МИАТ-ийн алдагдлыг нефть импортлогчдоор төлүүлье

af74e3149426f349original

Төрийн өмчит “МИАТ” компанийг ашиггүй ажилладаг, алдагдлаа нөхөж чадахгүйд хүрлээ гэсэн мэдээлэл байнга дуулддаг. Энэ тухайд яагаад гэсэн хачирхалтай асуултыг эргүүлэн тавьсаар ирсэн. Зорчиж байгаа иргэдийн тоо, тэдний тасалбарын үнэ, ажилчдын авч байгаа өндөр цалин гээд харвал алдагдал хүлээлээ гэхэд итгэхэд бэрх. Түүнчлэн МИАТ-ийг толгойлох хүсэл хүн бүхэнд байхаас гадна улстөрийн хүчнүүдийн булаалддаг талбар гэхээр гайхахаас өөр аргагүй. Харин албан ёсны байр суурийг сонсвол Иргэний агаарын тээврийн бизнесийг өнөөдөр МИАТ-тай зэрэгцэн “Монголиан Эйрлайнес групп”, “Изинис эйрвэйз”, “Аэро Монголиа” компаниуд эрхэлдэг нь алдагдал хүлээхэд нөлөөлдөг гэнэ. Энэ бол хангалттай хариулт биш. Нөгөө талаас шатахууны үнэ хэт өндөр байгаагаас алдагдал хүлээдэг хэмээсэн нь бий. Энэ бол үнэний ортой зүйл. Нэгэн цагт энэ салбарыг толгойлж байсан А.Гансүх хэлэхдээ “МИАТ ашиггүй ажиллаж байгаагийн гол шалтгаан нь шатахуунтай холбоотой. МИАТ-ын зардлын 43 хувийг шатахуун эзэлдэг”  гэх байр суурийг ч илэрхийлж байлаа.

Зардлынхаа 40 гаруй хувийг шатахуунд зарцуулдаг байгууллага их бага хэмжээгээр алдагдал хүлээх нь ямар ч хүнд ойлгомжтой. Гэтэл өнөөдөр дэлхийн зах зээл дээр баррель нефтийн үнэ 50 ам.долларт хүрч уруудсан байхад манай улсад шатахуун түлшний үнэ өндөрт гарсан хэвээрээ л байна. Манай Иргэний агаарын тээврийн “ТС-1” хэмээх шатахууныг “Шунхлай”, “Сод Монгол” гэсэн шатахуун импортлогч компаниууд оруулж ирдэг. Албан сурвалж сөхвөл, өнгөрөгч 2012 оноос хойш сүүлийн гурван жилд дэлхийн зах зээл дээр баррель нефтийн үнэ байнга уруудсаар иржээ. Тухайлбал, 2012 онд 135 ам.долларт хэлбэлзэж байсан нефть 2013 онд 114 ам.доллар, 2014 онд 107 ам.доллар болж буурсан. Харин 2015 онд 50 ам.долларт хүртлээ буусан байх жишээтэй. Гэтэл манай импортлогчид шатахуун түлшнийхээ үнийг 2012 оны ханшаас бараг өндөрт барьсаар байгаа нь хачирхалтай. Энэ нь хэдхэн тооны импортлогч шатахууны үнийг тодорхойлж байгаас үүдсэн хэрэг. Үүнд Төр оролцохгүй, шаардлага тавихгүй байгаа нь буруу. Өнөөдөр “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар” гэж бий. Энэ газар нь нүүрсний шуудайн том жижгийг хэмжиж, гудамжинд талхны мөнгө олох гэж байгаа гар дээрээс худалдаа хийгчдийг хөөж туухаас хэтрэхгүй байна. Уул ёсоор бол өндөр үнэтэй шатахуун шахаж байгаа нефть импортлогчдын  санхүүг хэмжмээр байгаа юм.

Төрд шургалсан болон Төрд авлига хээл хахууль өгч шатахууны салбарт монополь үнэ тогтоодог энэ жишгийг халах цаг нь эрт болсон.

Зардлынхаа 43 хувийг шатахуунд өгч байгаа байгууллага тэгтлээ ихээр орлого олохгүй нь мэдээжийн хэрэг. Энэ зардал нэмэгдэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байгаа нөхөд бол нефть импортлогчид. Баррель нефтийн үнэ 50 ам.долларт уруудаж ирсэн байхад шатахуун түлшний үнийг огт буулгаагүй дээрх импортлогчдоор МИАТ-ын алдагдлыг нөхүүлэх хэрэгтэй. Уг нь О.Магнай “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар”-ын даргаар ажиллаж байхдаа арай зоримог алхам хийж байж. Энэ үедээ тэрбээр “Үгсэн тохиролцож шатахууны үнийг нэг өдөр, нэг цагт 230 төгрөгөөр нэмсэн” гэх үндэслэлээр шатахуун импортлогч найман компанийг 17 тэрбум 249 сая төгрөгөөр торгосон. Тухайлбал, “НИК” компанийг 6 тэрбум, “Магнай трейд”-ыг 4.5 тэрбум, “Сод Монгол”-ыг хоёр тэрбум, “Жаст ойл” компанийг нэг тэрбум зэргээр “Ойн бирж”, “Шунхлай трейдинг”, “М ойл”, “Петрожамп” зэрэг компаниудад торгууль ногдуулсан байдаг. Тэр ч бүү хэл халдашгүй дархан эрхт гэгдэх Г.Батхүү гишүүний “Шунхлай” компанийн дөрвөн шатахуун түгээх станцыг битүүмжилж байв.

Яг одоо энэ аргаар нефть импортлогч компаниудаас МИАТ-ын алдагдлыг нөхүүлэх хэрэгтэй. Зөвхөн МИАТ-ийн алдагдлыг нөхөн төлүүлээд зогсохгүй өнгөрөгч хугацаанд шатахуун хэрэглэсэн бүхэнд нөхөн төлбөр олгуулах шаардлагатай.

Өнгөрөгч жил барилгын нэгэн компани иргэдэд борлуулсан байрны метр квадартаас нь идсэнийг ШӨХТГ илрүүлсэн. Тиймээс иргэдэд энэ мөнгийг нь барилгын компаниар нөхөн төлүүлж чадсан. Яг энэ зарчмаар шатахуун импортлогчдоос нөхөн төлбөрийг гаргуулах хэрэгтэй.

Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгой орд газарт өдөртөө хэдэн мянган литр түлш хэрэглэж байна. Энэ бүгдийг нийлүүлэхийн төлөө шатахуун импортлогчид цүнхтэй мөнгөө бариад эрх мэдэлтнүүдийн үүдэнд оочёрлодог. Хэдэн зуун саяаар нь авлига өгч байж Тавантолгой буюу бусад Төрийн өмчит компанид шатахуун түлш нийлүүлэх эрх олж авдаг. Уг нь энд төр оролцох ёсгүй ч намаасаа тавьсан Төрийн өмчит компанийн захиралд заавал тэр компанийн түлшийг авах ёстой гэсэн үүрэг өгдөг.

Тодруулбал, авлига өгсөн этгээдийнхээ өндөр үнэтэй түлшийг шахаж байгаа хэрэг. Намын томилолт өвөртөлсөн Төрийн өмчит компанийн захирал яаж ч чадахгүй толгой дохино. Манайд ийм л маягаар шатахуун түлшний бизнес явж байна. Хэдхэн даварсан импортлогчдын нэрлэсэн үнээр шатахуун түлшээ хэрэглэж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй ч бид чив чимээгүй сууна.

Монгол шиг жилдээ нэг сая орчим тонн нефть экспортолдог ч импортын шатахуун хэрэглэж байгаа улс орон гэж үгүй. Жилийн жилд, тэр тусмаа сонгууль дөхөхөөр л нэг нефть боловсруулах үйлдвэрийн шав тавьдаг ч өнөөдөр ганц ч нефть боловсруулах бариагүй л байна. Боломж бүрэн байгаа ч энэ нь улстөр бизнес бүлэглэлийн гацаа байдаг бололтой. Тодотгож хэлбэл, улстөрийн оролцоотой шатахуун импортлогчид буюу бизнес бүлэглэлийнхэн зориуд энэ ажлыг гацаадаг гэхэд хэтийдэхгүй. Тухайлбал, нефть импортлогчдоос нэг нөхөр нь ОХУ-аас жилдээ 200 мянган тонн шатахуун импортлоод хоёр нугарсан үнээр монголчуудад шахах нь ашигтай. Ямар ч хөдөлмөр орохгүй. Нугарсан үнээр орж ирсэн шатахууныхаа ашгаас эрх мэдэлтэнд өгчихөөр дараагийнх нь зам шуударна. Түүнээс бус маш их хөдөлмөр зарж байж нефть боловсруулах үйлдвэр барих нь тэдэнд илүү ажил байгаа.

2012 онд Дорноговь аймгийн Сайншанд суманд нефть боловсруулах үйлдвэрийн шав тавьж байв. Өнөөдөр алга. УИХ-ын гишүүн асан С.Отгонбаяр 2007 онд Налайхад мөн л шав тавив, бас л алга. Үүнээс өмнө 2000-аад оны эхээр Дарханд гэх мэтээр шав бол олныг тавьсан. Энэ нь зүгээр л сонгууль угтсан шоу байдгаас хэн ч нефть боловсруулах үйлдвэр байгуулахыг хүсэхгүй байгаа. Тэр тусмаа хямд шатахуун ОХУ-аас импортолж, монголчууддаа өндөр үнээр шахдаг нөхөд яагаад ч хүсэхгүй байгаа.

А.Гал

Эх сурвалж: unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих