Санхүүгийн зохицуулах хороо “УИД” ХК-ийг шүүхэд өглөө
“УИД” ХК хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг хохироож байгаа талаар жижиг хувьцаа эзэмшигчид удаа дараа гомдол гаргаж байжээ. Тэдгээр гомдлын дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос энэ оны хоёр ба дөрөвдүгээр сард шалгалт явуулсаны дүнд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Ингэхдээ “УИД” ХК-ийн холбогдох этгээдүүд болох “Номин холдинг”, “Номин тав”, “Номин реалтор” компаниудын хооронд хийсэн гүйлгээ, гэрээ хэлцэл бүрийг санхүүгийн баримт, үндсэн гэрээнүүдэд тулгуурлан шалгалтыг явуулжээ. Уг шалгалтаар “Номин холдинг” группын гишүүн компаниудын хооронд хийсэн гэрээ, хэлцлүүд, эдгээрийн үндсэн төлбөр тооцоо нь зарим талаар сонирхолын зөрчилтэй, жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьд ашиггүй дүр үзүүлсэн гэрээ хийсэн байх магадлалтай гэсэн дүгнэлт гаражээ.
Тухайлбал, 2008 оноос хойш хийсэн түрээсийн болон зээлийн нийт 13 гэрээг хүчин төгөлдөр гэрээ, хэлцэл мөн эсэх нь эргэлзээтэй байгаа гэнэ. Эдгээр гэрээг хүчин төгөлдөр үү гэдгийг тогтоолгохоор жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг өмнөөс Санхүүгийн зохицуулах хороо шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Жижиг хувьцаа эзэмшигчид шүүхэд нэхэмжлэл гаргахад төлөх тэмдэгтийн хураамж өндөр гардаг учраас тэдний эрх ашгийг хамгаалах үүргийг СХЗ хүлээдэг учраас тус хороо тэдний өмнөөс нэхэмжлэл гаргасан аж. Тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар төрийн байгууллагын гаргаж буй нэхэмжлэлд хураамж төлдөггүй.
“УИД” ХК 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 36,807,850 ширхэг энгийн хувьцаатай. Үүнээс томоохон хувьцаа эзэмшигч нь нийт хувьцааны 68.4 хувийг эзэмшдэг. Үлдсэн хувийг 45,415 жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшдэг. Тус хувьцаат компани нь 2001 онд 30 мөнгө, 2007 онд 3 төгрөгийн ногдол ашиг хуваарилаж байсан. Харин бусад жилүүдэд алдагдалтай ажилласан гэх шалтгаанаар ногдол ашиг хуваарилаагүй байна.
URL: