Улсын начин Ц.Улаанхүүг маргааш шүүнэ
Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харъяат улсын начин Ц.Улаанхүүгийн хар тамхи зөөвөрлөхийг завдсан хэргийг маргааш Баянзүрх дүүргийн шүүхэд шүүнэ. Уг хэргийн шүүх хурал өнгөрөгч долоо хоногт товлогдсон бөгөөд улсын яллагч нь ээлжийн амралттай тул ийн маргаашыг хүртэл хойшлуулсан юм.
Тэрбээр Зүүн Өмнөд Азийн орон руу 43 капсул буюу хагас кг орчим геройныг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан гаргахыг завдах үед нь манай цагдаагийн ажилтнууд илрүүлсэн юм. Түүнд Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйл ангид зааснаар буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан гэсэн зүйлчлэлээр хэрэг үүсгэжээ.
Түүний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 5-8 жилийн хорих ялаар шийтгүүлнэ. Эрүүгийн цагдаагийн газраас гаргасан мэдээллээр Монгол Улсын нутаг дэвсгэрийг Зүүн Өмнөд Азийн орон руу хар тамхи зөөвөрлөхөд дамжин өнгөрүүлэх болгон ашиглаж байсан Малайзын иргэн Эдварт гэгчийг интерполоор эрэн сурвалжилж байгаа аж.
URL: