Хотын даргын хүүг Туркууд АТГ-т шалгуулахыг хүсчээ

527-1353298532e929f9d356228731original_500x500_500x500

Хотын дарга аавынхаа “буян”­ аар Гэр хорооллыг дахин төлөвлөх төсөлд шалгарч, Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг дэвсгэрт “Түмэн амгалан” цогцолбор хотхоныг барих эрх авсан “Грандлайн” компанийн захирал Б.Чулуудайтай холбоотой таагүй мэдээлэл байсхийгээд л хэвлэлийн хуудаснаа залардаг. Хамгийн сүүлд л гэхэд, тус компанийн удирдлагууд Турк улсын “216 Яапи” ХХК­д их хэмжээний хохирол учруулсан болохыг олон улсын Арбитрын шүүх тогтоосон байдаг. Тэгвэл нэг ч барилга, орон сууц барьж байгаагүй “Грандлайн” компанийн хууль бус үйлдлийг Турк улсын “216 Яапи” компанийн удирдлагууд хууль, хяналтын байгууллагад шалгуулах хүсэлтэй байгаагаа өмгөөлөгчөөрөө дамжуулан уламжилжээ.

 

Тус компанийн өмгөөлөгч хэлэхдээ “Монгол, Туркийн “Грандлайн” ХХК нь хамтарсан компани болсоноос хойш хувьцаа эзэмшигч Б.Чулуудай нь 50 хувийн хувьцаа эзэмшигч Туркийн “216 Яапи” компанид мэдэгдэлгүй “Улаанбаатар” банкнаас есөн тэрбум төгрөгийн зээл авсан. Түүнчлэн нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас 11 тэрбум төгрөгийн дэд бүтцийн ажлыг авсан байдал нь төслийг цаашид хамтран ажиллаж гүйцэтгэхэд саад болсон.

 

Турк улсын “216 Яапи” компанийн удирдлагууд энэ бүх асуудлаар “Грандлайн” компанийн захирал Б.Чулуудайг АТГ-т шалгуулах хүсэлтэй байгаа” гэсэн юм. Хэргийг нэхэн сануулбал, Гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд Баянзүрх дүүрэгт сүндэрлэх “Түмэн амгалан” цогцолбор хорооллын шавыг 2013 оны аравдугаар сард тавьж, тухайн ондоо Турк улсын “216 Яапи” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан аж. Гэрээний дагуу Туркийн талаас барилгын ажил эхлэх хүртэлх хугацаанд нийт1.3 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийжээ.

 

Хамгийн гол нь, тус цогцолбор хотхоны барилгын ажлыг шинэ технологийн дагуу асар богино хугацаанд барих техник, тоног төхөөрөмж, хав хашмалыг өөрийн улсад зургийн дагуу захиалж, оруулж ирсэн байгаа юм. Ингэхдээ бүх зардлыг Туркийн тал дангаараа шийджээ. Гэтэл “Грандлайн” ХХК-ийн захирал Б.Чулуудай хамтран ажиллахын оронд эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, гэрээгээ зөрчсөнөөр хоёр тал олон улсын Арбитрын шүүхэд хандсан юм. Харин Арбитрын шүүх энэ оны гуравдугаар сарын 26-нд шийдвэрээ гаргасан бөгөөд Монгол Улсын “Грандлайн” ХХК болон Туркийн “216 Яапи” компанийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээг цуцалсан байна. Ингэхдээ Туркийн талд “Грандлайн” ХХК-иас 792 мянга 114 ам.доллар, 31 сая 956 мянга 166 төгрөг гаргуулахаар болжээ. Харамсалтай нь, олон улсын шүүхээс гаргасан дээрх шийдвэрийг “Грандлайн” ХХК-ийн захирал Б.Чулуудай өнөө хэр нь биелүүлээгүй төдийгүй өнгөрсөн хугацаанд “216 Яапи” компанид нэг ч ам.доллар өгөөгүй гэдгийг Туркийн талаас саяхан мэдэгдсэн билээ.

 

“ГРАНДЛАЙН” ХХК-ИЙН УДИРДЛАГУУД ДЭЭРХ МЭДЭЭЛЛИЙГ ҮГҮЙСГЭВ 

 

Олон улсын Арбитрын шүүхээс хотын даргын хүү Б.Чулуудайн “Грандлайн” компанийг Монгол Улсын Компанийн тухай хуулийн 83.1, 83.6 болон Монгол-Туркийн хамтарсан“Грандлайн” компанийг байгуулах тухай гэрээний6.13, 10.1-п заасныг тус тус зөрчиж, Туркийн талд их хэмжээний хохирол учруулсан гэдгийг нь тогтоочихсон байтал тус компанийн удирдлагууд дээрх мэдээллийг эрс үгүйсгэсэн юм. “Грандлайн” компанийн гүйцэтгэх захирал Э.Мөнхжин хэлэхдээ “Туркийн барилга угсралтын шинэлэг технологийг эх орондоо нэвтрүүлэхээр хоёр жилийн өмнө “216 Яапи” ХХК-тай“Түмэн амгалан” төсөл дээр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээний хөрөнгийг зарцуулахдаа хоёр тал харилцан зөвшилцөнө, бараа бүтээгдэхүүн худалдаж авахаар бол ямар үнээр авахаа ярилцаж байж шийднэ гэж нэмэлт заалтыг оруулсан. Бид гэрээнийхээ дагуу Туркийн талд“Барилгын ажил эхэллээ, шаардлагатай санхүүжилтийг гаргана уу” гэх хүсэлт тавихад тэд 600 мянган ам.долларын зураг төслийн ажил, 700 мянган ам.долларын хэв хашмал нийлүүлсэн болохоор бэлэн мөнгө гаргахгүй гэх хариуг өгсөн. Үүнээс болж маргаан гарч, тэд олон улсын Арбитрын шүүхэд хандсан юм. Харин бидний хувьд Туркийн талыг нийт1.3 сая ам.долларын хөрөнгө оруулсан гэж гүрийсээр байсан учраас мөн Арбитрын шүүхэд гомдол гаргасан. Шүүхийн шийдвэрийг удахгүй албан ёсоор танилцуулна” гэх тайлбарыг өгсөн юм.

 

“ТҮМЭН АМГАЛАН” ЦОГЦОЛБОР ХУГАЦААНДАА АШИГЛАЛТАД ОРОХГҮЙ

 

Төлөвлөгөө ёсоор энэ онд ашиглалтад орох байсан “Түмэн амгалан” цогцолбор хорооллыг ирэх оны намар улсын комисст хүлээлгэж өгөхөөр болжээ. Нөгөөтэйгүүр барилгын салбарт ямар ч туршлагагүй компанид бүхэл бүтэн хороолол барих эрх өгсөнд олон хүн дургүйцлээ илэрхийлж буй. Бүтэн хоёр жилийн хугацаанд “Грандлайн” ХХК дөнгөж 40 айлын 3.6 га талбайг л чөлөөлжээ. Гэтэл гэрээ ёсоор Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг дэвсгэр буюу Амгалан орчмын 15.4 га талбайд оршин сууж буй 230 өрхийн 214-тэй нь гэрээ байгуулж, газар чөлөөлөх ёстой аж. Хэдийгээр тус компанийн зүгээс газар өмчлөгч иргэдийн 94 хувьтай нь тохиролцож чадсан гэж байгаа өнөөдрийн байдлаар 50 ч хүрэхгүй өрх газраа чөлөөлжээ. Харин “Грандлайн” компанийн удирдлагууд газраа чөлөөлсөн иргэдэд сар бүр нөхөн олговор өгч байгаа ч “Түмэн амгалан” цогцолбор хорооллын эхний ээлжийн орон сууц ашиглалтад орох хугацаа нь хойшилсонд оршин суугчид бухимдаж байна. Түүнчлэн тус компанийн захирал Б.Чулуудай хотын дарга аавынхаа “буян”-аар 15.4 га талбайн орон сууцны хорооллын дэд бүтцэд л гэхэд 11 тэрбум төгрөгийг төсөвлүүлж, 5.4-ийг нь гаргуулж авсан ч бүтээн байгуулалтын ажил нь эхлээгүй байгаа нь хачирхалтай.

 

Б.Бат


URL:

Нэр: Anonymous Огноо: 6 September 2015

Uul baatraa ulgeree duusga

Сэтгэгдэл бичих