Олзны 12318 япон цэрэг Монгол Улсад ямар бүтээн байгуулалт хийв

MG_8497_700x700Зөвлөлтийн арми 600 мянга гаруй олзны цэргээс 20 мянгыг Монголын талд шилжүүлэхээр болжээ

Энэ жил Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ой тохиож байгаа. Үүнтэй холбогдуулан олзлогдсон япон цэргүүдийн талаар сонирхолтой баримтыг дэлгэж байна. Докторант Б.Эрдэнэбилэгийн “Чөлөөлөх дайнаар Монголд олзлогдсон япон цэргүүдийн асуудал” илтгэлд дурдсан зарим баримтуудаас иш татав. 1945 оны чөлөөлөх дайны түүхэнд холбогдох үйл явдлын тоонд японы олзлогдсон  12 мянга гаруй дарга, цэргүүдийг 1945 оны сүүлээр  Монголын тал хүлээн авч, ажилуулж байжээ. Зөвлөлтийн арми Японы талын 600 мянга гаруй  олзлогсдыг олзлон авснаас 20 мянгыг Монголын талд шилжүүлэхээр БНМАУ-ын удирдлагатай хэлэлцсэн боловч 12318 олзлогсдыг манай тал хүлээн авчээ. Тэдний дотор ахлах офицер 15, дунд офицер 678, бага дарга 2178, цэрэг 8079, энгийн албан хаагчид 1368 байснаас барилга, цахилгаан, төмөр зам, оёдол, хүн, малын эмч, талх нарийн боов, машины жолооч слесарь зэрэг тусгай мэргэжлийн хүмүүс 1000 орчим  байсан гэдэг. Олзлогдсон цэргүүдийн хэрэг эрхлэх газрын эмнэлгийн хэлтэс байгуулж, түүний харъяа Сэлбэ, Хужирбуланд япон цэргийн эмнэлэг нээн, лагерь бүрт их, бага эмчийн салбаруудыг байгуулан, эмнэлэг, ариун цэврийн урьдчилан сэргийлэх ажлуудыг явуулж байсны дотор цэцэг, гэдэсний жижиг өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгуудыг 1946, 1947 онуудад хүн бүрт хийжээ.

hurungiin_birj_700x700Олзны цэргүүдийн нутаг буцах хугацааг хойшлуулжээ

ЗХУ-аас яоны олзлогсдыг эх нутагт нь бутаах үйл явц  1946 оны эцсээс эхэлсэнтэй холбогдуулан Монгол дахь олзлогсдыг буцаах асуудалд ЗХУ-ын тал ихээхэн анхаарал хандуулах болжээ. Ийм үед японы олзлогсдыг Монголд байлгах хугацааг уртасгахыг Монголын талаас ЗХУ-д хүсэлт болгож, МАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга  Ю.Цэдэнбал Ерөнхий сайд Х.Чойбалсанд Москвагаас ирсэн цахилгаан утсандаа: “Гадаад яамын орлогч сайд Маликтай уулзаж, манайд байгаа олзлогдсон япончуудыг энэ жилийн дулааны улирлыг дуустал барилга дээр ажилуулбал бидэнд ихээхэн ашигтай” учрыг хэлсэн гэжээ. Ингээд Зөвлөлтийн тал 1947 оны хавар олзлогдсон япончуудыг буцаах асуудлыг ярьж байсан боловч Монголын тавьсан саналыг харгалзан мөн оны намар хүртэл хойшлуулсан байна.

Олзны цэргүүдийн 90 хувийг барилга дээр ажиллуулжээ

Олзлогдсон япон цэргүүдийн  90 гаруй хувийг нь Улаанбаатар хотын барилга, барилгын материал үйлдвэрлэлийн ажилд ажилуулж байсан нь хотжих үйл явц эхэлж байсан нөхцөлд ажиллах хүчнээр хангаж, нийслэл хотын төв хэсгийн өнөөгийн өнгө төрхийг илтгэсэн засаг захиргаа, олон нийтийн томоохон барилгуудын суурийг тавих ажлыг эхлүүлжээ. Өөрөөр хэлбэл олзны япон цэргүүдээр Засгийн газрын ордон, Улсын төв театрын барилга, МУИС-ийн зарим барилгыг бариулсан байдаг. Мөн Гадаад яамны байшин, Төв поликлиник, нэгдүгээр амаржих газар, Улсын нийтийн номын сан, Элдэв-Очирын нэрэмжит кинотеатр /одоогийн Хөрөнгийн бирж/, Алтай зочид буудал /одоогийн Засаг даргын тамгын газар/ зэрэг Улаанбаатар хотын төвийн хэсгийн анхны эдгээр барилгыг барихад олзлогдсон япон цэргүүдийг оролцуулсан гэсэн баримт бий. Түүнчлэн МУИС-ийн дотуур байр, мөн багш нарын байр,  сургуулийн хүн, мал эмнэлэгийн газрын барилгыг барьж байжээ.

Олзны япон цэргүүдийн асуудал хоёр орны харилцаанд чухал үүрэг гүйцэтгэжээ

Эцэст нь тэмдэглэхэд олзлогдсон цэргүүдийн асуудал нь Монгол Японы дипломат харилцаа тогтоох үеийг хүртэл харилцааны гол сэдэв болж байсан бөгөөд хоёр  орны харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж байв. Тухайлбал: 1956 оноос эхлэн Монгол, Японы харилцаанд нааштай алхмууд хийгдэж, Японы тал БНМАУ-д олзлогдсон япон цэргүүдийн шарил эргэж ёс гүйцэтгэх асуудлыг анх 1958 онд тавьж, Монголын талаас байгуулагдсан Тусгай комисс олзлогдсон япон цэргүүдийн шарилыг тодруулж, тогтоон акт баримтыг бүрдүүлжээ. Мөн 1962 оны 9 дүгээр сард БНМАУ-ын Засгийн газартай  холбоо барихаар Монголд ирсэн Японы анхны хоёр дипломатч Такаши Хасагэва, Шиничи Укэда нарын тэргүүлсэн нас барагсдын гэр бүл, төрөл садны 8 хүнийг багтаасан 17 хүний бүрэлдэхүүндтэй төлөөлөгчид Улаанбаатарт хүрэлцэн ирж, БНМАУ-ын СнЗ-ийн орлогч дарга, АИХ-ын орлогч дарга, МУЗН-ийн дарга зэрэг албаны хүмүүстэй уулзаж, япон цэргүүдийн булшийг эргэжээ.

Япон цэргүүдийг 11 удаагийн цуваагаар буцаажээ

Олзлогдсон япон цэргүүд 1947 оны аравдугаар сарын 16-26-ны өдрүүдэд 11 удаагийн цуваагаар буцаж, нийт 10705 хүнийг өвлийн бүрэн  хувцастайгаар ЗХУ-ын талд хүлээлгэн өгсөн байна. Олзлогсдын дотороос үлдсэн хүн байхгүй, харин 1945 оны дайны үед  баривлагдсан найман хүнээс хоёр нь олзлогдогсодтой  хамт буцсан, дөрвөн японыг 1945 оны сүүлийн хагаст БНХАУ-д  хүлээлгэн өгчээ. Нийт 13 япон цэрэг манай улсын хуулиар шийтгэгджээ. Нас барсан япончуудыг нэр бүхий 17 газар оршуулсан бөгөөд бүгд 1612 шарил байна. Сураггүй болсон нэг япон цэргийг нас барагчдийн тоонд  оруулан тооцсон байна.


URL:

Сэтгэгдэл бичих