Европыг “Цагаачдаас айх айдас” эзэмджээ
“Грек болон бусад улс орнуудын эдийн засгийн хүндрэл бэрхшээл улсад нь ирж наалдаад байна, бид бусдын өмнөөс хариуцлага үүрэх ёсгүй” гэсэн байр суурийг Их Британи улс нэг бус удаа илэрхийлж байсан билээ. Хэрвээ эрх баригчид энэ байр сууриндаа бат зогсч, иргэдийнхээ дунд дээрх асуудлаар санал асуулга явуулсан тохиолдолд дэмжсэн санал авах магадлал өндөр байна. “Daily Mail” сонины захиалгаар Survation хэмээн социологийн судалгааны төвөөс явуулсан санал асуулгын дүн үүнийг нотолсон байна.
Хамгийн сүүлд явуулсан судалгааны дүн иргэдийн 51 хувь нь Европын холбооноос гарахыг хүсч байгаа гэж гарчээ. 49 хувь үлдэх нь зүйтэй гэж үзсэн байна. Энэ нь Европын холбооноос гарахыг хүссэн иргэдийн тоо байнга өсч байгаа гэдгийг баталлаа. Өнгөрсөн долдугаар сард яг энэ асуудлаар санал асуулга явуулахад 46 хувь нь гарахыг дэмжиж байсан аж.
Иргэдийн санаа бодол өөрчлөгдөхөд хямралд нэрвэгдсэн орнуудаас гадна ойрхи дорнодоос ирэх дүрвэгчид голлох нөлөө үзүүлж байгаа гэж шинжээчид үзэж байгаа юм. Сириэс ирж буй дүрвэгчдийг Герман улс алгаа дэлгэн угтсан бол Британи тэгэхгүй гэсэн байр суурийг эрх баригчид нь илэрхийлж, иргэд нь ч дэмжиж байгаа юм. Учир нь Европын холбоонд үлдэх нь зөв гэж санал өгсөн 49 хувийн 22 хувь нь “Хэрвээ цагаачдын асуудал цаашид хурцаар тавигдвал саналаа өөрчлөхөд бэлэн” гэсэн тайлбар хийсэн байсан аж.
Цагаачдын асуудалд Европын зарим улсын иргэд эмзэг хандаж, энэ үзэл бодол нь улс төрийн сонголтод нь хүртэл нөлөөлдөг, улс төрийн намууд энэ сул тал дээр нь тоглолт хийдэг байдал сүүлийн хоёр жилийн хугацаанд хангалттай ажиглагдаж байгаа юм. Цагаачдыг ихээр хүлээн авдаг Норвеги зэрэг орнуудад явагдсан сонгууль үүнийг батлан харуулж байгаа юм.
Цагаачдыг үзэн яддаг Андрес Брейвик гэгч эр Осло хотын гудамжинд олон хүний амийг хөнөөж дэлхий нийтийн жигшил зэвүүцлийг хүргэж байсан. Сонирхолтой нь түүнийг хэрэг хийсний дараа норвегичууд “цагаачдыг эсэргүүцсэн” үзэл бодлыг нь дэмжиж байгаагаа илэрхийлж байсан юм. Италийн нэртэй улс төрч хүртэл улс орныг нь нөмрөөд байгаа цагаачдын давалгаанд бухимдахдаа А.Брейвикийг зөвтгөсөн үг хэлээд албан тушаалаасаа халагдсан хэрэг ч гарсан. Цагаачдыг эсэргүүцсэн хөдөлгөөн норвегичуудын санааг зовоосон хэвээр байгаа гэдгийг жилийн өмнө болсон Норвегийн Парламентын сонгууль нотолсон юм.
Сонгуулийн дүн гарахад, цагаачдын эсрэг бодлого явуулахаа ил тод зарласан Эрна Сольбергээр удирдуулсан Консерватив нам олонхийн дэмжлэг авсан нь тодорхой болсон юм. Йенс Столтенбергийн тэргүүлсэн Хөдөлмөрийн нам эсрэгээрээ, цагаачдыг дэмжихээ илэрхийлээд ялагдсан. Тэд сонгуульд ялагдах нь олон нийтийн санал асуулгын дүнгээс л харагдаж байсан гэдэг. Хэрвээ энэ асуудлыг нэг тийш нь шийдэхгүй, ард иргэдийн дотор бухимдал төрүүлсэн хэвээр сонгуультай золгох юм бол хэн нэг сайн дурын этгээд “Бүх цагаачдыг хөөнө” гэж хэлээд төрийн эрхийг авах боломж Европын олон оронд тодорхой хэмжээгээр бий болоод байгааг шинжээчид хүлээн зөвшөөрч байгаа юм.
Их Британийн хувьд, 2017 оны сүүлээр Европын холбоонд үлдэх эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахаар завдаж буй. Ерөнхий сайд Д.Кэмерон нь ийм амлалтыг өгсөн юм. Тэрбээр өөрөө Европын холбоонд үлдэх хувилбарыг дэмжих байгаа ч тодорхой хэмжээнд бие даасан байдлаа хадгалах сонирхолтой учраас дүрэмд зохих өөрчлөлтийг хийх ёстой гэж үзэж байгаа юм.
Х.САЙХАН
Эх сурвалж: www.mminfo.mn
URL: