Өмнөд Суданы өнгөт бус амьдрал

2015090402-600x400ЗХЖШ-ын АУГ-ын дарга, бригадын генерал Д.Ганзоригоор ахлуулсан БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний батальонуудын ээлж хүлээлцүүлэх комиссын бүрэлдэхүүн энэ сарын 3-ны өдөр мотобуудлагын батальоны 5 дугаар ээлжийн Цэргийн багийн захирагч, хурандаа Б.Баатарын удирдсан эхний ээлжийн 200 гаруй цэргийн алба хаагчийн хамт холын Африк Өмнөд Суданыг зорьсон билээ. Ээлж хүлээлцүүлэх урьд, урьдын комиссуудаас арай өөр зорилготой энэ удаагийн комиссын бүрэлдэхүүнд БХЯ, ЗХЖШ-ын асуудлыг газар дээр нь шийдвэрлэх эрх бүхий, бас үнэлэлт, дүгнэлт гаргах чадвартай мэргэжилтнүүд томилогдсон юм. Тийм ч учраас Батлан хамгаалахын сайдын тушаалд “Ээлж хүлээлцүүлэх комиссыг бэлтгэн илгээж, цэргийн багийн аюулгүй байдалд эрсдлийн үнэлгээ хийх, цэргийн багуудын үйл ажиллагаа, хангалт, ажиллагааны газар оронд ашиглагдаж буй зэвсэглэл, техник, ар талын табель хэрэгслүүдийн чанар байдалтай танилцах, цэргийн багуудын ээлж хүлээлцэх ажиллагааг зохион байгуулалтын өндөр хэмжээнд гүйцэтгүүлэх”  гэж онцгойлон заасан болов уу.

Хоёр:  ОДОДТОЙ ХАНЬСАН ДҮҮЛСЭН “БОЙНГ-767”
Буян дүүрэн тэгш хэмээн өвгөд дээдсийн хайрласан Буянт-Ухаагийн сэргэлэн дэнж, хожмоо булт олноороо нэрлэж хэвшсэн “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын зурвасаас оройн цагаан гэгээ тасрахтай ташралдан Этиоп Улсын иргэний агаарын тээврийн “Бойнг 767-300ER” аварга том халим шиг хөлөг оддын зүг дүүлж, нийслэл хотын маань түм, буман гэрэл нэг тодрон, нэг бүдгэрсээр нэлэнхүйд нь бүрхсэн шөнийн тэнгэрт уусан замхарав. Ганцхан цаг урсан өнгөрөхүй дор мянган бээрийг туулдаг энэ аварга хөлөгний гар нийлэмжтэй эелдэг бор бүсгүйчүүдийн ааш ялдам инээмсэглэл, аялаг даялаг үйлчилгээ нь сэтгэлд нийлэмжтэй. Хааяа нэг цонхоор доош хараачлан танадахад тэнгэрийн од газраар нэг зулсан мэт тэртээ дор гэрэлтэн цацрах нь бодвол өмнөд хөршийн хотууд биз ээ! 4000 гаруй километр газрыг 5 цаг орчим туулсан агаарын аварга хөлөг шөнийн 24 цагийн үед Бангладеш Улсын Дака хотын Олон улсын нисэх буудалд газардаж, түлш шатахуунаа базаагаад БНЭУ-ын нийслэл Дели хотыг зорьсон. 45 тонны багтаамжтай асар том банкийг шатахуунаар дүүргэхэд багагүй хугацаа шаардагддаг бололтой. Бүтэн хоёр цаг орчим саатах хугацаанд зарим нь суудалдаа тухлан нойрсож, зарим нь тээж гарсан сонин, сэтгүүлээ гарчиглаж, бас ганц, хоёр хүн англи хэлний толь шагайсан байх. Миний хувьд уншиж амжаагүй “Утга зохиол урлаг” сонингоо дэлгэлээ. Бидний мах, цусны тасархай Дээд монголчуудын тухай эрдэмтэн зохиолч Л.Дашнямтай ярилцсан сонирхолтой хөөрөлдөөн, МУИС-ийн багш, доктор Д.Бум-Очирын Дээд монголд зорчсон сонирхолтой өгүүллийг амтархан уншиж цагийг нөхцөөлөө. Өвөр Монголчуудын тухай буруу ташаа ойлголттой байдаг манай зарим хүмүүс дээрх нийтлэлүүдийг олж уншаасай гэсэн бодол төрж байлаа. Ер нь юм гэдэг сонин шүү. Мэргэжил нэгт их буучин, зохиолч Б.Ойдовын тухай бичсэн шүүмжийг 4000 бээрийн тэртээ, хаа холын Бангладешийн Дака хотноо олж уншина чинээ бодоогүй явжээ. “Өдрийн сонин”-ы энэ сарын ¹185 дугаарт яруу найрагч Б.Галсансүхийн бичсэн “Зохиолч Б.Ойдовын “Уйгаржин бичиг” шүлгийг дунд сургуулийн сурах бичигт оруулмаар санагддаг” шүүмж үнэнээс яавч зөрөөгүй болжээ.

Хана хэрэм шиг ханз үсгийн голоор
Хага цохин цуулах уйгаржин бичиг минь
Хана хэрэм шиг ханз үсгийн дээгүүр
Харваж давуулсан шат шиг босоо бичиг минь …

Тийм ээ! Эх орон гэж эндээс л ханхийж байгаа биз. Манай нэг цэргийн алба хаагч энэ мөртүүдээс тэмдэглэлийн дэвтэртээ бичиж авч байсан нь сэтгэлд таатай санагдаж байлаа. Бангладешээс Энэтхэг хүртэл 3000 гаруй км. Тэртээ дор тэнгэр гялбаж, нэлсхийсэн гэрэл тасралтгүй үргэлжлэх нь их буугаар шөнийн буудлага хийж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Бодоход далай дээгүүр нисэж байсан бололтой. Өглөөний 4 цагийн үед Энэтхэгийн нийслэл Дели хотод газардаж, мөн л 2 цаг орчим шатахуунаа цэнэглээд Этиоп Улсыг зорилоо. Этиоп Улс Өмнөд Судантай хил залгаа оршдог болохоор бидний зорьсон газар ямх, ямхаар ойртож байгаа нь тэр. Энэтхэг, Этиоп Улсад нисгэгч болоод, онгоцны үйлчлэгч нар солигдож байгаа нь амаргүй хол газрын баталгаа билээ. Арга ч үгүй биз. Газарт байсан 6 цагийг эс тооцвол агаарт 20 цаг гаруй аялж байж Өмнөд Судан Улсын нийслэл Жуба хотын нисэх онгоцны буудалд буусан даа. Этиопийн нийслэл Аддис Абба Өмнөд Суданаас ердөө 800 гаруйхан километр ч уур амьсгалын хувьд нэн тааламжтай юм билээ.

Гурав: “ТОМПИНГ” ДАМЖИН ӨНГӨРҮҮЛЭХ БААЗАД ӨНЖСӨН НЭГ ӨДӨР
Хорин хэдэн цаг “Бойнг-767”-д тухалсан бид дөрөвний өглөөний 10 цагийн орчим Жуба хотын нисэх буудалд газардлаа. Хаашаа л харна “UN” гэсэн бичигтэй төрөл бүрийн мөнгөлөг цагаан онгоцууд нисэх буудлыг эзэлсэн нь уг хот аргагүй л НҮБ-ын Энхийг сахиулагчдын хараанд байгаа нь илт. “Малакал” дахь Хойд секторын командлагч, бригадын генерал Д.Баярсайхан, Жуба дахь хүчний штабын J-6-ийн дарга, хурандаа Ж.Молорболд, Жуба дахь Өмнөд секторын штабын дарга, хурандаа Т.Ганбат нарын нутаг нэгтнүүд маань биднийг тосч, хүний газар түүртэх бэрхшээлийг амссангүй, мөнөөх л  “UN” бичигтэй мөнгөлөг цагаан автобус унаанд сууцгааж, “Томпинг” дамжин өнгөрүүлэх баазад хүрэлцэн очсон юм. Дашрамд тэмдэглэхэд манай цөөнгүй офицер, ахлагч нар Жуба хотод үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна. Тэгвэл мөн тооны офицерууд Баруун секторын “Вау”, Уганда дахь “Энтэббэ”, Хойд секторын “Бэнтью”, “Мэлүт” Өмнөд секторын “Торит”, “Яамбио” зэрэг муж, хотуудад үүрэг гүйцэтгэж байгаа нь Монгол цэргийн нэр хүнд, мэргэжлийн өндөр чадавхи өнөөдөр дэлхийн тавцанд нэгэнт үнэлэгдсэний илэрхийлэл гэж хэлж болох. Тус улсад бидний зорчсон цаг үе нь борооны улирал байсан учраас 40 хэмийн халуун, нартай байгаа нь харьцангуй сэрүүнд тооцогдох ч мэдээж, ямар л таашаалтай байх билээ, хамаг бие дорхноо л нялав болтлоо хөлөрчихнө. Хуурай улирал нь бүр ярих юм биш гэсэн. Дээр нь улаан шороо нүүр, нүдгүй балбачихдаг учраас зарим үед өмссөн хувцастайгаа шүршүүрт орохоос аргагүй болдог гэж бодохоор манай дайчид ямар нөхцөлд үүрэг гүйцэтгэж буйг төвөггүй мэдэрч болно. Хүмүүсийнх нь ч юм уу, ер нь юу ч юм бэ, үнэр танар гэж авахын аргагүй. Ялангуяа, халууны улиралд бүр ч ярвигтай гэж байгаа. Ямар сайндаа манайхан болон гадны орны цэргүүд хамраа төмрөөр хавьччихаад амаараа амьсгалж зогсох вэ дээ. Орон гэрээсээ дайжигчдын хуаранд нэг жижигхэн захархуу юм ажиллах. Би тэнд хөл тавьж, 20-иодхон метр алхаад л бараг муужирч унах дөхсөн шүү. “Томпинг” дамжин өнгөрүүлэх баазад Энэтхэг, Япон, Солонгос, Непал, Этиоп, Гана зэрэг орнуудын цэргийн алба хаагчидтай хамт манай цэргийн ирэх, буцах багийнхан хамт байрлаж, дараачийн газар очих цаг хугацаагаа хүлээх аж. Энд олон орны цэргийн алба хаагчдын нөхөрлөл хамт явагдаж, олон улсын хэлээр хэл нэвтрэлцэж, өөр хоорондоо тэмдэг сэлтээ солилцож амжина. Харин “Сэндвич” хэмээх жижиг байшинг боломжийн тохижуулж ирсэн, буцсан багийнхныхаа тав тухыг алдагдуулахгүйн төлөө чадлаараа зүтгэж байгаа тогооч цэргүүдээрээ бахархахаас яахав. Харин хэдэн жилийн өмнө ачиж аваачсан хоёр халуун тогоо нь өнгө зүсээ алдаж “Та нарыг хооллох гэж тамаа цайж байна даа” гэх шиг хоёр дугуй нь ялбийсан ч хүний нутагт үүргээ гүйцэтгэсээр л байна. НҮБ-ын удирдлагын зүгээс гал тогоо ажиллуулахыг зөвшөөрөхгүй байгаа ч яаж ийгээд аргалсаар өнөөдрийг хүрснийг хурандаа Т.Ганбат тодотгоно билээ. Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн төлөвлөлтийн офицер, ахмад Д.Бат-Ялалт, 186 дугаар ангийн Танкийн механик жолооч, дэд ахлагч Д.Лхагвадорж, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ОБХ-ийн гал сөнөөгч, дэд ахлагч Б.Батболд, Хилийн 0218 дугаар ангийн Соёл хүмүүжлийн ажилтан, ахмад Г.Сүмбэрэл нартай уулзаж сэтгэгдлийг нь товчхон сонирхлоо. Тэд энд үүрэг гүйцэтгэхийг сайхан гэж хэлээгүй ч, цэрэг хүний ёсоор үүргээ нэр төртэй биелүүлснээрээ бахархацгааж байсан. Өмнөд Судандаа хамгийн халуун цэг болсон Бентью хотыг борооны улиралд газраар зорих ямар ч боломжгүй учраас зөвхөн онгоцны нислэгийн цагтай л зохицуулна.  Ийнхүү хуваарьт онгоцыг хүлээн өнжих нь тодорхой болсон бид Жуба хоттой танилцаж, Нил мөрний намуухан урсгалыг ширтэн зогсохдоо чимээгүй дайсан шумуулаас болгоомжилж, хөөрхөөн ажил удна. Бүхэл бүтэн улсын нийслэл гэхэд хог новш нь хөглөрсөн, гудамжны хөдөлгөөн нь дэндүү зэрлэгдүү гэмээр, навтгар байшингууд болоод далдуу модны сүүдэр бараадсан тийм нэг өнгө зүс тааруухан хүмүүс нь таатай сэтгэгдэл үл төрүүлнэ. “Томпинг” баазад ийн нэг хоногийг орхисон бид маргааш нь 140 хүний суудалтай Норвеги Улсын жижиг онгоцоор IY ээлжийн багийн гол бүрэлдэхүүн байрлаж байгаа Юнити мужийн Бентью хотыг зорьсон. Жуба хот дахь “Жэбэл” хэмээх уулыг эс тооцвол бидний зорчсон газруудад өндөрлөг газар огт харагдсангүй. Тийм болохоор тэртээ дор зурайх машин зам нь ямар ч муруй, тахиргүй, яг л шугам шиг тэгшхэн харагдах аж. Хэдийгээр энэ жил гантай байгаа ч битүү ногоон модлог тал зах хязгааргүй үргэлжлэхийг хараачлан явсаар хот гэж хэлэхийн аргагүй навтгар цагаан байшингууд, энд тэнд овойх сүрлэн оромжууд, орон гэрээсээ дайжигчдыг хамгаалсан дүрвэгсдийн хуаран бололтой нэвсгэр, навсгар байрууд, зам даган нааш цааш сүлжилдэх олон мянган хар хүмүүс хөлхөлдсөн “Рубонок” нисэх буудалд өглөөний 10 цагийн үед газардсан юм. Мотобуудлагын IY ээлжийн батальоны захирагч, хурандаа М.Батчулуун удирдлагынхаа хамт халаа авах ээлжийнхэн болон комиссын бүрэлдэхүүнийг угтан авсан. “Рубонок” нисэх онгоцны буудлаас цэргийн багийн байрлал хүртэлх 3 км орчим замыг туулах хугацаанд дүрвэгсдийн хуарангийн амьдралыг хальт харахдаа яс хавтайж явснаа юугий нь нуухав. Бас хажуугаар зөрөлдөх толгой дээрээ элдвийг тавьсан хүмүүс, эргэлдсэн алаг нүдтэй, эцэнхий туранхай хүүхдээ тэврээд өеөдөж унах шахам алхаж яваа хөл нүцгэн хөөрхий бүсгүйчүүл гээд л өр өмрөөж, аньсага чийгтүүлсэн амьдралыг харсан хэний ч сэтгэл өвдөхгүй байхын аргагүй. Тэнд эрдэнэт хүний үнэ цэнэ гэдэг ойлголт бараг үгүй бололтой. Ажиглаад байхад адгуус амьтад нь тааваараа, идэж, уух нь ч элбэг, дэлбэгийн дээр яагаад ч юм бэ, хүмүүсээсээ илүү өнгөлөг юм шиг санагдсан. Харин халбаган хошуутай том хар шувуу Өрөвтас нь л нэг тиймэрхүү. “Монгуш” буюу “Хадны дорго” нэртэй нэг хөөрхөн амьтан байх. Цэргийн багийнханд ач тусаа өгсөн эл амьтан олноороо сүрэглэн амьдарч, элдэв өвчин эмгэг тарааж болохуйц могой, мэлхий, гүрвэл, шумуул зэрэг шавьж амьтадаар хооллож, тэднийг устгадгаараа орон, орны дайчдын “Хайрыг” татдаг бололтой.

Дөрөв: БЕНТЬЮ ХОТЫН “ХУБИЛАЙ” БААЗ
Манай цэргүүд Бентью хотод байрлаж байгаа баазаа “Хубилай”, Париан суман дахь баазаа “Арвай” хэмээн нэрлэдэг аж. Мотобуудлагын IY ээлжийн багийн буюу “Хубилай” баазын захирагч, хурандаа М.Батчулуун удирдлагын офицеруудынхаа хамт комиссын бүрэлдэхүүнийг Ажиллагааны удирдлагын өрөөндөө хүлээн авч цагийн байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийсэн. Өнгөрсөн оны 12 дугаар сард Өмнөд Судан Улсын Ерөнхийлөгч Салва Кийр, дэд ерөнхийлөгч асан Рийк Мачарийн толгойлсон Засгийн газрын эсрэг сөргөлдөгч талууд байр сууриа хүчтэй илэрхийлж, омог хоорондын мөргөлдөөн газар авснаар орон гэрээсээ дайжигчдын тоо эрс нэмэгджээ. Өнөөдрийн байдлаар Юнити мужийн Бентью хотын дүрвэгсдийн хуаранд 104 мянга гаруй хүн орогнож, тэдгээрийг Монгол, Ганна, Непал, Энэтхэг, Этиоп зэрэг орны цэргүүд хамгаалж байгаа юм байна. Сөргөлдөгч талуудын хооронд гал зогсоох хэлэлцээр улс төрийн түвшинд хийгдсэн боловч энэ нь доод шатандаа хэрэгжихгүй байгаа нь баазын байрлалын ойролцоо сонсогдсон хэд хэдэн удаагийн бага, том калибрын буун дуу гэрчлэх аж. Тус багийн үүрэг гүйцэтгэсэн 11 сарын хугацаанд 6 удаагийн байлдааны томоохон ажиллагаа явагдаж, баруун хэсэг нь агаарын бөмбөгдөлтөд өртжээ. Мөн үеэр ОХУ-ын “Ми-8” нисдэг тэрэг осолдож, намаг, шавартай газар унасан нисдэг тэрэгний экипажийн бүрэлдэхүүнийг аврах ажиллагааг амжилттай зохион байгуулсан ч харамсалтай нь хоёр нисгэгч нь амь насаа алдсан байжээ. Хэдийгээр цэрэг хүн ч сэтгэл зүйд нь нөлөөлж болзошгүй нүд хальтрам байдлыг харсан зарим цэргийн алба хаагчдын сэтгэл санаа тогтворгүй болох байдал ажиглагдсанд удирдлагын зүгээс газар дээр нь арга хэмжээ авч асуудлыг нааштайгаар шийдвэрлэсэн зэрэг хүнд цаг үеүд багагүй байсныг цэргийн багийн захирагч тодорхой жишээ баримттайгаар ярьсан. Энэ хугацаанд тус багийн 40 гаруй цэргийн алба хаагчдын ар гэрт өнчрөл хагацал тохиосныг ч өгүүлсэн. Ямар ч байсан байгаль, цаг уурын хатуу ширүүн нөхцлийн зэрэгцээ байлдаан, тулалдаан гээд л зөвхөн цэрэг хүний шандсыг шалгасан хүнд өдрүүдийг даван туулсан IY ээлжийн цэргийн багийнханд бригадын генерал Д.Ганзориг халуун талархлаа дэвшүүлснийг тэмдэглэх ёстой. Дашрамд өгүүлэхэд, “Хубилай” баазаа манай цэргүүд боломжийн тохижуулсаны зэрэгцээ “Энхийг сахиулагчдын гудамж”, “Тээвэрчдийн гудамж”, “Эмэгтэйчүүдийн гудамж” зэргээр нэр хайрласан нь сэтгэлд дулаахан санагдаж байлаа. Мөн Париан сум дахь “Арвай” бааз ч чамлахааргүй тохижсон байна лээ.

2015090401

 

Тав: ТӨГСГӨЛИЙН ОРОНД
Хэдийгээр хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа ч манай дайчид цагийг үр ашигтай өнгөрүүлж, зарим нь  мэдлэг боловсролоо дээшлүүлэхийн төлөө чармайн ажилладгийн нэг нь Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн салааны захирагч, дэслэгч Э.Энхтөр юм. БХИС-ийг 2013 онд инженерийн мэргэжлээр дүүргэсэн тэрбээр англи хэлнийхээ мэдлэгт илүүтэй анхаарсны хүчинд НҮБ-ын ажилтнуудтай харьцах цэргийн багийн эрх бүхий албан тушаалтан буюу Иргэн цэргийн харилцааны офицероор ажиллажээ. Бид хоёр багагүй хугацаанд НҮБ-ын ажилтнуудын байр болон орон гэрээсээ дайжигчдын хуарангаар чөлөөтэй явсан юм. Түүнтэй уулзсан болгон эелдэг дотно харьцаатайн зэрэгцээ бүгд л манай цэргүүдийг ам уралдан магтаж байв. Мөн орон гэрээсээ дайжигчид том, жижиггүй, хөгшин хөвөөгүй л “Mongolian Good” хэмээн эрхий хуруугаа гозойлгон элгэмсэг хашгирч байгаа нь өрөвдмөөр ч юм шиг. Өмнөд Судан Улсын Юнити мужид Ниур, Динка хэмээх хоёр омог байдаг ч шашин шүтлэг, мал хунараасаа болж өөр хоорондоо тэрсэлдэн цусан зам татуулсан нь ийнхүү НҮБ-ын цэргийн хамгаалалтад орох зайлшгүй үндэс суурийг бүрдүүлжээ. Тэд Бентью хотоосоо 3 гаруй км газарт ийнхүү орон, орны цэргийн хамгаалалтад өдөр, хоногийг уйтгар гунигтай өнгөрүүлж, өлмөн зэлмэн амьдарч байгаа нь юутай харамсалтай. Газрын гүндээ эрдэнэсийн баялагтай ч гадаад гүрнүүдийн хуруу дүрэн өнгөлзсөнөөр ийнхүү ядуу тарчиг, нохой, шувуунаас ч дор амьдарч байгаа нь чухамдаа төр, засгийнх нь л буруу бодлогын гай биз ээ. Бид ч үүнээс санаа авах л ёстой юм даа. Монгол эх орноо сайнаар ярьдаггүй зарим нөхдийг энэ оронд аваачиж хэд хонуулмаар санагдсан даа. Бид тэнд байх 10 гаруй хоногт Париан сум, Вау хотод хөл тавьж, энхийг эрхэмлэгч офицер, дайчдынхаа сайн сайхныг чамгүй сонсож явлаа. Өмнөд Суданы нийслэл Жуба хотод хоёр хонох хугацаанд бригадын генерал Д.Ганзориг нарын Монголын цэргийн төлөөлөгчид Жуба хотын “Юн Хаус”-т байх UNMISS ажиллагааны хүчний командлагч, Этиопийн дэслэгч генерал Ёханнес Тесфамариамтай уулзсан юм. Ноён генерал Монгол цэргүүдийн үүрэг гүйцэтгэлтэд сэтгэл ханамжтай буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ “Та нар Бентьюд байгаа монгол нэртэй хүүхдүүдээ яах гэж байна” хэмээн нөхөрсгөөр элэглэж, инээдэм болж байлаа. Мөн өдөр UNMISS ажиллагаан дахь НҮБ-ын нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч, хатагтай Маргарет Лоэжтай уулзсан. Тэрээр “Танай улсын цэргийн алба хаагчдын талаар дандаа сайн юм сонсогддог. Цагийн байдал Өмнөд Суданд сайнгүй байна. Орон гэргүй иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, хуарангийн өргөтгөл хийх шаардлага тулгарсаар байна. Өргөтгөл нэмэгдэхийн хэрээр ажил ч нэмэгдэж байна. Монголын цэргийн баг эл хүндрэлийг үл ойшоон, нэмэгдэл үүргийг гүйцэтгэхэд бэлэн байдагт баярлаж байдаг шүү” гээд хэзээний танил хүн шиг ихэд элгэмсэгээр Д.Ганзориг генералын гарыг алгадаж байсан нь үнэнхүү хүндлэлийн илэрхийлэл билээ. Ийнхүү Өмнөд Судан Улсад ажилласан 10 хоногийн үзэж харсан зүйлээ хураангуйлан өгүүлэхэд ийм буюу. Эртний түүхт Нил мөрний хөвөөн дээр хэдэн зууныг дамнан оршсон эл хотын амьдрал сэргэж, хүн зоных нь нуруу тэнийгээсэй л гэж хүсэх байна даа.

Дэд хурандаа Г.БААТАРНУМ
Улаанбаатар-Бангладеш-Энэтхэг-Этиоп-Өмнөд Судан


URL:

Сэтгэгдэл бичих