Бурхан Халдун нэртэй хогийн цэг бий болох уу

Сүүлийн жилүүдэд олны сүсэг бишрэлийг хүлээсэн уул ус, овоо хайрхныг тахин шүтэж, тахилга тайлга үйлдэн онгод хийморио даатгах нь олширсон ч тэр хэрээр хүрээлэн буй орчинг бохирдуулж, тахих нэрээр талхилсаар байгаа нь харамсалтай. Үе үе хийморио сэргээгсдийн хөлд дарагдан, Улаанчулуутын хогийн цэгээс дутахааргүй болчихдог газрын нэг нь Эзэн Чингис хааны үеэс тахин шүтэж, зарлигаар дархалж ирсэн Бурхан Халдун хайрхан юм.

Эрт эдүгээгээс байгалийн унаган төрхөө алдаагүй, эх түүхийн өлгий нутаг болсон энэ хайрхан Хан-Хэнтийн тусгай хамгаалалтын бүсэд, Хэнтий, Төв, Сэлэнгэ аймгийн нутгийг дамнан оршдог. Чингис хааныг эцэж ядрах үед өвөр энгэртээ нөмөрлөж атаат дайсан, аюулт өстөнөөс нуун хаацайлсан түүхт энэ хайрханыг зорих зам уг нь хүссэн болгонд найр тавиад байхааргүй бартаа нугачаа, шигүү ой, намаг балчиг ихтэй бөгөөд машин тэргээр хүрэх ганц зам нь Төв аймгийн Мөнгөн-морьт сумын нутгаар дамжих хад асгат харгуй юм.

Гэвч сүүлийн үед жигүүртний далавч цуцах энэ оргил өөд жийптний цуваа тасрахаа больсон, хүмүүс хүндэтгэл тээж оччихоод буцахдаа тарьсан хогоо авдаггүйгээс архины шил, консервны лааз, хуванцар сав, шуудай, гялгар уут, сүүний хайрцаг мэт нь хаа сайгүй хөглөрч, хайрханд тахилга болгон өргөсөн цагаан идээ, малын мах зэрэг нь илжирч муудан саахалтын газраас хамар сэтлэх шахаж, яг л хүн тавьдаг газар шиг ойртох аргагүй үнэртэх болсныг нутгийн иргэд халаглан ярьж байна.

Б.Батжаргал: /Төв аймгийн Мөнгөнморьт сумын иргэн/
-Үнэр танар гэж үнэхээр аймаар. Ялангуяа цагаан идээ, мах, арьс шир муудахаараа ямар үнэртэй болдог билээ. Энд бүр хонь гаргаад нэхий, толгой юутай хээтэй нь тавьсан байх юм. Хүмүүс өөрсдийгөө их л сайхан зан үйл үйлдлээ, буян хийлээ гэж бодоод байх шиг байна. Үнэндээ бол хүндэтгэн шүтэж ирсэн газраа хогийн цэгээс ч дор болгож байна шүү дээ. Задгай байгальд хог ийм үнэртэй, ойртохын аргагүй  байгаа юм чинь хотын хогийн цэг чухам ямар байдаг,  хог түүдэг хүмүүс яаж тэсдэг бол гэж бодогдож байна.

Монголын нууц товчоонд хамгийн олон дурдагдсан газар болох онгон дагшин Бурхан Халдун хайрханаа ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгүүлэхийг бид хүсдэг. Алгуур цалмай, арчаагүйгээсээ болоод монгол дээл, хөөмий, бий биелгээгээ бусдад алдах шахсан бид хэрвээ тахилгат хайрханыг маань нүдээр үзэхээр тэндхийн хүмүүс ирвэл юу хэлэх билээ? Хог хаягдал, амны цаас шиг хөглөрөх хийморийн дарцаг, онгож гандсан хадаг самбаанд дарагдсан шүтлэгт газрыг маань жирийн нэг хогийн цэг байна хэмээн дүгнээд орхивол бурууг нь хэн үүрэх вэ? Эмэгтэй хүн гарах нь бүү хэл гадны хүн босго даваанаас цааш явах хориотой энэ газар тахилга болсны дараа үнэхээр нүд хальтрам өнгө төрхийг олдог нь бараг л заншил болжээ. Өөрсдөө ч хайрлаж шүтэж чадахгүй байгаа хайрхныг гадны иргэд ойлгон хүндэтгэнэ гэж үгүй, бүр тохуурхан доромжилсон тохиолдол ч гарчээ.

Д.Хурцаа: /Төв аймгийн Мөнгөнморьт сумын иргэн/
-Гурван мөрний сав газар болсон энэ хангайд гадаадын хүн хөл тавих ёсгүй гэсэн Эзэн Чингис хааны зарлиг байдаг. Үүнийг УИХ няцааж хууль гаргаагүй цагт одоо хүртэл хүчин төгөлдөр гэж ойлгож байна. Гэтэл “Эцэг Чингис” гэсэн шилэн дотор гадаадын нэг нөхөр цээж зургаа хийгээд дээд овоон дотор булчихсан байна. Юмыг яаж мэдхэв, хожим судалгаа хийгдвэл Чингис хаан гэдэг чинь ийм хүн байсан юм байна гэж төөрөлдөхөд хүрнэ. Энэ бол жижиг асуудал биш. Иймээс гадныхныг хөл тавиулмааргүй байна.

Энэ мэт бусармаг үйлдлийг нүдээр харж эмзэглэсэн хэсэг хүн саяхан Бурхан-Халдуныг хогноос салгах ажил өрнүүлжээ. Энхсайхан захиралтай “Мон лаа” компанийн хамт олон санаачлан Төв аймгийн Мөнгөнморьт сумын уугуул иргэдтэй хамтран шүтлэгт газрын ойр орчмыг таван өдөр цэвэрлэхэд 50 гаруй шуудай хог хаягдал гарчээ. Өнгөц харахад байгаль цэвэрлэх нь байдаг л зүйл мэт боловч Бурхан Халдуныг зорих, тэр дундаа хог түүхээр зориг шулуудах нь хэн хүнээс гарамгүй зориг тэвчээр болохыг зориуд энд өгүүлмээр байна. Мөнгөнморьт сумын төвөөс Босго тэнгэрийн  давааг даван, Хэрлэн голыг гатлан цааш 45 км явж байж Бурхан Халдуны бэлд хүрдэг. Дараа нь 2361 м өгсөж байж хогийг цуглуулаад буулгана гэдэг амаргүй.

Ц.Ууганбаяр: /“Мон-Лаа” группын Элстэйн уурхайн орлогч дарга/

-Өнгөрөгч хавар бид уул нь хайрханд ажил үйлсээ даатгахаар зорьж ирсэн юм. Гэвч юун мөргөж залбирах, ойртохын эцэсгүй заваан бохир, дүүрэн архины шил, жорлонгийн цаас байгааг хараад их эмзэглэсэн. Хайрханы овоон дээр малын сэг, толгойн араг яс байгаа нь их эвгүй харагдсан шүү. Тэгээд л дахиж ирж их шүтээнийг энэ бүхнээс салгах хэрэгтэй юм байна, нэг удаа цэвэрлээд орхих биш нийт ард иргэд, аж ахуйн нэгждээ уриалж байнгын ажил хэрэг болгох хэрэгтэй юм байна, хамгийн гол нь шүтэхдээ учир утгатай хандаж элдэв хогоор дарах хэрэггүйг ухамсарлуулах хэрэгтэй юм байна гэж бодсон.

Эх нутгийнхаа ногоон байгалийг хайрлаж, хүндэтгэн шүтэх ёстой газраа ариун байлгах их аянг  ийнхүү “Мон-Лаа” компанийнхан эхлүүллээ. Тэд шүтэх ёстой газраа ном журмаар нь шүтэж, элдэв хог хаягдлаар дарахгүй байхыг уриалж байна. Цаашид энэ уриалгыг хүн бүр санаж сэрж, үргэлжлүүлж явбал ариун дагшин газартаа ажил үйлсээ даатгах итгэл үнэмшил үеэс үед уламжлагдан үр хойчийг маань ивээн энэрсээр байх юм. Ухамсаргүй хүндлэл унаган байгальд гай тарих уу, гавьяа авчрах уу гэдгийг хаана хаанаа бодох цаг болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих