Улаанбаатар хаана байна вэ?
Ертөнцийн шаргал наран манддагаараа мандаж, есөн жорын хүмүүс холхидгоороо холхиод эхэлжээ. Ажилдаа явах цаг минь ч болжээ. Тэнгэрийн багцаа авсан тул түүнд тохируулан хувцаслаад гарав. Чанх өөдөөс харсан дөрвөн давхар байшинг “Govi town” гэдэг юмсанж. Эхлээд элдэв юм бодсонгүй. Манай хорооллынхон түүнийг “Говь цогцолбор” гээд заншчихсан юм. Булан тойроод эргэв. Эсрэг талд нэгэн өндөр, цэнхэр шилэн барилга байх. Нэр нь “Sunjin grand” юм байна. Автобусны зогсоол чиглэн зам дагаад алхлаа. Миний баруун гар талд нэгэн бяцхан баар харагдана. “Хайрхан”-ы алдрыг Pyramid гэдэг ажээ. Гэнэт хачин бодол төрөөд явчихлаа. Ингээд би ер нь хаана явна вэ? Хажуугаар өнгөрөх хүмүүсийг харлаа. Яах аргагүй цөм монголчууд байлаа. Хоёр нөхөр ярьж байна аа. Чих тавин сонсов. “Битгий солиороод бай. Бүх юм чамаас боллоо. Битгий хуцаад бай, бүх юм чамаас боллоо” гэх нь аялгуу муухай ч яах аргагүй монгол хэл мөн. Тэгэхээр түүгээр явагчид хийгээд бибээр монгол хүн болж таарлаа.
Замын эсрэг талд содон шаргал байшин харагдана. Гарцаагүй бидний мэдэх нэгэн кино театр мөөн. Хаяг нь “Urguu cinema” аж. За, яахав. “Хүчиндээд” уншвал нөгөө “Өргөө кинотеатр маань бололтой” Зогсоол ч дөхөөд ирлээ. Хорооллынхон хүнсээ базаадаг нэгэн зах байдаг байрандаа байна аа. Ээжийнхээ сүү, цайнд гүйдэг байсан болохоор би юу боллоо гэж андуурах билээ. Дээшээ харав. Duukhee Center гэжээ. Яая гэхэв дээ. “Дүүхээ төв” маань шив дээ гэх шүү санаад автобусанд суув. Талоноор суудаг болсонд түүнийгээ “уншуулаад” хойшилтол бас ч гэж огт кондукторгүй болоогүй юм байна. Шар халад нөмөрсөн охин хянадаг бололтой юм. Түүний хантаазны нуруун дээр “Gan tulga” компани хэмээн бичжээ. Тээвэр үйлчилгээний тийм компанийн ажилтан болохыг нотолсон таних тэмдэг, бичиг юм уу даа. Аятайхан суудалд тухалж аваад ажиглалтаа үргэлжлүүлэв. Нүд эрээлжилмээр хаяг ярайжээ. Нэгэн урт цэнхэр хаяг харагдана.
Tsetseg salon гээд доор нь педикюр, маникюр, массаж гэхчлэн жагсаажээ. Ертөнцийн зүгээр зүүн талд нь Mon media гэдэг газар байх юм. Эсрэг тал руугаа нүд хальт бэлчээв. Москва ресторан харагдана. Хар багаас бүр социализмын үеэс мэддэг, таньдаг болохоор нүдэнд дулаахан гэж жигтэйхэн. Ёстой л багын найзтайгаа уулзсан мэт дотно санагдав. Бүр буугаад нэг сайхан тамхилмаар ч юм шиг. Автобус зогслоо. Еэ, бурхан минь. Жижү Restaurant гэх хачин газар онгорхой бололтой. Хаалга нь нээлттэй, хүмүүс орж, гарч байлаа. Яг дэргэд нь нүдэнд ижил дасал болсон нэгэн ногоон тэмдэгт байна аа. Unitel гэжээ. Бидний заримын барьдаг гар утасны компанийн ажлын байр юм байна гэж бодов. Автобус “Модны –II”-ыг уруудаж эхэллээ. Яг хотын төв рүү эргэдэг зам дээр ирээд түр түгжрэв. Автобусаар зорчигчид аль ч талаас нь харахад нүдэнд тусахаар нэгэн чулуун хөшөө, дурсгал босгожээ. Пээ, юу гэнэ вэ? Тэхий голд нь том хараар “Чон Гү”-гийн гудамж гэжээ. Хар багаасаа л энд өсөж өндийсөн хүний хувьд ихэд эгдүүцэн цочив. Тэр хавийг тэр чигт нь томоос том, тодоос тодоор “Амарсанаагийн гудамж” гэдэг байж билээ.
Автобус хотын төв рүү эргэлээ. Уур, цухалдаа баригдсан би хэсэгтээ нүдээ анив. Автобус зогсон хаалгаа нээв бололтой. Гэнэт нэгэн “шингэн дуутай хүн” Шангрила дээр зогсох уу? гэх юм. Тийм газар хотын хаа нэгтээ байдгаас тэр л дээ. Цочсондоо нүдээ нээчихлээ. Mongolian cashmere ч гэх хаяг харагдлаа. Хажууханд нь Toson torgo гэдэг газар байна. Торго, бөс барааны дэлгүүр гэж таамаглав. Хоёр хүн торго бариад гарч байсан юм аа. Гадныхан манайхаас нэг их торго, бөс авах нь хаашаа юм. “Тосон торго” гээд л биччихгүй дээ. Зэргэлдээ хоёр дэлгүүр харагдана. Хүмүүс тор дүүрэн юм бариад гарч байхаар нь тэгж таамаглав. Нэр нь бас л сонин байв. Нэг нь “Mini market, нөгөө нь Supermarket ажгуу. Түүний яг дэргэд Korean Restaurant зэрэгцэн босчээ. Замын зүүнтэй хаа очиж хар багаас ижил дасал болсон “Өндөр” шаргал байшин байна аа. Аав, ээжийнхээ цалин буухаар албатай юм шиг ордог байсан “Өндөр хоршоо” маань мөөн.
Дээхнэ шүдэнзний хайрцаг дээр ч байдаг байж билээ. Ахмад хүмүүс сонин сонин юм ярьдагсан. “Энэ бол уг нь “Их дэлгүүр” байгаа юм. Энэ шүдэнзийг Хятадад хийлгэсэн юм билээ. Тэгтэл “Цуст дэлхий” гээд биччихсэн байдаг байгаа” гэж ирээд л ярих. За, юутай ч “Их дэлгүүр” маань байдаг газраа ашгүй нэг юм байна гэж бодоод дотор онгойв. “Цуст дэлхий” ч өнгөрчээ. “Их дэлгүүр” нэр нь байвал мөн сайхнаа гэх шүү юм бодосхийн дөхөж очоод хартал, юу үзсэн гэж санана. Нүүрэн талд нь “Development” энэ тэр гээд баахан юм биччихэж. Орой дээгүүр нь халиавал “Nomin travel” гэнэ ээ. Урам ч хугарсан шиг хугарлаа. Ингээд Central Post-ыг өнгөрөн Санктпетербургийн буудал дээр буугаад дотор бачууран, бие агдасхийв. Бурхан минь, би ингэхэд хаана явна вэ? Арай зүүдлээгүй байгаа. Биеэ чимхлээ. Мэдэрч байна аа. Тэгвэл Улаанбаатар нийслэл маань хаана байна вэ? Өөрөөсөө би ийн асуугаад “Оpen” гэсэн хаалга татан ажилдаа оров. Эх сурвалж www.wikimon.mn
URL: