Залуус ажлаа голов уу, ажил залуусыг чамлав уу?

Монголд 24000 гаруй ажлын байр байна гэж Хөдөлмөрийн төв биржээс мэдээллээ. Харин боловсролтой залуусын тал хувь нь дипломоос өөр хөрөнгөгүй байгааг Монголын залуучуудын холбооныхон хэлж байна. Үүнийг Залуусын хөдөлмөр мэдээллийн яармагт оролцож байгаа ажил олгогч, ажилд зуучлах байгууллага, биржүүд “Ажилд орох анкет бөглөсөн залуусын ихэнх нь шаардлага хангадаггүй учраас олон мянган ажлын байр сул хэвтэж байна” хэмээн тайлбарлаж байна.

Залуусыг ажилд зуучлах, ажлын байрны мэдээллээр хангахаар тус яармагийг Монголын залуучуудын холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хоёр дахь жилдээ зохиож байгаа нь энэ юм. Өнгөрсөн жил энэ яармагаар жижиг, дунд үйлдвэрлэл, гар урлалын ажлын байр санал болгосон бол энэ удаад компаниуд өөрсдөө боловсон хүчээ эрж байна.

ХӨДӨЛМӨРИЙН БИРЖИД ӨДӨРТ 2000 ГАРУЙ АЖЛЫН САНАЛ ИРДЭГ ГЭВЧ…

Өнгөрсөн өвөл Хөдөлмөрийн төв биржид 13000 гаруй ажлын байр байсан. Гэтэл одоо 6000-аар нэмэгдээд байна. Аж ахуйн нэгж, компаниудаас Хөдөлмөрийн биржид өдөрт 2000 гаруй ажлын байрны санал ирж байгааг биржийнхэн хэлж байгаа. Харин энэ ажилд биржээр зуучлуулж байгаа идэрчүүдийн ихэнх нь тэнцэхгүй байгааг тэд хэлсэн. Ажил хайж буй залуусын олонх нь захиалга өгсөн компаниудад туршлага, гадаад хэлний мэдлэггүй, шинэ төгссөн гэдэг шалтгаанаар гологддог аж.

Мөн Хөдөлмөрийн төв биржид бүх салбарт ажлын байрны захиалга ирж байгаа. Үүнээс туслах ажилтан эрэлттэй байгаа аж. Залуучуудын хөдөлмөр, мэдээллийн яармагаар байгууллагууд залууст ажлын байр, хөдөлмөрийн эрх зүйн чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө өгч, ажилд зуучилж байлаа. Бас “Үндэсний сайн дурынхан хөдөөд” хөтөлбөрийн хамт олон орон нутагт хэрэгцээтэй байгаа ажлын байранд оюутан залуусыг бүртгэлээ. Одоогоор орон нутгаас их, дээд сургууль төгссөн залуусын 40 хувь нь хөдөөд ажиллаж аж.

ЦАЛИН БАГАТАЙ АЖИЛ ХИЙСНЭЭС ТҮЦ АЖИЛЛУУЛСАН НЬ ДЭЭР

Залуучуудын хөдөлмөр, мэдээллийн яармагт ирсэн хэсэг залуус хоорондоо ингэж ярьж байна. Тэдний яриаг багцлан хүргэе.

-Ажилд орох гэж олон газраар явлаа. Гадаад хэлний шалгалтдаа тэнцэхээр шинэ төгссөн, ажлын туршлагагүй гээд авахгүй юм. Цалин багатай ажил хийснээс ТҮЦ ажиллуулсан нь дээр юмуу.

-Тэгээд ч “Хуульч гэж явснаас хэвлэл үйлдвэр ажиллууллаад нотариатич хийсэн нь илүү, эдийн засагч хийснээс хүнсний дэлгүүрийн худалдагч байсан нь дээр. Инженер гэж худал цоллуулж байснаас уурхайд очиж жолооч хий” гэх зэргээр ажил олгогчдоо элдвээр хэлүүлэхийн оронд хувиараа бизнес хийсэн нь хавьгүй дээр байх.

-Уг нь энэ яармагт бүх салбарт ажилд бүртгэж байна. Тэнцэхгүй л байх. Сургасан багш, сурсан сургуулиа буруушааж байгаа ч юм уу, эсвэл чадваргүйдээ гэмшсэн залуусын энэ яриа Хөдөлмөрийн яармаг дээр чих дэлсэв. Залуучуудын хөдөлмөр мэдээллийн яармагт нийт 24 мянга гаруй ажлын байранд залуучуудыг бүртгэж байна. Тухайлбал, Баянгол дүүргийн Хөдөлмөр халамжийн газар 180, Нийслэлийн хөдөлмөрийн газар 4100, Хөдөлмөрийн төв бирж 19 мянга гаруй ажлын байранд залуусыг уриалсан юм.

Э.Солонго


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих