Москвад роботын үзэсгэлэн болж байна
Москва хотын ВДНХ үзэсгэлэнгийн цогцолборт робот зохион бүтээгчид, IT инженерүүд, программ хөгжүүлэгчид хүүхэд багачуудад зориулан орчин үеийн технологийн шийдэл, програм хангамжийн үзэсгэлэн, сурталт сурталчилгаа зохион байгуулж байна.
Хүүхэд багачуудад шинэ үеийн техник технологи, тэр дундаа хиймэл оюун ухаан бүхий робот танилцуулах эл үзэсгэлэнд өнөөгийн робот-техникийн ололт амжилтыг дэлгэн харуулаад зогсохгүй “хиймэл оюун ухаан” хэмээн нэрийдэх болсон программчлагдсан оюун ухааны дээд хязгаарыг харах боломж олгож байгаа аж.
“Роботууд амьдрал тэтгэдэггүй, тэдэнд зөн совин, зүрх сэтгэл гэж үгүй. Энгийн өвс ургамлын амьдралын төлөөх тэмцэл, хүсэл тэмүүлэл роботуудаас илүү. Тиймээс тэднээс айж эмээх хэрэггүй. Харин ч тэдэнтэй тоглож, хамт гэрийн даалгавраа ч хийж болно” хэмээн Карел Чапек хэлж байв.
Энэ үзэсгэлэнгийн хүрээнд бүтээлүүдийг үзмэр байдлаар дэлгээд зогсохгүй бүтэн зуны турш хүүхдийн лагер ажиллуулж, роботын мөн чанар, энэ салбарын ололт амжилт, хөгжил цэцэглэлтийг хүүхэд багачуудад таниулсан байна.
Үзэсгэлэнг үзэж сонирхсон хүмүүсийн саналаар хамгийн “ухаантай” роботыг тодруулахад “Кубинатор” нэртэй шоо эвлүүлэгч робот шалгарсан байна. “Кубинатор” нь Венгерийн зохион бүтээгч, архитектур Эрнё Рубикийн зохион бүтээсэн зургаан талт шоог эвлүүлэх дээд амжилтыг 20 секундийн амжилтаараа шинэчлэн тогтоосон юм. Үзэсгэлэн ирэх сарын 15-ныг дуустал үргэлжлэх ажээ.
URL: