Өөрийнхөө найруулсан хоронд хордсон АН

1212212Тэртээ он цагийн түүчээнд Их зохиолч Д.Нацагдорж “Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо бусгаа…” хэмээн өгүүлсэн байдаг нь өнөөгийн манай нийгмийг бараг л дүгнээд хэлчихсэн мэт. Чухамдаа бол Ардчилсан нийгмийг байгуулаад 25 жилийг үзэж байгаа ч нийгмийн байдал тийм ч өөдөлсөн зүйлгүй.

Тэр тусмаа сүүлийн 4 жилийн хугацаанд нийгмийн байдал болоод эдийн байдал цаашилбал Засгийн газар, УИХ гэх төр барих дээд байгууллагууд нь Нам төвтэй болчихсон юм болов уу хэмээн эргэлзэх нэгэн ч байна. Хараад байхад тийм ч болчихсон мэт санагдахаар үйл явдлууд УИХ болоод Засгийн газарт байнга шахуу л өрнөх болсон нь нууц биш.

Ойрын жишээ л гэхэд наймхан сарын өмнө гар барин золгож хамаатан садан болон ураг болъё хэмээн МАН-д хайр зарлаад байсан АН нэгэнтээ нүүр буруулж одсон. Тиймдээ одоо засаг нь тархай бутархай, хэн нь сайд болох вэ гэж өөр хоорондоо хэл амаа ололцох ухаанаа ч олохгүй бэдэрсээр яваа Эрх баригч намынхан өнөөдөр өдөр шөнөгүй л толгойгоо гашилгаж яаж лобби хийж өөрийн фракцдаа сайдын суудал авах уу хэмээн сэрүүн зүүдэлж яваа гэхэд хилсдэхгүй.

Өнгөрсөн хавар Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг Дубайн гэрээ энэ тэрхэн хөөцөлдөж орон орон хэсэж гуйлга хийж явах хооронд түүний байгуулаад байсан ШИЙДЛИЙН нэртэй сүржин засгийн зургаан сайдыг унагаах төлөвлөгөөг УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд боловсруулж намын нөхдийн хамтын хүчээр унагаж чадсан. Гэтэл өнөөдөр УИХ-ын дарга АНУ-д айлчлах хойгуул Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрийн фракцаа бүрдүүлж түүнийг Намын даргын суудлаас ховхолж хаян аянд дайнд мордсон сурагтай.

Ийнхүү өөр хоорондоо тэмцэлдэх намын фракцуудын тэмцэлд сөхрөх Монгол улсын эдийн засаг нийгмийн байдал өдрөөс өдөрд дордож байгааг ухаарах сөхөө энэ эрх баригч намынханд байгаа гэдэгт найдсан ард түмэн дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгчээр зах зээлийн шуурганд уруудсаар…

Тун удахгүй намрын ээлжит чуулган хуралдаж ирэх жилийн төсвөө батлах болж байхад Сангийн сайдгүй, олон жилийн зангарагтай Бичин жил айлчлан ирэхэд мөн л Онцгой байдлын сайдгүй ёстой л голсон юм голд орж, шилсэн юм шилд орж эргээд МАН-тайгаа ханьсая хэмээн жороо суухгүй байгаа даа.

АН-ынхан өөр хоорондоо тэмцэлдэж хүчээ барахыг харж суугаа бусад намынхан тэр тусмаа мөнхийн өрсөлдөгч хэмээх МАН, МАХН нарын толгой лидерүүд өнөөдөр алсаас гол дээр тос нэмэж бага зэрэг ноцоосон шиг л өөрсдийнх нь найруулсан хоронд өөрсдийг нь хордуулсаар байгааг ухаарах УХААН АРДЧИЛСАН НАМЫНХАНД одоогоор алга!!!

 

 

Эх  сурвалж www.bolod.mn

ЧОЙ

 


URL:

Сэтгэгдэл бичих