“Гурван томын” төлөө
Манайхан эдүгээ болж буй үйл явдлыг зөвхөн “ардчиллын” үүднээс, зөвхөн улс төрийн өнцгөөс харж АН-ын дарга, Ерөнхий сайд хоёр “учраа ололцсонгүй”, Ц.Элбэгдорж “заль хэрэглэж байна”, Н.Энхбаяр “төр үймүүлж байна” гэхчлэн үнэн инээдтэй тайлбарлах. Ер нь ингэхэд “учраа ололцох”, “заль хэрэглэх”, “төр үймүүлэх” гэсэн нэр томъёонд ямар утга байдаг юм? гэж асуувал хариу өгөх хүн ганц ч байхгүй. Ингээд монголчуудын улс төрийн “бүх мэдлэг” дуусч байгаа юм. Тэгвэл энэ холион бантан, учир утгагүй мэт харагдах үйл явдлыг тайлбарлаж болох уу? Мэдээж болно. Үүнийг системийн анализ гэдэг.
Монголын эдийн засгийн “үндсэн асуудлууд”
Аль ч улсад эдийн засгийн үндсэн асуудал гэж буй. Үндэсний үзэл дангаараа явдаггүй гэдэг шиг эдийн засгийн хөгжил ч дангаараа явдаггүй, улстөрийн бодлогын үр дүн байдаг. Өмнөх нийгмийн үед “политэкономи” буюу улстөрийн эдийн засгийн ухаан гэж дарга нарын заавал үздэг (гэхдээ тэр үед олон дарга үүнийг ойлгодоггүй учраас сурна гэж халтуурддаг байсан) лут салбар байсныг “ко” учраас шууд мартахыг манай “ли” нар албадсан. Гэвч үнэндээ Дэнгийн шинэчлэл ч “политэкономи”, барууныхан либерализмыг эдийн засгийн шинэчлэлдээ хэрэглэсэн гэдэг ч коммунистууд Дэнгийн шинэчлэлийг “НЭП” хавьцаа дүгнэдэг. Харин Дэн муурны тухай нэг Сычуань үг хэлсэн шүү дээ. Анх энэ үгийг Маргарет Тетчертэй уулзахдаа хэлсэн юм билээ, цаадахь нь ойлгохгүй өвгөн зөнөг залгаж гэж бодтол хэзээ хойно эрдэмтэд нь гүн гүнзгий утгатай үг хэлснийг “дахин танилцуулсан” түүхтэй юм. Газар дэлхий гурван халим, гурван заан, гурван яст мэлхийн дээр тогтдог эртний загварчлалаар Монголын “гурван том” тулгуур бол Оюу Толгой, Таван Толгой, Гачуурт, энэ талаарх улстөрийн шийдвэр монголын эдийн засгийн “үндсэн асуудал” мөн. Гэхдээ зөвхөн орд гэж биш зэс, нүүрс, алтны салбар гэж үзэх нь зөв.
Үүнийг мартах юм бол монголын улс төрийг тайлбарлах ямар ч боломжгүй. Гэтэл манайхан Засгийн Газар, УИХ, Ерөнхийлөгч гурвын болон намуудын улс төрийг ярьж “гурван томоо” бараг мартаад байна. Эдгээрийг хааяа нэг өгүүлэх боловч ердөө л дагавар шинжтэй буюу улс төрөөс тусгайд нь ярьж байгаа нь үлэмжийн их тэнэглэл юм. Энэ тухай товч өгүүлсү. Манай либерал сурталчид улс орныг ингэж заагласан юм, хүмүүсийн тархинд. Нэг улс орны дотоодод болж буй үйл явцууд аль салбарт хамрагдахаас үл хамаарч системийн хувьд нэгнээсээ харилцан хамааралтай. Харин энэ хамаарлыг салгаж, өөр нөлөөлөл оруулах нь гадныхны сонирхол.
1. Оюу Толгой. Дубайн гэрээний дараа УИХ-ын гишүүн Г.Уянга “Уут уут мөнгөөр улсаа худалдсан сайдууд гуай” гэж цоллож байгаад Ерөнхий сайдаас тайлбар нэхсэн. Түүнээс хойш таг чиг байгаа. Халзан Д.Ганболдын хэлснээр: “Далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд дэлхийн томоохон арилжааны банкуудаас гарааны мөнгө болох 4.2 тэрбум ам.долларыг зээлэхээр, 2016 онд 6 тэрбум, 2017 онд 9 тэрбум, нийт 14 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдаж байгаа”… гэнэ.
Миний мэдэж байгаагаар Монголд одоогоор сохор зоос ч орж ирээгүй. Харин ирсэн юм нь “шинэчилсэн” ТЭЗҮ байгаа. Гэтэл халзан Д.Ганболд: “ТЭЗҮ-гүйгээр ажил эхэлж болдог, ТЭЗҮ хэрэггүй” гэж ам бардам хэлсэн удаатай. Яагаад “шинэчилсэн” ТЭЗҮ-ийг одоо өгч байгаа юм гэхээр далд уурхайн бүтээн байгуулалтыг ирэх 2016 оноос эхлэх болчихоод байгаад хамаг учир оршино.
“Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт ирэх оноос эхэлнэ гэсэн мэдээлэл байна. Тодруулбал, далд уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай байгаа 4.2 тэрбум ам.долларыг Дэлхийн банк болон бусад арилжааны 14 банкнаас ирэх 12 дугаар сар хүртэл босгох, мөн ирэх оны 4 дүгээр сараас “Оюутолгой” болон “Turquoise Hill Resources”, “Rio Tinto”-ийн ТУЗ “Оюутолгой”-ийн далд уурхайг баталгаажуулж, бүтээн байгуулалт ирэх оны 6 дугаар сараас албан ёсоор эхлэх гэнэ.”
Санхүүгийн маш хүнд нөхцөлд байгаа “Рио Тинто” эдүгээ Ч.Сайханбилэгийн зөвшөөрснөөр Оюу толгой ордыг бүрэн эзэмшигчийн хувьд барьцаалж мөнгөө босгож байгаа бөгөөд “бүтээн байгуулалт”-ыг ирэх оны 6 дугаар сараас эхлэнэ л гэж байна.
2. Таван Толгой. Гацсан Таван Толгойг бас л ийм хувь заяа хүлээж байна. Таван Толгой аль эртнээс МАН, АН-ын улс төрийн өрсөлдөөний талбар болсон юм. Үүнийг Н.Энхбаяр: “Манай нам Тавантолгойгоо хамгаалахын тулд АН-тай хамтарна” гэж яруу тодорхой илэрхийлэв. Хэнээс хамгаалах гэдгээ тэр хэлээгүй ч МАН-аас гэж тайлахад сүрхий ухаан орохгүй. Ингэж Н.Энхбаяр тэнэгээсээ болж нууж байсан зөрчлийг шууд ил гаргав. Өмнө нь зөрчил хүмүүсийн “зөв буруу” үйлдэлд байсан бол одоо шууд нам хоорондын асуудал болов. Таван Толгойг авсан, зарсан, хянасан нам нь улс төрийн амжилтаа хангана. Бизнес улс төрийн бүлэглэлүүд “Таван Толгойг” гацаачихаад сонгууль хүлээж байна. Ингэхээр чинь сонгуулийн төлөө алалцахаас өөр яахийм ?! Засгийн газрын цоорхойг цойлдох асуудал гагцхүү үүнээс болж гацсан. Өнөөг хүртэл нөгөө айхтар шинжээч, шиншээчээ гайхуулдаг онолчид хүртэл үүнийг анзаарахгүй байгааг гайхах юм. Зам тээврийн яамыг Л.Эрдэнэчимэг авах уу? Г.Батхүү авах уу? гэдгээс гацаа үүссэн. Тодорхой хэлбэл Х.Баттулга, З.Энхболдыг баадуудаж байгаад Таван толгойн тээвэрлэлтийг гартаа авах гэж эртнээс оролдож байгаа юм. Нүүрсний үнэ унасан өнөөгийн нөхцөлд газар ухсан нь биш, зөөсөн нь баяжина. Тиймээс АН-ын хагарал Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж ба “Алтан гадас”-т 10 гаруй жилээ дэмий өнгөрөөсөндөө харамсдагаа нуухаа байсан Г.Батхүү нар нэг тал болчихоод байна. Манайхан үнэг шиг мартамхай. Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар Засгийн газар “зальдаж авмагцаа” “Соёмбо” фракц байгуулсныг өдгөө хэн ч дурсахгүй юм. Энэ фракц бол яг “Шонхор-МоАХ”-ын сөрөг фракц шүү дээ. Г.Батхүү л брэндээрээ фракцаа ивээн тэтгэснээс ийм нэртэй болсон төдий ойлгож болохгүй.
3. Гачуурт. Энэ нь “Оюу Толгой”, “Таван Толгой”-гоос хамааралтай асуудал болно. Хэсэг зуур намжсан боловч дахин сэргэх нь гарцаагүй. Гэхдээ салбараар нь жигнэж үзвэл “Урт нэртэй хууль” ба түүний тайлбартай холбоотой орооцолдсон асуудал бий. “Гацуурт”-ын орд энэ хуультай холбогдох нь Гацууртын голыг тасласантай холбоотой. Нөгөө талаас өршөөлийн хуульд Ц.Мөнхбаярыг хамруулах эсэх нь бас л дамаа урт нэртэй хуулийн үйлчлэлтэй холбоотой. Нөгөө талаас “Сентерра гоүлд” захиалгат нийтлэл бичүүлж, фейсбүүк твиттерээр Гацууртын олборлолтыг зогсоосон гол хүн гэж Г.Уянгыг байнга дайруулж байгаа ч булай булхай нь илэрсээр байна. Мандал сумын нэг багийн дарга нь нинжа нарыг зохион байгуулж, мөнгө өгч Гацуурт руу оруулсан ба түүнийг нь зогсоох гэж биш дүрс бичлэг хийх гэж очсон цагдаа нар үүрэг даалгавраа нэр төртэй биелүүлж бичлэгээ фейсбүүкээр тарааж “хууль хэрэгжүүлсэн”. Гэвч эрхбиш төртэй тул тэдний энэ хуйвалдаан Тагнуулынхны шалгалтаар илэрсэн ба эрүү үүссэн байна. “Г.Уянга, С.Ганбаатар нар очиж тэр ордыг нинжа нараас хамгаал” гэж шордогчид үүнтэй мөнгөний сэжмээр холбогдсон нь гарцаагүй, гагцхүү тэд хэзээ дуудагдах нь цаг хугацааны асуудал. Харин ТЕГ-ийн дарга байснаараа Сентеррагийн монгол дахь лоббиг хийдэг Ч.Сандаг генералыг сайтар ажиглах ёстой. Ордыг ингэж хамгаалдаг. Харин ордыг хамгаалсан баатар болох цагт бүгдээрээ гүйж гараад телевизийн өмнө шоудагчид ба асуудлын шийдлийг эцэст нь хүргэсэн жинхэнэ хамгаалагч нарыг олон нийт ялгадаггүй.
4. Төмөр зам. Энэ нь өөрөө их том асуудал боловч бас л Оюу Толгой, Таван Толгойтой хүйн холбоотой амин чухал асуудал юм. Жишээ нь тээвэрлэлтийн асуудал төмөр замтай л холбогдоно, царигийн асуудал ч гэсэн. Зүй нь эдгээрийг цугт нь, хамтад нь ярих ёстой боловч манайхан ингэж ярьж яагаад ч чаддаггүй юм. Манайхны толгойд гурваас дээш асуудал нэгэн зэрэг багтдаггүй юм. Бас л зэрлэг өрсөлдөөний мөнхийн талбар юм.
Ингээд Монголын эдийн засгийн “бүх асуудал” дуусч байгаа юм. Эдийн засгийн бусад асуудал монголын олигархуудад ердөө л дайвар, туслах асуудал болно. Харин энэхүү эдийн засгийн “үндсэн асуудлын” төлөө бол ямар ч улс төр хийж, яаж ч алалцахад ч бэлэн.
Гадаадынхан тэнэг улсууд биш билээ. Юу боллоо гэж өнөө маргаашгүй болсон Ч. Сайханбилэгийн Засгийн Газарт мөнгөө өгч байх юм ?! Түүний оронд удахгүй болох УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдах хууль ёсны, албан ёсны, легитим засаг төртэй ярьж, хөрөнгөө оруулсан нь хамаагүй өлзийтэй. Ингээд тэд Монголын сонгуулийг хүлээхээр шийджээ. Энэ ч ойлгомжтой юм.
Балайрал
Хэн ч харсаар үзсээр байтал “гурван том” буюу эдийн засгийн “үндсэн асуудлаас” болж дайтаж байна. Ийн атал монголын улс төрчид хийгээд хэвлэл мэдээлэл “цэвэр” улс төрийн асуудал мэтээр тайлбарлан балайрч байгаа нь ичгүүртэй бөгөөд жигшилтэй. Заримдаа жигшихээсээ илүү өрөвддөг юм. Юугаа ч ойлгоогүй мангаруудыг цаадуул нь буруу мэдээллээр төөрөгдүүлж хүссэнээ хэлүүлж байна шүү дээ. Үүнд нь Н.Энхбаяр хүртэл орчихсон тууж яваа. Өнөөдөр Н.Энхбаяр улстөрийн гол тоглогч мэт харагдаж байна, олон нийт ч тэгж л харж байна. Гэвч хөөрхий “…дугаар хорооны иргэн” төдий шүү дээ. Түүнийг тоглуулж байгаа нь Х.Баттулга, З.Энхболд нар. Хаа байсан Солонгосоос “Өршөөлийн хуулиар” даллаж авчраад одоо гарах эрхгүй хорьчихсон, Н.Энхбаярын хувьд “монгол бол шорон” юм. Ц.Оюунбаатар “Өршөөлийн хуулийг” санаачилснаараа Ч.Сайханбилэгийн засагт Хууль зүйн сайд болох шан хүртэж, түүнд О.Баасанхүү шаралхаж байна. Гэвч энэ засаг нь бүрдэх ч юм уу даа, үгүй ч юм уу ?! Засаг нөхөх асуудал тэр муу эвслээс болсон юм байхгүй, гурван хүний нэр гялс бэлдчихээд байж л байна, жинхэнэ шалтгаан нь өмнө өгүүлсэн Зам тээврийн яаманд л бий. Тэр зуур Н.Энхбаяр жаал шоволзож авахгүй бол барьж хийчих гээд байна. Олон нийт Ц.Элбэгдорж, Н.Энхбаярын нарын зөрчлийг сонирхон харж байна, хоёулаа Ерөнхийлөгч учраас, гэвч өнөөгийн статусаар нэг нь Ерөнхийлөгч, нөгөө нь “…дугаар хорооны иргэн”-ээс дор “ялтан” гэж хууль зүйн нэршил ч оногдох хүн. Харьцуулшгүй хоёр хязгаар, тиймээс “жишээ авсных нь төлөө зиндааг нь адилтгаж болохгүй ээ” гэж. Энэ талаар хожим тодорхой өгүүлэмз.
Зарим нь ч яахав тэнэгээсээ болдог, зарим нь санаатайгаар “гурван том” буюу эдийн засгийн “үндсэн асуудлаас” хөндийрүүлж, “цэвэр” улс төр ярин балайтаж, монголчуудын толгойг эргүүлж байна. Угаасаа улс төр ярих төрөлх өвчтэй монголчууд хөөрч байна гэж жигтэйхэн. Сүүлдээ ч учраа олохоо байж байна. “Улс төр бол эдийн засгийн бодлогын төвлөрсөн илэрхийлэл мөн” гэсэн В.И.Ленин багшийн суут үгийг саначих л хэрэгтэй ш дээ. Өөр юу байсийм?! Ингэхээр л тэнэгүүд Ленин Марксаас эшлэлээ гээд балайраад эхэлдэг. Ийм хүмүүс бол тэр “тэнэг” гэдэг ангилалд орохыг урьдчилаад сануулъя.
Манай хэвлэл мэдээлэл: “АН-ын хоёр дарга учраа ололцсонгүй”, “Н.Энхбаяр төр үймүүлж байна”, “Ц.Элбэгдорж заль хэрэглэж байна”, “МАН засгийн төлөө үхэн хатаж байна” гэхчлэн тэнэг тэнэг үг хэллэгээр үйл явдлыг тайлбарлахчаа аядаж, аргаа барж байна. Тэдэнд эсвэл тархи толгой гэж огт алга, эсвэл худалдагдаад санаатайгаар балай тэнэг болж байна. Үүгээр тэнэгүүдийн хүрээг тодорхойлж болно.
Ингэхэд “учраа ололцох”, “үймүүлэх”, үхэн хатах” гэсэн улс төр судлалын ямар нэр томъёо байдгийг манай сэтгүүлчид тайлбарлах ёстой. Түүнээс гадна улс төрийн үйл явдлын явц болон өрнөлийг дээд хүрээндээ ч тун бага буюу муу төсөөлж байна. Хэн мэдэж байна гэхээр олигархи ангийн “дээд хэсгийн” цөөн хэдхэн тоглогчид л мэдэж тоглож байна. Ингэхээр бусад нь буюу доодчуул мэдэхгүй байх нь зүйн хэрэг юм. Энэ өгүүлэлд тэрхүү өмнөтгөлд хэсэг оройг нь “илрүүлсэн” “дээд хэсгийн” тоглогчдын үйлдлийг задлан шинжлэх юм.
Чөтгөрийн тойргийн сүүлчийн цагираг
Монголын чөтгөрийн тойрог үлэмж хумигдаж, тэдний үйлдлийн боломж нэн багасчээ. Тэд сүүлчийнхээ хүчийг шавхан бараг эцсийн тулалдаандаа орж байна. Дээр дурдсан ёсоор гадаадынхан 2016 оны хагасыг хүртэл хөрөнгө оруулахгүй нь тодорхой болов. Гэхдээ тэд зүгээр суухгүй нь мэдээж хэрэг. Ядаж л их мөнгөний тоо хэлээд байхад тэднийг буруутгах үндэслэл байхгүй юм. Харин нь энэ нь Монгол дахь улс төрийн өрсөлдөөнийг гааруулах, галзууруулах гол бөгөөд үндсэн шалтгаан юм.
Учир нь 2016 онд ялах бүх талын нөхцлийг одооноос эхлэн хангах ёстой. Үүний тулд дайснаа бүх талаар сулруулж, аль болох их гадаад, дотоод давуу тал олж авах ёстой. Гэтэл бие ганц, дайсан олон. Тэр ч байтугай бие ганц, намд олон дайсантай. Өөрөөр хэлбэл дайсны намд нөхөртэй, өөрийн намд дайсантай. Бүлгээ ялуулбал намаа ална, намаа ялуулбал бүлгээ ална. МАНАН ялбал хэн ч “туслах нам” болохыг хүсэхгүй, бас дарга байхгүй, ямар ч даргыг хүлээн зөвшөөрөхгүй. Энд л монголын улс төрийн онцлог орших бөгөөд чухам энд түүний оньс, түлхүүр нь байдаг юм.
Энэ нь монголын улс төрийн чөтгөрийн тойрог хэчнээн явцуу, хэчнээн утгагүй, хэчнээн ирээдүйгүй, хэчнээн явцгүй болсныг тов тодорхой харуулдаг. Хэвийн, соёлт улс оронд бол ийм утгагүй, явцгүй, балиар заваан улс төрийг цэвэрлэж, тийм улс төрчдийг үтэр түргэн зайлуулдаг нь жам билээ. Харин манайд хамгийн жигшүүрт адгийн хүмүүс улс төрөөр олон арван жил тоглож, бүр амтшин, гаршаад ноёрхлоо үүрд хадгалан үлдэхийг санаархаж байгааг бид харж байна. Одоо тэдний цаг дууссан, чөтгөрийн тойргийн сүүлчийн энэ цагирагийг таслахад л гүйцэх юм.
Алдагдсан хяналт
МАН-ыг “дарга нам” байх үед, чингэхдээ хамтарсан засаг байх үед С.Баяр Оюу Толгойн гэрээг хийхдээ МАН-д илүү ашигтай, АН-ын “тодорхой хэсэгт” нэлээд унацтай байхаар тооцоолж хийжээ. Иймээс тухайн үед онцгой их хэл ам гараагүй юм. Харин “Таван Толгой”-г МАН бүрэн хянаж байв.
Гэтэл МАН хоёр салсан, “хар машин” зэргээс болж МАН ялагдаж хүчний харьцаанд өөрчлөлт оров. Яг үнэндээ бол Ц.Элбэгдорж МАН-ыг ялах гэсэндээ МАХН нэрийг Дээд Шүүхийг шахан байж олгуулж, МАХН-ыг байгуулан, бараг мартагдаад байсан Н.Энхбаярыг өөрийн гараар татан гаргаж ирсэн билээ. Энэ нь тухайн үедээ “урлагийн дээд” мэт байсан ч одоо бол ямар бирд гаргаж ирсэн нь дэндүү ойлгомжтой юм.
Ингээд ялалт байгуулсан АН “хүрд эргүүлж” эхлэв. Н.Алтанхуяг “жижиг Алтангадас” байгуулах замаар эдийн засгийн бүх “өндөрлөгийг” аажмаар АН-д, өөрөөр хэлбэл МАН, АН-ын байрыг солих бодлого хэрэгжүүлсэн юм. Үүний улмаас “Таван Толгой” гацаж, “Оюу Толгой”-н нэмэлт хөрөнгө оруулалт зогсонги байдалд оров. Н.Алтанхуяг “арай шударга” хийгээд “өөртөө илүү авахын” аль алийг бодсон байх. Энэ нь “том Алтангадас” буюу МАНАН-д дэндүү аюултай байсан учир Н.Алтанхуягийг санал нэгтэйгээр огцруулсан билээ. Үүнийг тэргүүн эгнээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, бас л “… дугаар хорооны иргэн” С.Баяр хоёр байсан нь мэдээж хэрэг. Энэ талаар би аналитик цуврал өгүүллүүддээ нэн тодорхой өгүүлсэн билээ.
Ц.Элбэгдорж, С.Баяр хоёр “гурван томыг” сонгуулиас өмнө амжиж заруулах гэж Ч.Сайханбилэгийн Засгийн Газрыг байгуулсан билээ. Гэтэл тэд нэг л хүчин зүйлийг тооцож чадсангүй. Энэ нь дайтах явцад Ц.Элбэгдорж болон С.Баярын нэр хүнд навсайтлаа унана гэдгийг огт тооцоогүй юм. УИХ-ын Г.Уянгын шаардсанаар Ц.Элбэгдорж УИХ-д анх удаа тайлангаа тавив. Мөн тэр Жастин Каплаг суллан тавьснаараа өөрийн сүлжээг илрүүлэв. Үүнийг мөн л Г.Уянга илчлэв. Харин С.Баяр бол хэн ч халдашгүй “сэтэртэй” амьтан байв шүү дээ. Г.Уянгын дэвшүүлэн тавьсан байрны асуудлаас болоод С.Баяр “таг чиг” болов. Эдгээр нь үйл явдал монголын улс төрийн векторыг огт өөр чиглэлд оруулсан юм. Эдгээр нэн тодорхой баримтыг ярихаар Г.Уянгыг магтлаа гэж над руу сүрэглэн дайрах утгагүй. Бас Г.Уянгаас С.Баярыг шалга гэж шаардах нь яг Гацууртын ордыг очиж хамгаал гэж мөнгөөр шаардахтай адил юм. Гэхдээ иймэрхүү өдөлтүүд эздэд нь ямар аюултай тусдагийг хөлснийхөн одоо ойлговол ойлгохоор аюултай үйл явцууд өнгөрлөө шүү дээ. Үүнийг хүн ёсоор сануулж байна. Ялангуяа Ц.Элбэгдорж, С.Баяр хоёр таг дуугай байхад тэдний өмнөөс ярих бүр ч утгагүй…
Эрүүл саруул нийгэмд ийм асуудлын дараа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд жинхэнээрээ “хоточ нохойн” үүргээ гүйцэтгэж АТГ, ТЕГ болоод хуулийнхнийг мөрдөж иргэдийг байнга мэдээллээр хангах үүрэгтэй. Гэтэл ядаж хүн гүтгэчихээд хуулийн хариуцлага хүлээх чадваргүй сошиалийнхан асуудлыг биш, асуудлыг гаргаж тавьсан хүнийг доромжилж байгаа нь нийгэм эрүүл бусын л шинж. Харин телевиз сайтууд нь Харилцаа холбооны зохицуулах хорооны дарамтанд ороод Ерөнхий сайдыг магтах, зөв шударга ярьж буй хүмүүсийг эфирээр болон сайтаараа гаргахгүй байх үүрэг хүлээгээд долоо хоног бүр тайлангаа тавьж байна гэдэг ердөө л шившиг байхгүй юу.
Ингэлээ ч эрх баригчдын стратегийн төлөвлөгөө эвдрэлд орж, хяналтаа алдав. Үр дүн нь одоо гарч байна…
Эдүгээгийн монголын улс төр бол “гурван том” буюу эдийн засгийн “үндсэн асуудалд” хяналтаа тогтоох гэсэн олигархи бүлгийн, бүр тодруулбал МАНАН-гийн бүлэглэлүүдийн амь тэмцсэн өрсөлдөөнөөс өөр юу ч биш. Энэ өрсөлдөөнийг улс төр жигтэйхэн сайн халхалж байгаа боловч цаана нь ердөө л “гурван том”-ын асуудал байгаа юм.
“Гурван том”-ыг хянахын төлөө
Ч.Сайханбилэгийн Засгийн Газрыг бас ч гэж нэлээд алсыг харж байгуулсан юм. Бодвол “гурван том”-ыг зарж амжина” гэж бодсон бололтой. Энэ тохиолдолд амжилт “баталгаатай” тул АН дахь Ч.Сайханбилэгээс бусад лидерүүдийг дарах ёстой байв. Иймээс Н.Алтанхуягийг бүрэн дарж, З.Энхболдыг гацаах ёстой байв. Н.Алтанхуяг ч амархан юм. Сурсан аргаараа хүргэн Дэнзэн, зөвлөх Л.Гансүхийн асуудлаар орооход л гүйцэнэ гэж тооцжээ. Харин З.Энхболдын туйлбаргүй, шийдмэг бус занг ашиглаж, “засгийн газар удахгүй унана” айлгаж байгаад Ерөнхий сайд болохгүй гэдгийг өөрийнх нь амаар хэлүүлж дөнгөв. З.Энхболд бүр хөдөө Сүхбаатар аймагт очиж байгаад хаа холоос “үгүй” гэдгээ хэлэв. Ингээд тэр УИХ-тайгаа үлдэв. З.Энхболд Ц.Элбэгдоржийн гараас гарах гэсэн биш, АН-ын дарга мөн ч юм шиг, биш ч юм шиг хачин хөгийн байр суурьтай болов.
Ямар ч гэсэн хэн ч “хоосон хоцроогүй” учраас ямар нэг тэнцвэр маягийн юм тогтсон юм. Энэ тэнцвэр МАН-ын оролцоотойгоор л бүтэх байсан ба үүнийг С.Баяр хангаж байв.
Ингээд “гурван том”-ыг зарах “агуу их тэмцэл” эхлэв. Ч.Сайханбилэг “Оюу Толгойг” удаасныхаа төлөө гадаадынхнаас уучлал гуйгаад, тэдний захирлын гэрт нь очиж хүүхдийнх нь гэрийн даалгаврыг хүртэл хийж өгөв. Ч.Сайханбилэг “Оюу Толгойн” шинэ нэмэлт гэрээг хийхдээ МАН-ын эрх мэдэл, нөлөөг зэгсэн сайн бууруулчихсан байна. Учир нь АН-ын дараагийн лидер намынхаа ялалтыг хангахын тулд үүнийг хийхээс өөр арга байсангүй. Энэ нь МАН-ын тодорхой хэсгийн дургүйцлийг зүй ёсоор төрүүлэв. МАН “шударга” болоод “олон юм” яриад байсан гэж ойлговол тун их эндүүрэл болно. МАН-д ногдох хувь нь алга болчихоор, бас ялах магадлал багасахаар МАН “уйлан дуулах” нь мэдээж хэрэг. Ингээд эсэргүүцэл гарах магадлалтай тул шинэ гэрээг шууд л Дубайд очиж хийжээ.
Үүнтэй зэрэгцүүлэн Таван толгойг М.Энхсайханаар “мега төсөл” онол яриулж зүтгүүлэх гэсэн боловч З.Энхболд, Х.Баттулга нар эсэргүүцэв. Тэднийг Таван Толгойгоо АН-д алдахгүй гэсэн МАН-ын тодорхой бүлэг дэмжсэн юм. “Муусайн новшнууд “Оюу Толгой” дээр ингэж заваарч байвал Таван Толгойг ёстой гонжгор.” Үнэндээ бол З.Энхболд, Х.Баттулга хоёрт Таван Толгойн тээврийн гэрээг авах л сонирхол байсан ба нөгөөдүүл нь өсөрхөлдөө болоод уншиж чадаагүй.
Н.Алтанхуягийг нам дарах оролдлого талаар болов. Жулдрай жаалуудад тийм ч амархан дарагдчихдаг эр биш аж. Харин “Оюу Толгой”, “Таван Толгойг” унагахад Н.Алтанхуяг багагүй үүрэг гүйцэтгэсэн юм. Одоо бодоод байхад Н.Алтанхуягийг гүйцэх хоншоортой аавын хүү АН-д байхгүй юм байна.
Ингэж бантан болсон амьтад Гацууртыг хэлэлцэхэд аль аль нь нэгнээ чадаж, гацаасаар, бүгдийг нь хавсарч унагаад “даший шоо” болгов. Үүнд бас жижигхэн нөлөө бий. Сангийн сайд Ж.Эрдэнэбат Дубайн гэрээнд гарын үсэг зурснаар бүх юм “ок” болох байсан ч тэр нь бултчихаад олдохгүй их зовоосон юм. Цаад шалтгаан нь Гацууртыг зүтгүүлэх. Учир нь мань эр Сэлэнгийн Засаг дарга байхдаа Гацууртын орд ба Бороо гоулдын хуучин тээрмийг холбосон замын траст дээр байсан хуучин пионерийн зусланг хувьчилж аваад “хүүхдийн аюулгүй байдал” нэрээр шантаажилж байгаад Сентеррад ахиухан үнээр зарчихсан гэж нутгийн иргэд ярьдаг юм. Тиймээс Дубайн гэрээгээр барьцаалж Гацууртыг зүтгүүлэх гэсэн авч МАН, АН-ынхан хавсайдаж Гацууртыг унагаснаар сургамж өгчээ. Үүнээс болж Засгийн газарт хагарал гарсан ба З.Энхболд Гацууртыг унагасан санал хураалтын дараа “Засгийн газар гишүүдээ цуглуулж асуудлаа хамгаалж чадаагүй хохь нь” гэж хэлсний цаад учир энэ бөлгөө. Үүнээс болж Засгийн газрынхан гэдсэндээ хөлөө хийлцэж, МАН хөөгдөж шувтарсан билээ. Ингээд хэдхэн сарын дотор олигархиудын тэнэг зөрчлөөс болоод монголын “гурван том” будаа болов. Энэ балай юмаа, адгийн мухардал гацаагаа “популистуудаас болсон” гэж тайлбарлав. Үнэндээ бол адгийн балиар луйвар хуйвалдааныг илчиллээ гэж ингэж хочилж байгаа хэрэг. Хэрэв монголын сэтгүүл зүй ёс зүйтэй байсан бол жинхэнэ популизмыг тэр дор нь илчилж болох байв. Даанч тэгсэнгүй…
Жорлон доторхи зодоон
“Гурван том” бүрэн нурсан уу ? гэвэл үгүй юм. Түр хойшилсон буюу гацсан нь монголын улс төрийг холион бантан дээр нь жонхуу болгож орхив. Учир нь яг одоо “гурван том”-ын төлөө дажин ид өрнөж байна. Шууд ялагч гарахгүй ч “ашигтай байрлал” эзлэх гэж олигархи бүлэглэлүүд үхэн хатан тэмцэлдэж байна. Эдүгээ монголын улс төрийн учир утга, мөн чанарыг ойлгоё гэвэл “цэвэр” улс төрийг биш, харин “гурван том”-ыг тойрсон эдийн засаг, улс төрийн бүлэглэлүүдийн үйлдлийг л шинжлэх ёстой. Ингээд тэднийг авч үзье.
Монголын улс төр АН, МАН, МАХН, МҮАН, ИЗНН, бие даагчдаас бүрдэнэ.
АН бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд нараас гадна “жижиг Алтан гадас”-ын Н.Алтанхуяг, МоАХ-ны Х.Баттулга, МҮДН-ийн Бат-Эрдэнэ (Ажнай) нараас бүрдэнэ. Өөр бусад хүн хэд хэд буй боловч дээрх хүмүүсийн бүлэглэлд хамаарагдана. Ингээд одоогийн байдлаар АН нийтдээ 5 том бүлгээс бүрдэнэ.
МАН бол намын дарга М.Энхболд, УИХ дахь бүлгийн ахлагч С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Сү.Батболд нараас гадна У.Хүрэлсүх нараас бүрдэнэ. МАН цаг ямагт 3 бүлэглэлтэй байдаг юм.
МАХН бол Н.Энхбаяр гэсэн ганц хүнээс бүрдэнэ. Үлдсэн нь АН болон МАН-д бараг тэнцүү 2 хэсэгт хуваагддаг. Удахгүй энэ намаас юу ч үлдэхгүй.
МҮАН бол Г.Уянга, бас л “… дугаар хорооны иргэн” М.Энхсайханаас бүрддэг байсан боловч тэр нь “үхэж байгаа” нь бараг тодорхой тул хэнээс бүрдэх нь үл мэдэгдэнэ. Энэ нь Г.Уянгын үйлдлээс хамаарна.
Намуудын ийм ерөнхий зураглал гаргасны дараа одоо хүн буюу бүлэглэлийн толгойлогч тус бүрээр нь авч үзэх боломжтой болдог. Энэ талаар тун их юм ярьж болох ч энэ удаад дэлгэрүүлж ярихгүй. Цагийн гарз. Харин үйл явдлын явц болон өрнөлийг бяцхан шинжилье.
“Гурван том” бүгд гацаанд орсон учир улс төрчид бүгдээрээ хүнд байдалд орсон юм. “Гурван том”-ыг тэр чигээр нь зүтгүүлэх боломжгүй болов. Бүгдээрээ “давуу тал”-ын эрэлд мордов. Энэ нь “дангаараа мэдэж” шийдвэр гаргах боломж юм. “Дангаараа мэдэхийн” тулд “хоолойд тээглэсэн яс болсон” МАН-ыг хөөх ёстой. Энэ нь бас давхар тооцоотой байв. Учир нь ингэснээрээ Ч.Сайханбилэгийн Засгийн Газрыг ихээхэн хүнд байдалд оруулсан ба “унавал хохь нь”, “унахгүй бол АН дангаараа мэднэ”. Харин үүний тулд МАХН-тай хамтран ажиллах хэрэгтэй.
Ингээд “үхчихээд байсан” Н.Энхбаярыг “булшнаас” босгож зомби болгов. Нөгөөдөх нь босч ирэнгүүтээ өршөөлийн асуудал сөхөн тавьжээ. Өршөөгдөж л байвал түүнд бусад нь огт хамаагүй байв. Байдаг л нэг өршөөлийн хуулинд ганцхан Н.Энхбаярын заалтуудыг оруулахад л өршөөлийн хууль тэр чигээрээ авилгачдыг өршөөх асуудал болон хувирчээ. Уг нь энэ тохироо эрт Н.Алтанхуягийн төгсгөл үед суурь нь тавигдаад З.Энхболд, Х.Баттулга нар уламжлан авч явсан, яг үнэндээ Н.Энхбаяртай тогтоосон хэлхээ холбооны тухайд Х.Баттулга бүр 2012 оны сонгуулийн өмнө, Н.Алтанхуяг Д.Удвалыг Ерөнхийлөгчийн сонгуульд “хуваагчаар дэвшүүлэхээр” ажиллаж байхад буюу 2013 онд, харин З.Энхболд саяхнаас буюу МАН-ыг хөөсний дараа гэсэн дарааллаар холбогджээ.
Тэгэхээр энэ “сайхан санаачлага” хэнээс гарсан байхав?! Үйл явцын өрнөлөөс харахад З.Энхболд санаачилсан гэдэг дүгнэлт гарч байна. Яагаад гэвэл З.Энхболд болон Х.Баттулгын эсрэг дайралт нэлээд эртнээс АН дотор бэлтгэгдсэн байсан юм. Энэ нь олон зуун тэрбум төгрөгөөр төмөр замын далан гэж шороо овоолсон алдарт асуудал л даа. Энэ асуудал нэлээд эртний боловч Ч.Сайханбилэг “цоо шинээр” бэлтгэсэн байсан юм. Одоо нэг л зүйлийг гайхаад барахгүй байна. Н.Алтанхуяг болохоор Н.Энхбаяртай хамтарч болдоггүй, З.Энхболд болохоор хамтарч болдог юм байна тийм үү ?! АН ийм балиар хоёр стандарттай байж болох уу?
Харин З.Энхболд болон Ч.Сайханбилэг нарын зөрчлийг цэвэр улс төрийн лидерийн асуудал гэж үзэж болно. З.Энхболд аман дээрээ Засгийн Газрыг унагахгүй гэсэн атлаа ачир дээрээ Н.Энхбаяртай зууралдуулан туйлын хүнд байдалд оруулав. Гарц бараг байхгүй гэдгийг З.Энхболд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Энэ нь мөнөөх “давуу тал” юм. Гэхдээ тун эмзэг бөгөөд харьцангуй давуу тал юм. Хамгийн гол нь “гурван том”-д тавих улс төрийн хяналт тодорхойгүй буюу тун бүрхэг болжээ. Ахиад жаахан алдаа гаргахад л тавиад туучих бодит аюул нүүрлэв.
Өөрийнх нь байгуулсан Засгийн Газар хүнд байдалд орж, “давуу талаа” алдаж, чингэхдээ бүр өстөн дайсныг нь гаргаж ирснээр үл барам “гурван том”-ыг бараг тавиад туучихсанд ихэд уурссан Ц.Элбэгдорж хамаг хүчээ дайчлан суртал нэвтрүүлэг явуулж, өршөөлийн хуулинд хэсэгчилсэн хориг тавив. “Ганц хүнээс болж өршөөлийн хуульд оруулсан заалтаар бүх авилгачдыг өршөөж болохгүй” гэсэн Ц.Элбэгдоржийн үндэслэл улс төрийн утгаараа энэ цаг үед туйлын зөв юм. Харин эдийн засгийн утгаараа байдаг л нэг бүлэглэлийн өрсөлдөөн юм. З.Энхболд аймхай, шийдмэг бус зангаасаа болж өөрөө хүнд байдалд оров.
Ч.Сайханбилэг ч гэсэн түүнээс дутахааргүй хүнд байдалд байна. Түүний сул дорой, гарцгүй байдлыг мэдэрсэн Н.Энхбаяр түүнд Баянсэлэнгэ, Баасанхүү мэтийн “гологдол бүтээгдэхүүн” шахаж эхлэв. Сайн ч бай, муу ч бай, Монгол Улсын Ерөнхий сайд хүн “цэцэрлэгийн хүүхдүүдээр” сайд хийлгэж тоглохыг хүссэнгүй. Тэр “цэцэрлэгийн дарга” нь Н.Энхбаяр байгаа тохиолдолд энэ нь шууд үхсэнтэй адил юм. Харин Н.Энхбаяр болохоор “Таван толгойг” МАН-аас булаан авч АН-д авч өгнө гэх мэт том том ам гарч байна. Энэ ч ёстой гонжгор…
Гэхдээ энэ үг нь З.Энхболд Х.Баттулга ба Н.Энхбаяр нарын хэлхээ холбооны цаад шалтгааныг нэгмөсөн илчилсэн хэрэг. Гэвч сурсан занг сураар боож болохгүйн үлгэрээр ирэх сонгуульд МАН харьцангуй давуу санал олохыг мэдэж байгаа тулд МАН-тай 70/30-аар тохироо хийх арга хайж эхэлжээ. Харин М.Энхболд тохироог хүлээн авахыг хүсэж байгаа ч хувилбар нь 90/10 учир нь тохироогоо хийгээд Ц.Элбэгдоржоор Н.Энхбаярыг “ачуулчихвал” 20 хувь нь хамт явчихна гэж хөнгөн бодсон бололтой. Гэвч 8 нэр дэвшигч МАХН-д алдана гэдэг МАН-д хүлээн авшгүй гамшиг, МАХН-д олдошгүй боломж, дээрээс нь Б.Эрдэнэбат “Эх орон-Ардчилал” эвслийг байгуулахдаа АН-ыг яаж балласныг санах л ёстой. АН-ынхан бие даагч болж байж парламентад орж ирж байсан шүү дээ.
Үүнийг нь мэдсэн З.Энхболд 9 дүгээр сарын 6 гэхэд сайд нараа бүрдүүл гэж шахаж эхлэв. МАН энэ явдлыг дуулаагүй, үзээгүй, мэдээгүй мэт царай гаргаж байгаа боловч үйл явдалд хамгийн идэвхитэй оролцож байгаа юм. Одоо тэд олон хүнтэй биш, ердөө л дээр дурдсан хэдэн аваргын дунд “сайхан” ажиллаж байна. З.Энхболдтой бол төмөр замаар нь рекэтлэнэ, Ч.Сайханбилэгтэй бол сайд болон Засгийн Газраар рекэтлэнэ, Ц.Элбэгдоржтой бол өршөөлөөр рекэтлэнэ. Бодвол их таатай байгаа бололтой. Гэвч өөрийнх нь зөрчил гэж танаг байхгүй.
МАН бол Засгийн Газрын буюу цэвэр МАНАН, цэвэр МАН, шинэ ба хуучин, хөгшин ба залуу гэсэн том хуваагдсан олон бүлэглэлтэй. МАН “Таван Толгойг” АН-д зүгээр алдана гэж ёстой байхгүй. “Муусайн новшнууд “Оюу Толгой” дээр ингэж заваарч байгаа бол Таван Толгой дээр ёстой гонжгор чинь.” Ингээд л дайн эхэлж байгаа юм. Яг нидэр дээрээ “Оюу Толгой” ч гэсэн монголын талаас “зохицуулагч” байхгүй байгаа юм. Чухам иймээс л хэн ч үл мэдэх, хэнд ч үл харагдах “давуу талын” төлөө бүгдээрээ сонгуульд бэлтгэж байна.
Тэгвэл “Оюу Толгой”, “Таван Толгой” яг хэний мэдэлд байгаа юм ?! Харин үүнийг мэдэх хүн Монголд байхгүй. Гэхдээ бүгдээрээ үүний төлөө байлдаж байна. Яг одоохондоо гэвэл: хэрэв МАХН-тай хамтарсан Засгийн Газар байгуулагдвал Ч.Сайханбилэгийн буюу Ц.Элбэгдоржийн мэдэлд байна гэсэн үг. Хэрэв Засгийн Газар унаж, “өөр” Засгийн Газар бүрдвэл “Таван Толгой” З.Энхболдынхны мэдэлд гэсэн үг.
Энэ тохиолдолд: 1. Тэгвэл МАНАН-д аль нь ашигтай вэ ? 2. Эсвэл МАНАН өөрөө сарниж байгаа юм биш үү ? гэсэн 2 асуулт зэрэг тавьж, аль алинийг нь баталж болно. Энэ хоёр асуултад өнөөгийн эрх баригчдын аргаа барсан бүх тэнэг үйлдэл хийгээд чингэх тусмаа мухардалд орсоор буй өнөөгийн дампуу нөхцөл байдал нэгэн зэрэг хариу болно. Харин үүнийг шинжлэх нь дараагийн өгүүллийн зорилго болно.
Гуравдагч нь…
Монголын улстөрийн амьдралыг зөвхөн энэ бүлэглэлүүд л тодорхойлдог уу гэвэл бас тийм биш ээ. Эдгээр ордыг эрх баригч бүлэглэлүүдийн хяналтаас гаргаж ашигтай ашиглах санаачлагатай хүчин бий. Өнөө л Уянгаагаа магтах нь гэж байвал горьд. Ийм гишүүд МАН-д, АН-д ч бий. Тэр ч байтугай улстөрийн зөрчлөөс шалтгаалж ашиг олох сонирхлоор үерлэн буудаг хэсэг ч бий. Гацууртыг яалаа ?!
Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг хэрхэх шийдэл Г.Уянгын гарт байгаа гэж олон бичсэн, олон хүн айсандаа элэг доог хийж байгаа ч өмнө С.Баяр, Ц.Элбэгдоржтой холбоотой алхамуудаас ондоо алхамуудыг нь одоо задлая.
Сүүлчээс нь эхлэе. Сүүлийн үед 2012 оны сонгуулийн үеэр “Шударга ёс” эвслийг задлахын тулд АН-ынхнаас Н.Энхбаярын талаар хийж байсан Г.Уянгын нэг нэвтрүүлгийг гаргаж тавьсныг олонтаа шейрлэжээ. Н.Энхбаяр “хаан” болсон үед Г.Уянгаас өөр ингэж хурц шүүмжилж байсан хүн байхгүй, одоо л бүгдээрээ нэг их оймс ярьдаг болчихсон болохоос. Тэгэхэд одоогийн энэ Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, З.Энхболд нар чацгаа савируулаад АНУ-д зугтсан. Хаа очиж Д.Дорлигжав, Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл нар голомтоо сахин үзэлцэж байсан. Тэр тэмцлийн дунд Г.Уянга байсан. Өнөөдөр ч АН, МоАХ-ын олон мянган гишүүн Г.Уянгыг хүндэлдэг. Юм мэдэхгүй нусгайчууд ганцхан нэвтрүүлгийг нь одоо их юм болгож байна, гэтэл АН-ынхны нууж аваад үлдсэн 50 гаруй цувралыг нь үзэх юм бол аймхай та нарын нойр хүрэхгүй байлгүй. Тэр ч байтугай АН-ынхан өөрсдөө ороогдох учраас олон нэвтрүүлгийг нь устгасан, зарим нь Уянгын нэвтрүүлгээр гадаадад орогнол олсон, эсвэл цагаачлах хүсэлтэй хүмүүст минутын бичлэгийг нь 200 ам.доллараар худалддаг байсан. Лав л Г.Уянга нэрээр 5000 гаруй хүн гадаадад цагаачилсан.
Талийгаач Ж.Наранцацралтын яриатай Казиногийн хэргийн тухай нэвтрүүлэг хаана байна ?! ХХБ-ны талаарх цувралууд хаана байна, тэр ч байтугай цагтаа 3000 хувь хэвлэгдэж байсан Г.Уянгын эрхэлдэг Монгол таймс болон Улстөрийн сонины бүрэн архив одоо хаана байна ?! Олон дугаар нь шатаагдсаныг МАНАН-гийнхан мэднэ. Эхлээд тэр бүгдийг уншчихаад дараа нь улс төр ярих хэрэгтэй, хэрэв улс төр сонирхдог, улс төрөөр занималдах гэж байгаа ухаантай юм бол !!! Тэр бүхэн бол зөвхөн монголын улс төрийн амьдралын 15 жилийн мэдээлэл. Дээр нь туршлага, онолын бэлтгэл, зориг, мятрашгүй тууштай зан хэрэгтэй.
ЭХ-ийн 110-ийн нэгийг сураг сонсоод чацга алддаг Та нарыг ямар үхсний нь шударга нийтлэгч гэдэг юм. Энэ бол Г.Уянгын улс төр дэх зиндааг тодорхойлогч өчүүхэн хэсэг нь. Шоронгоос бичлэгтэй хальсаа аваад гарсан сэтгүүлч хэд байдаг юм, Монголд ?! Тиймээс үнэхээр эрэн сурвалжилж чаддаг юм бол Г.Уянгын бүх нэвтрүүлгийг гаргаад ир…
Цааш нь явъя. Ч.Сайханбилэгийг томилогдож байхад нь “Хэрэв Та Оюу толгойг монголд ашиггүй байдлаар үргэлжлүүлэх оролдлого хийвэл би өөрөө өргөн барина” гэснийхээ дагуу Г.Уянгын гарын үсэг цуглуулж байгаа бичиг сүүлийн хагас жилд МАНАН-гийн дураар авирыг хазаарлаж байсан юм. Гацуурт, Дубайн гэрээний асуудал хэрхсэнийг дээр бичсэн. Өнөөг хүртэл гарын үсэг нь бүрдэхгүй байгаа ганцхан шалтгаан бий. Тэр нь Г.Уянга: Ч.Сайханбилэг намайг популист гэсэн учраас огцруулъя гээгүй, Дубайн гэрээтэй холбоотой учраас аль аль тал нь тойрч гүйгээд байгаа юм. Олон хүн эзнийх нь өмнүүр сүйтгэнэж шантааж болгохыг оролдсон, худалдахыг оролдсон, гэвч Г.Уянга тоогоогүй бичиг ч хэвээрээ л байна.
МАН-ыг Засгийн газраас хөөмөгц эвсэл хэр найдвартай холбоотон болохыг АН тооцож чадахгүй байв. Г.Уянга яах бол ? гэсэн ганцхан асуулт З.Энхболд тавьсан. Үнэндээ АН Н.Энхбаяр, түүгээр дамжуулан эвслийн бүлгийг барьж чадах ч Г.Уянгыг бол чадахгүй. Үнэндээ өршөөлийн хуулийг нууцаар батлаад, эвслийг Засгийн газарт оруулаад бичгээ “мартсаных” нь шанд Г.Уянгад нэг сайдын суудал өгөөд “эв хамт” болчихож болох л байсан.
Гэвч Г.Уянга бичгээ мартаагүйгээр барахгүй МАН-ынхнаар зуруулж эхэлсэн. Өршөөлийн хуулийг батлахад Ц.Мөнхбаярын заалтыг оруулсны шанд дэмжихийг хүссэн ч “үгүй” гэсэн. Наймаа хийхгүй гэсэн хатуу байр суурь нь Ц.Мөнхбаярын заалтыг авч хаях боломжгүй болгосон. Ингэх шалтгаан нь Ц.Мөнхбаяр гэдэг хүнд биш, урт нэртэй хуулийн хэрэгжилтэд байгааг ойлго. Юмыг дандаа нэг хоёр хүний зөрчил хуйвалдаанаар хардаг богино бодлоо хаях хэрэгтэй.
Н.Энхбаяр руу ярих гэж хоороор уйлж байсан эвслийнхэн дундаас Г.Уянга ганцаараа зөрж “Хориг тавихыг” Ерөнхийлөгчид уриалсан. Нэг хүнийг өршөөх гээд авилгатай хийсэн тэмцэл, сайн муугаар хэлүүлсэн хууль хяналтын олон мянган ажилтны ажил, зүтгэлийг баллуурддаг төр байж болохгүй гэсэн. Одоо бодоход уйлж байгаад урьж ирүүлээд урхинд оруулсан эвслийнхний “хүн чанарыг” гайхаад баршгүй, ядаж Уянгаас асууж болно оо доо ?! Х.Тэмүүжингийн бичсэнээр Уянга, Тэмүүжин, Фортун Батбаяр гурав л өршөөлийг эсэргүүцсэн юм билээ. Бусад нь уралдаж гарч ирээд уйлж дуулаад ард түмнээ өршөөлөө гэж дөвчигнөснөөс авилгачдыг арын хаалгаар нь цувуулснаа тас нуусан.
Одоо хориг тавьсан Ерөнхийлөгч, түүнд уриалсан Г.Уянга нар биш, харин өршөөлийн хуульд өөдгүй заалт оруулж баталсан парламент нэр хүндээ алдаж байна. Өршөөлийн хууль дээр эвслийн эсрэг байр суурьтай байгаад зогсохгүй ямарваа өдөөлтөд “сайд болохгүй” гэсэн байр сууриа Г.Уянга нийтэд хэлж баатар болоогүй. Хэрэв Г.Уянга сайд авахыг зөвшөөрчихсөн бол МАН-ын сайд нарыг хөөгөөд тэр 7 хоногтоо Засгийн газраа бүрдүүлчих байсан.
Ний нуугүй хэлэхэд бараг сарын өмнө А.Баатархуяг “Хэрэв Уянга байр сууриа өөрчлөөд парламентын нөгөө талд гарчихвал яах вэ ?” гэж асууж байсан. Би мань эр л ойр байснаараа Ерөнхийлөгч, эсвэл С.Баяр нартай нэг ярьж гэж “хардаж” байсан. Гэвч асуудал нь зарчмын бөгөөд яалт ч үгүй Ерөнхийлөгч ба Г.Уянга нар “Өршөөлийн хууль” дээр нэг тал болчихож байгаа юм. “Парламентын нөгөө тал” гэдэг ойлгомжгүй томъёолол, гэтэл “Өршөөлийн хуулиар авилгачдыг өршөөхийг” гуравхан гишүүн эсэргүүцсэн нь батлагдсаныг харвал бодитой л байж. Харин энэ нэг талын тухайд С.Баярын шалгагдаж байгаа энэ хуулиар хаагдах байсан хэрэг хаагдахаа больсон гэсэн үг. Дараа нь А.Баатархуягаас хэрэг болгож энэ тухай нь асуухад “Би нэг муу зөнтэй юм шиг байгаа юм, түүнээс хаалттай хуралдааны асуудлыг хэн ч ил гаргахгүйшт” гээд мушийж байна билээ.
Тиймээс би олон удаа Г.Уянгын байр сууринаас их юм хамаарна, ямар алхам хийхээс олон зүйл шалтгаална гэж байсан маань энэ. Одоо ахиад л Г.Уянгын байр сууринаас их зүйл хамаарна. Талууд тэнцсэн энэ нөхцлөөс хэрэв Засгийн газар үргэлжлэн засаглавал Таван толгой “9, 90, Г.Батхүү” гэсэн бүлэглэлд хамаарна, Зам тээврийн яамыг л авсан нөхцөлд Засгийн газрыг тогтооно гэсэн “хориг” тавьсан УИХ дахь “Шонхор-МоАХ” бүлэглэлд энэ нь таалагдахгүй бол тоглолт ахиад задарна. Хэрэв Ч.Сайханбилэг буулт хийвэл МАН Г.Уянгын бичиг гарын үсэг зураад үр дүн мөн л адилхан болно, гэхдээ тайлбар нь “МАН хариугаа авч байна” гэх улстөржсөн тайлбар болохоос хэзээ ч Таван толгойн тээврийн гэрээнээс боллоо гэхгүй шүү дээ. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёр ордонд гар зөрүүлэхдээ тулсныг бодвол энэ асуудал яавч эв зүйгээр шийдэгдэхгүй нь тодорхой. Харин энэ зөрөлцөөнд нь Н.Энхбаяр өртөж баларч байгааг харвал тэр бас л золио болох байх…
Баларч байгаа “Рио Тинто”-д улсаа худалдсан гэрээг гацаасан шиг Таван толгойг бас Г.Уянга гацааж байна. Гацуурт бол дууссан. Мэдээж эдгээр ордуудад улсын эрх ашиг хангагдсан нөхцөлд гэрээг үргэлжлүүлэх бол нээлттэй, Г.Уянга дахин дахин хэлж байгаа харин манай хэвлэлүүд гаргахгүй байгаа, тэр нь “Бид хөрөнгө оруулалтыг эсэргүүцээгүй, гацхүү хөрөнгө оруулалт манай улсад ашигтай байх нөхцөлд л үргэлжлэн хийгдэх ёстой”.
Би Г.Уянгатай ойр ажилладгийн хувьд үүнийг бичиж байна, мэдээж үүний цаана олон хувь хүн, бие хүн, гишүүд, Ерөнхийлөгчийн байр суурь үйлдэл бий, харин түүнийг би төлөөлөн бичиж чадахгүй, болох ч үгүй.
Цэвэр улстөрийг нь ялгавал…
Одоо үүнээс цэвэр улстөрийн тэмцлийн дүр зургийг тодорхойлбол “үе халах тэмцэл” гэсэн ганцхан дүгнэлтэд хүрч байна.
Өмнөх үеийн Н.Энхбаяр, С.Баяр, Ц.Элбэгдорж, М.Энхсайхан нарын улстөрчид хүчтэй шахалтад өртөн улс төрийн тавцангаас арчигдаж байна. Ц.Элбэгдорж ч нэг жилийн дараа хүрсэн өндөрлөгөөсөө “… дугаар хороон иргэн” болно. Оронд нь М.Энхболд, З.Энхболд, Н.Алтанхуяг, У.Хүрэлсүх, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар түрэн гарч ирж байна. Өмнөх үеийнхэн нь дараа үеийнхнийхээ зөрчил дээр тоглож байгаа учраас гарч ирж буй “шинэ үе” өмнөх үеэсээ дутахгүй гарз хохирол үзэж байна. Н.Алтанхуяг, У.Хүрэлсүх нар бодит золио юм. Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар удахгүй унахаар байна…
Удаа дараа “… дугаар хорооны иргэн”-ийг тодорхойлж байгаа нь тэд улс төрийн төгсгөлөө, ялагдлаа хүлээж авахыг хүсэхгүй байгаагаас үе үе гол дүрд тоглож үзэгчид исгэрч шүгэлдэн, муудсан жимс шидлэн хөөхийг үл тоон “Терминатор-2” болохыг хүсч байна. Гол дүрд тоглохдоо хоорондоо л уралцахаас дараа үеийнхнийхээ тоглоом болж байгаагаа ч ухаарахгүй байна. Гэвч цувралыг үргэлжлүүлэх хүсэл ард түмэнд төдийгүй дараа үеийнхэнд нь байхгүй юм. Тэднийг амилуулагчид нь мэдээлэл муутай худалдагдсан сэтгүүлчид, мэдрэмжгүй тоймчид, толгойгүй улстөрчид юм.
Одоохондоо тоглоомын тойргийн төвд “хоёрдугаар үеийхэн” байна. Тэд өөртөө л найдаж байна, түүний гадуур жийгдэж буй өмнөх үеийхэн байна, ахиад түүний гадуур цоо шинэ үе хүрээлсэн байна. Цоо шинэ үеийнхэн нь бүр өмнөх үеийн улстөрчидтэй, харин тэдний завсарт хавчуулагдаж хөөгдөж буй үеийнхэн эрх ашгаараа нам дамнан сүлжилдэж байна. Гэвч дотоод тойргуудын тулсан дайн нь гуравдугаар хүрээний дэмжлэггүйгээр амжилт олохгүй нь улам бүр тодорхой болсоор байна.
Би залуу, мэдлэг туршлагаа төрдөө өгмөөр байна гэж улиглаж байгаа нөхдөд хорооны иргэдийн хурал гэж нэг лут газар байгаа шүү дээ. Өөрсдөө хэн ч биш болчихсон атлаа УИХ-ын гишүүн болсон сулхан улстөрчдийг “үхсэн буурын толгой”-гоор айлгаж өнөөдөр эрх барьж буй үетэй тэмцэх гэж царайчилж яваа С.Баяр, Н.Энхбаяр, М.Энхсайхан нар одоо хороондоо л мэдлэг туршлагаа зориулмаар юм. Тэгэхгүй бол төгсгөл нэн эмгэнэлтэй байж болно, Н.Энхбаярыг хар, С.Баярыг хар, М.Энхсайхан ч дээ ялгаагүй сүрхий нэр хүндтэй Ерөнхий сайд байсан хүн “портфельгүй сайд” болтлоо уруудаж болдог юм уу ?! Жирийн сайд горилогчидтой өрсөлдөж явах нь М.Энхсайханы зиндаа мөн үү ?! Тэгээд ч ард түмний мандаттай ямар ч муу гишүүн тэднийг дагуулахгүй өндөрлөгт байгаа гэдгийг ойлгох цаг нь болсон баймаар. Чухам энэ ужгирсан заваан тэмцлээс зайлсхийх зорилготой Г.Уянгын санаачилсан хуулийг аль аль нь айдас өсөрхөлөөсөө болоод батлахгүй зугтсаар гурван жил болж байна. Хэрэв тэр хууль гарсан бол өдийд ийм үе хоорондын улайрсан тэмцэл хямрал болохгүй байсан юм.
Онолын асуудлууд
Ямар ч гэсэн чөтгөрийн тойрог үлэмж хумигдаж байна. “Онолд” бол төрийн хямрал 3 үе шаттай байдаг. Эхний үе шат нь нийгэмд олон тооны хямралт үзэгдэл болдог. Энэ нь манайд ужиг болоод эдүгээ тэсрэлтийн байдалд орсон. Дараа нь зөрчлийг эвлэрэл, зохицлын замаар шийдвэрлэх боломжгүй болж, төрийн засаглал, нийгмийн бүх институтын үйл ажиллагааны бүх механизм эвдрэлийн байдалд ордог. Манайд эдүгээ хэвийн ажиллаж байгаа нэг ч байгууллага, институт байхгүй. Энэ үе шатыг бид сайн мэдэх бөгөөд үзээд өнгөрч байна.
Харин хамгийн сүүлчийн шатанд оршин буй улс төрийн бүтэц задарч, сарнин, төрийн засаглал үнэгүйдэж, засаглалын байгууллагууд хамгийн чухал шинж болох нийгмийн процессыг удирдах, нөлөөлөх аливаа чадвараа гээдэг. Ингээд бүх нийтийг хамарсан нийгэм-улс төрийн зөрчил (конфликт) гарцаагүй эхэлдэг. Миний ойлгож байгаагаар манайх төрийн хямралын хамгийн сүүлчийн гурав дахь шатандаа нэгэнт ороод байна.
Одоо бол энэ адгийн төр засгийг засаж залруулах алив боломж дууссан. Шинэ цаг хаалга тогшиж байна…
Тийм болоод УИХ-ын гишүүн Г.Уянга: “нийгмийг өөрчлөх их салхи дэгдвэл ч дэгдэг” гэж хэлсэн.
URL: