Бурхан доошоо, библи дээшээ
Хэдэн жилийн өмнө ангаахын дээдийг төгссөн аливаад шинжлэх ухаанчаар ханддаг ах хүү гэнэт сураг тасрав. Сураглах нь ээ мань хүн христийн сувилалд явжээ. Сүүлд тааралдвал, зуны гурван сар үнэ төлбөргүй сувилуулж, өнгө зүс орчихсон явна. Хажуугаар нь библийг идэх нь холгүй юм болжээ. Хашир эцэстээ залхаж, пастер охидууддаа,
-Энэ хугацаанд сайхан байлаа. Ах нь орчин үеийн анагаах ухааны сургууль төгссөн хүн. Ганц л зүйлтэй ерөөсөө эвлэрч чадахгүй нь. Та нарын заасанчлан “Бурхан эрэгтэй хүний хавиргаар эмэгтэй хүнийг бүтээсэн” гэдэгтэй огтхон ч эвлэрч чадахгүй. Тийм боломж ч байхгүй… гэж хэлээд таг болгожээ. Пастеруудад түүнийг сэнхрүүлж үлдээх чөдөр үлдсэнгүй, арга буюу явуулж дээ.
Тухайн үед монголчуудын дунд христийн шашинтныг дэлгэрүүлэхээр үүргэвч үүрэн хаа л бол хаана шогшуулж явдаг “эр хоёр загал”-ыг эс тооцвол итгэгчид өдрийн од мэт ховор. Нууц товчоонд тэмдэглэснээр Хэрэйдийн Ван хан Тоорил христос шашинтай байсан гэдгийг л бид мэддэг байлаа шүү дээ.
Тэгвэл Одоогоос 181 жилийн өмнө Байгаль нуурын баруун өмнөд эргийн Селенгинск сууринд монгол хэлтэн үзэхэд зориулсан анхны Библи судрыг 500 хувь хэвлэсэн гэж эх сурвалжид дурджээ. Энэ шашинтнуудын уйгагүй хөдөлмөр, менежментийн үр дүнд хэдхэн жилийн дотор бидний тал орчим хувь нь христийн итгэгчид болжээ.
Буддын шашныхан ч үүнийг зүгээр хараад суусангүй. Сүсэгтэн олноо алдахгүй гэсэн буддын шашинтнууд хэрэндээ чармайж байна. Энэтхэг, Балбад суралцаж ирсэн хуваргууд өнөөгийн Монголын буддизмын дампуурлыг ил тодоор хэлж, аль болох дампуурлыг засахыг хичээж байна. Үнэн, худлыг нь хэлж мэдэхгүй ч энэ жил гэхэд л гурван ч хувилгааны хойд дүрийг тодруулж, хөл хөөр болоодохсон. Анхдугаар Богд Өндөр гэгээний ойг өвөрхангайчууд өмчилж тэмдэглэхдээ далимд нь Галдан Бошготыг “тоншиж” олны ундууцлыг хүргээд авсан ч тэднээс дутахааргүйгээр улаанбаатарчууд даншиглав.
Одоо ч дэлхийн бусад оронд боомилсоор буй шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг найман зууны тэртээд бидний өвөг дээдэс хүлээн зөвшөөрсөн шигээ өнөөдөр ч Үндсэн хуулиараа энэ эрхийг нь баталгаажуулсан хэвээрээ байна. Тиймээс ч бөө мөргөл, будда, католик, ислам, шинто, бахай, мүүн, хиндү шашны сүм хийдүүд байгуулагдаж албан болон албан бусаар үйл ажиллагаа явуулах болжээ. Ялгаа нь, шашны эрх чөлөө монголчуудад эзэнт гүрнээ бэхжүүлэхэд тус болж байлаа. Харин өнөөдөр цөөхөн монголчууд улам жалга, довоороо хуваагдахад хүргэх нь. Холоос хайлтгүй бидний амьдарч буй тивд ч шашны мөргөлдөөнөөс болоод бусдын хоол болж буйн жишээ бишгүй байна.
Эдгээр шашнуудыг шүтэх, шүтэхгүй нь хувь хүний эрх. Харин энэхүү шашны байгууллагууд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна уу гэдэг анхаарал татаж байгаа ч албан ёсоор үүнд хариулт өгөх хүн алга.
Аливаа шашны байгууллага, лам санваартан өөрийн шашныг эс шүтэгчдэд үзэл номлолоо хүчээр тулгах, шахалт үзүүлэх, эд мөнгөөр татах, хууран мэхлэх, тэдний эрүүл мэнд, ёс суртахуунд хохирол учруулах, санаа сэтгэлийг үймүүлэхийг хуулиар хориглоно гэж заасан ч бодит амьдралд энэ бүхэн эсэргээрээ үйлчилж байгааг бидэнд өдөр тутам тохиолдож буй үйл явдал гэрчилдэг.
Бөөд улайссан сэлмээр нуруугаа цавчуулсан, христийн шашны урсгалаас болж амиа хорлосон, лам хуваргуудад байдаг бүхнээ алдсан гэх зэрэг эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон гэмт хэргийн шинж чанартай хэргүүд гарч, хэсэгтээ шуугидаг ч шашин нийгмийн оюун санаанд ямар байдлаар нөлөөлж буйг өнөөдөр судалж, тогтоосон баримжаа алга болжээ.
Тодорхой зүйл гэвэл уламжлалт гээд буй бурханы шашны сүм хийдүүд хотын төв орчмоор голдуу байхад шинээр дэлгэрч буй шашныхан амжиргааны төвшин доогуур, хотын захын дүүргүүдэд үйл ажиллагаагаа түлхүү явуулж буйг нийслэлийн Статистикийн газрын хийсэн судалгаанаас харж болно. Шашны үйл ажиллагаа явуулах эрхийг аймаг болон нийслэлийн ИТХ-аас жил бүр олгож, жил болгон сунгаж байхаар хуульчилж. Ингэхдээ НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2005 оны 74 дүгээр тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам”-ын 5.6-д “Зөвшөөрөлд заагдсан нутаг дэвсгэрээс өөр байршилд үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заажээ. Гэтэл албан ёсны зөвшөөрөлтэй христийн сүмийн 14.8 хувь нь буюу 42 сүм төв сүмийнхээ зөвшөөрөл, регистрийн дугаарыг ашиглан салбар нээж зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгааг тогтоосон байна.
Нийт сүм хийдийн тоо, шашны төрлөөр
Өөрөөр хэлбэл, дээрх журмын холбогдох заалтыг бүрэн утгаар нь биелүүлсэн, зөвшөөрөлтэй 148 сүм хийд л байна. Тэгвэл нийт үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн тоо 372. Нийслэлийн дүүрэг, хороодын түвшинд зөвшөөрөлгүй ажиллаж буй шашны байгууллагуудын ес нь буддын, нэг нь исламын шашны байгууллага байхад 67 нь христийн шашны сүм, цуглаанууд байна.
Сонирхолтой нь, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хамгийн мууд тооцогддог нийслэлийн Баянзүрх дүүрэгт 92 сүм, хийд тоолуулж тэргүүлсэн бол Ерөнхий боловсролын сургуулиуд нь гурван ээлжээр хичээллэхээс өөр аргагүй гэдэг Сонгинохайрхан дүүрэг 72 сүм хийдээрээ удаалж байх юм. Гэхдээ энэ хоёр дүүрэгт зөвшөөрөлтэй сүмийн тоо зөвшөөрөлгүйгээсээ илүү. Бас нэг анхаарал татахуйц мэдээлэл гэвэл баянзүрхчүүд христийн 65 сүмтэй бол сонгинохайрханчууд 49-тэй.
Улаанбаатар хотыг бүсчилж харвал хотын төвийн Чингэлтэй дүүргийн нийт сүм хийдийн 22.5 хувь, Хан-Уул дүүргийн нийт сүм хийдийн 42.0 хувь нь НИТХ-ын Тэргүүлэгчдээс албан ёсны шийд олгоогүй байхад дур мэдэн зөвшөөрөлгүйгээр шашин сурталчилдаг. Тэгвэл энэ байдал хотын захын дүүрэгт улам даамжирч Налайх, Багануур дүүрэгт ажиллаж буй сүм хийдүүдийн 63.6-68.7 хувь нь шашны үйл ажиллагаа явуулах “зөвшөөрөлгүй” бөгөөд дөнгөж 31.3-36.4 хувийг албан ёсны зөвшөөрөлтэй сүм хийд эзэлж байгаа юм.
Сүсэгтэн олны өргөл, барьцаар санхүүждэг сүм хийдүүдийн 25.4 хувь нь “тайлан тэнцэл огт гаргадаггүй” юмсанж. Ямар аргаар олсон мөнгөөр хэнд шашин сурталчилж байна вэ гэдэг асуулт бас л хариултгүй үлдлээ.
Дээр өгүүлсэнчилэн монголчуудын дийлэнх нь бурханы шашинтан гэдэг ойлголт түүх болжээ.
Сүм хийдийн үйл ажиллагааг дэмжигчид болон итгэгчид, шашны төрлөөр
Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй албан ёсны зөвшөөрөл бүхий сүм хийд, шашны байгууллагуудын бүртгэлээр “фанатууд”-ынх нь тоо 33.6 мянгад хүрсэн байна. Харин тэдний үнэмлэхүй олонх нь христийн шашны байгууллагад ногдож, нийт дэмжигч, итгэгчдийн 93.8 хувийг эзлэх болжээ. “Бусад” шашны байгууллагуудын дотор зонхилох байр суурийг бахайн шашинд итгэгчид эзэлж, бахай шүтлэгтэй иргэдийн тоо 1.2 мянга орчим болсон байна. Түүнчлэн нийслэлийн 700 гаруй иргэд католик шашны итгэгчид байна.
Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо олширсоор буй энэ цаг үед шашинд итгэгч болсон насанд хүрэгчдийн 63.2 хувь нь эмэгтэйчүүд байна.
Коммунизмын үед бурхан, чөтгөрийн тоо эрс багассан гэдэг шиг тухайн үед боловсорч хүмүүжсэн үеийнхэн шашин шүтэх нь бусад насныхантай харьцуулахад харьцангуй бага аж. Гэхдээ бас нэгэн анхаарал татсан асуудал нь оюун ухаан, үзэл бодол нь төлөвшөөгүй хойч ирээдүй маань шашинд хэт автах болжээ. Дээрх 33 мянган “фанат”-ын 5.6 мянга нь 16 хүртэлх насны хүүхэд. Эдгээр шашинд итгэгч хүүхдүүдийн 62.5 хувь нь 16 хүртэлх насны охид байна.
Хэн нь өөрийн итгэл үнэмшлээр аль шашнаа шүтэх нь тухайн хүний асуудал. Гол нь нутаг, нуга, жалга, довоороо талцдаг монголчуудад шашнаараа хуваагдаж хөлөө жийлцдэггүй юмаа гэхэд биенээ гадуурхахгүй гэсэн баталгаа байна уу? Энэ л бидэнд дутлаа гэж үү?
Өнөөдөр захын хорооллын амжиргааны төвшин доогуур, өнөө маргаашийнхаа талхнаас цааш харж чадахгүй байгаа иргэд, балчируудын оюун санааг ходоодоор татаад байгаа юм биш үү? Нийслэлд буй 372 сүм хийдээс 89 нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж чадаж байхад тэд чухам ямар бодол санаа агуулж, хуулийн дагуу ажиллаж буйг төсөөлөхөд бэрх.
Шашны олон урсгал бий. Тэр дундаа хэт харгис урсгалууд бидний үр, хойчийн тархийг угаан өнөөдөр хоол, хувцсаар хуурч, маргааш өөрсдийн зорилгоо биелүүлэх үнэнч албат болгохгүй гэх баталгаа хаана байна. Энэ шашин сайн, тэр муу гэх нь үнэндээ шашин шүтэх эрх чөлөөг тунхагласан Монгол Улсад утгагүй. Гэхдээ итгэн, үнэмшигчдээрээ тэргүүлж буй христийн шашны сүм, цуглаанууд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн 83.1 хувийг эзэлж байна. Энэ шашинд амьдралын жам ёсны үзэл баримтлалын эсрэг зүйл номлодог урсгалууд ч цөөнгүй бий. Тэрхүү урсгалууд нь Монголд орж ирсэн гэдгийг хэлж чадахгүй ч үгүйсгэх баримт бас алга. Үгүй гэхэд, өөрийн хөлс, хөдөлмөрөөр олсон хоолоо бурханы өгсөн билэг гэж бодогчид нэмэгдсээр л байна…
Энэ асуудалд анхаарлаа хандуулж, хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулж байна уу гэдгийг хянах ёстой төрийн байгууллага улстөрчдийн сандал, ширээний хэрүүлд дарлуулжээ. Тэдний дээр сандайлсан улстөрчид харин утгагүй муйхраар асуудлыг шийдэхийг зорьж, өөр өөрсдийн гэсэн хутагт хувилгаадыг тодруулж, оюун санааны дарангуйллаа тогтоохоор зорих болж. Бүр төрөөс тоншсон мөнгөөрөө энд тэнд суварга босгож, нүглээ нимгэлдэг “уламжлал” тогтлоо. Үүний хажуугаар Монголын төлөө гэж хашгирах дуртай нэгэн улстөрч X Богдыг өөрийн нутгаасаа тодруулахаар болсон тухай мэдээлэл байна. Түүний эсрэг хэн нь хэний бандийг тодруулахаар зэхэж буйг чөтгөр бүү мэд.
Гэтэл бурханы шашинтнууд маань мухар сүсгээс сүсэгтэн олноо гэгээрүүлэх нь байтугай XIV Далай лам болон түүний эсрэг үйл ажиллагаа явуулдаг Хятадын Банчин богдын талд хоёр хуваагдан “зодолдож” байхуйд монголчуудын эртнээс шүтэж ирсэн бөө мөргөл ч байж болох доод төвшиндөө унажээ.
Ер нь монголчууд оюун санааны хувьд уруудаж явна. Зуднаар нохой, зовлонгоор лам зоолно гэгчээр өнөөдрийн ядуу монголчууд улам бүр мэдэх, мэдэхгүй шашинд мухраар автаж, ид шидэнд итгэсээр байна.
Хүн төрөлхтний ид шидэнд итгэдэг байгалийн гэмээр араншин, түүнд тэмүүлэх хүсэл нь хөдөлмөрийн үр дүнд хөгжлийн түүчээ болж, өнөөгийн өндөрлөгт хүрсэнээс Монголын өнөөдрийнх шиг хэтэвчээ даллаад мөнгөтэй болдогтоо тултлаа доройтоогүй билээ.
Дундаж зууныг мунхагийн харанхуйгаар түймэрдсэн шашны төөрөгдөл XXI зуунд Монголд ийнхүү дүрэлзэн байна.
Хэтэвчээ даллаад мөнгөтэй болдогсон бол хүн төрөлхтөн энэ эринтэй яахан учрах вэ дээ.
Л.НАРАНТӨГС
URL: