Ерөнхий сайд сайдуудын нэрсийг өнөөдөр өргөн барих гэж байна

144132506655e8e00a71cdcЕрөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр УИХ-д шинээр томилогдох сайдуудаа өргөн барихаар зэхэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт “Шинэ сайдуудыг ойрын өдрүүдэд өргөн барьж чадахгүй. Харин аравдугаар сард эхлэх УИХ-ын намрын ээлжит чуулганы үеэр шинэ сайдуудын нэрсийг өргөн барих болно” гэж мэдэгдсэн.

Харин үүнийх нь хариуд маргааш нь Их хурлын дарга, АН-ын дарга З.Энхболдоос Ерөнхий сайдад хандаж “Хууль хэрэгжүүлэх тухай албан тоот” хүргүүлсэн. Уг албан тоотод ““Монгол Улсын Ерөнхий сайдын өргөн мэдүүлсний дагуу 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хуралдаанаар Засгийн газрын зургаан сайдыг албан тушаалаас нь чөлөөлсөн. Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т, “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн, түүнчлэн нас нөгчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно. Ийнхүү Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн орон гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно. Нөхөн томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа нь тухайн Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна” гэж заасан байна. Хуулийн энэхүү заалтын дагуу 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр албан тушаалаас чөлөөлөгдсөн Засгийн газрын зургаан гишүүний оронд томилох сайд нарыг 2015 оны 09 дүгээр сарын 06-ны дотор Улсын Их Хурал нөхөн томилох ёстой. Иймд Монгол Улсын Ерөнхий сайд Та Засгийн газрын тухай хуулийн энэхүү заалтыг хэрэгжүүлж, шинээр томилогдох Засгийн газрын гишүүдийг Улсын Их Хуралд өргөн барихыг хүсье” гэсэн юм.

Тиймээс хуулийн дагуу шинэ сайдуудын нэрсийг 30 хоногийн дотор УИХ-д өргөн барих хэцүүхэн даалгавартай Ерөнхий сайд тулгарсан. Хуулийн хугацаа нь өнөөдөр дуусна. Яагаад гэвэл ирэх долоо хоногийн 1 дэх өдөр есдүгээр сарын 6-ны өдөр болно. Учир нь намаас оруулж ирсэн гурван гишүүнийг нь Ч.Сайханбилэг өргөн барихгүй гэж татгалзсан.

Тэгвэл дөнгөж сая эх сурвалжийн мэдээлж буйгаар Шударга ёс эвсэл өнөөдөр 10.30 цагт Ерөнхий сайдад бүлгээсээ тодруулсан сайдуудын нэрсийг өргөн барих юм байна. Тус бүлгээс Шадар сайдад З.Баянсэлэнгэ, Барилга хот байгуулалтын сайдад Л.Оюунбаатар, Байгаль орчинд Н.Батцэрэг нарыг нэр дэвшүүлэхээр болжээ.

Ингээд Ерөнхий сайд үүн дээр өөрийн намаас тодорсон гурван нэр дэвшигчээ нэмээд Их хурлын дэд дарга Р.Гончигдоржид өргөн барих бололтой.

Г.ГАН /ZALUU.COM/

 


URL:

Сэтгэгдэл бичих