Сургуулийн цайны газрууд эрүүл мэндэд хортой тос ихээр хэрэглэж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжиж байгаа “Үдийн цай” хөтөлбөрийн эргэн тойронд асуудал их байна гэж НИТХ-ын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дэд хорооны дарга, АУ-ны доктор Жазагийн Амарсанаа үзэж байна. Тэрээр хичээлийн шинэ жил эхлэж байгаатай холбогдуулан НИТХ-ын дарга Д.Баттулгад энэ асуудлаар санал, зөвлөмж хүргүүлжээ. Ж.Амарсанаагийн ахалдаг дэд хороо нь Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжиж байгаа “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалтай танилцах ажлыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан байна.
Энэ үеэр сургуулиудын цайны газар зориулалтын бус байранд үйлдвэрлэл явуулж буй, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, бэлэн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг хадгалах хөргөгч хөлдөөгчгүй байх зэрэг зөрчил илэрчээ. Мөн “Үдийн цай”-наас тухайн хүүхдийн авах ёстой уураг, илчлэгийн хэмжээ бага байна гэсэн дүгнэлт гарсан байна. Хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл цөөн, сүү сүүн бүтээгдэхүүн бараг байхгүй, хийжүүлсэн болон чихэрлэг ундаа, жингэмэг чихэр худалдаалж байгаа, эрүүл мэндэд хортой “транс тос” болох маргариныг ихээр хэрэглэж байгааг олж тогтоосон байна. Шалгалтынхан энэ бүхэнд тавих хяналт, ялангуяа иргэд, эцэг эхчүүдийн хяналт маш сул байна гэж үзжээ.
Илэрсэн зөрчлийг арилгахын тулд “Үдийн цай” хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулах, сургуулиудын цайны газрыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, байрных нь засвар, түрээсийн төлбөрөөс хөнгөлөх, хоол зүйчийн орон тоо бий болгох, шаардлагатай сургалтуудыг зохион байгуулах зэрэг арга хэмжээ авч ажиллах нь чухал болохыг зөвлөмжид тусгажээ.
© duuren.mn
URL: