Хямралын хамгийн том гэрч нь сугалаа

5-1_700x700“Муухай хүүхнээ торгонд цуглаж, муудсан махаа гуриланд боож” далд оруулдаг нь манай ёс биш манжийнх гэдэг байлаа, урдын цагт. Харин одоо даяаршлын нөлөөгөөр гэх үү, дангааршиж чаддаггүй арчаагүйдээ ч юм уу энэ ёс хэзээнээсээ манайх юм шиг андуурагдахаар болж. Дурын нэг супермаркетаар орж, захын нэг сурталчилгааг үзэхэд л сугалаа, хөнгөлөлт, урамшуулалтай гээд явж өгнө. Асуудлыг цааш нь жаахан ухаад үзэхэд хугацаа нь дуусч буй бараандаа урамшуулал зарлаж, борлогдохгүй байгааг нь азын сугалаатай болгоод, дор хаяж 500 мянган төгрөгийн гүйлгээ хийж байж гуравхан хувийн хөнгөлөлт эдлэх эрхийн болзол хангах жишээтэй. Чипс, ундаа, тараг, кофе, гоймон гээд өдөр тутмын өргөн хэрэглээний бараа болгонд шахуу сугалаа бий. Та энэ кодыг ……. дугаарт илгээнэ үү. Эсвэл бэлэн бүтээгдэхүүн гарвал газар дээр нь хожно уу. Ундааныхаа бөглөөг шалгана уу. Азтан утас, машин, супер хонжворт аяллын эрх бий гээд л “үнэгүй юманд нугасгүй” хүний төрөлх чанарыг хөөрхөн гэгч нь өдөөчихөж байгаа юм. Анхандаа энэ сугалааг өдөр тутмын ахуйн хэрэглээний бараан дээр зарладаг байлаа. Харин одоо сугалаа, урамшуулалт худалдааны ерөнхий эзлэхүүн нь бүр томорч шинэ байр, машин хүртэл хамрагдах нь тэр. Энэ бүхний цаад шалтгаан нь эдийн засгийн хямрал хэмээн зах зээл судлаачид оношлож байна. Хүн бүхэн халаасны мөнгө, айл болгон өрхийн төсвөө хэмнэж байгаа энэ цагт нэн тэргүүнд шаардлагатай биш бараа эрэлт нийлүүлэлтийнхээ хуулиар аяндаа гүйхээ больдог. Борлуулалтын менежерүүд үүнийг зүгээр хараад суухгүй нь мэдээж. Тэдний үндсэн ажил нь компанидаа орлого оруулах билээ. Тиймээс л “нэгийн үнээр хоёрыг” эсвэл “үүнийг авбал тэрийг бэлэглэнэ” хэмээн хэрэглэгчийн сэтгэл зүйд нөлөөлөх оролдлогыг хийдэг.

“Аoyama Mongolia” компанийн захирал Р.Шинэбаяр “Сугалааг борлуулалтаа идэвхжүүлэх нэг хэлбэр гэж үздэг. Тиймээс энэ нь байж болохгүй зүйл биш. Харин  борлуултын идэвхжүүлэлтээ шударгаар хийж байна уу, үгүй юу гэдэг нь чухал. Өнөөдөр үл хөдлөх хөрөнгийн зах зээлд барилга байшин борлогдохгүй байгаа. Хөдлөх хөрөнгө ч гэсэн ялгаагүй. Машин тэрэгний үнэ унаж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засаг хямарчихаад байгаа юм. Тиймээс борооны дараах мөөг шиг олон янзын сугалаа гарч ирж байна” гэв.

Эдийн засаг, санхүүгийн шийдвэрлэж чадахгүй байгаа асуудлаа дагаад сэтгэл зүйн гүн хямралд өртжээ, Монголын нийгэм. Үүний үндсэн шалтгаан нь засаглалын хямрал юм гэдгийг ч олон эх сурвалж хэлж байна. Гэтэл хурцадмал асуудлыг түр дарах амь тариа нь мөнөөх сугалаа болжээ. Тухайлбал, Монгол Улсын иргэн бүрт газар өмчлөх эрх нь хуулиараа бий. Бодит байдал дээр нийслэлийн иргэдийн дөнгөж 20 хувь нь газраа өмчилсөн байдаг. Үлдсэн 80 хувийг нь сугалаагаар газартай болгох ажлыг хэд хэдэн удаа зохион байгуулж буй. За тэгээд бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулна гэсэн улстөрчдийн амлалт бас л сугалаа болж хувирсан. Шил дараад цэцэрлэгт орох хүүхдүүдийг сугалаагаар шодож бас л бөөн хэл ам, хэрүүл тэмцэл болсон доо. Тэгээд хамгийн хошин шог гараа нь цэцэрлэгт орж чадаагүй хүүхдүүдийг нөөцөд бүртгэсэн явдал байлаа. Манай улс нөөцийн мах, нөөцийн улаанбуудай хадгалдаг л даа, уг нь. Гэхдээ нөөцийн хүүхдүүд гэх шинэ нэр томьёог ухаж ойлгоход жаахан түвэгтэй. Эдийн засагт хүмүүн капитал гэх ойлголт бий. Тэгвэл тэр хүмүүн капиталын хүн болох суурь нь цэцэрлэг. Харин нөөцөд 2-3 жил бүртгүүлсээр явтал сургуульд орох насандаа хүрчихнэ. Тэгээд цэцэрлэгт суусан, суугаагүй гэдгээрээ ялгаварлан гадуурхагдаж, сурлагын чанарын ялгаа гарч байгаа юм. Дунд сургуулийн багш нар цэцэрлэгт явж байсан буюу бие дааж сурсан хүүхдүүдтэйгээ тулж ажлаад бусдыг нь урсгалаар тавьчихдаг. Иймэрхүү байдал их, дээд сургуульд ч үргэлжилнэ. Эцэст нь Монголоор дүүрэн дунд сурлагатай, дундаж мэргэжилтнүүд ажилгүйчүүдийн армийн хүрээг тэлдэг. Тэд бас л ажил горилогч хүний нөөцийг бүрдүүлдэг гэж байгаа. Хөөрхий, бага наснаасаа эхлээд сурч боловсрох эрх нь зөрчигдсөн хүүхдүүд насан туршдаа нөөцлөгдөж ч мэднэ. Энэ бүхнээс бүтээмжгүй, эдийн засгийн эрх чөлөөгүй Монголын эмгэнэлтэй хувь заяа харагдана биш үү.

МУИС-ийн эдийн засгийн сургуулийн багш, доктор л.оюун “цэцэрлэгийн хүүхдийг сугалаагаар шодно гэдэг бол засаглалын хямрал дээд цэгтээ хүрсний илрэл. арга ядахдаа хийж буй ажил шүү дээ. Бид эдийн засгийн өнцгөөс нь бараа бүтээгдэхүүндээ урамшуулал, сугалаатай аян зарлаж байгааг буруутгахгүй. Гэхдээ энэ чинь эдийн засаг хямарч, бараа бүтээгдэхүүн борлогдохоо байхад хийдэг идэвхжүүлэлтийн нэг хэлбэр шүү дээ. харамсалтай нь өнөөдөр монголд эдийн засаг болон засаглалын хямрал аль аль нь нүүрлэжээ” хэмээн толгой сэгсрэв.

 

Г.ГАНЧИМЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 


URL:

Сэтгэгдэл бичих