Д. Нинж: С.Зоригийг хөнөөх тухай санааг алагдахаас нь жил хагасын өмнө сонссон
Д. Нинж: С.Зоригийг хөнөөх тухай санааг алагдахаас нь жил хагасын өмнө сонссон
Ардчиллын анхны 13-ын нэг болох Монголын ард түмний хянан шалгах хорооны дарга Д. Нинжтэй ярилцлаа. Тэрээр С. Зоригийн хэргийг илрүүлэх цаг нь болсон хэмээн үзэж, зарим нэг баримтыг холбогдох байгууллагуудад гарган өгчээ. Тиймээс өөрийгөө хамгаалалтад авахыг ТЕГ-аас хүсч байгаа юм.
-С.Зоригийн хэрэг илрэхгүй 13 дахь жилтэйгээ золгож байхад чухам яагаад өнөөдөр энэ хэргийг сөхөх болов?
-1989-1990 онд Монгол оронд өрнөсөн Ардчилсан хөдөлгөөний удирдагч, УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С. Зориг 1998 оны 10 дугаар сарын 2-нд бусдын гарт зэрлэгээр хөнөөгдсөн. Энэ аймшигт хэрэг илрэхгүй 13 дахь жилтэйгээ золгож байгаа нь Монголын төртэй шууд холбоотой. Хэргийг мартагнуулах үйл ажиллагааг Монголын төр зохион байгуулж байна. Монголын ард түмний хянан шалгах хорооноос Монгол Улсад улстөрийн захиалгат аллага хийж болдог.
Үндсэн хуулийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий бүлэг хүмүүсийг илчлэх, хууль бус болчихоод буй засаглалыг зөв гольдиролд оруулах зүй ёсны шаардлага тавьж байгаа юм. Гэмт хэрэг үйлдэгсэд ямар ч хариуцлага хүлээхгүй, өндөр албан тушаалд дэвшин ахиж болдог юм гэсэн ойлголтыг олон түмний дунд төрүүлэх гэсэн оролдлогыг хүмүүс хийж байна. Өнөөдөр Монголд захиалгат аллага дахиж үйлдэгдэхгүй байх, Монголын олигархи засаглалын зүгээс ард түмнийхээ эсрэг улс орондоо дахин терроризмын бодлого үйлдэхгүй гэсэн баталгаа алга. Улстөрийн ашиг хонжоо харалгүйгээр С. Зоригийн хэргийг илрүүлэх цаг нь болсон.
-Таныг шаардлага тавьсны дагуу арван хэдэн жил дарагдсан С. Зоригийн хэрэг нэг өдрийн дотор илрэх үү?
-С. Зоригийн хавтаст хэрэг дотроос чухал эд мөрийн баримтууд устаж байгаад Монголын олон нийт харамсан дургүйцэж байна. Мөрдөн байцаах үйл ажиллагааг шударгаар явуулж байсан мөрдөн байцаагчид нь хохирч, уг хэргийг баллан ул мөргүй болгоход хүчин зүтгэсэн жинхэнэ алуурчдын хамсаатнууд цол, албан тушаал, цалин болон төрийн зүгээс олгодог алдар гавъяа, одон медалиар шагнагддаг зохисгүй байдал туйлдаа хүрлээ. Үүний тод жишээ нь Монгол Улсын гавъяат хуульч Д. Мөрөн юм. Уг нь С. Зоригийн хэргээс ч хүнд хэргүүдийг манайхан илрүүлж байсан туршлагатай.
-Таны хувьд С. Зоригийн хэрэгт холбогдох есөн зүйлийг нийтэд ил болгохыг зорьжээ. Үүнд аллага болохоос хагас жилийн өмнө энэ тухай сонсч байсан гэсэн байна?
-С.Зоригийг хөнөөх тухай балмад санааг түүнийг алагдахаас нэг жил хагасын өмнө МоАХ-ны Ерөнхий зохицуулах зөвлөлийн гишүүн Б. Билэгтээс сонсч байсан.
Гэсэн ч тэр үгэнд нь итгээгүй, ач холбогдол өгөөгүй. Тэрбээр манайд хоёр удаа архи уухаар ирэхдээ «Энэ хулгайчууд Ардчилсан холбоо, намаа алаад дууслаа. Одоо байдлыг аврахын тулд С. Зориг нь алагдаж ардын баатар болох, Ц. Элбэгдорж, Э. Бат-Үүл нар нь урьд өмнө байгаагүй том лидерүүд болох боломж байна даа» хэмээн ярьж байсан. Үнэхээр С. Зоригийг амьд байсан цагт Ц. Элбэгдорж, Э. Бат-Үүл нар түүний дээгүүр давж төрийн өндөр албан тушаалд суух ямар ч боломж байгаагүйг хүн бүр мэднэ. С. Зоригийг хөнөөх бодит шаардлага зөвхөн энэ хоёр хүнд байсныг ч ард түмэн мэдэж байгаа.
-С. Зоригийн аллага яагаад дээрх хүмүүстэй холбоотой гэж?
-С.Зоригийн аллагыг тухайн үеийн улстөрийн өндөрлөгт очихыг зорьж байсан хүмүүс зохион байгуулалттайгаар бүлэглэн хийсэн. Тухайн үед «Хөх толбо» сонинд Социал демократ намын «Алтан гадас» бүлэглэлийн нууц хуралдааны протоколыг нийтэлж байсан. Үүнд өнөөгийн УИХ-ын гишүүн Р. Гончигдорж, их хэвлэн нийтлэгч Б .Баабар, Улаанхүү, Н. Алтанхуяг болон бусад гишүүд Нийслэлийн номын сангийн байранд нууцаар хуралдаж, С. Зоригийг хөнөөх тухай шийдвэр гаргаж байсныг илчлэн нийтэлсэн болно. Уг нийтлэлтэй холбогдуулан ямар нэгэн эсэргүүцлийг тухайн үед эдгээр хүмүүсийн зүгээс огт гаргаж байгаагүй нь анхаарал татдаг.
-Өөр ямар баримтууд таны анхаарлыг татаж байгаа вэ?
-Э. Бат-Үүл хэргийн газар дээр малгайгаа мартаж үлдээсэн. Э. Бат-Үүл ирж, хэргийн газар дээр тухайн үеийн УИХ-ын гишүүдийг албаар дуудан авч ирж талийгаачийн цогцсон дээгүүр тодорхой зорилготой алхалж, бүх ул мөрийг нь санаатайгаар балласан. Энэ нь Эрүүгийн хууль болон ЭБШ хуулийг зөрчсөн үйлдэл. 1998 оны 10 дугаар сарын 3-ны өглөө 10 цагийн үед Монголын Ардчилсан холбооны тэргүүлэгчдийн байранд «Н. Багабанди болон МАХН-аас С. Зоригийн амь насыг нэхье» гэсэн зорилготой нөхдүүд цуглахад Э. Бат-Үүл сандран гарч ирж «Би та нарт нэг хариуцлагатай мэдэгдэл хиймээр байна.
С. Зоригийн үхэлд Н. Багабанди ч хамаагүй, МАХН ч хамаагүй. Та нөхөд битгий хамаагүй жагсах гээд бай л даа» гэж гуйж байсан нь олон хүнийг өнөө хүртэл гайхашруулсан хэвээр байна. С. Зориг алагдаад 10 жил өнгөрч байхад хэрэг илэрсэнгүй. Гэтэл алагдаад 10 цаг ч болоогүй байхад нь яагаад Э. Бат-Үүл хариуцлагатай мэдэгдэл яаран сандран хийсэн юм бол. Монгол Улсын баатар Э. Бат-Үүлийг далдыг харах онцгой авъяасгүй болохыг надаас авахуулаад түүнтэй хамт ажиллаж байсан бүх хүмүүс гэрчилнэ.
-Таны хувьд яагаад Ц. Элбэгдорж Ерөнхийлөгчийг хүртэл энэ хэрэгт хамаатуулан татаад байгаа юм бэ?
-1998 оны 10 дугаар сарын 3-ны үдээс хойш Нийслэлийн МҮАН-ын байрны өмнө цугларсан Ардчилсан нам, холбооны орон нутгийн гишүүд дээр Ц. Элбэгдорж хүрэлцэн ирээд баяр наадамд байгаа мэт өөрийн хөөр баяслаа дарж чадалгүй хүмүүстэй хөөрөг зөрүүлж байсан. Үүнийг тухайн үед телевизүүд хүртэл бичиж авсан. Энэ хүн яагаад тэгтлээ хөөрөн баяссан бэ. Уг нь баяр наадам биш, дотно явсан хамтран зүтгэгч нь бусдын гарт зэрлэгээр алагдсан шүү дээ. Мөн 1999 оны зургадугаар сард өнөөгийн IX Богд Халимагаар дамжин Улаанбаатар хотод ирсэн. Тухайн үед IX Богдын арын албаны даргаар миний бие ажиллаж, бүх уулзалтыг нь зохион байгуулдаг байсан. Тэр үед Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр гарч, IX Богдтой Монголын нэг ч улс төрч, төрийн албан хаагчид уулзаж болохгүй гэсэн. Харин энэ үед хоригийг зөвхөн Ц. Элбэгдорж эвдэж, түүнийг гэртээ аваачин уулзсан. Тэр уулзалт дээр Ц. Элбэгдорж «Би амьдралдаа нэг том нүгэл хийсэн хүн. Миний энэ нүглийг арилгаж өгөөч» гэж IX Богдоос хүссэн байдаг.
IX Богд шоогоо хаяж үзээд «Муу байна. Хүний амь настай холбоотой хэрэг үү» гэж асуусанд Ц. Элбэгдорж толгой дохин ном уншуулсан юм. Тэгээд өргөл болгон гурван сая төгрөг өгч, түүгээр нь Баасан лам Баруун дөрвөн замд байрлах уран дархнаар IX Богдын гарын тамга (бараг 3 кг цэвэр мөнгө) болон Мандал өргөдөг шашны үйлийн хэрэглэл зэргийг хийлгэсэн.
Түүнийг нь бид хоёр Эрдэнэзууд аваачиж өгч байсан юм. Энэ сэдвээр тухайн үед миний бие IX Богдоос лавлан асуухад мөн шоогоо хаяж үзээд «Уг нь гал шиг дүрэлзсэн адал явдалтай амьдралтай хүн юм. Гэхдээ энэ хүн муугаар төгсөхийг нь би харж байна» гэж хэлсэн нь өнөөг хүртэл миний санаанаас огт гардаггүй.
-Энэ бүхэн баримт болж чадна гэж үү?
-1998 оны 10 дугаар сарын эцсээр Мөрдөн байцаах газарт С. Зоригийн гэргий Булган албан ёсны мэдүүлэг өгсний дараа түүнд 20 сая төгрөг шилжүүлсэн талаар тухайн үеийн сонинуудад бичиж байсан.
Мөн угаалгын өрөөнд хоригдон амаа даруулан боолгосон гэх алчуурыг нь буцаагаад түүнд зангидах гэхэд толгойны нь ард хүрэхгүй байсан талаар мөрдөн байцаагчид өнөөг хүртэл нотлон ярьдаг. Ер нь улстөрийн аллага болсон газар гэрчийг амьд үлдээсэн түүх дэлхийд огт байдаггүй. Тиймээс энэ асуудлыг ч бас шалгах шаардлагатай.
-Таны хувьд эдгээрийг олон нийтэд ил болгон шалгуулахыг хүсч байгаа нь аюулгүй байдалд тань хортой биш үү?
-Өчигдөр Тагнуулын газарт албан ёсоор хандсан. Энэ хэрэг бол онц ноцтой гэмт хэргийн бүрэлдэхүүнд ордог. Хэргийн талаар аливаа мэдээлэл өгсөн хүн, гэрчийг улсын хамгаалалтад авдаг. Миний бие албан ёсоор хүсэлтээ тавьсан. Монголын Ард түмний хянан шалгах хорооны удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн хамгаалалтад орох нь зүйтэй гэж үзсэн.
-Тухайн үед одоогийн тавьж байгаа асуудлаа яагаад ил гаргаагүй юм бэ гэж хүмүүс асуух байх л даа?
-Тухайн үед энэ хэргийн талаар А гэж дуугарсан бүхнийг нухах, аж амьдралыг нь хохироох ажиллагаа ид гаарч, хүчээ авч байсан. Энэ асуудлыг би одоо л тавьж байгаа юм биш. 2000 онд ч гаргаж л байсан. 2000 онд миний бие «С. Зоригийн аллагын эзэд МҮАН дотор бий» гэсэн нийтлэл бичсэн.
Үүнтэй холбогдуулаад нэрт нийтлэлч Ц. Дожоодорж гуай миний нийтлэлийг, С.Зоригийн аллагатай холбоотой бичигдэж байсан бус, ад нийтлэлүүдийг нэгтгээд «Монголын ардчиллын удирдагч С. Зоригийг хэн хөнөөв» гэдэг бүхэл бүтэн ном гаргасан. Тухайн үед «Д. Нинжийг алаад хаячихъя, гүтгэсэн гээд бүх фронтоороо дайръя» гэж байсан юм билээ. Үүнийг Ц. Элбэгдорж, Э. Бат-Үүл нар зогсоож байсан тухай мэдээлэл байдаг. Ер нь энэ асуудлыг хэт дуулиан болгох нь буруу юм. Мөрдөн байцаах ажиллагаанд хүртэл хортой. Харин өнөөдөр нөхцөл байдал ийм болсон тул мэдээлэхэд хүрч байна. Тагнуул, цагдаа, УИХ-ын ажлын хэсгээс ганцаарчилж уулзах санал тавьсан. Бид мөрдөн байцаах ажиллагаа ямар шатанд хэрхэн явагдаж байгаа талаар сар бүр мэдээлэх болно.
Ю. Гэрэлтуяа
Эх сурвалж: www.sonin.mn
URL: