Урт цагаанаар алхжээ Явтал

144141504055ea3f80bb5cdУрт цагаанаар алхжээ явтал замын хавтангийн завсараас ямар нэг зүйл хямсаа хавчуураар хичээнгүйлэн түүж байгаа өвөө таарав. Цэвэрхэн хувцаслаж, ханцуйндаа жийргэвч зүүжээ. Юуг ингэж нямбайлан аваад байгааг нь саваагүйтэн сонирхтол самрын яс байх нь тэр. Нэлээд самрын яс, чихрийн цаас, тамхины ишийг уутанд хийн бөөгнүүлжээ. Өвөөгийн суугаа орчин ширхэг ч хоггүй, толийтол угаасан мэт цэв цэвэрхэн. Хавтангийн завсараар унасан самрын ясыг нь хүртэл хавчуураар түүчихсэн юм чинь арга байж уу. Өөрийн эрхгүй өвөө дээр саатлаа. Энд утсаар яриулж, бохь чихэрхэн зардаг гэнэ.

“-Хоногийн хоолгүй, амьдралын боломжгүйдээ суугаа юм биш шүү. Зураг хөрөг аваад юу гэх вэ. Насаараа нам, төрдөө зүтгэсэн хүн зүгээр сууж чадахгүй юм. Гэтэл миний үеийнхэнд байтугай залууст ажил олдохоо байж. Тэгээд л ингэж цаг нөхцөөж сууна даа. Сэрүү ортол ингэсхийгээд ядаж энэ хавийнхаа хогийг цэвэрлээд суудаг юм” гэх.

Насаараа нам, төрийн байгууллагад ажилласан өвөө Дундговийн харьяат аж. Эрдэнэтэд 2006 оноос суурьшжээ. Хуучин мэс заслын хавчаараар тамхины иш, тал самрын ясыг ч үлдээлгүй түүх өвөө. Байгаа орчиндоо, нийгэмдээ өөрийн чадахаараа хувь нэмрээ оруулах гэсэн халуун сэтгэл. Залуус минь хямсаа-хавчаараар хог цэвэрлэх албагүй ээ. Зөвхөн хазсан самрын ясаа, татсан тамхины ишээ хаяхгүй байхад л болно. Эх орноо, элгэн түмнээ гэх сэтгэл яг эндээс багахан зүйлээс эхэлдэг…


URL:

Сэтгэгдэл бичих