг, ИЗНН-ын Төрийн байгуулалт, хууль зүйн асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга Р.Булгамаа, ИЗНН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн З.Ган-Очир нарын нэр яригдаж байгаа ажээ.

Ц.Ганхуяг- ИЗНН-ыг үүсгэн байгуулалцсан тэрбээр нэгэнтээ намаа төлөөлөн УИХ-ын гишүүн байсан. Хожим нь Болгар улсад элчин сайд, Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд зэрэг төрийн өндөр албан тушаалыг ИЗНН-ын “буян”-аар хашиж байсан нэгэн. Зарим ажиглагчид ИЗНН-ын дэд дарга Ц.Ганхуягийг дэд сайд руу өөрөө зүтгэх “жижиг гар” биш гэж дүгнэж байхад нөгөө хэсэг нь улс төрийн туршлага, мэдлэг чадвар зэргийн алийг нь ч бодсон ИЗНН-аас дэд сайдаар томилогдож болох боловсон хүчний нэг гэж үзэж байна. Нэг хэсэг ИЗНН-ыг С.Оюун, Ц.Ганхуяг гэсэн хоёр хүний нам юм болов гэдэг ойлголт нийгэмд хүчтэй байсан бол өдгөө энэ ойлголт хэдийнээ өөрчлөгдсөн. Магадгүй Ц.Ганхуягын нэрийг ИЗНН-аас дэд сайдад дахин дэвшүүлэх юм бол иргэд сонгогчид ИЗНН-ыг эргээд 1-2 лидертэй нам гэж ойлгох бий гэсэн болгоомжлол төрж байна.

 

Сонирхуулахад Ц.Ганхуяг даргыг зарим мэдээллийн сайдуудад өнгөрсөн хавраас эхлэн бөө болж, онго тэнгэрээ хүлээж авсан гэх мэт мэдээлэл оржээ. Хэрвээ энэ үнэн бол Монголын төрд бас нэгэн тэнгэрийн улаач зайран дэд сайд томилогдох бололтой.

З.Ган-Очир- Эзэмшсэн мэргэжил, гадаад хэлний мэдлэгээрээ ИЗНН-ын шилдэг боловсон хүчинд тооцогдох залуусын нэгд зүй ёсоор З.Ган-Очир багтана. Тэрээр 1996-1998 онд Улаанбаатар их сургууль, 1998-2000 онд Канадын Haileybury Коллежийн уул уурхайн сургуульд элсэн суралцаж маркешейдэр, 2002-2004 онд ШУТИС-ийг уул уурхайн чиглэлээр төгссөн байна. Улмаар 2008-2009 онд Хонг-Конгийн Шинжлэх ухаан технологийн сургуульд бизнесийн удирдлага, 2009-2010 онд Хонг-Конгийн Шинжлэх ухаан технологийн сургуулийн хамтарсан сургууль болох АНУ-ын Нью-Йорк мужийн Leonard N.Sternс нэрэмжит бизнесийн сургуульд шилжин суралцаж олон улсын санхүүгийн магистрын зэрэг хамгаалж, улмаар Канадын уул уурхайн “Break Water Resources” компанийн “Nanisivik” уурхайн техникийн үйлчилгээний хэлтэст маркшейдерээр ажиллаж ажлын гараагаа эхэлж хожим нь “Mine Info” компанид уул уурхайн мэргэжилтэн, “Азиа Гоулд” компанид бизнес менежерээр ажиллаж байсан нэгэн ажээ.

 

З.Ган-Очир 2012 оны УИХ-ын сонгуулиар ИЗНН-ын намын жагсаалтын гуравдугаарт бичигдсэн байна. Түүний өмнө намын жагсаалтын 2-рт бичигдсэн Худалдаа аж үйлдвэрийн танхимийн дарга асан Д.Дэмбэрэл УИХ-ын гишүүн болсныг та бид мэдэж байгаа. Намын нэрсийн жагсаалтын 3-рт бичигдэн УИХ-ын “зөөлөн” суудлаас “хамраараа” таслагдсан ч тэрээр өдийг болтол албан тушаал хөөцөлдөж, нам дотроо элдэв хэл ам гаргаагүй гэнэ. Тиймээс ИЗНН түүний нэрийг дэд сайдад дэвшүүлэх боломжтой гэж үзсэн бололтой. З.Ган-Очир уул уурхай, байгаль орчны чиглэлээр мэргэшсэний хувьд ИЗНН-аас түүнийг эдгээр салбарын аль нэгний нь дэд сайдаар томилуулвал нүдээ олсон хэрэг болох биз.

 

Р.Булгамаа– Ажлын гараагаа боловсролын салбараас эхлэсэн тэрээр энэ салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж Боловсролын салбарын тэргүүний ажилтан болтлоо өсөн дэвшсэн нэгэн. 2000 оноос Улс төрийн намд элсэн улс төрийн ажлын гараагаа эхлүүлсэн тэрээр 2004 оны УИХ-ын сонгуульд Чингэлтэй дүүрэгт тухайн үеийн МАХН-ын нэр дэвшигч Н.Содномдорж, Эх орон Намаас нэр дэвшигч Р.Эрдэнэбүрэн нартай нэг тойрогт өрсөлдөж байсан юм билээ. Өдгөө тэрээр ИЗНН-ынТөрийн байгуулалт, хууль зүйн асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга, Баянзүрх дүүргийн намын хорооны даргаар ажиллаж байна. Тэрбээр 2012 оны УИХ-ын сонгуулиар ИЗНН-аа төлөөлөн Баянзүрх дүүрэгт өрсөлдөн сонгуулийн тойрогт өрсөлдсөн намынхаа нэр дэвшигчдээс 3-р байранд орох хэмжээний өндөр санал авч чадсан байна. Энэ үзүүлэлт нь түүнийг дэд сайдын суудалд хүргэх гол “гүүр” болох магадлалтай гэж үзэх судлаачид байна. Эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй, мөн дээр нь боловсролын салбарт олон жил ажилласан, ИЗНН-аас Орон нутгийн сонгуульд дүүрэг хариуцан удирдан ажиллаж байжээ.

Р.Булгамаагийн хувьд оюутан ахуй цагаасаа эхлэн эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхэлж МЗХ-ны ЭВРИКА багш оюутны эрдэм шинжилгээний хурал болон олон бусад хурлуудад үеийнхнээ манлайлан оролцож, 1998 онд Монгол улсын Шилдэг оюутнаар шалгарч Монгол улсын Засгийн газрын нэрэмжит тэтгэлэг хүртэж байсан нэгэн гэнэ.

Боловсролын болон Хууль зүйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, хэн нэгний дэмжлэг, татаасгүйгээр алгуурхнаар өсөн дэвшиж, улс төрийн карераа өсгөж яваа манай намын шилдэг боловсон хүчний нэг гэж ИЗНН-ын энгийн гишүүд ярих юм билээ. Р.Булгамаа нь МЗХ-ны Хууль эрх зүйн хорооны даргын сонгуульт ажилтайгаас гадна Олон улсын арбитрч төдийгүй иргэд олон нийтэд эрхзүйн болон өмгөөлөлийн туслалцаа үзүүлж ирсэн өмгөөлөгч зэрэг шавилхан биендээ ахадсан олон ажил амжуулдаг бүсгүй ажээ. Хэрвээ тэрээр дэд сайдаар томилогдох юм бол өөрийн хариуцсан ажилдаа эзэн байж чадах хүмүүсийн нэг гэж ажиглагчид үзэж байна.

 

Үе үе хэвлэл мэдээллийн хэрэгслээр ИЗНН-ын дэд сайдууд хэн байх вэ гэсэн агуулгатай зураг хөрөг бүхий мэдээ нийтлэл явах болсныг зарим ажиглагчид ИЗНН-аас хэн сайд болохдоо гол нь биш ирэх сонгуулиар УИХ-ын сонгуульд өрсөлдүүлэх намынхаа шилдэг кадруудыг одооноос олны хараанд зориуд өртүүлж байгаа улс төрийн PR гэж үзэх хүмүүс байна.

 

Судлаач А.Тамир


URL:

Сэтгэгдэл бичих