Монголчууд бидний ядууралд хэн буруутай вэ ?

Бидний 900 мянга орчим нь ядуу

Өнөөдөр хүн амын маань 35.2 хувь нь ядуу гэсэн манай статистик судалгаа байна. Дэлхийн банкныхаар бол бүр 38.6 хувь. Ядуурлын түвшинд байгаа иргэд гэж өдөр тутмын зайлшгүй шаардлагатай хүнснийхээ зүйлсийг худалдан авах чадваргүй хүмүүсийг хэлдэг аж. Тэгэхээр та бидний гурван хүн тутмын нэг нь буюу бараг 900 мянга гаруй монгол иргэн өдөр тутам өлөн зэлмэг аж төрдөг байх нь.
Өдөрт нэг ширхэг “Атар” талхаар гол зогоож байгаа 2-3 ам бүлтэй өрхийг Улаанбаатарын аль ч дүүргийн, аль ч хорооны хэсгээс хялбархаан олох боломжтой. Бүх аймаг, сумдад ч бий. Сэтгэл сэрхийлгэсэн баримт.
1990 онд дэлхийн нийт хүн амын 41,69 хувь нь туйлын ядуу гэсэн зэрэглэлд байсан бол 16 жилийн дараа 25.19 болтлоо буужээ. Гэтэл манай оронд ядуурлын хувь огтхон ч буурсангүй. Харин ч сүүлийн хорин жилд ядуурал эрс, огцом өссөн.
Ядуурлынхаа үзүүлэлтээрээ бид бараг Сахарын цөлөөс өмнөх Африкийн зарим орон зэрэг иргэний дайн, байгалийн гамшигт нэрвэгдсэн орнуудтай ойролцоо очих нь. Монгол оронд ямар ч дайн байлдаан болоогүй, ямар ч цунами, аймшигт газар хөдлөлт болоогүй шүү дээ. Гэтэл ядуурлын түвшин ийм өндөр байгаа нь чухам юуных вэ?
Ямар ч улс орны хөгжлийг энэ тэргүүнд ядуурлынх нь түвшин, хүн амын амжиргааны индексээр тооцож үздэг. Хөгжингүй орнуудад ядуурал 21 хувиас хэтэрдэггүй аж. Зарим оронд ядуурлыг 16 хувиас хэтрүүлэхгүй барьж чадаж байна. Гэтэл манайд 40 хувь дөхөөд байдаг. Монголчууд бид нэг хүнд ногдох байгалийн баялаг, мал сүрэг, газар нутаг гэх мэт талаас нь харвал баян байх нөхцөл, боломжоор бүрэн улс түмэн. Дээр нь харьцангүй боловсорсон, хүн амын үнэмлэхгүй олонхи нь бичиг үсэгт тайлагдсан, дэлхийн хоёр хүчирхэг гүрний дунд геополитикийн ашигтай байршилд буй, мөн асар том зах зээлийн дэргэд гэх мэт олон давуу тал байгаа.

Ядуурлын ирмэг дээрх дундчууд

Энэ ядуурал гэдэг нь гагц зөвхөн ядуу гэгдэх тэр гучин хэдэн хувьд ч хамаатай асуудал биш юм. Манай хүн амын олонхи нь болох дундаж давхаргынхны аж амьдрал ч бас тийм хангалттай сайн биш байна. Аль ч оронд улс орныхоо гол ачааг үүрч явдаг нь энэ дундчууд байдаг.
Хөгжингүй орны дундаж давхаргынхан, манай дундаж давхаргынхны хооронд чанарын асар их ялгаа бий. Маш энгийнээр хэлэхэд л хөгжингүй орны дундаж иргэд нь долоо хоногтоо дор хаяж хоёр удаа ресторанд гэр бүлээрээ орчихдог, сардаа ч болов нэг удаа ойр зуураа салхинд гарч сайхан амарчихдаг, /хөгжингүй орнуудад хагас бүтэн сайн өдөр бүр маш идэвхтэй амралт нийтийг хамардаг/ жилдээ дотооддоо бүү хэл дэлхийн аль нэг улс орноор аялчихдаг амьдралын боломжтой хүмүүс байдаг байна. Тэдний хувьд машин тэрэг гэдэг нь амьжиргааны үзүүлэлт биш, ердийн хэрэгцээ болсон, тодорхой хэмжээний мөнгөн хуримтлал үүсгэх, өөртөө болон гэр бүлдээ хөрөнгө оруулалт хийх боломжтой хүмүүс.
Гэтэл манай дундаж давхаргынхны олонхи нь цалингаас цалингийн хооронд, зээлээс зээлийн хооронд, ёстой хоёр идэхгүй, хоосон хонохгүй гүрдийтлээ зүтгэж явна. Олонхи багш, эмч зэрэг төрийн албан хаагчид, бас малчдын үнэмлэхүй олонхи нь энэ зэрэглэлд орж байгаа. Өвлийн гутал авчихвал байрныхаа мөнгийг төлөхөд хүдрэлтэй болчихдог, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлчихвөл хэсэгтээ л зээллэг гуйхаас аргагүй болдог тийм хүмүүс.
Дундаж давхаргынхны маань олонхийн хувьд юун ресторанд долоо хоног бүр хооллох, юун хагас бүтэн сайнаар гэр бүлээрээ Тэрэлж ч юм уу, Хустайн нуруунд очоод нэг сайхан алжаал тайлах, юун тэр жилдээ нэг гадаад орноор аялах, үгүй ядаж хамгийн ойрхон орших Хятадын Цагаан хэрэм, Утай гүмбэн хүртэл аялах тухай бодох вэ. Зарим албан хаагчид Даваа гаригаас ажилдаа явах автобусныхаа мөнгийг хэмнэхийн тулд хагас бүтэн сайнд нь гэрээсээ ч гарч чадахгүй суугаа нь үнэн юм.
Тэдний хувьд өнөөх 35-38 хувийн ядуучуудын эгнээ рүү гулсахад нэн ойрхон, дөнгөн данган дээсэн дөрөөн дээр дэнжигнэж явна. Зүтгээд, хийгээд л байдаг. Гэтэл дээш гарч, амьжиргаагаа баталгаатай болгож буй нь тун цөөхөн.

Бид залхуудаа ядуу гэж үү?

Сүүлийн үед манай улс төр, бизнесийнхнээс “Арчаагүй залхуу, боловсролгүй, мэдлэггүй, чадваргүй хүмүүс л ядуу байдаг” гэсэн нэг постулатыг дахин дахин ярих дуртай болчихож. Энэ үнэн л дээ. Үнэхээр монгол шиг амьдрах боломж бүрэн бүрдсэн асар баялагтай оронд төрчихөөд ядуу явна гэдэг нь дэндүү арчаагүйнх. Ямар Энэтхэгийн доод кастынхны гэр бүлд, гудамжны цементэн дээр төрчихсөн биш. Тэдэнд бол хичнээн хичээж зүтгээд ч нэмэргүй, ядуугаараа л, гуйлгачингаараа л энэ насыг барна. Тэд гуйлгачин заяатайгаа хамт энэ ертөнцөд ирдэг, гуйлга гуйхаа амьдралынхаа гажиж болшгүй зарчим гэсэн ойлголттойгоо хамт төрдөг хүмүүс. Харин монголчуудын хувьд шаргуу хөдөлмөрлөж, хичээн зүтгэж чадвал яаж ийгээд л под хийтэл аж төрөөд байх боломжтой.
Тэгвэл монголын гурван хүний нэг нь тийм аймшиггүй арчаагүй, дэндүү залхуу, ямар ч чадваргүй, гуйлгачин хувь заяатай төрдөг хүмүүс юм уу гэсэн асуулт зайлшгүй. Хөл дээрээ баттай зогсож чадахгүй байгаа дундаж давхаргын үй түмэн хүмүүсийг тооцохгүйгээр шүү дээ.
Ямар ч ард түмэнд, дунджаар 10 орчим хувь нь “төрөлхийн ядуу” буюу арчаагүй залхуу, бас чадваргүй гэсэн стандарт байдаг байна. Вашингтоны К, М гудамны аль ч буланд яадгаа алдсан гуйлгачинтай тааралдаж болно. Токио, Парижид ч адилхан.
Тэгвэл яагаад монголчуудын 10 хувь нь биш 35-38 хувь нь ядуу байгаа юм бол? Бид бусад үндэстэн, ард түмнээс тийм их сул дорой юм уу? Бид арчаагүй залхуу хүмүүс олонтой, тийм адгийн муу ард түмэн юм уу?
ҮГҮЙ ЮМ. Нийтлэлч: Б.Номинчимэд


URL:

Сэтгэгдэл бичих