Даншиг наадмын цаана юу “нуугдана вэ…”
Чингүнжав
Хүнд юу эрхэм вэ
Итгэл үнэмшил эрхэм
Хүнд юу чухал вэ
Эх орон чухал
Тэгвэл таны итгэл үнэмшилд дөрөөлөн эх орны тань эсрэг “зогсоовол” ямар вэ?
Оршлын оронд…
Хүн төрлөхтний түүхэнд шашны итгэл үнэмшлээс болж дайн болж байсан үйл явдал дэндүү олон. Тиймээс XX зуунаас дэлхийн ихэнх улс орнууд төр шашны бодлогыг зааг ялгаатайгаар хэрэгжүүлэх болсон.
Өнгөрсөн түүхэн цаг хугацаа, шашин төр нэгдмэл байсан цаг үед иргэдийн шашинд итгэх итгэл төрийн бодлогын дээр юмуу эн зэрэгцэн оршдог байсан тул шашны зүтгэлтэн эсвэл хаад төр шашны бодлогыг зэрэгцүүлэн явуулж ирсэн түүхтэй. Манай улсын хувьд ч гэсэн нэгэн цагт Шашин төрийн хослон баригч Наран гэрэлт, Түмэн наст Богд хаан төр шашны бодлогыг хэрэгжүүлж байсан. Ийм цаг үед шашин төрийн ёслол, баяр наадам нэг туган дор болдог байжээ. Үүнийгээ тухайн цаг үед ДАНШИГ наадам гэж нэрлэдэг байсан ажээ.
བརྟན་བཞུགས། /brtan bzhug/ буюу Даншүг гэдэг төвд үг нь Бат оршил гэсэн утгатай монгол үг бөгөөд Хутагт хувилгаад, Богд эздийн өлмий бат оршин, урт наслахын бэлгэдлийг ерөөж, ард олон баярлан цэнгэдэг шашны агуулгатай баяр наадам юм.
Өдгөө XXI зуун. Дэлхийн дахинд энэ зуун техник технологийн дэвшил, шинжлэх ухааны хөгжил, ардчилалын үнэт зүйлсийн илрэлээрээ бусад түүхэн эрин үеэс эрс ялгарч байгаа.
Энэ зуунд шашин иргэдийн шүтэх эрх чөлөө нээлттэй болсон төдийгүй, төрийн бодлогод шашны оролцоо үгүй болсон. Үүнийг ихэнх улс орнууд хуульчлан тогтоосон. Монгол улсын Үндсэн хуулийн 9.1-д ”Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” гэж заасан байдаг нь ийм учиртай. Товчхондоо бол шашны байгууллага, сүм хийд төрийн үйл ажиллагаанд оролцохгүй, төрийн байгууллага шашны үйл хэрэгт орооцолдохгүй гэсэн үг.
Харин манайд…
Харамсалтай нь XXI зуунд амьдарч байгаа Монголчууд бидэн дунд шашинд гүн бат итгэл байсаар байна. Өнөө цагт цөөнгүй “төрөх” болсон хутагт хувилгаад, бөө удган, элдэв зөн чилэгтнүүдэд итгэн сүслэн дагагчид үүнийг гэрчилнэ.
Бүр сүүлдээ сүм хийдийн хамба нар, элдэв цол мяндагтангууд Нийслэлийн захиргааны байгууллагын дэмжлэгтэйгээр “Даншиг” наадам хийж, өөрсдийн эрх мэдэл сүр хүчээ олонд “гайхуулахаар илт улайрах” боллоо. Өнгөрсөн зуунд хутагт хувилгаад шинээр төрөх юмуу, тэднийг тодруулах, тэдний насан хутгийг ерөөхийн тухайтад гадны дотнын хаад ноёдын зарлигаар болдог байсан Даншиг наадам энэ удаа шинэ цагт Нийслэлийн Засаг даргын захирамжаар зохион байгуулагдав. Тэд үүнийгээ уламжлалт соёлыг сурталчлах нэрэн дор явуулсан ч үнэндээ агуулга нь арай өөр болов. Жилдээ ганц удаа хотол олноороо наадан, түрүүлсэн бөхөд олгодог Улсын хэмжээний баяр наадмын цолтой Даншиг гэх шашны ч юм шиг, нийслэлийн ч юм шиг наадмын цол “эн зэрэгцэв”.
Үүний учрг ухахад хоёр үндсэн гаргалгаа байна. Эхнийх нь хэрвээ Гандантэгчинлэн хийд тэргүүтэй сүм хийдүүд Даншиг наадам нэрээр баяр наадам зохион байгуулж байгаа бол тэдэнд улсын хэмжээний бөхийн бол олгох эрх байхгүй. Ингэх нь Үндсэн хуульд харшлах төдийгүй шашны байгууллага төрийн хэрэгт оролцож байгаагаас өөрцгүй явдал. Хоёрдох нь Нийслэлийн захиргааны байгууллага улсын хэмжээнд мөрдөх Даншгийн цол олгож байгаа бол мөн л хууль зөрчиж байгаа хэрэг. Учир нь Үндсэн хуулиараа заасан НЭГДМЭЛ төрийн бодлоготой улсад аль нэг орон нутгийн болон захиргааны байгууллага өөрийн үзэмжээр улсын хэмжээнд нийтээр дагах “хууль” мэт ийм шийдвэр гаргаж мөрдүүлэх эрх байхгүй. Тиймээс энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Магадгүй төрийн эрх мэдлээс булаацалдсан, өөртөө эрх мэдэл олж авах гэсэн төрийн эсрэг “гэмт хэргийн шинжтэй” үйлдэл гэж хэлж болох.
Угтаа бол шашны байгууллага, сүм хийдүүд шашин соёлоо олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор арга хэмжээ, найр наадам хийж болох ч Бөхийн цол олгож, нийслэлийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа нэрээр татвар төлөгчдийн мөнгийг найр наадамд зориулах эрх байхгүй, байж ч таарахгүй…
Даншигийн чимээ…
Сураг дуулахнээ даншиг зохион байгуулах тухай асуудал их холоос “шидсэн чулуу” бололтой.
Ер нь буддын шашинтнуудад хоёр “амьд” шүтээн бий. Мэдээжийн хэрэг нэг нь эх нутгаасаа хөөгдөн Энэтхэг улсад цагаачлан амьдарч буй XIV Далай лам Данзанжамц, нөгөөх нь Эх газрын хятадад амьдарч байгаа Банчин богд.
Банчин богдын хувьд Хятадын улс төрийн бодлогын нэг хэсэг гэж ойлгож болох. Гэтэл сүүлийн жилүүдэд манай улсын зарим буддын сүм хийдийн хамба нар Банчин богдтой сүрхий “сүжрэх” болжээ. Тэд үе үе БНХАУ-руу айлчлан Банчин богдод мөргөх нэрийдлээр уулзах болжээ. Тэр бүү хэл хэдэн жилийн өмнө манай зарим сүм хийдийн удирдлагууд их хэмжээний юань хил нэвтрүүлэх гэж оролдон хууль хяналтын байгууллаар шалгагдсан тухай дуулиан нэг хэсэгтээ л хэвлэлээр шуугисан нь угтаа Банчин богдтой холбоотой байж болох гэнэ.
Өнгөрсөн зун мөнөөх хамба нар Банчин богдод мөргөл үйлдэн очиж уулзаад ирсний дараахан гэнэтхэн Даншиг наадмыг зохион байгуулахаар болж, үүнийгээ нийслэлийн удирдлагуудаар батлуулаад ажил хэрэг болгосон гэх яриа байна. Үүний цаана ямар учир “нуугдана” вэ?
Банчин богд бол Хятад улсын бодлогыг дэмждэг, магадгүй хятадын төр засгийн бодлогыг хэрэгжүүлэгч субъект. Гэтэл энэ хүнтэй манай сүм хийдийн хамба нар ойр ойрхон уулзах нь юуны учир вэ?
Эндээс л тэднийг хардах үндэслэл төрж байгаа юм.
Өнгөрсөн даншиг наадмын үеэр зарим хамба нар хэвлэлд өгсөн ярилцлагадаа: “…цаашид Монголчууд бид Xбогдоо тодруулаад Даншиг наадмынхаа хоймор залвал их зөв зүйтэй хэрэг” хэмээн ярьж байна билээ.
Хэн, хэнийг, юуны тул турхирч ийн ярихад хүргэв. Харанхуй бүдүүлэг зуунд бид амьдарч байгаа биш Богд гэгээнээ залах ямар хэрэг байна. Магадгүй Х богдыг заллаа гэхэд хэн түүнийг тодруулах вэ, хэний эрх ашгийг хөндөх вэ, хэнд энэ нь ашиг тустай вэ?
Монголчууд бид өөр зуураа улс төржин, Засгийн газраа ч бүтэн байгуулчихаж чадахгүй толхилцож байхад урд хөршийн “унтаж буй луу” хэдийнээ сэрчихсэн, Банчин богдоор дамжуулан манай зарим сүм хийдийн хамба нараар чиглүүлүүлэн Монголчуудыг сүсэг бишрэлээр нь дамжуулан “эзэгнэхийг” хүсэж байгааюм биш биз…
Магадгүй дараа жилийн Даншиг наадмаас эхлэн Х богдоо тодруулна хэмээн зарим хүм хийдийн удирдлагууд яриад эхлэвэл нэг их гайхаад хэрэггүй мэт.
Энэ асуудлыг холбогдох байгууллагууд нарийн нягт шалгаад үзвэл гэмгүй буй заа.
Дашрамд дурьдахад Их эзэн Чингис хаана хэлсэн “Биеийг нь эзлэхийн тулд сэтгэлийг нь эзлэх хэрэгтэй, сэтгэлийг нь эзлэвэл бие нь хаа холдох аж” гэдэг үгийг эргээд бид санаж сэрэх хэрэгтэй болжээ.
А.Гал
URL: