Төрийн телевизээс төрсөн тэрбумтан

Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн захирлаар М.Наранбаатар гэдэг залуу ажилладаг. Залуу хүний

хувьд төрөөс хэдэн тэрбумын санхүүжилт авдаг 1000 орчим ажилтантай энэхүү том байгууллагыг бусад орны ижил төрлийн мэдээллийн хэрэгслүүдээс дутахааргүй авч явна байх гэж итгэн энэ залууд итгэл хүлээлгэжээ.

Харамсалтай нь М.Наранбаатар телевизээ биш өөрийгөө өөд нь татжээ. Тэрээр 2005 оноос хойш 6 жил энэ албыг хашиж байгаа юм. МҮОНРТ-ийг хуулийн дагуу Үндэсний зөвлөлийн гишүүн 15 хүн хянах үүрэгтэй.

Х.Чилаажав-Үндэсний зөвлөлийн дарга, зохиолч, сэтгүүлч

О.Мөнгөнтуул-Итали монголын худалдааны төвийн тэргүүн

Н.Содномдорж-МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч асан

Л.Төмөрбаатар-Хавдар судлалын төвийн захирал

О.Эрдэнэ-Өлзий-Үндэсний соёмбо хөдөлгөөний гишүүн

Б.Ганболд-Хуучин МҮОНРТ-ийн захирал, “Үндэсний шуудан” сонины эрхлэгч

Ц.Зоригтбаатар-МЗХ-ны ерөнхийлөгч

С.Цэрэндорж-Хүний эрхийн төвийн хуульч

Л.Болд-Барималч

Ч.Дамбажав-лам /Дашчойлин хийдийн тэргүүн/

М.Буянбадрах-Пиарчин

Г.Цэрэнпүрэв-Монгол банкны газрын дарга

Ц.Гомбосүрэн-Элчин сайд асан

Д.Ганбат-УТБА-ийн захирал асан

Д.Гантөмөр-Аялал жуулчлалын сэтгүүлийн эрхлэгч зэрэг хүмүүс үндэсний зөвлөлийг бүрдүүлдэг ажээ. Тэднийг УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар тус бүр өөрийн квотын санал гаргаж томилдог.

Харин хүмүүсийн удирддаг байгууллагуудын мэдээ, мэдээлэл үндэсний олон телевизийн эфирээр байнга гардгийг үзэгчид андахгүй. Энэ мэтээр тэднийг хөөрхөн аргалахын зэрэгцээ туршлага судлах нэрээр Швейцарь зэрэг орон руу улсын хөрөнгөөр зугаалуулдаг байна. Үндэсний зөвлөл уг нь хянах үүрэгтэй байгууллага болохоос өөрсдийгөө сурталчлуулахын тулд сонгогдоогүй баймаар.

Тус зөвлөлийн гишүүдийн хяналт суларснаас М.Наранбаатар даргын дураараа дургидаг үйлдэл газар авсан байна. Тэрээр МҮОНТ-ийн “Арилжаа сурталчилгааны алба”-нд зар авдаг ажилтнаар тус телевизэд ажил, хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. Уран бүтээлийн замнал нь “Өглөө” хөтөлбөрт сэтгүүлчээр ажилласнаар эхэлсэн байна. Өглөө хөтөлбөрт ажиллаж байхдаа хуучин МҮОНРТ-ийн захиралын дэмжлэгээр “Өглөө хөтөлбөр” редакцын ерөнхий редактор болж байж. “Өглөө хөтөлбөр” редакцид ажиллаж байхдаа тус редакцийг сурсан зангаараа арилжаа сурталчилгааны байгууллага болгож, реклам сурталчилгааг ёстой нэг хэтэртэл цацаж байжээ.

МҮОНРТ-ийн ерөнхий захирлын сонгон шалгаруулалтын үеэр М.Наранбаатараас “МҮОНРТ-ийнг төрийн санхүүжилтээс гадна өөр санхүүгийн эх үүсвэрийг хэрхэн бий болгох вэ”гэж асуухад “Бөхийн өргөөнд зохиолын дууны тоглолт хийж мөнгө олоод телевизээ хөгжүүлнэ” хэмээн өчүүхэн юм ярьж шалгаруулалтын комиссынхныг хөгжөөж байжээ. Түүнд өрсөлдөж байсан нэр дэвшигчид МҮОНРТ-ийг хөгжүүлэх бүхэл бүтэн төлөвлөгөөгөө боловсруулаад орж байсан юм. Гэтэл бөхийн өргөөний шоунаас өөр ярих юмгүй байсан энэ эрхэм хэрхэн сонгогдсон нь сонин.

МҮОНРТ гэх их айл 742 ажилтан, ажиллагсадтай уран бүтээлийн халуун тогоон дотор нь буцалж явсан энэ эрхэм ёстой л нөгөө хаяагаа хадрахын үлгэр болж, телевизийнхээ сангаас багагүй хөрөнгө шомбодсон бололтойг түүний баячуудын хороололд сүндэрлэх одоогийн зах зээлийн ханшаар 500 сая төгрөгөөр үнэлэгдэх өндөр үнэтэй тансаг хаус, унаж байгаа унаа тэрэг гэрчилж байна.

М.Наранбаатар захирал энэ өндөр дээд албанд залрахаасаа өмнө “буруу сэргэлэн” нэгэн байсан байна. Манайхан нэг хэсэг толгойтой бүхэн өмнөд Солонгост хараар ажиллан мөнгөжих хүсэлдээ автчихсан, өдрийн бодол шөнийн зүүд байсан. Тэр үед тэрээр хэсэг телевизийн хамтрагч нөхдийн хамт телевизийн нэр барьж өмнөд Солонгос улс руу иргэдийг зуучлан гаргаж байгаад тус улсын муу нэртэй газар /шорон/-д баригдаж байжээ. Анх АСА-гийн зарын цэгт ажиллаж байхдаа ч бас мөнгө төгрөгний асуудалд орооцолдон ер зүгээр байдаггүй овжин нэгэн байж.

М.Наранбаатар захирлын паян үүгээр зогсохгүй одоо ч үргэлжилж байна. МҮОНРТ-д зориулсан тусгай хууль бий. Тэр нь төрийн өмчит компаниудаас арай өөр зохицуулалттай. Үүнийг ч мөн овжин ашигладаг бололтой. Телевизийн байрны засвар тохижилт хийх эрхийг хамаатныхаа компанид олгожээ. Гэх мэтээр үргэлжилнэ. MASS.MN сайт төрөөс төрсөн тэрбумтнуудын иймэрхүү үйлдлүүдийг цувралаар нийтэлсээр байх болно.

Ирэх 10-р сард МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн ээлжит сонгууль болно. Энэ сонгуулиар үүргээ биелүүлж ажиллаж чаддаг шударга хүмүүсийг сонгохгүй бол иргэдийн татварын мөнгө хэсэг хүмүүсийн халаас руу урссаар, телевиз, радиогийн олон зуун уран бүтээлчдийн хөлс, хүч МАНАН болон замхрах болно.

Б.Жонон www.mass.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих